Ерөнхий чуулган
Уй гашуу маань баяр хөөрөөр солигдох болно
2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган


8:51

Уй гашуу маань баяр хөөрөөр солигдох болно

Уй гашууд автаж, үхлийн дараа юу болох талаар эргэцүүлэн бодож буй хүн бүрийг би Христэд итгэж найдахад урьж байна.

Хэдэн жилийн өмнө би Солт Лэйк Ситид болсон хурал цуглаануудад оролцох үеэрээ бидний хайрт бошиглогч Рассэлл М.Нэлсонтой уулзсан юм. Тэрээр элгэмсэг дотно байдлаар “Марк, ээж нь сайн уу?” гэж асуув.

Би түүнд долоо хоногийн эхээр Шинэ Зеландад ээж дээрээ очсон тухайгаа мөн хэдий ээж минь хөгширч байгаа ч итгэл дүүрэн мөн өөрийг нь мэддэг бүх хүнд урам зориг өгсөөр байгаа тухай хэлэв.

Тэгтэл тэр “Ээждээ миний хайрыг дамжуулаарай … мөн түүнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байгааг минь хэлээрэй” гэж билээ.

Би нэлээд гайхаж, түүнээс “Та ойрын хугацаанд Шинэ Зеланд руу явах гэж байгаа юм уу?” гэж асуув.

Тэр нухацтайгаар үнэн сэтгэлээсээ “Өө үгүй ээ, би түүнтэй дараагийн амьдралдаа уулзана” гэж хариулж билээ.

Түүний хариулт наргиан байгаагүй. Энэ бол бодит байдлын төгс илэрхийлэл байв. Тэрхүү хувийн агаад нээлттэй агшинд би амьд бошиглогчоос үхлийн дараа амьдрал үргэлжилдэг гэсэн цэвэр гэрчлэлийг сонсож, мэдэрсэн.

Энэхүү чуулганы өдрүүдэд та бүхэн амьд бошиглогч, төлөөлөгчдийн Есүс Христийн Амилалтын тухай гэрчлэх үгсийг сонсох болно. “Манай шашны тулгуур зарчмууд бол Есүс Христийн талаарх, тухайлбал Тэрбээр егүүтгэгдэж, оршуулагдаад, гурав дахь өдрөө амилж, тэнгэрт дээшлэн одсон тухай төлөөлөгч, бошиглогчдын гэрчлэл юм. Иймд манай шашинд хамаатай бусад бүх зүйл зөвхөн [уг гэрчлэлийн] хавсралт төдий юм.”1 Та бүхэн үнэн хүсэлтэйгээр сонсох аваас, Ариун Сүнс оюун мөн зүрх сэтгэлд тань эдгээр гэрчлэлийн үнэнийг батална хэмээн би амлаж байна.2

Есүсийг нас барсныхаа дараа Өөрийн төлөөлөгчдөд үзэгдсэн тэрхүү цагаас эхлэн Түүний эртний төлөөлөгчид үүрд өөрчлөгджээ. Тэдний арав нь Есүсийн амилсныг өөрийн нүдээр харсан. Харин Томас тэр үед байгаагүй бөгөөд “үзэхээс нааш … би итгэхгүй”3 хэмээн хэлсэн. Дараа нь Есүс Томаст “Итгэлгүй бус, харин итгэлтэй бай”4 хэмээн заажээ. Тэгээд Эзэн “Хараагүй атлаа итгэсэн нь ерөөлтэй еэ”5 хэмээн итгэлийн амин чухал үүргийг заасан юм.

Амилсан Их Эзэн төлөөлөгчдөдөө Өөрийг нь гэрчлэх үүргийг өгсөн. Өнөө үед амьдарч буй төлөөлөгчдийн нэгэн адил тэд дэлхийн ажлыг ардаа орхин, үлдсэн амьдралаа Есүс бол Бурханы Хүү хэмээн зоригтойгоор тунхаглахад зориулсан юм. Тэдний хүчирхэг гэрчлэл олон мянган хүнийг баптисмын урилга хүлээн авахад хөтөлжээ.6

Христийн амилсны баярын өглөөний гайхамшигт захиас бүх Христийн шашинтны хувьд амин чухал зүйл билээ. Есүс Христ амилсан, тиймээс бид ч бас үхлийн дараа дахин амьдрах болно. Энэхүү мэдлэг бидний амьдралыг утга учиртай, зорилготой болгодог. Хэрэв бид итгэлтэйгээр урагшлах аваас эртний төлөөлөгчдийн адил мөнхөд өөрчлөгдөх болно. Тэдний нэгэн адил бид Есүс Христэд итгэх итгэлээрээ бүх төрлийн зовлон бэрхшээлийг даван гарч чадна. Энэхүү итгэл нь “гуниг баяр хөөрөөр солигдох”7 тэрхүү цаг үед найдах найдварыг хэсэг хугацаанд ч болов өгдөг.

Уй гашуутай үеийн дараа итгэлийн маань замнал эхэлж билээ.

Эцэг эх маань Шинэ Зеландад хонины аж ахуй эрхэлдэг байсан8 бөгөөд амьдралдаа сэтгэл хангалуун хүмүүс байв. Залуу хосын хувьд тэд гурван бяцхан охиноор адислагдсан байсан. Бага охиноо тэд Анн гэж нэрлэжээ. Нэгэн өдөр тэднийг гэр бүлээрээ нуурын эрэгт амарч байх үед 17 сартай бяцхан Анн алхаад явчихаж. Түүнийг цөхрөнгөө бартал хайсны эцэст, уснаас амьгүй байдалтай олдсон байна.

Энэхүү эмгэнэлт үйл явдал үгээр илэрхийлэхийн аргагүй уй гашууг авчирсан бөгөөд амьдралынх нь баяр хөөрт зарим мөч үүрд алга болсон хэмээн олон жилийн дараа аав маань бичсэн байдаг. Энэ явдал мөн “Бидний хайрт Аннд юу тохиолдох бол? Бид түүнтэй дахин уулзах болов уу? Манай гэр бүл яаж дахин аз жаргалтай болох юм бэ?” гэсэн амьдралын хамгийн чухал асуултуудын хариултыг хайх хүслийг түүнд төрүүлжээ.

Энэхүү эмгэнэлт явдлаас хэдэн жилийн дараа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хоёр залуу номлогч манай ферм дээр ирж билээ. Тэд Мормоны Номд болон Библид агуулагдах үнэн сургаалыг зааж эхлэв. Тэрхүү үнэнд Анн одоо Сүнсний дэлхийд амьдарч байгаа гэсэн баталгаа багтаж байлаа. Есүс Христ амилсан учир Анн ч бас амилах болно. Тэд бидэнд Есүс Христийн Сүм энэ дэлхий дээр амьд бошиглогч болон арван хоёр төлөөлөгчийн хамт сэргээгдсэн талаар заасан юм. Тэд Есүс Христ Өөрийн тэргүүн төлөөлөгч Петрт өгсөнтэй яг ижил санваарын эрх мэдлээр гэр бүлүүд үүрд мөнхөд холбогдож болно гэсэн өвөрмөц, гайхалтай сургаалыг заасан.9

Ээж тэр даруй үнэнийг таньж мэдэн, Сүнсний гэрчийг хүлээн авав. Харин аав маань дараагийн жилийн туршид эргэлзээ хийгээд сүнслэг өдөөлт дунд шийдвэр гаргах гэж тэмцэлдсэн юм. Түүнчлэн тэр амьдралын хэв маягаа өөрчлөх дургүй байв. Шөнөжин унтаагүй аав маань өглөө өрөөний нэгэн жижиг хэсэгт урагш хойш холхисноо ээжид хандан “Би өнөөдөр л баптисм хүртэнэ, эсвэл хэзээ ч үгүй” хэмээн хэлсэн гэдэг.

Ээж болсон явдлыг номлогчдод хэлэхэд, тэд аавын маань итгэл дүрэлзэх, бөхөхийн заагт байгааг шууд ойлгожээ.

Яг тэр өглөө бид гэр бүлээрээ хамгийн ойр байдаг далайн эрэг рүү явав. Юу болж байгааг үл анзааран биднийг элсэн довон дээр тоглож байх үед ахлагч Боид Грийн, Гари Шэффийлд нар эцэг эхэд маань далайн усанд баптисм хүртээсэн юм. Аав маань итгэлээ үйлдэл болгож, юу ч тохиолдсон бай байгуулсан гэрээндээ насан туршдаа үнэнч байна хэмээн Их Эзэнд хувийн амлалт өгчээ.

Нэг жилийн дараа Шинэ Зеландын Хамилтонд ариун сүм онцгойлон адислагдав. Тун удалгүй бид гэр бүлээрээ Их Эзэний ариун нандин өргөөнд Анныг маань төлөөлсөн хүний хамт тахилын ширээг тойрон өвдөг дээрээ сөхөрч суугаад, санваарын эрх мэдлээр, мөнхийн гэр бүл болж лацдан холбогдох энгийн бөгөөд гайхалтай ёслолыг үйлдсэн билээ. Энэхүү үйл явдал амар амгалан, баяр хөөрийг авчирсан.

Түүнээс хойш олон жилийн дараа аав минь надад “Анн маань харамсалтайгаар нас бараагүй бол, би хэзээ ч сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авах хүртэл өөрийгөө даруусгаж чадахгүй байсан” хэмээн хэлж билээ. Гэсэн ч Их Эзэний Сүнс номлогчдын заасан зүйлс үнэн гэдэг найдварыг алгуур өгсөн юм. Гэрчлэл нь гал мэт дүрэлзэн, амьдралынх нь шийдвэр бүрийг чимээгүйхэн, даруухнаар чиглүүлдэг болтол эцэг эхийн маань итгэл өсөн нэмэгдсэн.

Тэдний хойч үедээ үзүүлсэн үлгэр дуурайлд би үргэлж талархах болно. Гүн гүнзгий уй гашууд итгэлээр хариулсан тэдний үйлдэл хэчнээн хүний амьдралыг мөнхөд өөрчилснийг хэлэх боломжгүй.

Уй гашууд автаж, эргэлзээтэйгээ тэмцэн, үхлийн дараа юу болох талаар эргэцүүлэн бодож буй хүн бүрийг би Христэд итгэж найдахад урьж байна. Хэрэв та нар итгэхийг хүсээд, дараа нь итгэлтэйгээр үйлдэж, Сүнсний шивнээг дагах аваас энэ амьдралд хийгээд ирэх дэлхийд баяр баясгалантай байх болно гэдгийг би амлаж байна.

Би Анн эгчтэйгээ болон 30 гаруй жилийн өмнө нас барсан аавтайгаа дахин баяр хөөртэй уулзах тэр өдрийг тэсэн ядан хүлээдэг. Би итгэлийнхээ дагуу амьдарч, хараагүй атлаа итгэн, Ариун Сүнсний хүчээр Есүс Христ амьд гэдгийг мэдсэнээс ирэх баяр баясгаланг гэрчилж байна. Би өөрийн бүхий л зүрх сэтгэл мөн бодгалиар Есүс Христийг болон Түүний сэргээгдсэн сайн мэдээг дагахаар сонгосон. Энэ нь миний амьдралыг бүхэлд нь адисалдаг. Есүс бол Христ, Бурханы Хүү, бидний Аврагч бөгөөд Цагаатгагч гэдгийг би мэднэ. Есүс Христийн нэрээр, амен.