Ерөнхий чуулган
Энэ бол бидний цаг үе!
2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган


11:14

Энэ бол бидний цаг үе!

Бурхан биднийг түүхийн энэхүү маш чухал цаг мөчид, яг одоо, яг энд илгээсэн.

1978 онд, би 65000 гаруй хөгжөөн дэмжигч дүүрэн цугласан цэнгэлдэх хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбайд зогсож байв. Толгойг минь авахыг хүсэж буй мэт харцтай, биеэр том хэд хэдэн тоглогч урд минь зогсож байлаа. Энэ бол Америкийн Үндэсний хөл бөмбөгийн шигшээ багт тэмцээний эхэнд гол шидэгчээр тоглож эхэлсэн миний анхны тоглолт байсан бөгөөд бид өнгөрсөн жилийн шилдэг цомын эзэдтэй тоглох гэж байв. Үнэнийг хэлэхэд, би тэмцээний талбай дээр гарахуйц сайн эсэхдээ эргэлзэж байлаа. Эхний дамжуулалтаа хийхээр хойш ухран, бөмбөгийг шидэхдээ би урьд өмнө хэзээ ч цохиулж байгаагүй хүчээр цохиулав. Аварга том биетэй тамирчид дээр минь овоорох тэрхүү мөчид би тэнд юу хийж байгаа талаараа гайхширан бодсон. Би шийдвэр гаргах хэрэгтэй байлаа. Би эргэлзээндээ автах уу эсвэл босоод үргэлжлүүлэх урам зориг, эрч хүчийг олох уу?

Эхний дамжуулалт

Ирэх дарамт

Энэ тохиолдол намайг ирээдүйд тохиох боломжуудад хэрхэн бэлтгэж буйг би тэр үед ойлгоогүй. Би хүнд хэцүү нөхцөл байдалд хүчтэй, зоригтой байж чадна гэдгээ ухаарах хэрэгтэй байв.

Хөл бөмбөгийн тэмцээн таны хувьд тулгарах бэрхшээлүүдтэй адил чухал ач холбогдолтой биш байх л даа. Ихэнх тохиолдолд цэнгэлдэх хүрээлэн дүүрэн үзэгчтэй байдаггүй. Гэхдээ таны баатарлаг шийдвэрүүд мөнхийн чухал ач холбогдолтой байх болно.

Бидэнд бэрхшээл сорилт бүрийг даван гарах хүч чадал байнга байхгүй мэт санагдаж болох юм. Гэхдээ Тэнгэрлэг Эцэг маань биднийг Өөрийн хаант улсыг босгох зоригтой барилгачид гэж үздэг. Тийм учраас Тэр биднийг дэлхийн түүхэн дэх хамгийн шийдвэрлэх энэ цаг мөчид нааш илгээсэн юм. Энэ бол бидний цаг үе!

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Сүмийн ерөнхийлөгч болсныхоо дараахан “Бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч Есүс Христ гайхамшигт үйлсийнхээ заримыг одоо төдийгүй Өөрөө дахин ирэх хүртлээ үйлдэх болно. Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр энэ Сүмийг сүр жавхлан, алдар суугаараа удирддагийг илтгэх ер бусын шинж тэмдгүүдийг бид олж харна” гэж хэлснийг сонсоод үзье (“Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 115).

Гайхамшигт үйлс гэв үү? Ер бусын шинж тэмдгүүд гэсэн үү? Тэдгээр нь ямар байх юм бол? Бид ямар үүрэгтэй байж, юу хийхээ хэрхэн мэдэх вэ? Би бүх хариултыг мэдэхгүй ч, бид бэлэн байх нь Их Эзэнд хэрэгтэй гэдгийг мэднэ. Санваарын хүчийг зөв зохистой ашиглах нь урьд өмнөхөөс илүү чухал болоод байна.

Бид Бурханы бошиглогчид итгэдэг үү? Бид өөрсдийнхөө хувь заяаг олж мөн бүрэн гүйцэлдүүлж чадах уу? Тийм ээ, бид чадна, чадах ч ёстой, учир нь энэ бол бидний цаг үе юм!

Биднээс өмнө амьдарч байсан Бурханы хүчирхэг үйлчлэгчид болох Мосе, Мариа, Моронай, Алма, Эстер, Иосеф нарын болон бусад олон хүний түүхийг сонсох үедээ бид тэднийг маш онцгой хүмүүс байсан гэж боддог. Гэхдээ тэд биднээс тийм ч ялгаатай байгаагүй. Тэд сорилт бэрхшээлүүдтэй тулгардаг энгийн хүмүүс байсан. Тэд Их Эзэнд итгэдэг байсан. Тэд шийдвэрлэх мөчид зөв сонголт хийсэн бөгөөд Есүс Христэд итгэх итгэлтэйгээр өөрсдийн цаг үед шаардлагатай ажлыг хийж гүйцэтгэсэн.

Бошиглогч Иошуа

Goodsalt

Хуучин гэрээний баатар Иошуаг бодоод үз. Тэрээр түүхэн дэх хамгийн агуу удирдагчдын нэг Мосегийн үнэнч дагалдагч байв. Мосег явсны дараа Иошуагийн цаг үе ирж, Израилын хүүхдүүдийг амлагдсан нутаг руу удирдах үүрэг түүнд оногдсон. Тэр үүнийг хэрхэн гүйцэтгэх ёстой байсан бэ? Иошуа Египетэд боолчлолд төрж, өссөн. Түүнд туслах гарын авлага, заавар бичлэг байгаагүй. Түүнд ухаалаг утас ч байсангүй. Гэхдээ Их Эзэний өгсөн дараах амлалт түүнд байв.

“Би Мосетэй хамт байсныхаа адил чамтай мөн хамт байх болно. Би чамайг орхихгүй мөн чамайг түлхэж хаяхгүй.

Тууштай бөгөөд зоригтой бай” (Иошуа 1:5–6).

Намайг шинэхэн, туршлагагүй Далын гишүүн байх үед Тэргүүн Зөвлөлийн албанаас яаралтай дуудлага ирж, бошиглогчийг төлөөлөн, эмнэлэгт хэвтэж байгаа залуу эрэгтэй дээр тэр даруй очиж уулзах боломжтой эсэхийг асууж билээ. Уг залуу эрэгтэйн нэрийг Зак гэдэг байв. Зак номлолд бэлтгэж байсан боловч осолд орж, толгойдоо хүнд гэмтэл авсан байлаа.

Намайг эмнэлэг рүү машинаараа явж байхад толгойд олон бодол орж ирж байв. Бошиглогчийг төлөөлөх ажил гэсэн үү? Тоглоогүй байгаа? Би юутай учрахаар явж байна вэ? Энэ залуу эрэгтэйд би хэрхэн туслах вэ? Надад хангалттай итгэл бий юү? Чин сэтгэлээсээ залбирч, ариун санваарын эрх мэдлийг атгадаг гэдгээ мэддэг маань надад зангуу болсон юм.

Намайг очиход, Зак эмнэлгийн орон дээр хэвтэж байлаа. Асрагч түүнийг хагалгааны өрөө рүү яаралтай авч явахаар бэлэн зогсож байсан ба эмч нар түүний тархины даралтыг бууруулах хагалгааг хийх гэж байв. Би нулимс асгаруулан зогсох ээж, айдаст автсан найз хоёр луу нь хараад, Закт санваарын адислал хэрэгтэй байгааг маш тодорхой мэдэв. Түүний найз саяхан Мелкезидек санваарт томилогдсон байсан учраас би түүнээс надад туслахыг хүсэв. Биднийг Закт даруухнаар адислал өгөх үед би санваарын хүчийг мэдэрсэн. Тэгээд түүнийг мэс заслын өрөө рүү яаравчлан авч явсан ба Аврагч Өөрийн мэргэн ухаанаар зохицуулах болно гэсэн амар тайван мэдрэмжийг тэр баттай мэдэрсэн юм.

Эмнэлгийн ажилтнууд мэс заслыг эхлэхээс өмнө сүүлчийн удаа рентген зураг авчээ. Гайхалтай нь, ямар ч мэс засал хийх шаардлагагүй болсныг тэд тогтоосон.

Маш удаан хугацааны эмчилгээний дараа, Зак дахин алхаж мөн ярьж эхэлсэн. Тэр номлолд үйлчилж, одоо сайхан гэр бүлтэй болсон.

Мэдээж, бүх тохиолдлын үр дүн ийм байдаггүй. Би яг л адилхан итгэлээр санваарын өөр адислалуудыг өгч байсан ба Их Эзэн энэ амьдралд бүрэн эдгэрэлтийг соёрхохгүй явдал гарч байсан. Бид Түүний зорилгод итгэж, үр дүнг Түүнд даатгадаг. Бид үйлдлийнхээ үр дүнг үргэлж сонгож чадахгүй ч үйлдэхэд бэлэн байхыг сонгож чадна.

Танаас амь насанд аюул учирсан нөхцөл байдал руу Тэргүүн Зөвлөлийг төлөөлөн очихыг хэзээ ч хүсэхгүй байж магадгүй. Гэхдээ бид бүгд Их Эзэний төлөөлөгчийн хувьд амьдралыг өөрчлөх зүйлсийг хийхээр дуудагдсан. Тэр биднийг орхихгүй. Энэ бол бидний цаг үе!

Аврагчийн ахмад төлөөлөгч Петр Есүсийг усан дээгүүр алхаж байхыг харах үедээ тэнгис дунд завин дээр байв. Петрийг Аврагч дээр очихыг хүсэхэд, Аврагч түүнд “Ир” гэлээ. Петр зоригтойгоор мөн гайхамшигтайгаар завинаасаа гарч, Аврагчийг зүглэн усан дээгүүр алхаж эхэлсэн юм. Гэвч Петрийг ширүүн салхинд анхаарлаа төвлөрүүлэхэд итгэл нь сарнижээ. “Тэр айж мөн живж эхлэв. Тэгээд —Эзэн, намайг авраач гэж орилоход нь Есүс тэр даруй гараа сунган, түүнийг зуурав.” (Maтай 14:22–33-ыг үзнэ үү.)

Есүс гараа сунгаж буй нь

Бидний амьдралд шуурга дэгдэх үед бид анхаарлаа юунд төвлөрүүлдэг вэ? Хүч чадал, урам зориг өгөх мөн найдаж болох ганцхан эх сурвалж үргэлж байдаг гэдгийг санаарай. Есүс Петр лүү гараа сунгасан шиг, бидэн рүү бас гараа сунгадаг. Биднийг Түүнд хандах үед Тэр биднийг хайрлан аврах болно. Бид бол Түүнийх. Тэрээр “Би чамайг аварсан учир бүү айгтун, Би чамайг нэрээр чинь дуудсан; чи Минийх” (Исаиа 43:1) хэмээн хэлсэн. Хэрэв та Түүнийг амьдралдаа оруулах аваас Тэрээр амьдралд тань ялах болно. Сонголт бол таных! Рассэлл М.Нэлсон, “Бурхан ялах болтугай,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101.

Иошуа амьдралынхаа төгсгөлд өөрийн хүмүүст хандан “хэнд үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрсдөө сонго, … Харин би болон манай гэрийнхэн, бид Эзэнд үйлчилнэ” (Иошуа 24:15) хэмээн ухуулсан. Их Эзэнд үйлчлэхийг сонгосон учраас Иошуа тухайн цаг үеийнхээ агуу удирдагч болсон юм. Хайрт найзууд аа, энэ бол бидний цаг үе! Сонголтууд маань бидний хувь заяаг тодорхойлох болно (Томас С.Монсон, “Decisions Determine Destiny” [Бригам Янгийн Их Сургуулийн галын дэргэдэх ярилцлага, 2005 оны 11-р сарын 6]-ийг speeches.byu.edu-ээс үзнэ үү).

Намайг бишопоор үйлчилж байхад манай тойрог “Сайн сонголт мөнхөд аз жаргалыг авчирдаг” гэдэг уриатай байсан. Өсвөр үеийнхэн маань надтай зөрж өнгөрөхдөө “Бишоп оо, би зөв сонголтуудыг хийж байгаа шүү!” гэж хэлдэг байж билээ. Энэ чинь л бишопын мөрөөдөл шүү дээ!

“Сайн сонголт” гэдэг нь бидний хувьд юу гэсэн үг вэ? Нэгэн хүн Есүсээс “Хуулийн аль тушаал нь агуу вэ?” гэж асуусан. Тэрээр ингэж хариулдаг.

“Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюунаараа хайрла.

Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн.

Удаах нь “Чи хөршөө өөрийн адил хайрла гэсэнтэй адил юм” (Maтай 22:36–39).

Та нарт ингэж санагддаг эсэхийг мэдэхгүй ч миний хувьд энэ хоёр агуу зарлигийг уншихад, өөрийгөө хайрла гэсэн гурав дахь далд зарлигийг би олж хардаг.

Та өөрийгөө хайрлахыг зарлиг гэж бодож байсан уу? Бид өөрийгөө хайрлахгүйгээр Бурханыг болон Түүний хүүхдүүдийг үнэхээр хайрлаж чадна гэж үү?

Саяхан нэгэн ухаалаг удирдагч олон жилийн турш хор хөнөөлтэй сонголт хийсэн ч түүнийгээ даван гарахаар хичээж буй залуутай уулзаж, зөвлөгөө өгчээ. Тэр залуу ичиж зовон, өөрийгөө хэн нэгний хайрыг хүртэхүйц зохистой эсэхэд эргэлзэж байв.

Удирдагч нь түүнд “Их Эзэн таныг мэддэг, хайрладаг, одоо хийж байгаа зоригтой алхмын чинь [төлөө] танд баярлаж байгаа” мөн “[Та] өөрийгөө хайрла гэсэн зарлигийг дагах хэрэгтэй, ингэснээр та [Бурханы] болон бусдын хайрыг мэдрэх болно” гэж зөвлөжээ.

Уг ах энэхүү зөвлөгөөг сонсоод, амьдралыг шинэ нүдээр харж эхэлсэн байна. Хожим нь тэр “Би амар амгаланг олж, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх гэж бүх амьдралаа зориулсан. Би тэдгээрийг маш олон буруу газраас хайж байжээ. Зөвхөн Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрын хайраас л би тайвшралыг олж чадна. Тэд намайг өөрийгөө хайрлаасай гэж хүсдэгийг би мэднэ. Энэ бол Тэдний хайрыг мэдрэх цорын ганц арга зам юм” хэмээн хэлсэн байна.

Тэнгэрлэг Эцэг маань биднээс өөрсдийгөө хайрлахыг, бас бардамнахгүй, амин хувиа хичээхгүй байхыг хүсдэг. Харин Тэр биднийг Өөрийн хайртай хүүхдүүд гэж хардаг шиг өөрсдийгөө харахыг биднээс хүсдэг. Энэ үнэн бидний зүрх сэтгэлд гүн шингэх үед Бурханыг хайрлах хайр маань улам бүр нэмэгдэнэ. Биднийг өөрсдийгөө чин хүндэтгэлтэйгээр харах үед зүрх сэтгэл маань бусдад ч бас ийм байдлаар нээлттэй ханддаг болно. Өөрсдийн бурханлаг үнэ цэнийг хэдий чинээ ухамсарлана, Бурхан биднийг яг одоо, түүхийн энэ цаг мөчид, өөрсдөд байгаа авьяас бэлгээ ашиглан хамгийн боломжит сайн зүйлсийг хийлгүүлэхээр илгээсэн гэдэг бурханлаг үнэнийг бид төдий чинээ сайн ойлгох болно. Энэ бол бидний цаг үе! Одоо бол бидний цаг үе! (Рассэлл М.Нэлсон, “Becoming True Millennials” [Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2016 оны 1-р сарын 10]-ыг broadcasts.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү).

Бошиглогч Иосеф Смит бүхий л цаг үеийн бүх бошиглогчийн талаар “бидний эдүгээ амьдарч байгаа үеийг баяр баяртайгаар хүсэн хүлээж; … манай өнөө үеийн тухай дуулж, бошиглож байсан билээ. … Бид бол хожмын үеийн алдар сууг тохиолгон авчрахаар Бурханы [сонгосон] ивээлт хүмүүс” гэж заасан (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 211).

Та бүхэн өдөр тутмынхаа амьдралд сорилт бэрхшээлтэй тулгарах үедээ ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгсээс баталгаа олж аваарай. “Бидний мөрөн дээр ачаа байгаа ч энэ нь алдар суут, амжилттай туршлага болох болно. … Энэхүү эцсийн тэмцээний ялалтыг аль хэдийн зарласан. Энэ ялалт цэдгүүд болох … судруудад аль хэдийн дурдагдсан!” (“Be Not Afraid, Only Believe” [Сүмийн боловсролын системийн шашны багш нарт хандсан үг, 2015 оны 2-р сарын 6], broadcasts.ChurchofJesusChrist.org).

Энэхүү гайхамшигт Христийн амилсны долоо хоногт, Аврагч дахин ирэх сүр жавхлант өдөрт бэлтгэхдээ өөрсдийн хувийн үүрэг хариуцлагыг ойлгож мөн тэдгээрийг эрхэмлэхийн төлөө бид бүгд залбираасай гэсэн урилгыг би өгмөөр байна. Их Эзэн бидний ойлгож чадахаас илүүгээр биднийг хайрладаг бөгөөд Тэр бидний залбиралд хариулах болно! Бид хөл бөмбөгийн талбай, эмнэлгийн өрөө, эсвэл өөр хаана ч байсан энэхүү гайхамшигт үйл явдлын нэг хэсэг нь байж чадна. Учир нь энэ бол бидний цаг үе юм! Есүс Христийн нэрээр, амен.