Бидний хувийн Аврагч
Аврагч цагаатгах золиосыг үйлдсэн учраас биднийг нэг нэгээр маань ариусгаж, эдгээн, хүчирхэгжүүлэх чадвартай.
Христийн амилсны баярын энэхүү гайхалтай өглөө би та бүхэнтэй хамт байгаадаа талархаж байна. Би Христийн амилсны баярын тухай бодохдоо, булшны цэцэрлэгт байсан хүмүүст тэнгэр элч нарын хэлсэн үгийг оюундаа давтан хэлэх дуртай: “Та нар юунд үхэгсдийн дунд амьд Нэгэнийг хайна вэ? Тэр энд байхгүй, харин Тэр амилсан.”1 Назарын Есүс амилсан бөгөөд амьд гэдгийг би гэрчилж байна.
Та нар Христийн тухай юу гэж боддог вэ?
Би гучин дөрвөн жилийн өмнө номлолын хамтрагчтайгаа хамт Филиппинийн Давао хотын орон нутгийн сонины чөлөөт сэтгүүлч, тун ухаантай нэгэн хүнтэй танилцан, сайн мэдээг зааж билээ. Тэр маш олон зүйлийг асуудаг байсан ба бидний итгэл үнэмшлийг үнэхээр хүндэтгэдэг байсан тул бид түүнд заах дуртай байв. “Та нар Христийн тухай юу гэж боддог вэ?”2 гэсэн асуулт түүний биднээс асуусан хамгийн мартагдашгүй асуулт байсан юм. Мэдээж, бид баяр хөөртэйгөөр өөрсдийн бодлыг мөн Есүс Христийн талаарх гэрчлэлээ хуваалцсан. Тэрээр хожим нь бидний ярилцсан сэдвээр, Аврагчийн тухай гайхалтай үг, хэллэг бүхий нийтлэл бичиж хэвлүүлсэн. Энэ нь надад өндөр сэтгэгдэл төрүүлсэн ч “сүнслэгээр өдөөгөөгүй” гэдгийг санаж байна. Энэ нийтлэл сайн сайхан мэдээлэл агуулсан байсан ч хол хөндий бас сүнслэг хүчээр дутаж байв.
Түүнийг илүү сайн таньж мэдэх нь
“Та нар Христийн тухай юу гэж боддог вэ?” Аврагчийг хэр сайн мэддэг нь Түүнийг сонсох чадварт төдийгүй бидний хариу үйлдэлд ихээхэн нөлөөлдгийг би ойлгож байна. Хэдэн жилийн өмнө ахлагч Дэвид А.Бэднар үг хэлэхдээ “Бидний Аврагчийн тухай мэдлэг зөвхөн сонсож мэдсэн төдийхнөөр л хязгаарлагдаж байна уу эсвэл Түүнийг бид улам бүр таньж мэдсээр байна уу? Бид Их Эзэнийг хэрхэн таньж мэдэх вэ?”3 гэж асуусан байсан.
Би судалж, тунгаан бодож байхдаа Аврагчийн талаар юу мэддэг байх нь Түүнийг хэр зэрэг мэддэг байхаас хавьгүй илүү чухал гэдгийг бүрэн ухамсарлаж билээ. Тэгээд би Түүнийг таньж мэдэхийн тулд илүү их хичээж чармайхаар шийдсэн. Есүс Христийн эрэгтэй, эмэгтэй итгэлт шавь нарын гэрчлэлүүдэд мөн судруудад би маш их талархаж байна. Аврагчийг илүү сайн танин мэдэхийн тулд миний сүүлийн хэдэн жилийн хугацаанд хийсэн аялал намайг судлах, нээж олох олон зам руу дагуулжээ. Өнөөдөр миний бичсэн дутуу дулимаг үгээс хавьгүй илүүгээр Ариун Сүнс та бүхэнд захиасыг минь дамжуулж өгөөсэй гэж би залбирч байна.
Нэгдүгээрт, Аврагчийг таньж мэдэх нь бидний амьдралын хамгийн чухал эрэл хайгуул гэдгийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ нь бусад бүх зүйлээс нэн тэргүүнд тавигдах ёстой.
“Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.”4
“Есүс —Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.”5
“Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно”6
Хоёрдугаарт, Аврагчийг илүү сайн таньж мэдэх үед судрын хэсгүүд болон бошиглогчдын үгс бидний хувьд маш их утга учиртай болж, ингэснээр тэдгээр нь бидний өөрсдийн үгс болдог. Энэ нь бусдын үгс, бодол мэдрэмж, туршлагыг дуурайх биш, харин өөрсдийн өвөрмөц замаар, үгсийг туршин,7 мөн Ариун Сүнснээс гэрчийг хүлээн авснаар өөрсдөө танин мэднэ үг юм. Бошиглогч Алмагийн тунхагласнаар:
“Би эдгээр зүйлүүдийн тухай өөрөө мэддэг хэмээн та нар бодохгүй байна гэж үү? Болгоогтун, миний ярьсан эдгээр зүйлүүд үнэнийг би мэднэ хэмээн би та нарт гэрчилж байна. Мөн би тэдгээрийн гарцаагүйг яахан мэдэх билээ хэмээн та нар бодож байна уу ?
Болгоогтун, би та нарт хэлнэ тэдгээр нь Бурханы Ариун Сүнсээр надад мэдүүлэгдсэн билээ. Болгоогтун, би өөрөө эдгээр зүйлийг мэдэж болохын тулд олон хоног мацаг барьж бас залбирсан. Мөн эдүгээ би өөрөө тэдгээр нь үнэнийг мэднэ; учир нь Их Эзэн Бурхан өөрийн Ариун Сүнсээр надад тэдгээрийг үзүүлсэн юм; мөн энэ нь надад байгаа тэрхүү илчлэлтийн суу билэг бөлгөө.”8
Гуравдугаарт, Есүс Христийн Цагаатгал бидэнд, хувь хүн нэг бүрд маань үйлчилдэг гэдгийг улам бүр ойлгодог болж байгаа нь Түүнийг танихад бидэнд тусална. Христийн Цагаатгалын бидний хувийн амьдрал дахь ач холбогдлыг таньж мэдэхээсээ илүү бид үүнийг ерөнхий утгаар нь бодож, ярих нь ихэнх тохиолдолд илүү хялбар байдаг. Есүс Христийн Цагаатгал бол хэмжээлшгүй хийгээд мөнхийн бөгөөд энэ нь бүх зүйлийг гүн гүнзгий, өргөн хамруулдаг хэдий ч нөлөө нь хувь хүний түвшинд байдаг. Аврагч цагаатгах золиосыг үйлдсэн учраас биднийг нэг нэгээр маань ариусгаж, эдгээн, хүчирхэгжүүлэх чадвартай.
Аврагчийн цорын ганц хүсэл, цорын ганц зорилго бол анхнаасаа л Эцэгийн хүслийг биелүүлэх явдал байв. Эцэгийн хүсэл бол “Эцэгийн өмнө бидний өмгөөлөгч”10 болсноор “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд [тохиолгон авчрахад]”9 Түүнд туслах явдал байсан юм. Тиймээс “тэрээр Хүү нь байсан хэр нь зовсон зүйлсээсээ дуулгаварт суралцсан; Тэр төгс болгогдсоноороо Өөрт нь дуулгавартай байдаг бүх хүнд мөнх авралын эх үндэс нь болсон.”11
“Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно. …
Мөн тэрээр үхлийг өөр дээрээ авах болно, тэр тэрхүү үхлийн хүлээсийг тайлж болохын тулд бөлгөө; мөн түүний зүрх сэтгэл … нигүүлслээр дүүргэгдэж болохын тулд, тэрээр бие махбодийн дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд, тэрээр өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг авах болно.
… Бурханы Хүү өөрийн хүмүүсийн нүглүүдийг өөр дээрээ авч болохын тулд, тэрээр өөрийн чөлөөлөлтийн хүчний дагуу тэдний зөрчлүүдийг арилгаж болохын тулд бие махбодийн дагуу зовох болно.”12
Их Эзэний Цагаатгалын хувийн мөн чанарыг хүлээн авахад бидэнд заримдаа тулгардаг бэрхшээлүүдийн талаар өгүүлсэн нэгэн энгийн туршлагыг би хуваалцъя.
Олон жилийн өмнө, бүлгийн удирдагчийнхаа урилгаар би Мормоны Номыг эхнээс нь дуустал уншиж, Их Эзэний Цагаатгалын талаар эш татсан шүлгүүдийг тэмдэглэн авч билээ. Мөн тэрээр сурсан зүйлийнхээ талаар нэг нүүр дүгнэлт бичихийг надаас хүссэн юм. “Нэгхэн нүүр үү? Мэдээж, амархан” гэж би дотроо бодсон. Гэсэн ч энэ даалгавар маш хэцүү байсан бөгөөд үүнийг биелүүлж чадаагүйдээ би гайхсан.
Би энэ урилгын үнэн зөв зорилгыг ойлгоогүй, энэ талаар буруу ойлголттой байсан учраас гүйцэтгэж чадаагүйгээ ухаарч билээ. Эхлээд, би энэхүү дүгнэлт бүх хүнийг өдөөж урамшуулсан байх хэрэгтэй гэж бодож байлаа. Гэтэл уг дүгнэлт надад зориулагдсан байхаас биш, өөр хэн нэгэнд зориулагдаагүй байв. Энэ нь Аврагчийн тухай, Түүний надад зориулж хийсэн зүйлсийн талаарх миний мэдрэмж, сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн байх ёстой байсан ба унших тоолонд энэ нь гайхамшигтай, хүчирхэг, хувийн сүнслэг туршлагыг маань илүү тодорхой болгох ёстой байсан юм.
Хоёрдугаарт, уг дүгнэлтэд агуу бөгөөд нарийн төвөгтэй үг, хэллэг орсон байх хэрэгтэй гэж би бодож байсан. Гэвч энэ нь хэзээ ч нарийн төвөгтэй үг, хэллэг хэрэглэхтэй холбоотой байгаагүй. Энэ нь итгэлийн тод томруун, энгийн тунхаг байхыг хэлж байсан. “Учир нь тодорхой байдалд бодгаль минь баяснам; өөрөөр хэлбэл энэ маягаар Их Эзэн Бурхан хүмүүний дунд ажил хийдэг болой. Өөрөөр хэлбэл Их Эзэн Бурхан оюун ухаанд гэрэл өгдөг.”13
Гуравдугаарт, би уг дүгнэлтээ Есүс Христийн Цагаатгалын талаарх ойлголт маань өсөхийн хэрээр энд тэндээс нь өөрчилж, засварладаг биш, харин дахиж нэмж бичин, өөрчлөхөөргүй төгс эцсийн хувилбар байлгахыг хүссэн.
Гэрчлэл ба урилга
Өсвөр насандаа бишоптойгоо ярилцаж байхдаа би олон зүйлийг сурч мэдсэн. Залуу туршлагагүй байсан тэр жилүүдэд би өөрийн дуртай дууллын дараах үгсэд дуртай болсон юм.
Би Есүсийн хайранд өлгийдөгдөн гайхширч байна.
Бэлэглэсэн авралд нь тээнэгэлзэн гайхширна.
Гэм нүгэлт миний төлөө тэр цусаа урсган зовж
Тэр цовдлогдсоныг мэдэн би мэгдэн, айж чичирнэ.
Өө, намайг хайрлаж тэр, цусаа урсган зовоод
Амиа өргөөд хальсан!
Ай, энэ нь надад хэчнээн гайхалтай билээ, хэчнээн сайхан билээ!14
Бошиглогч Моронай “Мөн түүнчлэн бошиглогчид хийгээд төлөөлөгчдийн тухайлан бичсэн Есүсийг эрэлхийлэхэд ”15 биднийг урьсан билээ.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бид Есүс Христийн талаар сурч чадах бүхнийг сурах аваас, … нүглээс нүүр буруулах [бидний] чадвар өсөх болно. Мөн зарлигуудыг сахих хүсэл [маань] ч нэмэгдэх болно”16 хэмээн амласан.
Аврагч чулуун булшнаасаа гарч ирсэнтэй адил, Христийн амилсны баярын энэ ням гарагт бид сүнслэг нойрноосоо сэрж, итгэлийг хаадаг эргэлзээ, айдас, бардамналын хор уршиг мөн биеэ тоосон зангаа даван туулах болтугай. Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёр амьд. Биднийг гэсэн тэдний хайрыг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.