Бурханы хүүхдийн хувийн аялал
Бид Бурханы гэрээт хүүхдүүдийн хувьд мөнх бус дэлхийн өмнөх оршихуйгаас ирж байгаа сүнснүүдийг халуун дулаан угтан авч, хайрлаж, хүндлэн дээдэлж, өсгөн бойжуулж, нандигнан хамгаалдаг.
Дэлхийг хамарсан цар тахал бидний хүн нэг бүрд нөлөөлж, гэр бүл, найз нөхөд маань мөнх бус амьдралыг зуурдаар орхин одсон. Та бидний санаж байгаа, хайртай бүх хүнийг төлөөлөн, гурван хүнийг би энд жишээ болгон дурдъя.
Энэ бол Пилипп ах мөн Жэрмэн Энсонди эгч. Энсонди ах нас барах үедээ Браззавилл Конго гадасны патриархаар үйлчилж байв. Тэрээр өөрийн авьяас чадварыг бусадтай харамгүй хуваалцдаг эмч хүн байлаа.1
Энэ бол Эквадорын Тулканд амьдардаг байсан Клара Элиса Руано дэ Виларэал эгч. Тэр сэргээгдсэн сайн мэдээг 34 насандаа хүлээн авсан бөгөөд хүмүүсийн хайрыг татсан удирдагч байсан. Гэр бүлийнхэн нь “Би Гэтэлгэгч амьдыг мэднэ”2 гэдэг дуртай дууг нь дуулж, түүнийг эцсийн замд нь үдсэн юм.
Энэ бол Ютад амьдардаг Рэй Туинэау ах болон түүний гэр бүлийнхэн. Түүний эхнэр Жулиэт “Эцэг нь үргэлж Бурханыг нэгдүгээрт тавихыг хичээдэг байсныг [хөвгүүд маань] [санаж байгаасай] гэж би хүсдэг”3 гэж хэлсэн.
Их Эзэн “Чи хайранд хамтдаа амьдрах ёстой, ийнхүү чи нас нөгчсөн тэднийг алдсаныхаа төлөө уйлах ёстой”4 хэмээсэн.
Хэдийгээр бид уйлдаг ч Аврагчийнхаа гайхамшигт Амилалтад мөн баясдаг. Түүний ачаар бидний хайртай хүмүүс, найз нөхөд мөнхийн аяллаа цааш үргэлжлүүлэх боломжтой болсон. Ерөнхийлөгч Жозэф Ф.Смит “Бид тэднийг мартаж чадахгүй бөгөөд хайрлахаа болихгүй. … Тэд дараагийн түвшинд орсон бол бид ч орохоор явж байна, тэд өсөж хөгжсөнтэй адил бид ч өсөн хөгжиж байна”5 гэж тайлбарлажээ. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Уй гашуугийн нулимс маань … хүлээлтийн нулимс болж хувирна”6 гэж хэлсэн.
Бид төрөхийн өмнөх амьдралын тухай мэддэг
Мөнхийн талаас харах нь мөнх бус амьдралын дараах аяллаа үргэлжлүүлж байгаа хүмүүсийн тухай бидний ойлголтыг өргөжүүлэхийн зэрэгцээ аяллаа эхлүүлсэн болон мөнх бус амьдралд дөнгөж ирж байгаа хүмүүсийн талаарх ойлголтыг олж авах үүдийг бидэнд нээж өгдөг.
Дэлхийд ирж байгаа хүн бүр Бурханы онцгой хүү, охин юм.7 Бидний хувийн аялал эхийн хэвлийгээс мэндэлснээр эхэлдэггүй. Төрөхийнхөө өмнө бид “сүнсний дэлхийд анхныхаа хичээлүүдийг хүлээн ав[сан]”8 бэлтгэх дэлхийд хамтдаа байсан. Иехова Иеремиад хандан “Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө Би чамайг мэдэж байсан. Төрөхөөс чинь өмнө Би чамайг ариусгаж, үндэстнүүдэд эш үзүүлэгч болгон чамайг томилсон”9 хэмээн хэлжээ.
Заримд нь амьдрал үр хөврөл тогтсоноор уу аль эсвэл зүрх нь цохилж эхлэх үед эхэлдэг үү, эсвэл бүр эхийнхээ хэвлийгээс гадна амьдарч чаддаг болох үеэс эхэлдэг үү гэсэн асуулт байж болох ч бид Бурханы сүнсэн охид, хөвгүүд бие махбодтой болж, мөнх бус амьдралыг үзэж туулахын тулд хувийн аяллаа хийхээр энэ дэлхийд ирдэг гэдэгт огтхон ч эргэлздэггүй.
Бид Бурханы гэрээт хүүхдүүдийн хувьд мөнх бус дэлхийн өмнөх оршихуйгаас ирж байгаа сүнснүүдийг халуун дулаан угтан авч, хайрлаж, хүндлэн дээдэлж, өсгөн бойжуулж, нандигнан хамгаалдаг.
Эмэгтэйчүүдийн хувь нэмэр
Эмэгтэй хүнд хүүхэдтэй болох нь бие махбод, сэтгэл санаа, санхүүгийн хувьд асар их золиос гаргахыг шаарддаг. Бид энэ Сүмийн гайхалтай эмэгтэйчүүдийг хайрлаж, эрхэмлэн дээдэлдэг. Оюуны чадамж, мэргэн ухаанаараа та нар гэр бүлийнхээ ачааг нуруун дээрээ үүрдэг. Та нар хайрлаж, үйлчилж, золиос гаргадаг бөгөөд итгэлийг бэхжүүлж, тусламж хэрэгтэй нэгэнд тохинуулахын зэрэгцээ нийгэмд асар их хувь нэмэр оруулдаг.
Амь аврах ариун үүрэг хариуцлага
Олон жилийн өмнө, дэлхий дээр хийгдэж буй үр хөндөлтийн тоонд санаа зовсон ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Сүмийн эмэгтэйчүүдэд хандан өнөөгийн бидэнд хамаатай дараах үгсийг хэлсэн байдаг. Тэрээр: “Эхнэр, эх болох та нар гэр бүлийнхээ зангуу нь билээ. Та нар хүүхдүүдээ тээдэг. Хэчнээн агуу, ариун нандин үүрэг вэ! … Хүний амийг үнэлж хүндэлдэг байсан маань хаачив? Үр хөндөлт бол жинхэнэ бодит, бусармаг, жигшүүрт хэрэг бөгөөд дэлхий даяар хурдацтай газар авч байна. Үүнээс зайлсхийж мөн үүнээс дээгүүр байж; зөв юм байна гэж харагдуулах, эвлэрэхэд хүргэх нөхцөл байдлаас хол байхыг би энэ Сүмийн эмэгтэйчүүдээс гуйж байна. Үр хөндөхийг зөвшөөрч болох хэд хэдэн нөхцөл байдаг ч тэдгээр нь туйлын хязгаарлагдмал бөгөөд ихэнх тохиолдолд боломжгүй байдаг.10… Та нар бол Бурханы охид хөвгүүдийн эх бөгөөд тэдний амьдрал ариун нандин билээ. Тэднийг нандигнан хамгаалах явдал бол хөнгөн хуумгай хандаж болохгүй, бурханлагаар өгөгдсөн үүрэг хариуцлага юм”11 хэмээн хэлсэн.
Ахлагч Маркус Б.Нэш “[олон жилийн өмнө үр хөндүүлж байснаа]” баптисмын ярилцлагынхаа үеэр хуваалцсан 84 настай нэгэн эмэгтэйн түүхийг надтай хуваалцаж билээ. Тэр эмэгтэй “Би хүүхдээ үр хөндүүлэн авхуулсныхаа ачааг дөчин зургаан жилийн туршид өдөр бүр үүрсэн. Юу ч хийгээд миний зовлон, харуусал нимгэрээгүй. Есүс Христийн жинхэнэ сайн мэдээг заалгах хүртэл надад итгэж найдах ямар ч зүйл байгаагүй. Би хэрхэн наманчлахад суралцсан … бөгөөд нэг л мэдэхэд итгэл найдвараар дүүрсэн байсан. Эцэст нь нүглээ сэтгэлийнхээ угаас наманчлах юм бол өршөөл уучлалыг хүлээн авах юм байна гэдгийг би олж мэдсэн” гэж чин сэтгэлээсээ хэлжээ.12
Наманчлал, өршөөлийн бурханлаг бэлэгт бид хэчнээн талархдаг гээч!
Бид юу хийж чадах вэ?
Есүс Христийн амар амгаланг сахигч шавь нарын хувьд бид ямар үүрэг хариуцлага үүрдэг вэ? Бүгдээрээ Бурханы зарлигуудын дагуу амьдарч, тэдгээрийг үр хүүхдүүддээ зааж, сонсоход бэлэн хүмүүстэй энэ бүхнийг хуваалцъя.13 Хүний амь ямар эрхэм нандин болох тухай чин сэтгэлийнхээ үгийг нийгмийн хүрээнд шийдвэр гаргадаг хүмүүстэй хуваалцъя. Тэд бидний итгэл үнэмшлийг бүрэн ойлгохгүй байж болох ч бид яагаад эдгээр шийдвэрийг хувийн амьдралдаа хүсэн хүлээдэг зүйлүүдээсээ дээгүүр тавьдгийг илүү бүрэн дүүрэн ойлгоосой гэж бид залбирдаг.
Хэрэв төлөвлөөгүй үедээ хүүхэдтэй болох аваас эхийг нь хайр, урмын үгээр дэмжиж, шаардлагатай бол санхүүгээр тусалж, хүчирхэгжүүлэн, хүүхдээ төрүүлэх мөн хүүхдэд нь мөнх бус амьдралын аяллаа цааш үргэлжлүүлэх боломж олгоцгооё.14
Ариун байдлын гоо үзэсгэлэн
Манай гэр бүлийн хувьд, 20 жилийн өмнө 16 настай залуухан охин хүүхэдтэй болсон нь биднийг хэмжээлшгүй ихээр адисалсан. Тэр хүүхдийнхээ аавтай гэрлээгүй байсан бөгөөд ирээдүйд хамтдаа амьдарна гэж ч төсөөлөхгүй байлаа. Уг залуу бүсгүй тээж байгаа амиа нандин эрдэнэ гэдэгт итгэж байв. Тэр бяцхан охин төрүүлж, зөв шударга гэр бүлд тэдний хүүхэд болгон өсгөх боломжийг олгосон юм. Брюс, Жоллин хоёрын хувьд тэр охин залбирлынх нь хариулт байлаа. Тэд охиноо Эмили гэж нэрлэн, Тэнгэрлэг Эцэгтээ болон Түүний Хүү Есүс Христэд итгэж найдахыг зааж сургасан.
Эмили өсөж том болсон. Тэр болон манай ач хүү Кристиан хоёр нэг нэгэндээ дурлаж, Их Эзэний өргөөнд гэрлэсэнд бид хэчнээн талархдаг гээч! Эмили, Кристиан хоёр одоо өөрсдөө бяцхан охинтой болсон.
Саяхан Эмили ингэж хэлсэн юм. “Сүүлийн есөн сард жирэмсэн байх хугацаандаа надад өөрийн төрөлттэй холбоотой үйл явдлын талаар эргэцүүлэн бодох цаг гарсан юм. 16-хан насандаа намайг төрүүлсэн ээжийнхээ тухай би бодсон. Жирэмслэх нь ямар их өвдөлт, өөрчлөлт авчирдгийг өөрийн биеэр үзсэний хувьд би 16-хан настай хүнд ямар хэцүү байсныг өөрийн эрхгүй төсөөлөн бодож билээ. … Хүссэн амьдралаа надад өгч чадахгүйгээ мэдэж, амин хувиа хичээлгүйгээр намайг үрчлүүлсэн, төрүүлсэн эхээ бодох бүрийд одоо ч гэсэн нулимс урсдаг. Бүхэл бүтэн есөн сарын туршид биед нь өөрчлөлт гарах явц дахь түүн рүү чиглэсэн шүүмжилсэн харц, өсвөр насандаа үзэж чадалгүй өнгөрөөсөн зүйл, эхийн хайраар хайрлан байж төрүүлэх гэж зүтгэсний эцэст үрээ өөр хүний гарт өгөхөд ямар байсныг нь би төсөөлж ч чадахгүй байна. Өөрийн сонгох эрхийг дээгүүр тавин миний эрхийг уландаа гишгэлгүйгээр, амин хувиа хичээлгүй хийсэн сонголтод нь би талархдаг.” Тэрээр төгсгөлд нь “Тэнгэрлэг Эцэгийн бурханлаг төлөвлөгөөнд, [намайг хайрлан халамжилсан] гайхалтай эцэг эхдээ мөн гэр бүлтэйгээ мөнхөд лацдан холбогдох боломжтой ариун сүм байгаад би талархдаг”15 гэж хэлсэн.
Аврагч “хүүхэд авчраад тэдний дунд зогсоов. Есүс хүүхдийг тэвэрч, тэдэнд ‘Хэн Миний нэрээр [эдгээр] хүүхдийг хүлээн авна, тэр Намайг хүлээн авна”16 хэмээн айлдсан билээ.
Биеллээ олоогүй хүсэл мөрөөдөл
Хүсэн хүлээсэн ч хүүхэдтэй болж чадахгүй байгаа гэрлэсэн, зөв шударга хосууд болон Бурханы хуулийн дагуу гэрлэх боломж олдохгүй байгаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зовлонг ойлгож, тэднийг хайрлаж байгаагаа би илэрхийлмээр байна. Амьдралд биеллээ олоогүй хүсэл мөрөөдлийг мөнх бус амьдралын өнцгөөс харах юм бол ойлгож хүлээн авах амаргүй. Их Эзэний үйлчлэгчийн хувьд хэлэхэд, хэрэв та нар Есүс Христэд болон гэрээнүүддээ үнэнч байх юм бол энэ амьдралын адислалууд танд нөхөн олгогдож, мөнх амьдралд зөв шударга хүсэл тань Их Эзэний тааллын дагуу гүйцэлдэх болно гэдгийг би амлаж байна. .17 Мөнх бус амьдралынхаа аяллын үеэр зөв шударга итгэл найдвар маань бүгд биелэхгүй байсан ч бид аз жаргалтай байх боломжтой.18
Төрснийх нь дараа хүүхдүүдэд бидний тусламж дэмжлэг хэрэгтэй. Заримд нь бусдаас илүү дэмжлэг туслалцаа хэрэгтэй. Жил болгон хайр халамжаар дүүрэн бишопуудаар дамжин мөн та нарын мацгийн болон хүмүүнлэгийн санд өгсөн өгөөмөр өргөл сая сая хүүхдийн амьдралыг адисалдаг. Саяхан Тэргүүн Зөвлөл НҮБ-ын Хүүхдийн сангийн дэлхий даяар хэрэгжүүлж буй, хоёр тэрбум вакцинаар хангах төсөлд туслахаар 20 сая ам.долларыг нэмж хандивлаж байгаагаа зарласан.19 Бурхан хүүхдүүдээ хайрладаг.
Хүүхэдтэй болох ариун нандин шийдвэр
Дэлхийн хамгийн хөгжингүй улс оронд ч гэсэн, төрж байгаа хүүхдүүдийн тоо буурч байгаа нь асуудал болж байна.20 “Бурханы хүүхдүүддээ өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэ хэмээсэн зарлиг хүчин төгөлдөр байгаа.”21 Хэзээ мөн хэдэн хүүхэдтэй байх шийдвэр нь эхнэр, нөхөр, Их Эзэн гурвын хоорондох хувийн асуудал юм. Эдгээр эрхэм нандин шийдвэрийг чин сэтгэлээсээ залбиран байж, агуу итгэлтэйгээр гаргах нь илчлэлт авчрах, гайхалтай туршлага болж болох юм.22
Би Өмнөд Калифорнид амьдардаг Лаингийн гэр бүлд тохиолдсон үйл явдлыг хуваалцъя. Рэбэкка Лаинг эгч ингэж бичжээ.
“2011 оны зун гэр бүлийн маань амьдрал төгс юм шиг санагддаг байлаа. Бидний гэрлэлт аз жаргалтай байсан ба 9, 7, 5, 3-тай дөрвөн хүүхэдтэй болсон байв.
Жирэмслэлт, төрөлт маань хүндрэлтэй явагддаг байсан бөгөөд дөрвийн дөрвөн хүүхдээр адислагдсандаа баярлаж, одоо болсон гэж боддог байсан юм. 10-р сарын Ерөнхий чуулганыг сонсож байхдаа бид дахиад нэг хүүхэдтэй болох юм байна гэсэн тод мэдрэмжийг хүлээн авав. Лэгранд бид хоёр тунгаан бодож, залбирсны эцэст бидний төлөвлөж байснаас өөр төлөвлөгөө Бурханд байгааг олж мэдсэн.
Дахиад нэг хүнд жирэмслэлт, төрөлтийн дараа бид хөөрхөн охинтой болов. Бид түүнд Бриэлл гэдэг нэр өгөв. Тэр бол гайхамшиг байлаа. Төрснөөс нь хойш хэдхэн мөчийн дараа Сүнс надад “Дахиад нэг хүүхэд” гэж хэлэхийг би төрөх тасагт байхдаа тов тодхон сонсож билээ.
Гурван жилийн дараа, өөр нэгэн гайхамшиг болох Миа маань төрөв. Бриэлл, Миа хоёр манай гэр бүлийн баяр баясгалан юм.” Эцэст нь тэр “Их Эзэний бидэнд зориулсан удирдамж зааварт нээлттэй байж, Түүний төлөвлөгөөг дагахад бэлэн байх нь өөрсдийн ойлголтод тулгуурлахаас илүү их аз жаргалыг үргэлж авчирдаг”23 гэж хэлсэн юм.
Аврагч хүүхэд бүрээ хайрладаг.
“Мөн тэрээр тэдний бяцхан хүүхдүүдийг нэг нэгээр нь авч, …
Мөн тэд … харцаа тэнгэрийн зүг хандуулж, мөн … тэнгэр элчүүд тэнгэрээс галын дунд байгаа мэт доошлон ирэхийг үзэв; мөн [тэнгэр элчүүд] … багачуудыг эргэн тойрон хүрээлж, … мөн тэнгэр элчүүд тэдэнд тохинуулав.”24
Бурханы хүүхдийн хувьд хийсэн таны хувийн аялал дэлхий дээр мэндэлж, анх амьсгалахад чинь эхлээгүй бөгөөд мөнх бус амьдралынхаа хамгийн сүүлчийн амьсгалаа хураахад ч дуусахгүй гэдгийг би гэрчилж байна.
Бурханы сүнсэн хүүхэд бүр энэ дэлхийд өөр өөрийн мөрийг гаргахаар ирдэг гэдгийг бид үргэлж санах болтугай.25 Бид тэднийг халуун дотно угтан авч, нандигнан хамгаалж, үргэлж хайрлах болтугай. Эрхэм нандин энэ хүүхдүүдийг Аврагчийн нэрээр хүлээн авч, мөнхийн аялалдаа гарахад нь туслах юм бол Их Эзэн таныг адисалж, Өөрийн хайр, хишгийг таны дээрээс цутгах болно гэдгийг би амлаж байна. Есүс Христийн нэрээр, амен.