Би ариун сүм харах дуртай
Үхлийн дараа хийгээд үүрд мөнхөд үргэлжлэх хайраар дүүрэн гэр бүлийн холболтын баталгааг бид ариун сүмд хүлээн авч чадна.
Хүндэт ах, эгч нар аа, энэ Ерөнхий чуулганы эхний хуралдаанаар та нартай хамт байгаадаа би баяртай байна. Үг хэлэгчид, дуу хөгжим, залбирал зэрэг нь Ариун Сүнсийг болон урам зориг, найдварын мэдрэмжийг авчирлаа.
Энэ мэдрэмж Солт Лэйк ариун сүмд орсон анхны өдрийн дурсамжийг минь санагдуулж байна. Тэгэхэд би залуу эрэгтэй байв. Тэр өдөр би зөвхөн аав, ээж хоёртойгоо хамт байсан юм. Тэд дотогш ороод, ариун сүмийн ажилтантай мэндлэхээр түр зогсов. Би тэднээс түрүүлж хэсэг ганцаараа алхаж билээ.
Ариун сүмийн сайхан цагаан даашинзтай, цагаан үстэй жижигхэн эмэгтэй надтай мэндэллээ. Тэр над руу харж инээмсэглээд, дараа нь “Айринг ах аа, ариун сүмд тавтай морилно уу” гэж намуухнаар хэлж билээ. Миний нэрийг мэдэж байхыг бодвол тэр тэнгэр элч байх нь гэж тэрхэн зуур надад бодогдов. Пиджакны маань энгэрийн зах дээр миний нэртэй жижигхэн цаас байрлуулсныг би анзаараагүй юм.
Би түүний хажуугаар өнгөрөөд зогслоо. Өрөөг бараг л тэнгэр өөд нээлттэй мэт санагдуулам гэрэлтэй болгосон өндөр цагаан тааз руу би харлаа. Тэр мөчид миний оюун бодолд “Би өмнө нь энэ гэрэлт газар байсан” гэсэн үгс тодхон буув. Гэвч тэр даруй минийх биш дуу хоолойгоор “Үгүй ээ, та өмнө нь энэ газарт хэзээ ч ирж байгаагүй. Та төрөхөөсөө өмнөх цаг үеэ эргэн санаж байгаа юм. Та ийм л ариун газарт байсан” гэх үгс миний бодолд орж ирсэн.
Бид ариун сүмүүдийнхээ гадна талд “Ариунаас ариуныг Их Эзэнд” гэсэн үгсийг байрлуулдаг. Эдгээр үг үнэн гэдгийг би өөрөө мэднэ. Ариун сүм бол хэрэв зүрх сэтгэл маань нээлттэй, зохистой байвал илчлэлт бидэнд амархан ирж болох ариун газар юм.
Тэрхүү анхны өдрийн орой би ижилхэн Сүнсийг дахин мэдэрсэн. Ариун сүмийн ёслол нь үнэн зүйлсийг дүрслэн үзүүлж буйг зүрх сэтгэлд минь маш хүчтэй мэдрүүлсэн үгсийг агуулдаг. Ирээдүйнхээ талаар хувьдаа мэдэрсэн зүйл маань 40 жилийн дараа Их Эзэнээс надад үйлчлэх дуудлага болон ирж, бодит зүйл болсон юм.
Би Ютагийн Логан ариун сүмд гэрлэхдээ үүнтэй адил мэдрэмжийг мэдэрсэн. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл лацдан холболтыг гүйцэтгэсэн юм. Тэрээр хэдхэн үгээр, “Хаал, Кати хоёр оо, дуудлага ирэх үед та нар амархан орхиж явж чадахаар амьдраарай” гэж зөвлөж байж билээ.
Түүнийг энэ цөөн хэдэн үгийг хэлэхэд би бодол санаандаа нэгэн эгц уул, түүний орой өөд хөтлөх замыг өнгөтөөр, тод харсан. Замын зүүн талд байсан цагаан хашаа уулын орой дээрх эгнээ модод дунд харагдахгүй болов. Моддын завсраар нэгэн цагаан байшин бүүдийн харагдаж байлаа.
Жилийн дараа хадам аав маань биднийг тэр замаар авч явахад би тэр уулыг таньсан. Энэ нь ариун сүмд ерөнхийлөгч Кимбаллыг зөвлөгөө өгөхөд миний харсан зүйлс байв.
Биднийг уулын орой дээр гарахад хадам аав маань өнөөх цагаан байшингийн дэргэд зогсов. Тэр эхнэртэйгээ хамт уг эдлэн газрыг худалдаж авч байгаа бөгөөд Кати бид хоёрыг зочны байшинд нь амьдруулахыг хүсэж байгаагаа хэлсэн юм. Тэд тэндээс холгүй том байшинд амьдрах байв. Тиймээс тэрхүү сайхан гэр бүлийн орчинд 10 жил амьдрахдаа эхнэр бид хоёр бараг өдөр бүр “Бид энд удаан байхгүй юм чинь амьдрах хугацаандаа сэтгэл хангалуун байх ёстой” гэж хэлдэгсэн.
Сүмийн боловсролын системийн бүрэн эрхт төлөөлөгч Нийл А.Максвэллээс дуудлага ирэв. Ерөнхийлөгч Кимбаллын “амархан орхиж явж” чаддаг байх ёстой гэсэн сануулга биеллээ олсон юм. Энэ нь амар жимэр гэр орны нөхцөл байдлаа орхиод, огт мэдэхгүй газарт томилогдон үйлчлэхээр явах дуудлага байсан. Бошиглогч илчлэлтийн газар болох ариун сүм дотор ирээдүйн үйл явдлыг харж, бид үүнд бэлтгэгдсэн байсан учраас манай гэр бүл тэрхүү адислагдсан цаг хугацаа, газар нутгаа орхиод явахад бэлэн байв.
Их Эзэний ариун сүм ариун газар гэдгийг би мэднэ. Ариун сүмийн талаар ярих миний өнөөдрийн зорилго бол бидэнд ирэх мөн ариун сүмд орох нэмэлт боломжуудад таны болон миний хүсэл зохистой бөгөөд бэлэн байх байдлыг нэмэгдүүлэх явдал юм.
Миний хувьд ариун сүмд орохуйц зохистой байхын хамгийн агуу өдөөлт бол Их Эзэний Өөрийн ариун өргөөний талаар хэлсэн дараах үгс юм.
“Их Эзэний нэрээр надад өргөө барьж мөн энэ нь бузарлагдахгүй байхын тулд аливаа цэвэр ариун биш зүйлийг үүн дотор орохыг хүлцэхгүй байхын хэрээр, миний алдар суу үүн дээр амрах болно.
Тийм ээ, мөн миний оршихуй тэнд байх болно, учир нь би үүнд ирэх болно, мөн зүрх сэтгэлээрээ цэвэр ариун, үүнд ирэх тэд бүгд Бурханыг харах болно.
Гэвч хэрэв энэ нь бузарлагдах аваас, би үүнд орж ирэх нь үгүй, мөн миний алдар суу тэнд байх нь үгүй; учир нь ариун биш ариун сүмүүдэд бибээр орохгүй байх болно.”1
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бид ариун сүмд Аврагчийг бидэнд танигдахгүй байхаа больтол “харж” чадна гэдгийг бидэнд ойлгуулсан. Ерөнхийлөгч Нэлсон “Бид Түүнийг ойлгодог. Бид Түүний ажил мөн Түүний алдар сууг ухаарсан. Мөн бид Түүний зүйрлэшгүй амьдралын хязгааргүй нөлөөллийг мэдэрч эхэлдэг”2 гэж хэлсэн.
Хэрэв та эсвэл би ариун сүмд хангалттай цэвэр бус байхдаа орвол, ариун сүмд хүлээн авч болох Аврагчийн талаарх сүнслэг сургаалыг Ариун Сүнсний хүчээр харах боломжгүй байх болно.
Бид тийм сургаалыг хүлээн авах зохистой байх аваас тэр нь ариун сүмээр дамжуулан бидний амьдралын турш найдвар, баяр баясгалан, өөдрөг үзэл болж өсдөг. Тэр найдвар, баяр баясгалан, өөдрөг үзлийг зөвхөн ариун сүмд гүйцэтгэдэг ёслолуудаар дамжуулан авах боломжтой. Үхлийн дараа хийгээд үүрд мөнхөд үргэлжлэх хайраар дүүрэн гэр бүлийн холболтын баталгааг бид ариун сүмд хүлээн авч чадна.
Олон жилийн өмнө намайг бишопоор үйлчилж байхад нэг сайхан залуу эрэгтэй мөнхийн гэр бүлээрээ Бурхантай хамт амьдрахуйц зохистой болох урилгыг минь эсэргүүцсэн юм. Тэрээр надтай сөргөлдөх байдлаар, найз нөхөдтэйгөө өнгөрөөсөн сайхан үеүдээ ярьж байсан. Би түүнийг яриулаад л байв. Дараа нь тэр надад нэгэн үдэшлэгийн үеэр, маш их дуу чимээн дунд, гэнэт ганцаардаж байгаагаа мэдэрсэн мөчийнхөө талаар хэллээ. Би түүнээс юу болсныг асуув. Тэрээр бяцхан хүү байхдаа ээждээ тэврүүлэн өвөр дээр нь суудаг байсан үеэ санасан гэв. Тэр энэ түүхийг ярьж байх зуураа нулимс унагаж байлаа. Би түүнд “Гэр бүлийн тэрхүү тэврэлтийг үүрд мэдрэх цорын ганц арга бол өөрөө зохистой болж, ариун сүмийн лацдах ёслолуудыг хүлээн авахад бусдад туслах явдал юм” гэж үнэн гэдгийг нь мэддэг зүйлээ хэлсэн.
Бид сүнсний дэлхий дэх гэр бүлийн холбоо хамаарлын талаарх нарийн ширийн зүйлсийг эсвэл амилсны дараа юу тохиолдож болохыг мэдэхгүй. Гэхдээ бошиглогч Елиа эцгүүдийн зүрх сэтгэлийг хүүхдүүд рүү нь, мөн хүүхдүүдийнхийг эцгүүд рүү нь эргүүлэхээр амласныхаа дагуу ирсэн гэдгийг би мэднэ.3 Мөн бидний мөнхийн аз жаргал аль болох олон хамаатан садандаа адилхан мөнхийн аз жаргалыг бэлэглэхээр чадах бүхнээ хийхээс хамаардаг гэдгийг би мэднэ.
Би гэр бүлийнхээ амьд гишүүдийг ариун сүмийн лацдан холбох ёслолыг хүлээн авах, хүндэтгэх зохистой болохыг хүсэхэд урихдаа амжилтад хүрэхтэй адил хүсэл эрмэлзлийг мэдэрдэг. Энэ бол хожмын өдрүүдэд хөшигний хоёр талд Израилыг цуглуулах амлалтын нэг хэсэг билээ.
Бидний хамгийн агуу боломжуудын нэг нь гэр бүлийн гишүүдийн балчир байх үе юм. Тэд Христийн гэрлийн бэлэгтэй төрсөн байдаг. Энэ нь тэдэнд юу сайн, юу муу болохыг мэдрэх боломж олгодог. Тийм учраас ариун сүмийг эсвэл ариун сүмийн зургийг харах нь хүртэл хэзээ нэгэн цагт дотор нь орох зохистой хийгээд эрхтэй болох хүслийг хүүхдэд төрүүлдэг.
Дараа нь тэд өсвөр насандаа ариун сүмд төлөөлөн гүйцэтгэх баптисм хүртэх ариун сүмийн эрхийн бичиг хүлээн авах өдөр ирнэ. Энэхүү туршлагаар, ариун сүмийн ёслолууд нь үргэлж Аврагч руу болон Түүний Цагаатгал руу чиглэдэг гэсэн тэдний мэдрэмжийг өсгөн нэмэгдүүлэх болно. Тэднийг сүнсний дэлхийд байгаа нэгэнд нүглээсээ ангижрах боломж олгож байгаагаа мэдрэх үед Тэнгэрлэг Эцэгийн маань хүүхдүүдийг адислах Аврагчийн ариун ажилд туслах тэдний хүсэл улам нэмэгдэх болно.
Би нэгэн залуу хүний амьдрал уг туршлагын хүчээр өөрчлөгдөхийг харсан. Олон жилийн өмнө нэгэн үдэш би охинтойгоо хамт ариун сүм рүү явсан юм. Тэрээр хамгийн сүүлд төлөөлөн гүйцэтгэх баптисмыг хүртэж үйлчлэх хүн байлаа. Миний охиноос нэрийг нь бэлдсэн бүх хүний ёслолыг гүйцэтгэж дуустал үлдэж болох уу гэж асуухад, тэр “тэгье” гэж хэлсэн аж.
Би бяцхан охиноо баптисмын усан сан руу орохыг харж байлаа. Баптисм эхлэв. Миний бяцхан охиныг уснаас гаргах бүрд нүүрийг нь даган ус урсаж байлаа. “Та үргэлжлүүлэн гүйцэтгэж чадах уу?” гэж түүнээс дахин дахин асуух болгонд тэр “тийм ээ” гэж хэлж байв.
Аавын хувьд санаа зовон, түүнийг дахин баптисм хүртэхээс чөлөөлөгдөх байх гэж би горьдож эхэллээ. Гэхдээ түүнээс дахин чадах уу гэж асуухад шийдэмгий намуухан дуугаар “Тийм ээ” гэж хэлж байсан түүний тууштай байдлыг би одоо ч санаж байна. Тэр өдрийн жагсаалт дээрх хамгийн сүүлийн хүнийг Есүс Христийн нэрээр баптисмын адислал хүлээж авах хүртэл охин минь уг ёслолыг гүйцэтгэхээр үлдсэн юм.
Тэр орой түүнтэй хамт ариун сүмээс гарахдаа би харсан зүйлдээ гайхширч байлаа. Энэ хүүхэд Их Эзэний өргөөнд Түүнд үйлчилснээр нүдэн дээр минь өргөгдөж, өөрчлөгдсөн билээ. Ариун сүмээс гараад хамт алхаж байхдаа би гэрэл, амар амгаланг мэдэрч байснаа одоо ч санадаг.
Олон жил өнгөрчээ. Тэрээр туйлын хэцүү үед ч Их Эзэний төлөө дахин үйлдэх үү гэх Түүний асуултад тийм ээ гэж хэлсэн хэвээр байгаа. Ариун сүмийн үйлчлэл ингэж биднийг өөрчилж, өргөж чаддаг. Тиймээс та болон хайртай гэр бүл тань нөхцөл байдалдаа тохируулан Их Эзэний өргөөнд ойр ойрхон орж болохоор зохистой байх шийдэмгий байдал, хүсэл эрмэлзлээ өсгөнө гэж би найдаж байна.
Тэрээр таныг тэнд угтан авахыг хүсдэг. Та Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн зүрх сэтгэлд Түүнд ойрхон байгаагаа мэдрэх газар луу очих хүслийг нь төрүүлэхийг хичээж мөн өвөг дээдсээ Түүнтэй болон тантай үүрд хамт байхад бэлтгэхэд уриасай гэж би залбирч байна.
Бид дараах үгсийг хэлдэг байх боломжтой.
Би ариун сүм харах дуртай.
Ариун Сүнсийг мэдэрч,
сонсож, залбирахаар би
нэгэн цагт тэнд очно.
Учир нь ариун сүм Бурханы нандин өргөө,
төгс сайхан газар.
Бага байхдаа би өөрийгөө бэлдэнэ.
Энэ миний нандин үүрэг.4
Бид бол хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд гэдэг ариун гэрчлэлээ би хуваалцаж байна. Тэрээр Өөрийн Хайрт Хүү Есүс Христийг бидний Аврагч, Гэтэлгэгч болгохоор сонгосон. Тэдэнтэй болон гэр бүлтэйгээ хамт амьдрахаар буцах цорын ганц зам бол ариун сүмийн ёслолууд юм. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Бурханы бүх хүүхдэд мөнх амьдралыг хүлээн авах боломжтой болгодог санваарын бүх түлхүүрийг атгаж, ашигладаг гэдгийг би гэрчилж байна. Би үүнийг Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.