Аврагчийн арга барилаар заах нь
Эзэний үлгэр жишээг дагах мөн Түүнтэй адил заах үүрэг хариуцлага бидэнд тулгаран ирсэн байна.
Онцгой сайн багш нар
Хэдэн сарын өмнө, миний төрсөн газар болох Невадагийн Овэртонд хамт сурч байсан ангийн хүүхэд маань, саяхан 98 нас хүрч, төрсөн өдрөө тэмдэглэсэн бэлтгэл ангийн хайрт багшдаа зориулж Христийн мэндэлсний баярын бэлэг хамтран бэлдэх санал гаргасан юм. Багш бидэнд эелдэг байх, нойроо сайн авахын ач холбогдол, сүү, жигнэмэг идэх зэргээс ирэх баяр баяслыг болон нэг нэгнээ хайрлах тухай заасан. Гайхалтай сайн багш байсанд тань баярлалаа Дэвис эгч ээ.
Олон жилийн өмнө Рикс коллежид сурч байхад маань өөр нэгэн ер бусын багш байж билээ. Би номлолд үйлчлэхээр бэлдэж байсан ба номлогчдыг бэлтгэх ангид хамрагдвал тус болно хэмээн бодсон юм. Гэхдээ миний олж авсан туршлага амьдралыг маань өөрчилсөн.
Хичээлийн эхний өдрөөс л эхлэн би гарамгай багшийн дэргэд байгаагаа ухаарсан юм. Түүний нэрийг Ф.Мэлвин Хаммонд гэдэг. Хаммонд ах Их Эзэнийг мөн намайг хайрладаг байсан гэдгийг би мэдэж байсан. Би үүнийг түүний дүр төрхөөс харж, дуу хоолойноос нь сонсдог байв. Түүнийг заах үед Сүнс оюун санааг минь гэгээрүүлдэг байлаа. Тэр сургаалыг заадаг байсан ч үүнийг өөрөө бие даан судлахад түүнчлэн намайг урьдаг байв. Энэхүү урилга надад Их Эзэний сургаалыг өөрөө сурч мэдэх үүргээ тодорхой харахад тусалсан юм. Уг туршлага намайг үүрд өөрчилсөн. Аврагчийн арга барилаар зааж байсанд тань баярлалаа Хаммонд ах аа.
Ах, эгч нар аа, хүн бүр гэртээ болон сүм дээр ийм төрлийн туршлагыг олж авах эрхтэй.
Ирээд, Намайг дага гарын авлагын оршил хэсэг Христтэй адил заах нь юуг гүйцэлдүүлж болдог талаарх төсөөллийг өгдөг. “Сайн мэдээнээс суралцаж, заах бүхий л зорилго нь Есүс Христэд хөрвөх хөрвөлтөө гүнзгийрүүлж, Түүнтэй илүү адилхан болоход бидэнд туслах явдал юм. … Бидний итгэлийг хүчирхэгжүүлж, хөрвөлтийн гайхамшиг руу хөтөлдөг сайн мэдээнээс суралцах үйл явц нэг дор тохиодоггүй. Энэ нь ангиас гарч, хувь хүний зүрх сэтгэл, гэр орон руу өргөжин тэлдэг.” 1
Эртний Америк дахь Аврагчийн тохинуулал үнэхээр хүчтэй нөлөө үзүүлж, өргөн цар хүрээг хамарсан байсан тул “уг хүмүүс, нифайчууд болон леменчүүд аль аль нь, бүгдээр Их Эзэнд хөрвүүлэгдэв, мөн тэдний дунд зөрчилдөөн мөн арцалдаан байсангүй, мөн хүмүүн бүр нэг нэгэнтэйгээ шударгаар харьцаж байлаа”2 хэмээн сударт тэмдэглэсэн байдаг.
Бидний заах байдал хайртай хүмүүст маань хэрхэн үүнтэй адил нөлөөлж болох вэ? Бид хэрхэн Аврагчтай илүү адил зааж мөн бусдад илүү гүнзгий хөрвөгдөхөд нь тусалж чадах вэ? Та бүгдэд цөөн хэдэн зүйлийг санал болгохыг минь зөвшөөрнө үү.
Аврагчийн үлгэр жишээг дага
Юуны өмнө, хамгийн түрүүнд Агуу Багш болох Аврагчийн талаар сурч чадах бүхнээ сурч мэдэж ав. Тэр бусдад хайраа хэрхэн харуулсан бэ? Түүнийг заах үед тэд юу мэдэрсэн бэ? Тэр юу заасан бэ? Тэрээр заасан хүмүүстээ ямар шаардлага тавьдаг байсан бэ? Та ийм төрлийн асуултуудыг судалсныхаа дараа заах арга барилаа эргэж нэг хараад, Түүнийхтэй илүү адил болгож өөрчлөөрэй.
Сүм Gospel Library аппликэйшн болон ChurchofJesusChrist.org цахим хуудсаар дамжуулан заах олон эх сурвалжаар хангадаг. Үүний нэг нь Аврагчийн арга барилаар заах нь гарын авлага юм. Би та бүгдийг энэ гарын авлагын үг бүрийг уншиж, судлахад урьж байна. Үүний зарчмууд нь заахдаа илүү Христтэй адил болох хүчин чармайлтад тань тусалж чадна.
Гэр бүлүүдийн хүчийг ашигла
Би дараагийн өгөх зөвлөгөөгөө хэдэн сарын өмнө хайрт найзындаа айлчилж очиход тохиолдсон явдалтай холбоё. Би түүний эхнэрийн цаанаа хэн нэгэнтэй ярьж байгааг сонссон тул уучлал хүсээд түүнд гэртээ хурдан эргэн орох боломжийг олгов.
Цаг орчмын дараа би түүний хайрт эхнэрээс энэ сайхан мессежийг хүлээн авсан юм. “Ньюмэн ах аа, ирсэнд тань баярлалаа. Бид таныг гэртээ урьж оруулах ёстой байсан юм. Гэвч бид юу хийж байсан талаараа тантай хуваалцмаар байна. Цар тахал гарснаас хойш бид ням гараг бүр том болсон хүүхдүүдтэйгээ Zoom-ээр дамжуулан Ирээд, Намайг дага гарын авлагаас хэлэлцэж байгаа юм. Ингэснээр гайхамшгууд шууд биеллээ олж байна. Охин маань анх удаагаа Мормоны Номыг бие даан уншиж эхэлсэн. Өнөөдөр Мормоны Номын сүүлийн хичээл орж байсан ба таныг ирэх үед бид дуусаж байсан юм. … Ирээд, Намайг дага гарын авлага, Zoom, мөн цар тахал зэрэг нь хэрхэн зөв цагт зүрх сэтгэлийг өөрчлөх боломжийг олгож байгаа талаар та сонсохыг сонирхож магадгүй гэж би бодсон юм. Энэ туршлага намайг энэ сонин цаг үед хэчнээн жижиг жижиг гайхамшиг тохиолдож байгаа бол гэж бодоход хүргэсэн” хэмээн бичсэн байв.
Энэ нь надад ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны 2018 оны 10 сард өгсөн амлалтын биелэл мэт сонсогдсон. Тэрээр хэлэхдээ сургаалыг гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн байдлаар сурах нь “гэр бүл болгон өөрсдийн гэр орныг итгэлийн ариун газар болгохын тулд хариуцлагатай бөгөөд анхааралтай үйлдэхээр хичээхэд гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэх боломжтой юм. Таныг гэр орноо сайн мэдээнээс суралцах төв болгон өөрчлөхөөр хичээнгүйлэн ажиллахад аяндаа таны Хүндэтгэлийн өдрүүд баясгалантай болно гэдгийг би амлаж байна. Танай хүүхдүүд Аврагчийн сургаалаас суралцаж, түүгээр амьдрахдаа баяртай байна. … Гэр бүлд тань мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарч, тогтвортой үргэлжлэх болно”3 хэмээн хэлсэн. Ямар гайхалтай амлалт вэ!
Есүс Христэд хөрвөгдөх хөрвөлт нь амьдралыг жинхэнэ утгаар нь өөрчлөх хэмжээний байхын тулд, бидний бүх зүрх сэтгэл шингэж, амьдралын маань тал бүрд нэвтэрсэн байх ёстой. Иймээс энэ нь бидний амьдрал, гэр орны голд нь төвлөрөх ёстой юм.
Хөрвөлт бол хувийн зүйл гэдгийг сана
Миний сүүлийн зөвлөгөө бол хөрвөлт нь сэтгэлийн угаас гарах ёстой гэдгийг санах явдал юм. Арван охины сургаалт зүйрлэлд дүрслэгдсэний адилаар бид хэдий их хүссэн ч өөрсдийн хөрвөлтийн тосыг өөр нэгэнд өгч чадахгүй. Ахлагч Дэвид А.Бэднар, “Энэхүү эрхэм үнэт тос нь нэг удаад нэг дуслаар … тэвчээртэйгээр, шаргуу дагаснаар олддог. Түүнийг олох амархан товч зам гэж байхгүй; хамгийн сүүлийн мөчид гэнэт хичээн бэлдэх нь ч боломжгүй юм”4 гэж заасан.
Ирээд, Намайг дага гарын авлага энэхүү үнэн дээр суурилсан билээ. “Хараач!”5 хэмээн хэлснээр Нифайд Есүс Христийн тухай сурахад нь тусалсан тэнгэр элчтэй би үүнийг харьцуулмаар байна. Тэр тэнгэр элчийн адилаар Ирээд, Намайг дага гарын авлага биднийг Аврагчийг олж, Түүнийг сонсохын тулд судруудыг болон орчин үеийн бошиглогчдын үгсийг уншихад урьдаг. Нифайн адилаар биднийг Бурханы үгийг уншиж, тунгааж байх үед Сүнс бидэнд хувьчлан зааварчилна. Ирээд, Намайг дага бол бидний хүн нэг бүрийг Христийн сургаалын амьд усанд гүнзгий шумбах боломжийг олгодог тавцан юм.
Эцэг эхийн хариуцлага олон талаараа төстэй. Хүүхдүүд эцэг эхээсээ олон зүйлийг өвлөн авдаг ч гэрчлэлийг өвлөх боломжгүй. Бид үр ургуулж чадахгүйн адилаар хүүхдүүддээ гэрчлэл өгч чадахгүй. Гэвч бид “үгийг хааж боомилдог” өргөсгүй, сайн хөрс бүхий тэжээллэг орчныг бүрдүүлж чадна. Бид хүүхдүүд маань болон бидний хайртай бусад хүн үр суулгах газар бүхий, “үгийг [сонсоод], үүнийг [ойлгох]”6 мөн тэд өөрсдөө “уг үр сайн” гэдгийг олж мэдэж болох7 туйлын сайн нөхцөлийг бүрдүүлэхийг хичээж чадна.
Хэдэн жилийн өмнө надад өөрийн хүү Жактайгаа хамт гольф анх үүссэн Шотландын Сэйнт Эндрюс гэдэг газар Олд Коорс тоглох боломж тохиосон юм. Энэ үнэхээр гайхалтай байсан! Эргэж ирээд би энэ туршлага хэчнээн гайхалтай байсан тухай бусдад мэдүүлэхийг хүссэн. Гэвч би чадаагүй. Зураг, бичлэг, миний хамгийн сайн тодорхойлолт хүртэл огт хангалтгүй байв. Хэн нэгний Сэйнт Эндрюсийн сүр жавхлант байдлын талаар мэдэх боломжтой цорын ганц арга зам бол өөрийн биеэр очиж бид үр өгөөжтэйгөөр өргөн замуудыг харж, агаарыг нь амьсгалж, хацар илбэх салхийг нь мэдэрч мөн нүх рүү, шигүү бут руу хэдэн бүтэлгүй цохилт хийсэн шиг эдгээрийг өөрсдөө үзэж туулах явдал юм байна гэдгийг би ухаарсан.
Бурханы үг ч мөн үүнтэй адил. Бид үүнийг зааж, номлож, тайлбарлаж чадна. Бид үүний тухай ярьж, тодорхойлж, бүр үүний талаар гэрчилж чадна. Гэвч тухайн хүн Бурханы ариун үг Сүнсний хүчээр дамжуулан тэнгэрээс буух шүүдэр лугаа адил түүний сүнсэн дээр намуухан буухыг мэдрэх хүртэл8 энэ нь ил захидал эсвэл хэн нэгний аяллын зургуудыг харж буйтай адил байх болно. Та өөрөө тэнд очих ёстой. Хөрвөлт бол хувийн аялал бөгөөд энэ бол цугларалтын аян билээ.
Гэртээ, сүм дээр зааж байгаа хүн бүр бусад хүнд өөрсдийн гэсэн сүнслэг туршлагатай болох боломжийг санал болгож чадна. Эдгээр туршлагаар дамжуулан тэд өөрсдөө “бүх зүйлийн үнэнийг мэдэж”9 авах болно. “Хэрэв танд сайн мэдээний тухай болон Сүмийн талаар үнэхээр мэдэхийг хүссэн асуулт байвал Бурханыг амьдралдаа ялуулах сонголтыг хийснээр та амьдралын тань замыг зааж, гэрээний зам дээрээ баттай зогсоход тань туслах өөрчлөгдөшгүй, мөнхийн үнэнийг олж, ойлгоход чиглүүлэгдэх болно”10 гэж ерөнхийлөгч Нэлсон заасан.
Заахаа эрс сайжруул
Би Сүмийн байгууллага бүр дэх удирдагчид, багш нарыг гадас, тойрог, гэр орон зэрэг бүх түвшинд заахаа эрс сайжруулахын тулд эцэг эхчүүд, өсвөр үеийнхэнтэй хамтдаа зөвлөлдөхөд урьж байна. Энэ нь сургаалыг зааснаар мөн хувийн сургалтын маань аниргүй мөчүүдэд Ариун Сүнсний бидэнд заасан үнэнүүдийн талаар Сүнсээр дүүрэн хэлэлцүүлэг өрнүүлэхийг урьснаар гүйцэлддэг.
Христ дэх хайрт найз нар минь ээ, Эзэний үлгэр жишээг дагах мөн Түүнтэй адил заах үүрэг хариуцлага бидэнд тулгаран ирсэн байна. Түүний зам бол зөв зам! Бид Түүнийг дагавал “тэрбээр хүрч ирэхэд бид түүнтэй адил байх болно, учир нь бид түүнийг байгаагаар нь харах болно гэсний учир, бидэнд энэ найдвар байж болохын тулд, түүний цэврийн адил бид цэвэр болгогдож болно.”11 Амилсан, Агуу Багш Есүс Христийн нэрээр, амен.