Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ?
Тэнгэрлэг Эцэгийн маань төлөвлөгөөнд тоймлосон хувь заяанд хүрэхийн тулд Тэр бидний мөнх бус амьдралын аялалд шаардагдах бүх зүйлийг гүйцэлдүүлсэн.
Олон жилийн өмнөх гадасны чуулганы бямба гаргийн оройн хуралдаан дээр олон жил сүмд идэвхгүй байсан нэгэн эмэгтэйтэй би уулзсан бөгөөд найзууд нь түүнийг буцаж ирээч гэж гуйдаг боловч буцах ямар нэг шалтгаан надад байхгүй гэж тэр боддог байв. Урам өгөхийн тулд би түүнд “Аврагчийн танд хийсэн бүх зүйлийг бодож үзэх юм бол буцаж ирэх, Түүнийг шүтэн бишрэх, Түүнд үйлчлэх олон шалтгаан танд бий” гэж хэлж билээ. “Тэр миний төлөө юу хийсэн юм бэ?” гэж түүнийг хариулахад би их гайхсан.
Есүс Христ бид бүгдийн төлөө юу хийсэн бэ? Тэнгэрлэг Эцэгийн маань төлөвлөгөөнд тоймлосон хувь заяанд хүрэхийн тулд Тэр бидний мөнх бус амьдралын аялалд шаардагдах бүх зүйлийг гүйцэлдүүлсэн. Би уг төлөвлөгөөний дөрвөн чухал онцлогийн талаар ярих болно. Эдгээр онцлог бүрд Түүний цор ганц хүү Есүс Христ гол цөм нь байна. Энэ бүхнийг хийх шалтгаан бол “хүмүүний үрсийн зүрхэнд хааяагүй түгэх Бурханы хайр; иймийн тул, энэ нь бүхнээс илүү, хамгийн ихээр хүслийг татагч буюу” (1 Нифай 11:22).
I.
Христийн амилсны баярын ням гаргийн өмнөхөн бид Есүс Христийн Амилалтын талаар эхэлж ярих нь зүй ёсны хэрэг билээ. Үхлээс амилах нь бидний итгэлийн хувийн тулгуур багана болдог. Энэ нь бидний сургаалд утга учрыг, бидний зан байдалд сэдлийг, ирээдүйд найдварыг нэмдэг.
Бид Библи, Мормоны Ном хоёр дээрх Есүс Христийн Амилалтын бодит түүхийн аль алинд итгэдэг учраас үүнтэй төстэй амилалт энэ дэлхий дээр амьдарч байсан бүх мөнх бус хүмүүнд тохионо гэсэн судрын олон сургаалыг ч мөн хүлээн зөвшөөрдөг.1 Христ “Учир нь Би амьд байдаг агаад та нар амьдрах болно” (Иохан 14:19) хэмээн заасан. Түүний төлөөлөгчид “үхэгсэд үл муудахаар амилуулагдаж,” мөн “үхдэг нь үхэшгүйг өмсөх” (1 Коринт 15:52, 54) болно гэж заажээ.
Гэвч Амилалт нь энэхүү үхэшгүй байдлын амлалтаас илүүг өгдөг. Энэ нь бидний мөнх бус амьдралыг харах өнцгийг өөрчилдөг.
Амилалт бидэнд болон бидний хайртай хүн болгонд тохиолддог мөнх бус байдлын сорилт бэрхшээлийг даван туулах хүч чадал, ойлголтыг бидэнд өгдөг юм. Энэ нь төрөхдөө юм уу мөнх бус амьдралынхаа явцад олж авдаг бие махбод, оюун санаа эсвэл сэтгэл санааны дутмаг байдал зэргийг шинээр харж ойлгоход тусалдаг. Энэ нь бидэнд уй гашуу, бүтэлгүйтэл, цөхрөлийг давах хүч чадал өгдөг. Бид бүгдэд амилуулагдах амлалтыг өгсөн тул эдгээр мөнх бус амьдралын дутмаг байдал зөвхөн түр зуурынх гэдгийг бид мэднэ.
Түүнчлэн Амилалт бидэнд мөнх бус амьдралынхаа турш Бурханы зарлигуудыг дагахад хүчирхэг түлхэц болж өгдөг. Бид үхлээс босож, бошиглогдсон эцсийн шүүлтэд орохдоо, амилсан хүмүүст амласан хамгийн дээд адислалуудыг хүртэхүйц байх хэрэгтэй.2
Цаашлаад, Амилалтаар эхнэр, нөхөр, үр хүүхэд, эцэг эхтэйгээ буюу гэр бүлтэйгээ хамт байх боломжтой гэсэн амлалт нь мөнх бус амьдралдаа гэр бүлийн үүрэг хариуцлагаа биелүүлэх хүчтэй сэдэл болж өгдөг. Энэ нь энэ амьдралд хамтдаа хайран дунд амьдрахад бидэнд тусалж, мөн хайртай хүмүүс маань өнгөрөх үед биднийг тайтгаруулдаг. Мөнх бус амьдрал дахь энэхүү хагацал цаг зуурынх ба ирээдүйд аз жаргалтайгаар нэгдэн нийлэхийг бид хүлээдэг. Амилалт нь бидэнд хүлээх явцдаа найдвар тээж, тэвчээртэй байх хүчийг өгдөг. Энэ нь мөн бидэнд өөрсдийн үхэлтэй, тэр ч байтугай зуурдын үхэлтэй нүүр тулах зоригийг өгдөг.
Амилалтын эдгээр бүх үр дагавар нь “Есүс Христ миний төлөө юу хийсэн юм бэ?” хэмээх асуултад хариулах эхний хариултын хэсэг нь юм.
II.
Бидний олонхын хувьд, гэм нүглээсээ өршөөгдөх боломж нь Есүс Христийн Цагаатгалын гол утга учир юм. Бид шүтэн бишрэхдээ:
Тэр гэм нүглийн гэмгүй золиос.
Тэр цусаа урсган зовж,
Амиа золин, сэтгэлээсээ ийн
Тэр дэлхийг аврав3 хэмээн дуулдаг.
Бидний Аврагч болон Гэтэлгэгч нүглээ наманчилдаг мөнх бус хүмүүсийн үйлдсэн нүглийн төлөө Өөрийгөө золиослохдоо төсөөлшгүй зовлонг туулжээ. Энэхүү цагаатгагч золиосоор сайн сайхны оргил болох өө сэвгүй цэвэр хургыг хилэнцийн дээд хэмжүүр болох бүх дэлхийн нүглийн төлөө өргөл болгосон юм. Энэ нь бид бүгдэд хувийн нүглүүдээсээ цэвэрших үүд хаалгыг нээж өгч, улмаар бид Бурхан Мөнхийн Эцэгийнхээ оршихуйд эргэн очиж чадах юм. Энэ хаалга Бурханы бүх хүүхдэд нээлттэй байдаг. Бид шүтэн бишрэхдээ:
Тэр тэнгэрлэг гэрээсээ ирсэнд би гайхширна.
Гэм нүгэлт даруу бус нэг намайг аврахаар
Гэм нүгэлт намайг Тэр хайрлан ивээж, энэрсэн4 гэж дуулдаг.
Есүс Христийн Цагаатгалын агуу бөгөөд цаглашгүй үр дүн нь Бурханы бид бүгдийг хайрлах хайраас эхтэй. Энэ нь бүх “бодгалийн үнэ цэнэ Бурханы мэлмийд агуу” (Сургаал ба Гэрээ 18:10) гэж тунхагласныг баталдаг. Есүс Христ үүнийг Тэнгэрлэг Эцэгийн хайртай холбон, Библи дээр ийн тайлбарлажээ. “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм” (Иохан 3:16). Орчин цагийн илчлэлтээр бидний Гэтэлгэгч Есүс Христ “итгэсэн болгон нь Бурханы хөвгүүд болж болохын тулд дэлхийг нэн ихээр хайрлаж амьдралаа өгсөн” (Сургаал ба Гэрээ 34:3) хэмээн тунхагласан.
Тиймээс “Христийн бас нэгэн гэрээ” болох Мормоны Номын төгсгөлд “Христээр төгс” болж “ариусгагдах[ын]” тулд бид “Бурханыг өөрсдийн бүх хүч, оюун, мөн чадлаар хайрлах” ёстой гэж заадагт гайхах зүйлгүй (Moронай 10:32–33). Түүний хайраар өдөөгдсөн төлөвлөгөөг хайраар хүлээн авах ёстой.
III.
Аврагч маань бидний төлөө өөр юу хийсэн бэ? Есүс Өөрийн бошиглогчдын сургаалаар мөн хувийн тохинууллаараа дамжуулан авралын төлөвлөгөөг бидэнд заасан. Энэ төлөвлөгөөнд Бүтээлт, амьдралын зорилго, эсрэг зүйлсийн зайлшгүй хэрэгцээ, сонгох эрхийн бэлэг зэрэг нь багтдаг. Тэрээр мөн бидний дагах ёстой зарлиг, гэрээнүүдийг болон биднийг Тэнгэрлэг эцэг эхэд эргэн аваачихад шаардагдах ёслолуудыг заасан.
Библиэс бид “Би бол Ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно” (Иохан 8:12) гэж заасныг уншдаг. Орчин цагийн илчлэлтээс бид “Болгоогтун, би бол … Есүс Христ, харанхуйд нуугдаж эс чадах гэрэл билээ” (Сургаал ба Гэрээ 14:9) хэмээн уншдаг. Хэрэв бид Түүний сургаалыг дагавал, Тэр бидний амьдралын замыг гэрэлтүүлж, дараах амьдралын амлалтыг өгдөг.
Тэр бидэнд хайртай учраас биднийг энэхүү мөнх бус дэлхий дээр биш, Өөрт нь анхаарлаа төвлөрүүлэхийг хүсдэг. Есүс амьдралын талхны талаарх агуу сургаалаа айлдахдаа, биднийг дэлхийн зүйлсийг буюу дэлхий дээрх амьдралыг тэтгэдэг боловч мөнх амьдрал руу хөтөлдөггүй зүйлсэд илүү их татагддаг хүмүүс байж болохгүйг заасан.5 Есүс “Намайг дага”6 гэж ахин дахин биднийг урьсан.
IV.
Эцэст нь Есүс Христ Цагаатгалыг үйлдэхдээ “бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно; мөн энэ нь тэр өөрийн шаналал мөн өвчнүүдийг өөр дээрээ авах болно гэсэн тэрхүү үг биелэгдэж болохын тулд бөлгөө” (Алма 7:11) гэж Мормоны Номд заадаг.
Бидний Аврагч яагаад “бүх төрлийн” эдгээр мөнх бус сорилт бэрхшээлийг туулж мэдэрсэн бэ? “Тэрээр бие махбодийн дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг [буюу туслан дэмжихийг] мэдэж болохын тулд, тэрээр өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг авах болно” (Aлма 7:12).
Аврагч маань бидний уруу таталт, тэмцэл, зүрхний шаналал, зовлонг мэддэг бөгөөд мэдэрдэг. Учир нь Тэр энэ бүгдийг Цагаатгалынхаа үеэр туулсан билээ. Бусад сударт ч мөн үүнийг баталдаг. Шинэ Гэрээн дээр “Учир нь Тэр Өөрөө соригдон зовлон эдэлсэн тул соригдогсдод тусалж чадна” (Еврей 2:18) хэмээн тунхагладаг. Исаиа “Би чамтай хамт байгаа тул бүү ай! Өөрийнхөө талаар бүү санаа зов” (Исаиа 41:10) гэж заажээ. Мөнх бус байдлаас улбаатай зүйл бүрийн доройтолтой тулгарсан хүмүүс бидний Аврагч бас ийм өвдөлт зовиурыг мэдэрсэн бөгөөд Цагаатгалаараа дамжуулан үүнийг даван туулах хүч чадлыг бид бүгдэд өгдөг гэдгийг санах хэрэгтэй.
Иосеф Смит энэ агуу үнэнийг Итгэлийн тунхгийн гуравт “Христийн Цагаатгалаар дамжин Сайн мэдээний хуулиуд болон ёслолуудад дуулгавартай байснаар бүх хүн төрөлхтөн аврагдана гэдэгт бид итгэдэг” гэж тоймлосон байдаг.
“Есүс Христ бид бүгдийн төлөө юу хийсэн бэ?” гэж тэр эгч асуусан. Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний дагуу бид бүгд бурханлаг хувь заяандаа хүрэхэд шаардлагатай мөнх бус туршлагыг олж авч болохын тулд Тэрээр “тэнгэр хийгээд дэлхийг бүтээсэн” (Сургаал ба Гэрээ 14:9). Эцэгийн төлөвлөгөөгөөр, Есүс Христ Амилснаар үхлийг ялж, бидэнд үхэшгүй байдлыг амласан юм. Есүс Христийн цагаатгагч золиос бидэнд гэм нүглээ наманчилж, тэнгэрлэг гэртээ цэвэр ариун эргэж очих боломжийг өгдөг. Түүний зарлиг, гэрээнүүд бидэнд замыг зааж өгдөг. Түүний санваар бидэнд тэрхүү хувь заяанд хүрэхэд зайлшгүй хэрэгтэй ёслолуудыг гүйцэтгэх эрх мэдлийг өгдөг. Мөн бидний Аврагч биднийг зовсон үед хэрхэн халамжилж, хүчирхэгжүүлэхээ мэдэхийн тулд мөнх бус байдлын бүх өвчин шаналал, согогийг Өөрийн хүслээр туулсан юм.
Бурханы бүх хүүхдийг хайрладаг болохоор Есүс Христ энэ бүгдийг гүйцэтгэсэн. Энэ бүгдийн шалтгаан нь хайр байсан бөгөөд бүр эхлэлээс л ийм байсан. Орчин цагийн илчлэлтээр “тэрбээр хүмүүнийг, эрэгтэй, эмэгтэйгээр нь өөрийнхөө дүрээр бүтээсэн. Мөн түүнийг хайрлаж, мөн үйлчилж байх ёстой хэмээх зарлигуудыг тэдэнд өгчээ” (Сургаал ба Гэрээ 20:18–19) хэмээн Бурхан бидэнд хэлсэн.
Би энэ бүгдийг гэрчлэхийн зэрэгцээ Аврагчийн бидний төлөө хийсэн зүйлсийг бид санаж, Түүнийг хайрлаж үйлчлэх болтугай хэмээн залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.