Гэгээнтнүүд: Хожмын Үеийн Есүс Христийн Сүмийн түүх, Боть 1, Үнэний жишиг, 1815–1846 (2018) “Итгэлээр гуй,” бүлэг 1
Бүлэг 1: “Итгэлээр гуй”
Бүлэг 1
Итгэлээр гуй
1815 онд Индонезийн Сумбава арал сүүлд орсон борооноор үржил шимтэй болж, ногоорчээ. Гэр бүлүүд олон үеийн турш, жил бүр болдог хуурай улиралд бэлтгэн, Тамбора хэмээх галт уулын бэлд будаа тариалж байв.
4-р сарын 5-ны өдөр олон арван жил унтсан уул сэрж, гал, үнс нурмаар турхиран, гэрчүүд хэдэн зуун бээрийн зайд их буугаар буудаж буй мэт чимээг сонсжээ. Жижиг дэлбэрэлтүүд хэдэн өдөр үргэлжилсээр 4-р сарын 10-ны орой уул бүхэлдээ дэлбэрчээ. Гурван гал тэнгэр өөд цойлж, нэгэн том дэлбэрэлт болсон байна. Уулын энгэрээр шингэн гал урсаж, бэлд орших тосгоныг хүрээлэн авав. Бүс нутаг даяар хуй салхи эргэлдэж, моддыг сугалан, орон гэрүүдийг хийсгэж байжээ.1
Энэ явдал тэр шөнийн турш болон дараагийн өдөр нь ч үргэлжилжээ. Үнс нурам олон бээрийн газар, тэнгисийг бүрхэж, зарим газар хоёр фут өндөр хуримтлагдав. Үд дунд шөнө дунд мэт байлаа. Ширүүн тэнгис эргээс хальж, тариаланг сүйтгэн, тосгоныг живүүлжээ. Тамборад хэдэн долоо хоногийн турш нурман болон чулуун бас галан бороо оров.2
Дараагийн хэдэн сард дэлбэрэлтийн нөлөө дэлхий даяар тархжээ. Нар сонирхол татам байдлаар шингэж буй нь хүмүүсийг гайхшируулсан хэдий ч хурц тод өнгө нь дэлхийг тойрон хүрээлсэн галт уулын үнс нурамны үхлийн аюулыг далдалсан байв. Дараагийн жилд нь цаг агаарын байдал тааварлашгүй сүйрэлд хүргэв.3
Дэлбэрэлтээс үүдэн Энэтхэгт агаарын хэм буурч, холер өвчин мянга мянган хүнийг үхэлд хүргэж, гэр бүлүүдийг сүйрүүлэв. Хятадын үржил шимт хөндийн зуны зөөлөн уур амьсгал цасан шуургаар солигдон, үерийн ус тариаланг устгав. Европт хоол хүнсний нөөц багасаж, өлсгөлөн, үймээн самуунд хүргэжээ.4
Хаа сайгүй хүмүүс хачирхалтай цаг агаарын улмаас үүссэн зовлон гачигдал, үхэл эндэгдлийн талаар тайлбар эрж байв. Энэтхэгийн Хинди сүмүүдэд ариун хүмүүсийн залбирал, дуулал цуурайтаж, Хятадын яруу найрагчид өвчин эмгэг, гарз хохирлын талаарх асуултыг хөндөж байв. Франц, Британид иргэд өвдөг сөгдөн, Библид зөгнөсөн аймшигт нөхцөл байдал тэдэнд тулгарчээ хэмээн айж байлаа. Хойд Америкт номлогчид Бурхан Христийн нүгэлт шашинтнуудыг шийтгэж байгаа нь энэ хэмээн номлож байсан нь сүсэг бишрэлийг өдөөх гэсэн оролдлого байв.
Газар бүрд хүмүүс сүм, сэргээлтийн цуглаан руу хошуурч, ирж буй устгалаас хэрхэн аврагдаж болохоо мэдэхийг хүсэн сандарцгааж байв.5
Тамборагийн дэлбэрэлт Хойд Америкийн цаг агаарт дараагийн жилийн турш нөлөөлсөн юм. Хавар нь цас орж, газар хөлдөж, 1816 он зунгүй жил хэмээн дурсагдах болсон байна.6 Нэгдсэн Улсын зүүн хойд булангийн Вермонт мужийн хадат толгод Ахмад Иосеф Смит гэдэг фермерийг олон жилийн турш сэтгэл гонсойход хүргэжээ. Тэр эхнэр Люси Мак Смитийнхээ хамт тариалангаа хайр найргүй жаварт цохигдохыг хараад, санхүүгийн хямралд орж, энэ газраа үлдвэл бүрхэг ирээдүй хүлээж буйг ойлгож байлаа.
45 настай Ахмад Иосефын нас ахиж яваа тул шинэ газар нутагт шинээр эхлэх асуудал үнэхээр хүнд тусаж байв. Тэр өөрийн том хөвгүүд болох 18 настай Алвин, 16 настай Хайрум нарыг газар боловсруулж, байшин барьж, тариа тарьж, хураахад нь тусална гэж мэдэж байлаа. 13 настай охин Софрониа нь Люсид гэрийн болон фермийн ажил хийхэд нь туслах насанд хүрсэн байв. Бага хөвгүүд болох 8 настай Самуел, 5 настай Виллиам хоёр нь илүү тусад орж, 3 настай Катарин, шинэ төрсөн Дон Карлос нар нэг л өдөр хувь нэмрээ оруулах насанд хүрнэ.
Харин дунд хүү 10 настай Бага Иосефын хувьд асуудал өөр байлаа. 4 жилийн өмнө Бага Иосеф хөлөндөө халдвар аван, мэс засал хийлгэснээс хойш суга таягтай явах болсон байв. Хэдийгээр хөл нь сайжирч эхэлсэн ч Бага Иосеф өвдсөнөөсөө болж доголж байсан тул Ахмад Иосеф түүнийг Алвин, Хайрум нар шиг хүчирхэг болж өсөх эсэхийг мэдэхгүй байлаа.7
Тэд нэг нэгэндээ найдаж болох нь тодорхой тул Смитийн гэр бүлийнхэн Вермонт дахь гэрээ орхиж илүү сайхан газар руу нүүхээр шийджээ.8 Ахмад Иосеф энэ бүс нутгийн бусад хүний адил Нью-Йорк муж руу очин, сайн ферм зээлээр худалдан авч болох байх гэж найдаж байлаа. Дараа нь тэр Люсиг хүүхдүүдтэйгээ хамт авчирч, амьдралаа шинээр эхэлнэ гэж бодож байв.
Ахмад Иосефыг Нью-Йорк руу явахад Алвин, Хайрум хоёр түүнийг үдэж өгөхөөр зам руу дөхүүлэв. Ахмад Иосеф эхнэр, хүүхдүүдээ тун их хайрладаг байсан ч амьдралаа тогтвортой авч явж чадахгүй байлаа. Азгүй явдал, муу хөрөнгө оруулалт гэр бүлийг нь ядуу, тарчиг амьдрахад хүргэжээ. Нью-Йоркт байдал өөрөөр эргэж магадгүй.9
Дараа өвөл нь Бага Иосеф ээж, ах, эгч дүү нарынхаа хамт цас туучин, Нью-Йоркийн баруун талд орших Палмира хэмээх тосгоныг зорьжээ. Ойролцоохон газарт Ахмад Иосеф сайн газар олоод, гэрийнхнээ хүлээж байв.
Нөхөр нь нүүхэд туслах боломжгүй байсан тул Люси ноён Ховард хэмээх эрийг битүү тэргээ хөтлүүлэхээр хөлсөлсөн байна. Зам зуур ноён Ховард эд зүйлсэд нь хайр найргүй хандаж, өгсөн мөнгөөр нь мөрийтэй тоглон, архи ууж үрсэн байлаа. Ноён Ховард баруун зүгт аялж байсан өөр нэгэн гэр бүлтэй нийлснийхээ дараа Иосефыг тэрэгнээс хөөж буулгаад, өөр гэр бүлийн охидыг хажуудаа суулган, цувааг хөтлөх болжээ.
Иосефт алхах нь ямар их зовиуртай байгааг мэдэж байсан Алвин, Хайрум хоёр дүүгээ хамгаалах гэж Ховардыг хэд хэдэн удаа эсэргүүцэх гэж оролджээ. Тэгэх тоолонд ноён Ховард тэднийг ташуурынхаа ишээр цохисон байна.10
Хэрэв Иосеф арай том байсан бол ноён Ховардын эсрэг өөрөө зогсох байсан байх. Өвчтэй хөл нь түүнийг ажиллах, тоглох боломжгүй болгосон ч хүчирхэг хүсэл эрмэлзэл нь түүний сул биеийг нөхдөг байлаа. Эмч нар Иосефын хөлөнд зүсэлт хийж, халдвар авсан ясны хэсгүүдийг авахын өмнө түүнийг хүлэхийг эсвэл өвдөлтийг нь намдаахын тулд коньяк уухыг санал болгосон ч тэр зөвхөн ааваараа бариулахыг хүссэн ажээ.
Энэ бүх явдлын үеэр тэр сэрүүн байсан ба царай нь цонхийж, хөлс нь цутгаж байсан юм. Ихэнхдээ хүчирхэг байдаг ээж нь түүний орилохыг сонсоод ухаан алдахаа шахжээ. Тэрхүү явдлын дараа, ээжид нь ямар ч зовлонг даахуйц санагдах болсон биз ээ.11
Иосеф тэрэгний хажууд доголж явахдаа ээжийнхээ ноён Ховардыг арай ядан тэвчиж буйг харж явжээ. Тэд аль хэдийн хоёр зуун бээрийн турш аялчихсан байсан бөгөөд ээж нь морин тэрэгчний муухай зан авирыг арайхийн тэвчиж байв.
Палмирагаас зуу гаруй бээрийн зайд аян замын бас нэгэн өдөрт бэлдэж байхдаа Люси Алвиныг өөр рүүгээ гүйн ирж буйг харжээ. Ноён Ховард тэдний эд зүйлс, ачаа сэлтийг гудамжинд хаяад, морь болон тэргийг нь авч явах гэж байв.
Люси тэр эрийг бааранд олоод, “Тэнгэрт Бурхан байдаг шиг тэр тэрэг, морьд болон ачаа бараа нь минийх” гэж хэлжээ.
Баарны эргэн тойрныг харахад тэнд буй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ихэнх нь түүнтэй л адил аялж буй хүмүүс байв. Люси тэдэн рүү харж байгаад, “энэ эр аяллын турш надаас бүх зүйлийг минь салгаж, найман жаахан хүүхэдтэй маань хоосон үлдээхээр шийдсэн байна” гэж хэлэв.
Ноён Ховард тэргээ хөтлүүлэхээр өгсөн мөнгийг нь аль хэдийн үрж зарсан тул цааш явж чадахгүй гэдгээ хэлжээ.
Люси “Надад таны хэрэг байхгүй. Би багаа өөрөө удирдаад явна” гэж хэлэв.
Тэр ноён Ховардыг бааранд орхин гарч, юу ч болж байсан хүүхдүүдээ эцэгтэй нь уулзуулахаа амлав.12
Өмнөх зам нь шавар шавхайтай, цаг агаар хүйтэн байсан ч Люси гэр бүлээ Палмирад аюулгүй авчирсан юм. Хүүхдүүд аавдаа зүүгдэн, нүүрийг нь үнсэж байгааг хараад түүнд энд хүртлээ туулсан бүх зовлон зүдгүүрийнхээ төлөө шагнуулсан мэт санагджээ.
Тэд хотод жижиг байшин түрээсэлж, хэрхэн өөрсдийн гэсэн фермтэй болох талаар ярилцав.13 Тэдний гаргасан хамгийн сайн төлөвлөгөө бол ойролцоох ойд буй газрын урьдчилгаанд хүрэхүйц мөнгөтэй болтлоо ажиллах явдал байв. Гэр бүлээ хоол хүнсээр хангахын тулд Ахмад Иосеф, том хөвгүүдийнхээ хамт худаг ухах, хашааны мод бэлтгэх, өвс хадах зэрэг хөлсний ажил хийж, Люси охидынхоо хамт бялуу, үндсэрхэг ургамлын шар айраг, гоёлын даавуу хийж зардаг байлаа.14
Бага Иосеф өсөж том болж, хөл нь илүү сайжирч, Палмирагаар чөлөөтэй алхан явж чаддаг болжээ. Тэрээр бүс нутгуудаас хотод ирсэн хүмүүстэй танилцсан ба тэдний ихэнх нь сүнсний хүсэл хэрэгцээгээ хангах, амьдралын хүнд хэцүүг тайлбарлахын тулд шашин руу хандаж байв. Иосеф болон түүний гэр бүл сүмд харьяалагддаггүй байсан ба ихэнх хөрш нь Пресбитриен сүмийн цуглааны нэгэн өндөр байр, Баптист цуглааны байр, Күэкер танхим эсвэл аялагч Методист номлогчдын үе үе сэргээлтийн уулзалт хийдэг байсан түр буудаллах газарт очиж, шүтэн биширдэг байв.15
Иосефыг 12-той байхад Палмира дахь шашны мэтгэлцээнүүд газар авсан байжээ. Хэдийгээр уншиж мэдсэн нь бага ч гэлээ, тэрээр асуудлын талаар гүн гүнзгий бодох дуртай нэгэн байв. Тэр номлогчдыг сонсож, мөнх бус бодгалийн талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг байсан ч цуглаануудаас сэтгэл дундуур гардаг байлаа. Тэд түүнийг нүгэлт дэлхийн нүгэлтэн бөгөөд Есүс Христийн авралын нигүүлсэлгүйгээр аврагдах боломжгүй гэж хэлжээ. Иосеф тэр захиаст итгэж байсан ч гэм нүгэлтэйдээ сэтгэлээр унаж, хэрхэн өршөөл эрэхээ мэдэхгүй байв.16
Тэр сүмд явах нь түүнд тусалж чадна гэж бодсон ч шүтэн бишрэх газраа сонгож чадахгүй байлаа. Хүмүүс нүглээсээ хэрхэн ангижрах талаар сүмүүд эцэс төгсгөлгүй маргалдаж байхыг хэсэг сонсоод, Иосеф хүмүүс яг адил Библи уншиж байгаа хэрнээ түүний утга учрын талаар өөр өөр ойлголттой байгаад сэтгэлээр унаж байв. Тэр Бурханы үнэн хаа нэгтээ бий гэдэгт итгэж байсан ч түүнийг яаж олохоо мэдэхгүй байлаа.17
Эцэг эх нь ч энэ талаар сайн мэдэхгүй байв. Люси, Ахмад Иосеф хоёр хоёулаа Христийн шашинтай гэр бүлээс гаралтай, хоёулаа Библид, Есүс Христэд итгэдэг байсан. Люси сүмийн цуглаануудад оролцохдоо үргэлж хүүхдүүддээ авчирдаг байв. Тэр олон жилийн өмнө эгчийгээ нас барснаас хойш Есүс Христийн үнэн сүмийг хайж байжээ.
Нэг удаа тэр Иосефыг төрөхөөс өмнө хүндээр өвдөхдөө үнэнийг олж мэдэхээсээ өмнө үхэх вий хэмээн айж байсан байна. Аврагч тэр хоёрын хооронд дүнсгэр, ганцаардлын ангал байгааг тэрээр мэдэрч, дараагийн амьдралд бэлтгэгдээгүй гэдгээ мэдсэн ажээ.
Шөнөжин нойр нь хулжсан тэр хэрэв Бурхан амьд гэдгээ түүнд мэдүүлбэл Есүс Христийн Сүмийг олох болно хэмээн амлаж, залбирчээ. Залбирч байхад нь Их Эзэний дуу хоолой түүнтэй ярьж, хэрэв эрэлхийлэх аваас олох болно хэмээн урам зориг өгөн хэлсэн байна. Түүнээс хойш тэр өөр олон сүмд очиж үзсэн ч зөв сүмийг олж чадахгүй л байв. Аврагчийн сүм дэлхий дээр байхгүй болсон мэт санагдсан ч тэр хайсаар байсан бөгөөд сүмд явах нь явахгүй байхаас дээр гэдэгт итгэлтэй байв.18
Ахмад Иосеф эхнэрийнхээ нэгэн адил үнэнийг хүсэж байсан ч буруу сүмд явж байснаас сүмд огт явахгүй байсан нь дээр гэж боддог байжээ. Ахмад Иосеф эцгийнхээ зөвлөгөөг даган судраас судлан, чин сэтгэлээсээ залбирч мөн Есүс Христ дэлхийг аврахаар ирсэн гэдэгт итгэдэг байв.19 Гэсэн ч тэр эргэн тойрныхоо сүмүүдээс олж харсан төөрөгдөл, зөрчилдөөнөөс болж аль нь үнэн болохыг мэдэж чадахгүй байлаа. Нэгэн орой тэр сөргөлдөгч номлогчид бол эврээрээ газар сэндийчэн мөөрөлдөх үхэртэй адил хэмээн зүүдэлсэн ба тэдний Бурханы хаант улсын талаар өчүүхэн мэдлэгтэй байгаа нь түүний санааг улам зовоож байв.20
Бага Иосеф эцэг эхийгээ орон нутгийнхаа сүмүүдэд сэтгэл хангалуун бус байгааг хараад, улам их эргэлзэж байв.21 Түүний сэтгэл зүрх ийнхүү үймэрч байхад хэн ч сэтгэлд нь нийцэх хариулт өгч чадахгүй байжээ.
Мөнгөө жил гаруй хадгалсны эцэст Смитийнхэн Палмирагийн урд хэсгийн Манчестерийн ойд 40 га газар авах хангалттай мөнгөтэй болсон байна. Тэнд тэд өөрсдийн хөлсний ажлын хажуугаар агч мод цоолон чихэрлэг шүүс гарган авч, жимсний цэцэрлэг байгуулж, тариа тарихад зориулан талбайг цэвэрлэж бэлджээ.22
Залуу Иосеф тариалангийн ажил хийж байхдаа гэм нүгэл, бодгалийнхаа сайн сайхны төлөө санаа зовсоор байв. Палмира дахь шашны сэргэн мандалт намжсан ч номлогчид тэндхийн болон тухайн бүсэд хамрагдах хөрвөгчдийн төлөө өрсөлдсөөр байв.23 Иосеф тэнгэрт нар, сар, одод эмх цэгцтэй бөгөөд сүр жавхлантай эргэлдэхийг өдөр шөнөгүй харж, баялаг амьдралтай дэлхийн гоо үзэсгэлэнг бишрэхийн зэрэгцээ эргэн тойрныхоо хүмүүсийг хараад, тэдний хүч чадал, оюун ухааныг шагшин гайхдаг байжээ. Бурхан байдаг, хүмүүн төрөлхтөн Түүний дүр төрхөөр бүтээгдсэн гэдгийг бүх зүйл гэрчилж байх шиг санагддаг байв. Гэвч Иосеф хэрхэн Түүнтэй холбогдох билээ?24
1819 оны зун, Иосефыг арван гурван настай байхад методист номлогчид Смитийн аж ахуйгаас хэдэн бээрийн зайд чуулахаар цугларсан ба Иосефынх шиг гэр бүлүүдийг хөрвүүлэхээр орон нутаг даяар тархжээ. Эдгээр номлогчийн амжилт тухайн бүсийн бусад номлогчийн санааг зовоосон ба удалгүй хөрвөгчдийн төлөөх тэмцэл нь хурцаджээ.
Иосеф цуглаануудад оролцож, сэтгэл хөдөлгөсөн номлол сонсож, хөрвөгчид баяр хөөртэйгөөр хашхирч байхыг нүдээр үзжээ. Тэр тэдэнтэй хамт хашхирахыг хүсдэг байсан ч түүнд үргэлж үг, үзэл бодлын дайны төвд байгаа мэт санагддаг байв. Эдгээр бүх бүлэглэлээс хэн нь зөв юм бол; эсвэл тэд бүгдээрээ буруу юу? “Хэрэв тэднээс аль нэг нь зөв бол, аль нь бол, тэгвэл би үүнийг яаж мэдэх вэ? хэмээн тэр өөрөөсөө асуудаг байлаа. Тэр өөрт нь Христийн ач ивээл, нигүүлсэл хэрэгтэйг мэдэж байсан ч шашны талаар олон хүн, олон сүм сөргөлдөж байсан тул тэдгээрийг хаанаас эрж олохоо мэдэхгүй байв.25
Хариултууд авч чадна, бодгальдаа амар амгаланг олно гэсэн найдвар нь түүнээс чимээгүйхэн холдон одох мэт санагджээ. Тийм их чимээн дунд хэн нэгэн үнэнийг хэрхэн олох бол гэж тэр гайхаж байв.26
Иосеф сургаал номлолд оролцож байхдаа нэгэн санваартан Шинэ Гэрээний Иаковын 1-р бүлгээс эш татан, “Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг“27 хэмээхийг сонсжээ.
Иосеф гэртээ хариад, Библийн тэрхүү шүлгийг олж уншив. “Судрын ямар ч хэсэг энэ удаад надад тохиолдсоноос илүү хүчтэйгээр хүмүүний зүрх сэтгэлд ирж байсан нь хэзээ ч үгүй бөлгөө” хэмээн тэр хожим нь дурссан байдаг. “Энэ нь миний зүрх сэтгэлийн бодол болгонд агуу хүчтэйгээр нэвтрэн орох мэт санагдаж билээ. Хэрэв хэн нэгэн хүнд Бурханаас мэргэн ухаан хэрэгтэй байгаа бол тэр нь би мөн гэдгийг мэдсэнээр би энэ талаар дахин дахин тунгаан бодсон.” Тэрээр урьд нь Библид бүх зүйлийн хариулт байгаа мэтээр эрж хайдаг байв. Гэвч одоо Библи түүнд асуултууддаа өөрөө хариулт авахаар Бурхантай шууд харьц хэмээн хэлж байв.
Иосеф залбирахаар шийджээ. Тэр урьд нь хэзээ ч чанга залбирч байгаагүй ч Библийн “ямар ч эргэлзээгүйгээр итгэлээр гуйг” гэсэн амлалтад итгэж байв.28 Асуултуудаа ойлгомж муутай хэлсэн ч Бурхан түүнийг сонсох болно.