“Түүнийг сонс,” Гэгээнтнүүд: Хожмын Үеийн Есүс Христийн Сүмийн түүх, 1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 (2018), 2-р бүлэг
2-р бүлэг: “Түүнийг сонс”
2-р бүлэг
Түүнийг сонс
Иосеф 1820 оны хаврын нэгэн өглөө эртлэн босож, гэрийнхээ ойролцоох ой руу явжээ. Тэр өдөр цэлмэг, сайхан өдөр байсан ба нарны гэрэл мөчрүүдийн чөлөөгөөр туссан байв. Тэр залбирахдаа ганцаараа байхыг хүссэн бөгөөд өмнө нь мод унагаж байсан газарт нь нэгэн нам гүм хэсэг байсныг мэдэж байлаа. Тэрээр тэнд нэг хожуулд сүхээ зоон орхисон байв.1
Иосеф тэр газраа олоод, ганцаараа байгаа эсэхээ мэдэхээр эргэн тойрноо харав. Тэр чанга залбирахыг их хүсэж байсан ба ямар нэгэн байдлаар өөртөө саад болох зүйл гаргахыг хүссэнгүй.
Иосеф ганцаараа байгаагаа мэдээд, хүйтэн газарт өвдөг сөгдөн, Бурхантай зүрх сэтгэлийн хүслээ хуваалцаж эхлэв. Тэр нигүүлсэл, өршөөл хүсэж мөн асуултууддаа хариулт олоход туслах мэргэн ухааныг гуйн, “Ай Их Эзэн, би аль сүмд нэгдэх вэ?”2 хэмээн залбирлаа.
Түүнийг залбирах зуур хэл нь ярьж чадахааргүй болтол хөшсөн мэт санагджээ. Ард нь хөлийн чимээ сонсогдоход тэр эргэн харсан боловч хэнийг ч олж харсангүй. Түүнийг дахин залбирахаар оролдоход хэн нэгэн түүн рүү ирж байгаа мэт болж, хөлийн чимээ илүү чанга сонсогдов. Тэр үсэрч босоод эргэн харахад, мөн л хэн ч байсангүй.3
Гэнэт үл үзэгдэх нэгэн хүч түүнийг эзэмдэв. Тэр дахин ярихыг оролдсон ч түүний хэл нь хөшсөн хэвээр байв. Түнэр харанхуй түүнийг нарны гэрэл харж чадахааргүй болтол нөмрөн авчээ. Эргэлзээ болон аймшигт дүр зургууд түүнийг будлиулан, төөрөгдүүлэхээр санаанд нь орж ирж байлаа. Бодит бөгөөд асар хүчирхэг ямар нэгэн аймшигт зүйл өөрийг нь устгахыг санаархаж байгаа мэт түүнд санагджээ.4
Иосеф бүх хүч чадлаа шавхан байж Бурханыг дахин нэг удаа дуудахад түүний хэл суларч, тэр чөлөөлүүлэгдэхийг хүсэн гуйв. Гэвч тэр цөхрөнгөө барж, түнэр харанхуйд эзэмдүүлэн, өөрийгөө устгуулахад бэлэн байгааг мэдрэв.5
Яг тэр мөчид түүний дээр гэрлэн багана үзэгджээ. Тэр гэрэл аажмаар доошлон мөн ойд түймэр гаргах гэж байгаа мэт санагдав. Мөнөөх гэрэл Иосеф дээр тогтоход уг үл үзэгдэх хүч өөрийг нь чөлөөлөхийг тэрээр мэдрэв. Улмаар уг мэдрэмжийн оронд Бурханы Сүнс орж ирэн, түүнийг амар амгалан болон зүйрлэшгүй баяр хөөрт автуулжээ.
Иосеф гэрэл өөд ширтэн, түүний дээр агаарт Бурхан Эцэг зогсож байхыг харав. Түүний царай Иосефын урьд өмнө харсан бүхнээс үлэмж гялалзсан тод хийгээд сүрлэг байв. Бурхан түүнийг нэрээр нь дуудан, Өөрийн хажууд зогсох өөр нэгэн рүү заан, “Энэ бол Миний Хайртай Хүү,” “Түүнийг сонс!”6 хэмээв.
Иосеф Есүс Христийн царай руу харлаа. Түүний царай Эцэгийнхтэйгээ адил гялалзсан тод хийгээд сүрлэг байв.
“Иосеф, нүглүүд чинь өршөөгдсөн”7 хэмээн Аврагч хэлэв.
Түүний ачаа хөнгөрч, Иосеф “Би аль сүмд нэгдэх вэ?”8 хэмээн дахин асуулаа.
“Тэдгээрийн алинд нь ч бүү нэгд.” “Тэд хүмүүний зарлигуудыг сургаал болгон заадаг, тэд бурханлиг байдлын дүртэй боловч, түүний хүчийг үгүйсгэдэг” хэмээн Аврагч түүнд хэлэв.
Их Эзэн Иосефт дэлхий нүгэлд автагдсаныг хэлэв. Мөн “Хэн ч сайныг үйлдэх нь үгүй,” “тэд сайн мэдээнээс холдож, миний зарлигуудыг сахидаггүй” хэмээн Тэр тайлбарлав. Ариун нандин үнэнүүд алдагдаж эсвэл гажсан хэдий ч, ирээдүйд сайн мэдээний бүрэн байдлыг Иосефт илчлэхээ Тэр амлажээ.9
Аврагчийг ярих үед Иосеф тоогүй олон тэнгэр элчийг харсан бөгөөд тэднийг хүрээлсэн гэрэл үдийн нарнаас ч хурц байв. “Харагтун, Эцэгийн алдар сууг өмсөн Би удахгүй ирнэ”10 хэмээн Их Эзэн хэлжээ.
Иосеф энэ хурц тод гэрлээс болж ой мод шатах байх гэж бодсон ч уг модод Мосегийн бут мэт шатаж, харин устаж сүйтсэнгүй.11
Гэрэл алга болоход Иосеф тэнгэр рүү дээш харан хэвтэж байв. Гэрлэн багана алга болж, түүний гэмшил хийгээд төөрөгдөл ч арилсан байлаа. Тэнгэрлэг хайрын мэдрэмж түүний зүрх сэтгэлийг дүүргэсэн байв.12 Бурхан Эцэг, Есүс Христ хоёр түүнтэй ярьж, тэр өөрөө үнэн хийгээд өршөөлийг хэрхэн олж болохыг мэддэг болсон байв.
Уг үзэгдэл Иосефыг хөдөлж ч чадахааргүй болтол тамирдуулсан байсан учир тэр тамир ортлоо ойд хэвтжээ. Тэгээд түүнийг арайхийн гэртээ ирж, пийшин налан зогсож байтал, ээж нь хараад, юу болсныг асуухад, тэрээр
“Зүгээр ээ,” “Би дажгүй ээ”13 хэмээн хариулав.
Хэдэн өдрийн дараа, Иосеф нэгэн номлогчтой ярилцаж байх зуураа ойд юу харснаа түүнд хэлжээ. Уг номлогч шашны орчин үеийн сэргэн мандалтад идэвхтэй оролцдог байсан учраас Иосеф түүнийг өөрт нь тохиолдсон үзэгдлийг нухацтай хүлээн авна гэж найдаж байлаа.
Хүмүүс үе үе тэнгэрлэг үзэгдэл үзсэн хэмээн ярьдаг байсан тул14 эхлээд уг номлогч түүний үгсийг үл ойшоов. Гэвч удалгүй номлогч уурлаж, өөрийгөө зөвтгөн, Иосефын түүхийг чөтгөрөөс ирсэн гэж түүнд хэлэв. Үзэгдэл, илчлэлтүүдийн өдрүүд үеэ өнгөрөөсөн зүйлс15 бөгөөд хэзээ ч дахин тохиохгүй гэж тэр хэлжээ.
Иосефт хачирхалтай санагдсан ба хэн ч түүний үзэгдэлд итгэхгүй гэдгийг тэр удалгүй олж мэдсэн юм.16 Тэд яаж ч итгэх вэ дээ? Тэр 14 настай, боловсрол муутай нэгэн байв. Тэр ядуу гэр бүлтэй байсан ба газар боловсруулж, тарчиг амьдралаа тэтгэх гэж хар бор ажил хийн амьдралаа өнгөрүүлэх нь ойлгомжтой байв.
Гэсэн ч түүний гэрчлэл зарим хүнийг түүгээр доог дохуу хийхэд хүргэжээ. Дэлхийд ямар ч нөлөө үзүүлэхээргүй эгэл жирийн хүүг ингэтлээ жигшин, тохуурхаж байгаа нь Иосефт үнэхээр хачирхалтай санагдаж байв. “Үнэнийг хэлсний төлөө намайг яагаад хавчин гадуурхана вэ?” “Дэлхий яагаад намайг үнэхээр харсан зүйлсээ үгүйсгэхийг шаардана вэ?” гэж тэр асуухыг хүсэж байв.
Иосеф амьдралынхаа үлдсэн хугацааны турш эдгээр асуултыг эргэцүүлжээ. Тэр хожим нь “Би үнэхээр гэрлийг болон үүний дунд байгаа хоёр хүнийг харсан, тэд надтай бодитоор ярьсан. Хэдийгээр би үзэгдэл харсан гэж хэлснийхээ төлөө үзэн ядагдаж, хавчигдсан ч энэ бол үнэн.”
“Би үүнийг мэднэ, мөн Бурхан үүнийг мэдэж байгааг би мэдэж байв. Би үүнийг үгүйсгэж чадахгүй”17 хэмээн гэрчилсэн.
Иосеф үзэгдлээ хуваалцах нь эргэн тойрныхныг нь зөвхөн түүний эсрэг болгож байгааг мэдээд, Бурханы түүнд өгсөн мэдлэгт сэтгэл хангалуун байж, ихэнхдээ хүмүүст хэлсэнгүй.18 Хожим нь тэрээр Нью-Йоркоос нүүснийхээ дараа, ойд болсон ариун туршлагаа бичихийг оролдсон юм. Тэр өршөөл хүссэн өөрийн хүсэл эрмэлзлийг болон наманчлал хэрэгтэй байгаа дэлхийд өгсөн Аврагчийн анхааруулгыг дүрсэлжээ. Тэрээр тухайн мөчийн сүр жавхланг харуулахыг үнэхээр их хичээн, энэ бүгдийг өөрөө бичсэн боловч уялдаа муутай болсон байна.
Дараа дараагийн жилүүдэд, тэрээр бүх дүрслэлийг илүү сайн илэрхийлэхэд өөрт нь тусалсан бичээчдийн тусламжтайгаар уг үзэгдлийн талаар олон нийтэд давтан өгүүлсэн юм. Тэр үнэн сүмийг олох хүслээ хэлж, Бурхан Эцэг Хүүгээ танилцуулахаар эхлээд үзэгдсэн болохыг дүрсэлсэн. Тэрээр өршөөл хайсан эрлийнхээ талаар багахан тусгаж, Аврагчийн үнэний тухай нийтлэг захиас болон сайн мэдээний сэргээлт хэрэгтэй байгаа талаар түлхүү бичжээ.19
Иосеф өөрийн сэтгэгдлийг бичихээр хичээх бүрдээ Их Эзэн түүний залбирлыг сонсож, хариулсныг гэрчилдэг байв. Тэр залуу байхдаа Аврагчийн сүм дэлхий дээр байхгүй байгааг мэдсэн. Гэсэн ч Их Эзэн цаг нь болохоор Өөрийн сайн мэдээний тухай илүү ихийг илчилнэ хэмээн амласан байв. Тиймээс Иосеф Бурханд итгэж, ой дотор хүлээн авсан зарлигууддаа үнэнч үлдэж, цаашдын удирдамжийг илүү тэвчээртэй хүлээх шийдвэр гаргасан юм.20