Айлчлагч багшийн захиас бичиг, 2018 оны 2-р сар
Тэр эгчийн тухай болон гэр бүлийнх нь талаар мэдэж ав
Бид айлчлагч багшаар явснаар эгч бүртэй чин сэтгэлээсээ дотно танилцаж, тэднийг хайрлах болж, улмаар итгэлээ бэхжүүлэхэд нь тусалж, үйлчлэл үзүүлдэг.
Итгэл, гэр бүл, халамж
Рита Жэппэсон айлчлагч багштайгаа уулзаж, тэд сайн мэдээний зарчмуудаас хуваалцсанаар сайн найзууд болжээ. Мөн тэд уулзахдаа үгээр наадах тоглоом тоглодог аж. Ритад айлчлагч багшийнх нь энэ чанар хамгийн их таалагддаг. Учир нь тэр түүнтэй найзууд гэдгээ мэддэг бөгөөд зөвхөн бүртгэлд “тэмдэглүүлэх” гэж айлчилдаггүй гэдгийг ч бас мэддэг. Эгч нар айлчилж очих үеэрээ хамтдаа алхах эсвэл хүүхдүүдийг нь тоглож байх хооронд цэцэрлэгийнх нь зэрлэгээс зулгаалцах гэх мэт олон зүйл хийж болно.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд: “Өөрсдийгөө Их Эзэний хүүхдүүд рүүгээ илгээсэн төлөөлөгч хэмээн … харна уу. Бид та бүхнийг гишүүдэд сайн мэдээ рүү чиглэсэн анхаарал халамжийг чин сэтгэлээсээ тавьж, бие биенээ өрөвч энэрэнгүй сэтгэлээр харж хандан, сүнслэг болон материаллаг хэрэгцээг нь боломжтой бүхий л аргаар чадах чинээгээрээ тусалж, шийдвэрлэдэг тийм цаг үеийг авчирна байх гэж найдаж байна”1 гэж хэлсэн.
Их Эзэн Израилийн хүүхдүүдэд Мосегоор дамжуулан “Та нартай хамт амьдрах харийн хүн нь та нарт, дунд чинь буй уугуул хүн мэт байх ёстой” (Левит 19:34) хэмээн зарлиглажээ. Биднийг үйлчлэлээ эхэлж байх үед айлчилж очдог эгч нар маань “танихгүй хүн” байж болох ч, харин бид түүнийг болон гэр бүлийг нь таньж мэддэг болсноор “нэг нэгнийхээ ачааг хөнгөн байж болохын тулд үүрэлцэх” мөн “зүрх сэтгэлээ эв нэгдэл хийгээд нэг нэгнийхээ зүгт хандсан хайранд нэгтгэх” бидний хүсэл өсөн нэмэгдэх болно (Мозая 18:8, 21).
Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Рэйна И.Абурто эгч нөхрөөсөө салсны дараахан Сүмийн шинэхэн гишүүн байсан үеийнхээ талаар: “Айлчлагч багш нар маань манайд ирж, надад маш дотно, дулаан мэдрэмж төрүүлж, зүрх сэтгэлд минь хайрыг авчирч билээ”2 гэж дурсан ярьж билээ.
Үүнийг эргэцүүлэн бод
Та айлчлан очдог эгч нарынхаа гэр бүлийнхэнд хамааралтай ямар үйл ажиллагаа болох гэж байгааг мэдэж авах мөн санаж байх хэрэгтэй юү?
© 2018 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. АНУ-д хэвлэв. Англи эхийн зөвшөөрөл: 6/17. Орчуулгын зөвшөөрөл: 6/17. Visiting Teaching Principles, February 2018-ын орчуулга. Mongolian. 15046 363