Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг, 2018 оны 2-р сар
Түүнийг үргэлж дурсан сана
Моронай Мормоны Номын сүүлчийн үгсийг алтан ялтсууд дээр сийлэн бичиж байгааг та надтай хамт төсөөлөн бодно уу? Тэр ганцаархнаа байв. Тэр ард түмнийхээ болон өөрийн хүмүүсийн мөн гэр бүлийнхээ уналт, устгалыг харсан. Нутаг нь “цус урсгалтын талбар” болсон байсан (Мормон 8:8). Гэвч тэрээр бидний энэ үеийг харсан учраас түүнд найдвар төрж байв. Тэр юу ч гэж бичиж болох байсан ч гагцхүү биднийг санагтун хэмээн урьсан. (Мoрoнай 10:3-ыг үзнэ үү).
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл (1895–1985) толь бичиг доторх бүх үгнээс хамгийн чухал нь санах гэдэг үг юм хэмээн заах их дуртай байв. Бид Бурхантай гэрээ хийсэн учраас “хамгийн хэрэгтэй зүйл нь үүнийгээ санах явдал юм” гэж тэр хэлжээ.1
Та санах гэдэг үгийг судруудаар нэг олж харж болно. Нифай ах нартаа сэрэмжлүүлэхдээ Их Эзэний үгсийг болон Бурхан өвөг дээдсийг нь хэрхэн хамгаалж ирснийг санахад үргэлж урьдаг байсан (1 Нифай 15:11, 25; 17:40-ийг үзнэ үү).
Хаан Бенжамин сүүлчийн агуу айлтгалдаа санагтун гэдэг үгийг 7 удаа давтан хэлсэн байдаг. Тэрээр “Бурханы агуу ихийг …түүний сайн сайхан хийгээд тэдэнд хандсан тэсвэрийг нь” өөрийнх нь хүмүүс санах болно гэдэгт итгэн найдаж байсан (Мозая 4:11; мөн 2:41; 4:28, 30; 5:11–12-ыг үзнэ үү).
Аврагч ариун ёслолыг тогтоохдоо шавь нараа Өөрийнх нь хийсэн золиослолыг “дурсаж” тэрхүү бэлгэдлээс хүртэхэд урьсан билээ. (Лук 22:19). Ариун ёслолын залбирал бүрд сана гэдэг үгийн өмнө үргэлж гэдэг үг байнга хэлэгддэгийг та бид сонсдог (C ба Г 20:77, 79-ийг үзнэ үү).
Миний захиас бол санахад урьсан урилга бөгөөд үүнийг бүр гуйлт ч гэж хэлж болно. Долоо хоног бүр ариун ёслолын нандин бэлгэдлээс хүртэхдээ таны санавал зохих 3 зүйлийг би дурдъя. Эдгээр нь надад тус болдгийн адил танд ч мөн тустай байгаасай гэж би найдаж байна.
Есүс Христийг дурсан сана
Нэгдүгээрт, Аврагчийг сана. Тэр энэ дэлхийд байхдаа хэн байсан болон бусадтай хэрхэн ярилцдаг байсныг мөн үйлдлээрээ нинжин сэтгэлээ хэрхэн харуулдаг байсныг сана. Тэр хэнтэй цагийг өнгөрүүлдэг мөн юу заадаг байсныг сана. Аврагч “сайныг үйлдэж явсан” (Үйлс 10:38). Тэр өвчтөнүүдийг эргэдэг байсан. Тэр Тэнгэрлэг Эцэгийн хүслийг гүйцэлдүүлэх үүрэгтэй байсан.
Юуны түрүүнд, бидний гэм нүглийн толбыг арилгахын тулд Аврагчийн төлсөн агуу төлөөс болон биднийг гэсэн Түүний хайрыг сана. Бид Аврагчаа санах тусам Түүнийг дагах бидний хүсэл өсөн нэмэгдэх болно. Бид арай илүү нинжин сэтгэлтэй, өршөөнгүй байж мөн Бурханы хүслийг илүүтэй эрэлхийлж, гүйцэлдүүлэхээр хичээхийг эрмэлзэх болно.
Юуг илүү сайн хийх хэрэгтэй байгаагаа сана
Түүний цэвэр ариун, төгс байдлыг санахдаа өөрсдийн алдаа дутагдалтай төгс бус чанартай харьцуулахгүйгээр Аврагчийн тухай бодох нь хэцүү юм. Бид Түүний тушаалуудыг дуулгавартай дагах гэрээ хийсэн ч хааяа энэхүү өндөр жишигт хүрэлгүй унадаг. Гэвч Аврагч ийм зүйл болно гэдгийг мэдэж байсан учраас бидэнд ариун ёслолыг өгсөн юм.
Ариун ёслол нь Хуучин Гэрээн дэх нүглээ наманчлах гэх мэт золиослол хийх дадлагаас үндэслэлтэй (Левит 5:5-ыг үзнэ үү). Бид амьтдаар золиослол хийхээ больсон ч гэм нүглээ орхин хаяж чадна. Судруудад үүнийг “харууссан зүрх, гэмшсэн сэтгэл”-ийн золиослол гэж нэрлэдэг (3 Нифай 9:20). Ариун ёслолдоо наманчлах зүрх сэтгэлтэй ир (С ба Г 59:12; Моронай 6:2-ыг үзнэ үү). Ингэснээр та нүглийн өршөөлийг хүлээн авч, Бурхан руу хөтлөх замаас гарч төөрөхгүй байх болно.
Та өсөж хөгжиж байгаагаа сана
Ариун ёслолын үеэр та өөрийн амьдралыг үнэлж цэгнэхдээ бодол санаагаа зөвхөн хийсэн буруу зүйлс дээрээ биш; Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёр өөрөөр тань бахархаж, сэтгэл хангалуун байгааг мэдэрч байсан тэр цаг үе болон зөв үйлдлүүд дээрээ төвлөрүүлдэг байх гэж би найдаж байна. Мөн та ариун ёслолын үеэр эдгээр зүйлийг олж харахад туслахыг Бурханаас гуйхад цаг гаргасан ч болно. Хэрэв та ийнхүү үйлдвэл ямар нэгэн зүйлийг мэдрэх болно гэдгийг би амлаж байна. Та итгэл найдварыг мэдэрнэ.
Намайг ийн үйлдэхэд, хэдийгээр би төгс төгөлдөрт хүрэхэд хол байгаа ч өчигдрийнхөөсөө өнөөдөр илүү сайжирсныг Сүнс надад батлан хэлж өгдөг. Аврагч байгаа болохоор энэ нь надад би маргааш илүү сайн болж чадна гэсэн итгэлийг төрүүлдэг юм.
Үргэлж гэдэг нь урт хугацаа учир ихээхэн анхаарал, хичээл зүтгэл шаарддаг. Байнга нэг зүйлийн тухай ухамсартайгаар бодох нь хэчнээн хэцүү болохыг та туршлагаасаа мэднэ. Гэсэн ч Их Эзэн Өөрийг нь үргэлж дурсан санах амлалтаа хэр сахиж байгаа гэдгээс тань үл хамааран таныг үргэлж санаж байдаг.
Аврагч танд тулгарч буй сорилт бэрхшээлийг мэднэ. Амьдралын санаа зовнилд дарагдах ямар байдгийг Тэр мэддэг. Аврагчийг үргэлж дурсан санаж, дуулгавартай дагаснаар “[та] түүний Сүнсийг өөртэйгөө үргэлж хамт байлгах” адислал танд нэн хэрэгцээтэй байгааг Тэрээр мэднэ (С ба Г 20:77; тодотгол нэмэгдсэн).
Тиймээс Тэр таныг долоо хоног бүр ариун ёслолын ширээнд урьж, Өөрийг нь үргэлж дурсан санана гэдгийг дахин нэг удаа гэрчлэх боломжийг олгодог юм.
© 2018 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. АНУ-д хэвлэв. Англи эхийн зөвшөөрөл: 6/17. Орчуулгын зөвшөөрөл: 6/17. First Presidency Message, February 2018-ын орчуулга. Mongolian. 15046 363