Лиахона
Бурхан биднийг дэмжиж, хадгалан үлдээнэ
2024 оны 8-р сар


“Бурхан биднийг дэмжиж, хадгалан үлдээнэ,” Лиахона, 2024 оны 8-р сар

Лиахона сэтгүүлийн сар тутмын захиас, 2024 оны 8-р сар

Бурхан биднийг дэмжиж, хадгалан үлдээнэ

Бид ахмад Моронайн адил амьдралын тулаануудад бурханлаг тусламж, хүчийг хүлээн авч чадна.

Зураг
Ахмад Моронай эрх чөлөөний тугийг барьж байгаа нь

Зураг чимэглэлийг Эрик Чоу

Анх Мормоны Номыг унших үед Нифайчууд болон Леменчүүдийн хоорондох дайнуудын түүх надад их таалагдсан. Дөнгөж 25 настайдаа Нифайчуудын бүх цэргийн удирдагчаар томилогдсон цэргийн жанжин, ахмад Моронайн итгэл найдвар, авьяас чадвар, арга мэхийг би гайхан биширч билээ. Тэрээр ухаалаг, хүчтэй, хэрсүү хүн байв. Тэрбээр ард түмнийхээ эрх чөлөө, сайн сайхны төлөө өөрийгөө бүрэн зориулсан. (Алма 48:11–12-ыг үзнэ үү.)

Моронай цэргийн амжилтдаа дан ганц өөртөө эрдэлгүй, Бурхан болон ар талд нь зогсож байсан эмэгтэйчүүд, хүүхдүүдээс ирсэн ариун нандин тусламж дэмжлэгийг онцолсон юм. Тэрээр ялагдсан дайсны удирдагчид хандан: “Их Эзэн … та нарыг бидний гарт оруулсан. Мөн эдүгээ бидний шашин мөн Христэд итгэх итгэлийн маань учир энэ нь бидэнд хийгдсэн гэдгийг ойлгоосой хэмээнэ би.” Моронай дараа нь энэхүү бошиглолын эшлэлийг хуваалцсан юм: “Бид түүнд, мөн өөрсдийн бишрэлд, өөрсдийн шашинд үнэнч байгаа цагт, Бурхан биднийг дэмжиж, хамгаалан мөн хадгалан үлдээнэ” (Алма 44:3, 4).

Цаг хугацаа өнгөрөх тусам Моронай бидний өнөө үеийн амьдралын сорилт бэрхшээлүүдийг даван туулахад туслах зарчмуудыг загварчлан харуулсныг би ойлгосон. Бид дэлхийн Аврагч Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхийн хэрээр Тэрээр биднийг Өөрийн хүч чадлаар адислах болно. Харин Аврагчийг тэрчлэн үйлдэхэд бид Түүний адислалуудыг таньж мэдэхийн тулд зорилгоо ухамсарлаж, амжилтад хүрэх төлөвлөгөө боловсруулж, жинхэнэ тулаанд бэлтгэж, мөн халз тулгардаг байсан Моронайн адил бид өөрсдийн тулаануудад бэлтгэх хэрэгтэй. Бид үүнийг хийх юм бол Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ биднийг дэмжиж, хадгалан үлдээх болно.

Зорилгоо ухамсарлах нь

Моронай хүмүүст тэдний хэн байсан (Абрахамын гэрээг өв залгамжлагчид), хэний хүүхдүүд байсан (Бурханы хайртай хүүхдүүд) мөн тэдний тулалдаж байгаа шалтгааныг (гэр бүл, итгэл, эрх чөлөө) дахин дахин сануулдаг байсан. Моронай амьд үлдэхийн төлөө мөн дарангуйлал, боолчлолоос чөлөөлөгдөхөөр тэмцэж байгааг нь хүмүүстээ ойлгуулсан. Гэтэл дайснууд нь бусдыг эрхшээлдээ оруулах, эрх мэдлийн төлөө тулалддаг байв.

Зарим Нифай хүн хувийн ашиг сонирхлынхоо төлөө эрх мэдлийг булаан авахаар эрэлхийлэхэд Моронай хүрмээ урж, нэг хэсэг дээр нь “Бурханы минь, бидний шашин шүтлэгийн, эрх чөлөөний, мөн бидний энх амгалангийн, эхнэр мөн хүүхдүүдийн минь талаарх санамж болгоё” гэж захиасныхаа гол хэсгүүдийг бичжээ. Тэрээр савааны үзүүрт “эрх чөлөөний туг” гэж нэрлэсэн энэ далбааг өргөж, уг далбааг ашиглан ард түмэнд тэмцэл нь юуны төлөө болохыг сануулж, тэднийг үүнд уриалан дуудахад ашиглажээ. (Алма 46:12–13, 19–20-ыг үзнэ үү.)

Амьдралын сүнслэг тулаанд “бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш, харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид … [мөн] ёрын муу сүнслэг хүчний эсрэг билээ” (Ефес 6:12). Бид ч бас уг тэмцэл юуны төлөө вэ гэдгийг санах хэрэгтэй. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүн асан ахлагч Нийл А.Максвэлл (1926–2004) энэ бодлоо товчхон ч гэсэн уран үгээр илэрхийлсэн юм.

Би ахлагч Максвэллийг нас барахаас нь өмнөхөн 2004 онд түүний эмнэлгийн өрөөнд очсон юм. Тэр өөрийг нь эргэж ирсэн болон тусалсан хүн бүрд маш эелдэг ханддаг байв. Эрүүл мэндийн ажилтнууд түүний өрөөнд орж, уйлж гарч ирэв. “Ахлагч Максвэлл, энэ үнэхээр хэцүү байна” гэж би түүнд хэлэв. Тэр инээмсэглээд, “Дэйл минь дээ бид мөнх бус дэлхийд амьдарч буй мөнхийн хүмүүс. Бид уснаасаа гарсан загас шиг энд байх учиргүй. Бид мөнхийн талаас нь харах үед л мөнх бус дэлхий ойлгогдох болно.”

Бид өөрсдийн мөнхийн хувь заяа болон бурханлаг мөн чанарын бүрэлдэхүүнд томоохон хэсгийг эзэлж, бидний эсрэг ажилладаг чөтгөрийн хүчнүүдийг хэзээ ч умартаж болохгүй. Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг зөв ойлгох нь биднийг мөнхийн аврал болон сүнсний боолчлолоос чөлөөлөгдөхөөр үргэлжлүүлэн тэмцэхэд урамшуулан дэмжих болно.

Зураг
бэхлэлт бэлтгэж буй хүмүүс

Амжилтад хүрэх төлөвлөгөө боловсруулах нь

Их цэргээ удирдан тулалдах бүрдээ Моронай амжилтын төлөвлөгөө гаргасан. Тэрбээр дайснуудынхаа үйл ажиллагаа, санаа зорилгыг олж мэдэхийн тулд тагнуулуудыг илгээдэг байв. Тэрээр бошиглогч Алмагаас удирдамж хүсжээ. Дараа нь Моронай энэ сүнслэг нөлөө бүхий хувь нэмрийг тулаанд орох арга барилдаа ашиглажээ. Тэрээр хэрэгцээ шаардлагынхаа дагуу нөөц бололцоогоо дайчилж, бэхлэлт багатай хотуудад илүү олон цэрэг байрлуулжээ. Сүүлийн үеийн мэдээлэл дээр үндэслэн үйл ажиллагааны төлөвлөгөөг бодлогын дагуу тогтоосон байна.

Ийнхүү тэрээр дайсны их цэргээс давуу талыг олж авчээ. Тэр өнгөрсөн ялалтуудад хэзээ ч сэтгэл хангалуун байгаагүй; Харин ч ирээдүйн сорилтуудыг даван туулахын тулд өөрийн болон цэргийнхээ чадавхыг сайжруулсаар байсан.

Бид сүнслэг дайснуудтай тулалдахдаа үүнтэй төстэй аргуудыг ашиглаж болно. Бид эхлээд Сатан бидний амьдралд юу хийхийг хичээж байгааг таньж мэдэж болно. Тэрээр биднийг санаа зорилгоос маань холдуулахыг хичээдэг. Уруу таталттай тулгарахдаа бид дараах асуултыг өөрсдөөсөө асуух хэрэгтэй.

  • Миний энэ үйлдлийг Бурханы илчлэгдсэн үгтэй хэрхэн харьцуулж болох вэ?

  • Үүнийг үйлдсэнээр ямар үр дагаврууд гарах вэ?

  • Энэ үйлдэл дэлхий дээрх зорилгоо биелүүлэхэд минь туслах болов уу?

Түүнээс гадна, өчүүхэн жижиг уруу таталтад ч бууж өгөх нь эцэстээ ямар үр дүнд хүрэхийг бид ойлгох хэрэгтэй. Бид уруу таталтад бууж өгөх үед ёс бус хүчнүүдийн ашигладаг хамгийн үр дүнтэй төлөвлөгөө болох сүнслэг байдлын хувьд үхэлд хүргэх “[хорыг] бага багаар” (Алма 47:18) хэрэглэдэг.

Бид хожмын үеийн бошиглогчоосоо хүлээн авсан удирдамжийг дагаснаар Сатаны уруу таталтын эсрэг бэхлэлтэд өөрсдийгөө оруулдаг. Ингэх нь өөрсдийн үйлдлийг үнэлж дүгнэх мөнхийн төлөвөө хадгалахад бидэнд тусалдаг. Амьдралын маань янз бүрийн нөхцөл байдалд гарч ирэх уруу таталттай хэрхэн нүүр тулах төлөвлөгөө боловсруулах нь бидэнд тухайн мөчид илүү зөв сонголтуудыг хийхэд туслах болно. Урьдчилан төлөвлөсөн төлөвлөгөө, арга барилууд нь мөнхийн зорилгоосоо сатаарах зүйлсээс өөрсдийгөө хамгаалахад бидэнд туслах болно.

Үүний нэг жишээ нь технологи юм. Технологийг бид хэрхэн ашиглахаас хамаарч энэ нь ашиг тустай бөгөөд хор хөнөөлтэй хоёр талдаа иртэй илд мэт байх болно. Хөгшин, залуу аль нь бай, бид төхөөрөмжүүдээ ухаалгаар ашиглахын тулд “Taking Charge of Technology” мөн Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтчийг ашиглаж болно. Эдгээр нь бидэнд зорилгыг маань сануулж, биднийг Есүс Христ рүү чиглүүлж, Ариун Сүнсийг амьдралдаа урихад бидэнд тусалдаг. Технологийг хэзээ, хаана, хэрхэн ашиглахаа төлөвлөх нь дэлхийн арга мэх болох ёс суртахуунгүй байдлын эсрэг бэхлэлт болж өгдөг.

Зураг
Леменчүүд Нифайчуудын бэхлэлт рүү довтолсон нь

Зүйрлэлийн тулаанд бэлтгэх нь

Моронай болох гэж буй тулаануудыг урьдаас тооцож, цээжний хуяг, гарын хаалт, дуулга, зузаан хувцсаар хүмүүсээ нэг бүрчлэн бэлтгэж байлаа. Тэрээр хотуудаа хэрмээр бүсэлж, эргэн тойронд нь шороон далан ухаж ард түмнээ ч мөн бэлтгэсэн байв.

Бид Бурханы зарлигуудыг дагаснаар хувь хүнийхээ хувьд сүнслэг байдлаа бэлтгэдэг. Бид Есүс Христийн хүчийг бидний амьдралд авчрах гэрээнүүдийг Бурхантай байгуулж, тэдгээрийг сахидаг. Бид залбирах, мацаг барих, судраас хайх зэрэг хувийн сүсэг бишрэлийн үйлдлүүдийг хийдэг. Түүнчлэн бид хүлээн авах сүнслэг удирдамжийнхаа дагуу итгэлтэйгээр үйлдэх ёстой. Бид ариун ёслолд ухамсартайгаар бэлтгэж, үүнээс зохистойгоор хүртдэг. Бид үүнийг хийх үед Есүс Христэд итгэх итгэлдээ үнэнч байсан Моронайн хувьд Аврагч бодит байсан шиг бидний амьдралд ч илүү бодитой болдог. Моронай удирдамж, чөлөөлөлтийн төлөө Аврагчид найдаж болно гэдгээ мэдэж байсан (Алма 48:16-г үзнэ үү). Бид ч бас удирдамж, чөлөөлөлтийн төлөө Есүс Христэд найдаж болно.

Бид гэр бүлээ хүчирхэгжүүлснээр өөрсдийгөө цаашид бэлтгэж чадна. Тэнгэрлэг Эцэг маань биднийг аз жаргалтай байж, Түүнд хэрхэн эргэж очих талаар суралцахад маань туслахын тулд гэр бүлүүдийг зохион байгуулсан юм. Бидний гэр бүл бидэнд туслах эх булаг болж чадна. Бид өөрсдийн гэр бүлийн ялгаатай нөхцөл байдлаас үл хамааран Бурханы агуу гэр бүлийн нэгэн хэсэг гэдгээ санаснаар хамтдаа баяр баясгалан, хайрыг мэдэрч чадна.

Бид гэгээнтнүүдтэй нөхөрлөлд нэгдсэнээр хамтдаа хүч чадал олж, сүнслэг тулаанд бэлтгэж чадна. Манай гадас, дүүрэг ийнхүү хоргодох газар болон хамгаалалт болдог юм. Бид бие биеэ сүнслэг байдлын хувьд тэжээж, Бурханы зарлигуудыг дагахад бие биедээ тусалж, үргэлж, ялангуяа сорилт бэрхшээлтэй үед Христэд найдахад бие биеэ урамшуулан дэмжиж чадна. Цугларах үедээ бид дан ганцаараа тулалддаггүй гэдгээ ойлгодог. Бидэнд тусалж, хамгаалж чадах найз нөхөд, багш, удирдагчид байдаг. Бид хамтдаа бэлтгэснээр илүү хүчирхэг болдог.

Гайхалтай нь Моронай өөрийн хүмүүсийн бүхий л аз жаргалыг Бурханд болон шашин шүтлэгтээ итгэх итгэлдээ үнэнч байсантай нь холбосон юм. Бид Моронайн адил баяр баясгалан нь Тэнгэрлэг Эцэг болон Түүний төлөвлөгөө хийгээд Есүс Христ болон Түүний Цагаатгалын ачаар ирдэг гэдгийг ойлгох ёстой. Бид зорилгоо ойлгож, амжилтад хүрэх төлөвлөгөө гаргаж, зүйрлэлийн тулаанд бэлтгэх үедээ бурханлаг тусламж, хүчийг хүлээн авдаг.

Би Моронайн нэгэн адил үхэл, нүглээс чөлөөлөгдөх эрх чөлөө бүхий эцсийн эрх чөлөө Тэнгэрлэг Эцэг, Есүс Христээс ирдгийг мэднэ. Бид бүх зүйл дээрээ Тэдэнд хандах юм бол тэд биднийг Өөрсдийн хүчээр адисалдаг.

Эх сурвалж

  1. Taking Charge of Technology,” Gospel Library.

  2. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч (2022), Gospel Library.

  3. Рассэлл М.Нэлсон, “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 72-р хуудсыг үзнэ үү.

Хэвлэх