Лиахона
Хүчирхэг харилцаа
2024 оны 8-р сар


Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сар тутмын захиас, 2024 оны 8-р сар

Хүчирхэг харилцаа

Гэрээ нь хэлэлцээрээс илүү ба энэ нь харилцаа юм.

Зураг
ногоон сандал

Ахлагч Пистоун, Ахлагч Мораско нар Аргентин дахь манай гэр бүлд гэрт маань зааж байх үед тэдний сууж байсан ногоон сандлуудын зураг надад одоо ч байгаа. Тэд маш их сүнслэг хүчээр заадаг байсан бөгөөд 10 настай эгч бид (9 настай) хоёр тэднийг гарсны дараа сандал руу нь гүйн очиж, сандлуудад хүрээд, тэдний хүч бидэнд нөлөөлнө байх гэж найддаг байв.

Удалгүй би тэрхүү хүч нь сандлаас ирээгүйг, харин Бурхантай болон Есүс Христтэй гэрээний харилцаатай байснаар ирснийг мэдсэн юм.

Миний баптисмын туршлага

Би 1977 оны 11-р сарын 13-нд анхны гэрээгээ хийсэн. Би баптисмынхаа талаар сайн санадаггүй ч ахлагч Пистоун надад ус руу ороход тусалж, ахлагч Мораско үсийг минь нойтон хэвээр байхад гишүүнээр баталж байсныг санаж байна. Би мөн тойргийн шинэ найзууд маань Аргентины соёлоор намайг тэвэрч, үнсэх үед мэдэрсэн баяр баясгалан ба Тэнгэрлэг Эцэгийн итгэлтэй охин болох чин хүсэлтэй болж байснаа санадаг.

Зураг
Баптисм дээрх гэр бүл

Бяцхан Сканнаус эгч (дунд нь) эцэг эхтэйгээ (зүүн талд), түүний эгч Силвина (баруун цаад талд) мөн ахлагч Мораско.

Миний мэдэрсэн баяр баясал Ариун Сүнсний бэлгээс ирснийг би хожим нь ойлгосон юм. Би Бурхантай байгуулсан гэрээнүүдээ итгэлтэйгээр сахивал Сүнс надтай хамт байх болно гэдгийг мэдэж авсан. Ариун Сүнс бол Бурхан, Есүс Христ хоёртой байгуулсан гэрээний харилцаанаас ирдэг хүчирхэг адислалуудын зөвхөн нэг нь юм.

Одоо надад хүсэл эрмэлзэл, бодол санаа, үйл хэрэг маань бүтэлгүйтсэн ч үргэлжлүүлэн хичээх найдвар бий. Яагаад? Ариун ёслолоос хүртэх нь надад долоо хоног бүр гэрээнүүдээ шинэчилж, шинэ гэрээ хийх боломжийг өгдөг учраас тэр юм. Би энэхүү адислалд маш их талархаж байна.

Халуун дулаан, гэрээний харилцаа

Бид гэрээнүүд бол Бурхан болон бидний хооронд байдаг хоёр талт амлалт гэж олонтоо сонсдог. Энэ нь үнэн хэдий ч яг ч тийм биш юм. Үнэн хэрэгтээ “гэрээгээ сахих нь бизнесийн хүйтэн хэлэлцээр биш, харин халуун дотно харилцаа юм.”

Тиймээс та нар Тэнгэрлэг Эцэг болон Аврагчтай хэрхэн гэрээний харилцааг бий болгох вэ? Тэд аль хэдийн чамайг төгс хайрладаг бөгөөд чамайг адислахыг хүсдэг (3 Нифай 14:11-ийг үзнэ үү). Гэхдээ хоёр талын аливаа харилцаа нь аль аль талаас цаг хугацаа, хайрыг шаарддаг.

Та нар Тэдэнтэй илүү их цагийг хамт өнгөрүүлэхийг хүсэж байна уу? Та нар тэдний хийх зүйлсийг үйлдэхдээ Тэдэнтэй хамт алхаж байна гэсэн үг! Энэ нь хүнд хэцүү үед найзыгаа сонсох, ах, эгч, дүүтэйгээ тоглох цаг гаргах, эсвэл орхигдсон мэт мэдрэмжтэй байгаа нэгэнтэй хамт байх зэрэг энгийн зүйл байж болох юм. Саяхан би Аргентинд байгаа ганцаардаж буй нэг найз руугаа дуут зурвас илгээж Бурхантай хамт алхсан юм. Би мөн Их Эзэний ариун өргөөнд цагийг Түүнтэй хамт өнгөрүүлэхийн тулд ариун сүмийн зөвшөөрлийн бичгээ үргэлж идэвхтэй байлгахаар шийдсэн. Та нар Тэнгэрлэг Эцэг болон Аврагчтай хамт цагийг өнгөрүүлэхэд тань туслах санаануудын төлөө залбирч болно.

Та нар тэдэнд санаа тавьдаг гэдгээ харуулахыг хүсэж байна уу? Сахиж биелүүлэхээр байгуулсан гэрээ зарлигууд нь дүрэм журмын жагсаалт биш, харин хайраа илэрхийлэх арга зам хэмээн бод. Жишээ нь: Би Мэргэн ухааны үгийн дагуу амьдрахын тулд хэрхэн эрүүл хоол хийж сурах талаар суралцсан. Одоо би охиддоо ч бас ийнхүү үйлдэхийг зааж байна. Та нар Бурханы зарлигуудыг дуртайяа дагаснаар Түүнийг болон Аврагчийг хайрлах хайр тань өсөн нэмэгдэх болно.

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой хийсэн гэрээний харилцаа маань Тэднийг илүү сайн мэдэж, Тэдний хүчийг нь илүү ихээр хүртэхэд ногоон сандлын өгч чадахаас ч илүүг бидэнд өгөх болно. Уг хүч биднийг үүрд мөнхөд өөрчилдөг!

Эх сурвалж

  1. Ann M. Madsen, in Truman G. Madsen, The Temple: Where Heaven Meets Earth (2008), 69.

Хэвлэх