Семинар
Алма 39: “Эдгээр зүйлд өөртөө хориг тавь”


“Алма 39: ‘Эдгээр зүйлд өөртөө хориг тавь,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 39,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 39

“Эдгээр зүйлд өөртөө хориг тавь”

Зураг
Алма Кориантонтой ярилцаж байгаа нь

Цаг хугацааны туршид Сатан олон хүнд гэрлэлтээс гадуурх бэлгийн харьцааны дотно байдал бол хүлээн зөвшөөрөгдөх зүйл гэдэгт итгүүлэх гэж удирдсаар ирсэн. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг хамгаалж, амар амгалан, аз жаргалтай байлгахын тулд бидэнд ариун явдлын хуулийг өгсөн билээ. Бошиглогч Алма хүү Кориантондоо ариун явдлын хуулийг зөрчсөн нүглээ орхиж, наманчлахыг хайраар зөвлөсөн. Энэ хичээл бэлгийн харьцааны нүгэл ямар ноцтой болохыг болон ариун явдлын хуулийг зөрчих уруу таталтыг хэрхэн эсэргүүцэх талаар ойлгоход танд тусална.

Ариун явдлын хууль

Дараах мэдэгдлүүдийг уншаад, аль нь таны мэдрэмжийг хамгийн сайн илэрхийлж байгааг тодорхойл.

Би санал нийлэхгүй байна – Би ихэнхдээ санал нийлэхгүй байна – Би ихэнхдээ санал нийлж байна – Би санал нийлж байна

  1. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн өсвөр үеийнхэн ариун явдлын хууль буюу Их Эзэний бэлгийн харьцааны цэвэр ариун байдлын хуулийг маш сайн ойлгодог.

  2. Тэд энэ нь яагаад чухал болохыг мөн Их Эзэн яагаад биднээс үүнийг мөрдөж амьдрахыг хүсдэгийг ойлгодог.

  3. Өнөөдөр дэлхий ертөнц дээр ариун явдлын хуулийг сахих нь хэцүү байж магадгүй юм.

  4. Сүмийн өсвөр үеийнхэн уруу таталтыг хэрхэн эсэргүүцэж, бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун байх ёстойгоо мэддэг.

Ариун явдлын хууль бол бэлгийн харьцааны ариун байдлын талаарх Их Эзэний хууль юм. Ариун явдлын хуулийг сахина гэдэг нь бодол санаа, үг хэллэг, үйлдлээрээ өөрийгөө цэвэр байлгахыг, тэр дундаа садар самуунтай холбоотой аливаа зүйлээс хол байхыг хэлнэ. Энэ нь гэрлэлтээс өмнө бэлгийн харьцаанд орохоос зайлсхийх, гэрлэлтийн үеэр эхнэр/нөхөртөө бүрэн дүүрэн үнэнч байхыг хэлнэ. “Ариун явдлын хуулийн бусад зөрчилтэй адил ижил хүйстэнтэйгээ харьцаанд орох нь ноцтой нүгэл юм. Энэ нь хүмүүний бэлгийн харилцааны зорилгын эсрэг зүйл” (Сайн мэдээний сэдвүүд, “Ариун явдал,” topics.ChurchofJesusChrist.org).

Ариун явдлын хуулийн талаарх ойлголт, мэдрэмжээ тунгаан бодоход хэдэн хором зарцуул. Танд ямар асуулт байна вэ? Яагаад энэ нь таны хувьд чухал вэ? Танд ариун явдлын эсрэг ямар ямар уруу таталт тулгардаг вэ? Та энэ хичээлийг судлах явцдаа асуултуудынхаа хариултыг хайж, уруу таталтыг ялан дийлэхийг эрэлхийл.

Алма хүү Кориантондоо зөвлөсөн нь

Алма 39 бол Алмагийн хүү Кориантондоо өгсөн зөвлөгөө, зарлиг, сургаалыг агуулсан дөрвөн бүлгийн эхнийх нь юм. Кориантон зорамчуудын дунд сайн мэдээг номлохоор эцэгээ болон ах Шиблоныг дагалдан явав. Гэвч энэ номлолын үеэр Кориантон ноцтой нүгэл үйлджээ.

Алма 39:1–5-ыг уншаад, Кориантоны хийсэн алдааг мөн Алма, Их Эзэн хоёр түүний алдааны талаар ямар сэтгэгдэлтэй байсныг олж мэд. (3-р шүлэг дэх янхан гэдэг үг нь садар самуун эмэгтэйг эсвэл биеэ үнэлэгчийг хэлдэг.)

Хүмүүс ариун явдлын хуулийг зөрчих нь эцэг мөн бошиглогчийн хувьд яагаад “харамсалтай” (Алма 39:3)-г мөн “Их Эзэний мэлмийд жигшүүрт хэрэг” (Алма 39:5) болохыг тунгаан бодоход туслахын тулд үүнийг дагаж мөрдсөний адислалыг ойлгох нь тустай байж болно. Адислал ба хүчний талаар Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах гарын авлага (товхимол, 2022)-ын 26-р хуудасны “Ариун явдлын хуулийн дагуу амьдрах нь” хэсгээс унш.

  • Ариун явдлын хуулийг сахих нь биднийг энэ болон дараагийн амьдралдаа Их Эзэнээс агуу адислалуудыг хүлээн авахад хэрхэн бэлтгэдэг вэ?

Нэмэлт ойлголт авахын тулд дараах асуултуудыг уншаад хариултыг нь хаалт дотор жагсаасан бичсэн судраас ол.

  • Хэрэв хэн нэгэн бэлгийн харьцааны нүглээ наманчлахгүй бол юу болох вэ? (Алма 39:7–9)

  • Ариун явдлын хуулийг зөрчихөд ихэвчлэн үл тоомсорлодог үр дагавар юу вэ? (Алма 39:11–13)

    Зураг
    дүрс, тэмдэглэх
    1. Дараах асуултуудад хариул.

  • Таны сурч мэдсэн зүйл дээр үндэслэн үзэхэд Их Эзэн, бошиглогч, эцэг эх бүгд яагаад ариун явдлын талаар ийм хүчтэй бодолтой байдаг байж болох вэ?

  • Ариун явдлын хууль нь Бурханы хүүхдүүдээ хайрлах хайрыг хэрхэн харуулдаг вэ?

“Нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яваасай”

Алма хүүдээ бэлгийн харьцааны нүглийг ямар ноцтой болох талаар заахаас гадна Кориантонд ирээдүйд ижил алдаа гаргахгүй байхыг зааж өгчээ.

Алма 39:9, Алма 39:13-ыг давтаж, уруу таталтыг эсэргүүцэж, ариун явдлын хуулийг сахихад тань туслах үг, хэллэгийг олж мэд. (9-р шүлэг дэх “өөртөө хориг тавь” гэсэн хэллэг нь өөрийгөө удирдах эсвэл өөртөө эзэн байх гэсэн утгатай.)

Алма 39:9 нь төгс эзэмших сургаалын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг дараа хялбар олохын тулд онцгойлон тэмдэглэхийг бодож үз. Та дараагийн хичээл дээр асуултад эсвэл нөхцөл байдалд энэ хэсэгт заасан сургаалыг хэрэгжүүлэх дадлага хийх боломжтой байх болно.

  • Алма эдгээр шүлэг дээр Кориантонд ямар зарчим заасан бэ?

Эдгээр шүлгийн нэг боломжит зарчим бол бид өөрийгөө удирдаж, Их Эзэнд хандвал Бурханы ариун явдлын хуулийг зөрчих уруу таталтыг ялан дийлж чадна гэсэн зарчим юм.

Өөрийгөө удирдаж, уруу таталтыг ялан дийлж, Их Эзэнд хандах нь заримдаа хэцүү байдаг. Үүнийг хийх янз бүрийн арга замыг бодох нь дараа нь танд ямар арга хамгийн тустай байх талаар Сүнсний өдөөлтийг дагахад тусална.

  1. Ариун явдлын хуулийг зөрчих уруу таталтыг ялан дийлэхийн тулд өнөөгийн өсвөр үеийнхэнд өөрийгөө удирдаж, “бүх оюун, хүч, мөн чадлаараа Их Эзэнд хандах” (Алма 39:13) арга замуудыг тодорхойлоход тань туслах дараах хоёр үйл ажиллагааг хий. Олж мэдсэн зүйлсийнхээ жагсаалтыг гарга. Та мөн өөрийн санааг нэмж болно.

  1. Бэлгийн харьцааны цэвэр ариун байдлын талаарх зөвлөгөөний үлдсэн хэсгийг Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах гарын авлага-аас уншина уу (“ … нь ямар учиртай вэ?” хэсгийн “бэлгийн харьцааны цэвэр ариун байдал”-ыг үзнэ үү).  

  2. Ариун явдлын хуулийг зөрчих уруу таталтуудын эсрэг таныг хүчирхэгжүүлж чадна гэж бодож буй судруудыг ол. Та мөн уруу татагдах үед хүч хүлээн авахад тань туслах дуулал эсвэл Хүүхдийн дуунуудын жагсаалт гаргаж болно.

  3. Өөрийн “бүх оюун, хүч мөн чадлаараа” “Их Эзэнд хандах” арга замуудыг жагсаан бич (Алма 39:13). Өнгөрсөн хугацаанд таныг хүчирхэгжүүлсэн гэж бодож байгаа зүйлээ багтаа.

  4. Уруу таталтаас ангижрахад тань туслах эцэг эх, Сүмийн удирдагчдаас авч байсан зөвлөгөөг бич.

  5. ChurchofJesusChrist.org дээрээс “Ариун явдал: Хязгаарлалт гэж юу вэ?” (3:59) видеог үзнэ үү.

Хувийн эргэцүүлэл

Та яагаад бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун байхыг хүсэж байгаагаа тунгаан бодоход хэдэн хормыг зарцуул. Дараа нь Их Эзэний ариун явдлын хуулийг тасралтгүй дагахын тулд хийх алхмуудаа тэмдэглэ. Ариун Сүнс таныг юу хийлгэхээр сүнслэг өдөөлт өгсөн байж болох талаар бодож үзээд, судлах тэмдэглэлдээ нэмэлт бодлоо тэмдэглэ. Хэрэв та эсвэл таны мэддэг хэн нэгэн ариун явдлын хуулийг зөрчсөн бол Есүс Христ “дэлхийн нүглүүдийг зайлуулан авахаар ирсэн” (Алма 39:15) бөгөөд чин сэтгэлээсээ наманчилж, нүглээ орхих бүх хүнийг уучлах болно гэдгийг санаарай (Мозая 26:30, Алма 39:9-ийг үзнэ үү).

Хэвлэх