Семинар
Moронай 6: Их Эзэний Сүмд оролцох ба үйлчлэх


“Moронай 6: Их Эзэний Сүмд оролцох ба үйлчлэх,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Moронай 6,” Мормоны Номын багшийн гарын авлага

Моронай 6

Их Эзэний Сүмд оролцох ба үйлчлэх

Зураг
залуу эмэгтэй ариун ёслолын цуглаан дээр үг хэлж байна

Христийн Сүмийн баптисм хүртсэн гишүүдийн хувьд бид олон арга замаар оролцох, үйлчлэх боломжтой байдаг. Моронай 6-д Моронай Сүмийг хүчирхэгжүүлж, барихад туслах зааварчилгаагаа үргэлжлүүлсэн байдаг. Энэ хичээл таныг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүний хувьд бусдад үйлчлэх, Аврагчийг дагахыг хичээхэд тусалж чадна.

Христийн Сүмийн гишүүд

Зураг
тойргийн цугларагсад ариун ёслолын цуглаан дээр дуулж байна

Судлах тэмдэглэл дээрээ эсвэл тусдаа цаасан дээр хуудсыг хоёр хэсэгт хуваахын тулд зураас тат. Нэг талд нь Аврагчийн Сүмийн гишүүнийг төлөөлж буй хүний дүрсийг зур. Дүрсийг дотор талд нь юм бичих боломжтой байхаар том байлга. Өөрийн зурсан зургийнхаа дотор Сүмд баптисм хүртэхэд бэлтгэхийн тулд хийсэн эсвэл хийхээр төлөвлөж байсан хоёроос гурван зүйлээ бич. Та хичээлийн туршид зурган доторх жагсаалтад үргэлжлүүлэн нэмж оруулахыг хүсэж болно.

Моронай 6-д Моронай Сүмийг байгуулж, гишүүдийг хүчирхэгжүүлэх тухай сургаалаа үргэлжлүүлсэн байдаг. Энэ бүлгээс бид Их Эзэний Сүм дэх ажлыг гүйцэтгэх зарим үүрэг болон боломжуудын талаар суралцана.

Моронай 6:1–3-ыг уншаад, Христийн Сүмд баптисм хүртэхэд бэлтгэгдсэн гэдгээ хүн хэрхэн харуулж чадах талаар Моронай юу заасныг олж мэд. Өөрийн зураг доторх жагсаалтад олсон зүйлээ нэм.

  • Эдгээр үйлдэл ба хандлага нь баптисм хүртэхэд нь тухайн хүнийг хэрхэн бэлддэг гэж та бодож байна вэ?

Баптисм хүртсэнийхээ дараа бид “Христийн сүмийн хүмүүсийн дунд тоологддог” гэж Моронай заасан (Моронай 6:4). Бид Есүс Христийн шавь болгон хүчирхэгжүүлж, төлөвшүүлэх зорилготой Сүмийн байгууллагын оролцогчид болдог. Та Моронай 6-г үргэлжлүүлэн судалж байхдаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн баптисм хүртсэн гишүүний хувьд бид бусдад хэрхэн үйлчилж мөн хүчирхэгжүүлж болох талаар бод.

Боломж ба үүрэг хариуцлага

Өмнө нь зурсан зургийнхаа эргэн тойронд Сүмийн гишүүдийн хэрэгцээ, итгэл найдвар буюу хүслээс хэдийг бич.

Цаас эсвэл тэмдэглэлийнхээ нөгөө талд дараах бүрэн бус үнэнийг бич: … ингэснээр Аврагчийн Сүмийн гишүүдийн хувьд бид бие биедээ тусалж, хүчирхэгжүүлж чадна.

Моронай 6:4–9-ийг судалж, мэдэгдлийг дуусгах олон арга замыг хайж ол. Өөр өөр мэдэгдлийн жагсаалтыг цаасан дээрээ бич. Тэжээгдэх гэдэг нь өсөлт хөгжлийг дэмжих эсвэл урамшуулах гэсэн утгатай гэдгийг мэдэх нь тустай байж болох юм.

Эдгээр шүлгийн олон үнэний дундаас та эдгээрийн нэгийг олж мэдсэн байж магадгүй: … ингэснээр Аврагчийн Сүмийн гишүүдийн хувьд бид бие биедээ тусалж, хүчирхэгжүүлж чадна.

  • Бурханы сайн үгээр бие биеэ сүнслэгээр тэжээх (шүлэг 4).

  • бие биеэ сүнслэгээр хүчирхэгжүүлэх (шүлэг 5).

  • Ариун Сүнсний хүчний дагуу зааж, залбирах (шүлэг 9).

Зураг
дүрс, тэмдэглэх
  1. Дараах асуултуудад хариул.

    • Эдгээр үйлдлийн аль нь танд хялбар санагдаж байна вэ? Аль нь сорилт байж болох вэ? Яагаад?

    • Эдгээр үйлдэл танай ангид эсвэл чуулгад ямар байдлаар харагдаж болох вэ?

    • Эдгээр үнэний дагуу үйлдэх нь таны хэрэгцээг хангахад хэрхэн тусалж чадах вэ?

Өгөх ба хүлээн авах

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч асан Бонни Л.Оскарсон ийн ажиглажээ.

Бид зөвхөн Сүмийн өгдөг зүйлийг авагчид биш, харин өгөгч, хангагчид нь байх хэрэгтэй. Залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд та нар дараагийн удаа өсвөр үеийнхний үйл ажиллагаанд очихдоо найзууд тань юу хийж байгааг харахын тулд утсаа авахын оронд эргэн тойрноо хараад, “Би өнөөдөр хэнд хэрэгтэй вэ?” гэж өөрөөсөө асуугаарай. Та нар үеийнхээ хэн нэгэнд тусламжийн гараа сунган, амьдралд нь нөлөөлөх эсвэл дотроо зовж шаналж яваа найздаа урмын үг хэлэх түлхүүр нь байж магадгүй.

Таны эргэн тойронд тусламж хэрэгтэй хэн нэгэн байгааг зааж өгч мөн тэдэнд хэрхэн хамгийн сайнаараа тусалж болох талаар сүнслэг өдөөлт өгөхийг Тэнгэрлэг Эцэгээсээ хүсээрэй. Аврагч ихэнхдээ хүн тус бүрд нэг нэгээр нь үйлчилдэг байсан гэдгийг сана. (Бонни Л.Оскарсон, “Тусламж хэрэгтэй хүмүүс бидний өмнө байна,” , 10)

  1. Дараах асуултуудын хоёрт нь хариул.

    • Оскарсон эгчийн зөвлөгөөнөөс юуг санах нь чухал гэж та бодож байна вэ? Яагаад?

    • Та Моронайн үйлдлээр заасан үнэнүүдийг хэзээ харж байсан бэ? Эдгээр үнэний дагуу үйлдэх нь бусдын амьдралд ямар өөрчлөлт авчирсан бэ?

    • Моронайн зөвлөгөөг дагах нь таныг Аврагчтай илүү адилхан болоход хэрхэн тусалж болох вэ?

ChurchofJesusChrist.org дээрээс Моронайн зөвлөгөөг хэрэгжүүлсэн залуу эмэгтэйн жишээ “Харах нүд”-ийг цагийн код 4:55-аас 6:55 хүртэл үз.

Миний дараагийн алхам

Өнөөдөр сурч мэдэж, мэдэрсэн зүйлээ хэдхэн хором тунгаан бод. Дараа нь Сүмийн дараагийн цуглаан эсвэл үйл ажиллагаа руугаа алхаж буйгаар төсөөл. Аврагч танаас юуг хийгээсэй хэмээн хүсдэг гэж та бодож байна вэ? Хүлээн авсан удирдамжаа санахад туслахын тулд судлах тэмдэглэлдээ тэмдэглэл хийх талаар бодож үз.

Та мөн хэнд таны анхаарал, тусламж хэрэгтэй байгааг мэдэхийн тулд залбирахдаа Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг эрэлхийлж болно. Аврагчийн адил Сүмийн бусад гишүүнд санаа тавихын тулд юу хийж чадахаа мэдэхэд туслуулахын тулд Түүнийг урь.

Хэвлэх