Хуучин Гэрээ 2022
2-р сарын 13 Бид ёс бус дэлхийд хэрхэн Аврагчид үнэнч хэвээр үлдэх вэ? Эхлэл 12–17; Абрахам 1–2


“2-р сарын 13. Бид ёс бус дэлхийд хэрхэн Аврагчид үнэнч хэвээр үлдэх вэ? Эхлэл 12–17; Абрахам 1–2,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022 (2021)

“2-р сарын 13. Бид ёс бус дэлхийд хэрхэн Аврагчид үнэнч хэвээр үлдэх вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022

суралцаж буй залуу эмэгтэй

2-р сарын 13

Бид ёс бус дэлхийд хэрхэн Аврагчид үнэнч хэвээр үлдэх вэ?

Эхлэл 12–17; Aбрахам 1–2

хамтдаа зөвлөлд шигтгээ зураг

Хамтдаа зөвлөлд

Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.

Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар хэлэлцүүлэг өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.

  • Сайн мэдээний дагуу амьдар. Бид Аврагчтай хэрхэн илүү ойртсон бэ? Бид Түүнтэй илүү адил байхын тулд хэрхэн хичээж байгаа вэ?

  • Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Сүүлийн үед бидний санаа бодолд хэн орж байна вэ? Бид тэдгээр хүнд хэрхэн тусалж болох вэ?

  • Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Бид Сүмийн талаарх найз нөхдийнхөө асуултад Аврагчид итгэх тэдний итгэлийг хүчирхэгжүүлэх байдлаар хэрхэн хариулах вэ?

  • Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бидэнд өвөө, эмээ, үеэл гэх мэт гэр бүлийн гишүүдтэйгээ харилцаа холбоогоо сайжруулах ямар ямар арга зам байдаг вэ?

Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:

  • Заасан зарчмуудыг гэрчил.

  • Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.

Сургаалыг заа

Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлд

Ёс бус ертөнцөд зөв шударга амьдарна гэдэг хэзээ ч амар хялбар байдаггүй. Абрахамын хувьд Бурханаас нүүр буруулах шахалт зөвхөн гаднаас ирээгүй бөгөөд Абрахамын эцэг хүртэл Их Эзэнийг орхисон байв (Абрахам 1:5–12; 2:5-ыг үзнэ үү). Абрахам, Сара хоёр хүнд хэцүү бэрхшээлтэй тулгарсан боловч Их Эзэний амлалтуудад итгэж, “тэдгээрт үнэмшин, батлан хэлж, өөрсдийгөө дэлхийд гаднынхан ба түр суурьшигчид гэдгийг хүлээн зөвшөөрсөн” (Еврей 11:13).

Анги, чуулгын гишүүдийг Их Эзэний жишгийн дагуу амьдардгаасаа болоод дэлхийд “гаднынхан ба түр суурьшигчид” мэтээр өөрсдийгөө мэдрэх үед та тэдэнд итгэлтэй хэвээр үлдэхэд нь хэрхэн тусалж чадах вэ? Та тэднийг Их Эзэнд үнэнч амьдрах зоригтой байхад нь хэрхэн урамшуулж чадах вэ? Та заахаар бэлдэхдээ Иохан 15:18–20 болон ахлагч Нийл Л.Андэрсэны “Дэлхийг ялах нь” (2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 46–50) захиасыг унших талаар бодож үз.

нуурыг ширтэн харж буй залуу

Есүс Христийн шавь нар эсэргүүцэлтэй тулгарсан ч итгэлтэй амьдарснаар амар амгаланг олж авдаг.

Хамтдаа суралц

Анги, чуулгын гишүүд энэ долоо хоногт Эхлэл 12–17, Абрахам 1–2-ыг судлах явцдаа Абрахамын үлгэр жишээнээс сүнслэг өдөөлт авсан байж болох юм. Та тэднийг Абрахам 1:1–19-ийг уншаад, Абрахамын жишээн дэх юу нь тэднийг сүнслэгээр өдөөж байгааг хуваалцахад урь. Абрахамд тулгарсан болон өнөөгийн бидэнд тулгардаг сорилт бэрхшээлүүдийн хооронд ямар адил төстэй зүйл байгааг бид харж болох вэ? Бүх нөхцөл байдалд бид Есүс Христэд хэрхэн үнэнч хэвээр үлдэх талаар хэлэлцэхэд урамшуулахын тулд доорх үйл ажиллагаануудаас нэг юм уу хэд хэдийг ашигла.

  • Их Эзэн ба Түүний бошиглогчид өөрсдийн зааж байсан хүмүүсийг эргэн тойрон дахь ёс бус байдлаас үл хамааран итгэлтэйгээр амьдрахад үргэлж уриалсан байдаг. Өнөө үед Сатан өсвөр үеийнхнийг ямар ямар арга замаар Бурханы зарлигуудыг зөрчүүлэхээр уруу татдаг вэ? Таны суралцагчид мөн “Нэмэлт эх сурвалж” дахь судруудын заримаас уншиж болно. Дэлхий биднийг уруу татах эсвэл шоолох үед Христэд үнэнч үлдэх талаар сурч мэдсэн зүйлээ ярилцахад тэднийг урь. Бусад хүн дагахгүй байгаа үед ч өөрсдийн олж мэдсэн, итгэлтэй амьдрах арга замуудын талаар хуваалцаж болно. Хэзээ бид эсвэл бидний мэддэг хүмүүс ийнхүү үйлдэх боломжтой байсан бэ? Та “Нэмэлт эх сурвалж” дахь видео бичлэгүүдээс нэг юм уу хэд хэдийг үзүүлж болно.

  • Анги, чуулгын гишүүдэд дэлхийг хэрхэн ялахад болон ийн үйлдсэнээр ирдэг адислалын талаар ойлгоход нь туслахын тулд самбарт Дэлхийг ялах гэдэг нь … мөн Дэлхийг ялсны үр дагавар бол … гэсэн өгүүлбэрүүдийг бич. Тэгээд та өсвөр үеийнхнээс ахлагч Нийл Л.Андэрсэны “Дэлхийг ялах нь” захиасыг уншихыг хүсэж болно. Сурч мэдсэн зүйлээ самбарт бичиж, эдгээр өгүүлбэрийг гүйцээх арга замуудыг олоход тэднийг урь. Тэдний олж мэдсэн зүйлсийг ярилц. Есүс Христ эсэргүүцэлтэй тулгарсан ч Эцэгтээ үнэнч хэвээр үлдсэнийг харуулсан түүхийг хуваалцахаар бэлтгэж ирэхэд нэг хүнийг урьдчилан урь (жишээлбэл, Матай 4:1–11; Лук 22:39–44-ийг үзнэ үү). Аврагчийн жишээ бидэнд ертөнцийг ялах талаар юуг ойлгоход тусалдаг вэ? (Иохан 16:33-ыг үзнэ үү).

  • Есүс Христийн шавь нар “ертөнцөд байгаа ч ертөнцийнх биш” байх ёстой. “Ертөнцөд байгаа” гэдэг нь бид жишгийнхээ дагуу амьдрах үед эсэргүүцэлтэй тулгарна гэсэн үг юм. Гэхдээ бас энэ нь бид бусдад сайнаар нөлөөлж болно гэсэн үг. Энэхүү зарчмыг заахын тулд та нэг хүнийг ерөнхийлөгч Бонни Х.Кордоны “Тэд харж болохын тулд” захиас дээрээс нэг юм уу илүү олон түүхийг хуваалцахаар ангид бэлтгэлтэй ирэхийг хүсэж болно (2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 95–98). Бид бусдыг Eсүс Христэд илүү ойртоход нь туслахын тулд өөрсдийн гэрлийг хэрхэн ашиглах талаар эдгээр түүхээс юу сурч мэдэж болох вэ? Ёс бус дэлхийд бусдад гэрэл болгохоор тэднийг өдөөж буй өгүүлбэрүүдийг ерөнхийлөгч Кордоны захиасаас хайж олоход анги, чуулгынхныг урь. Сонгосон өгүүлбэрүүдээ чанга уншаад, юу хийхээр өдөөгдөж буйгаа хуваалцахад тэднийг урь.

Итгэлээр үйлд

Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урамшуул. Хүсвэл тэд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээж авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг хэрхэн хүчирхэгжүүлэх талаар бодоход тэднийг урь.

Нэмэлт эх сурвалж

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч “Та нар Намайг хэн гэж хэлэх вэ?” гэж Петрээс асууснаар түүнийг гэрчлэхэд урьсан. (Maтай 16:15). Петрийг хариулахад, гэрчлэл нь хүчирхэгжсэн. Ямар асуултууд таны заадаг хүмүүсийг гэрчлэлээ хэлэхэд урьж, тэгснээр тэдний гэрчлэлийг хүчирхэгжүүлэх боломжийг Сүнсэнд олгох вэ?