Хуучин Гэрээ 2022
1-р сарын 23. Намайг илүү үнэнчээр үйлчлэхэд Их Эзэн хэрхэн тусалж чадах вэ? Эхлэл 5; Мосе 6


“1-р сарын 23. Намайг илүү үнэнчээр үйлчлэхэд Их Эзэн хэрхэн тусалж чадах вэ? Эхлэл 5; Мосе 6,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022 (2021)

“1-р сарын 23. Намайг илүү үнэнчээр үйлчлэхэд Их Эзэн хэрхэн тусалж чадах вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022

Есүс Христ цугласан олонтой алхаж буй нь

1-р сарын 23

Намайг илүү үнэнчээр үйлчлэхэд Их Эзэн хэрхэн тусалж чадах вэ?

Эхлэл 5; Мосе 6

хамтдаа зөвлөлд шигтгээ зураг

Хамтдаа зөвлөлд

Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.

Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар хэлэлцүүлэг өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.

  • Сайн мэдээний дагуу амьдар. Саяхны ямар туршлага бидний гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн бэ?

  • Тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг халамжил. Хэнд бидний тусламж, залбирал хэрэгтэй байна вэ? Бид тэдэнд туслахын тулд юу хийхээр мэдэрч байна вэ?

  • Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Бид өөр итгэл үнэмшилтэй найз нөхөд эсвэл гэр бүлийн гишүүддээ хэрхэн гэрэл нь байж чадах вэ?

  • Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бид гэр бүлийнхнээ хэрхэн илүү их хайрлаж, дэмжиж мөн гэр орондоо эерэг өөрчлөлт гаргах вэ?

Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:

  • Заасан зарчмуудыг гэрчил.

  • Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.

Сургаалыг заа

Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлд

Енох Их Эзэнд үйлчлэхээр дуудагдахдаа өөрийгөө огт хангалтгүй гэж бодсон (Мосе 6:31-ийг үзнэ үү). Харин Их Эзэн зүгээр л Енохыг Өөрийн ажлыг хийлгүүлэхээр явуулаагүй ба Тэрээр Енохт түүнийг хамгаалж, туслах болно хэмээн амласан (Мосе 6:32–34-ийг үзнэ үү).

Енохын хангалтгүй гэж мэдэрсэн мэдрэмж таныг үйлчлэхээр хичээх үед мэдрэгдэж магадгүй. Заримдаа бид Сүмийн дуудлагаараа дамжуулан үйлчилдэг. Бусад үед бид тусламж хэрэгтэй тэднийг олж хараад хайр, дэмжлэгээ үзүүлэхээр Сүнсээр өдөөгддөг. Боломж гарах үед бид “надтай хамт алхагтун” хэмээсэн Түүний урилгыг хүлээн авснаар Их Эзэн бидэнд тусална гэсэн мэдлэгтэйгээр Енохын адил зоригтой байж чадна (Мосе 6:34).

Бусдад үйлчлэх үед Их Эзэнээс хүлээн авч болох тусламжийн талаар заахаар бэлдэхдээ та Мосе 6-г уншаад, бусдад үйлчилж байсан туршлагынхаа талаар эргэцүүлэн бод. Таны хичээл зүтгэлд Их Эзэн хэрхэн тусалсан бэ? Та анги, чуулгын гишүүдийг Енохын болон бусдын үлгэр жишээнээс юу суралцана хэмээн найдаж байна вэ? Мөн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Надтай хамт алхагтун” (2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 69–72) эсвэл “Гэрээт эмэгтэйчүүд Бурхантай хамтрах нь” (2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 75–77) захиасуудын аль нэгийг уншиж болно.

ээж, охин хоёр гал тогооны өрөөнд

Бид үйлчлэлийг өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг болгосноор Аврагчийн үлгэр жишээг дагаж чадна.

Хамтдаа суралц

Бусдад үйлчлэх нь бидэнд “[Бурхантай] хамт алхах” боломжийг олгодог бөгөөд бид үйлчлэх үедээ Түүний тусламжийг хүлээн авах болно (Мосе 6:34). Анги, чуулгын гишүүдийг энэ талаар ярилцаж эхлэхэд нь туслахын тулд та тэднээс Мосе 6:32–39 дээрээс Их Эзэн Енохыг үйлчлэх үед ямар арга замаар түүнтэй хамт байсан талаар хайхыг хүс. Биднийг Түүнд үйлчлэхэд Их Эзэн хэрхэн тусалдаг вэ? Биднийг бусдад үйлчлэх үед хүлээн авч болох тэнгэрлэг тусламжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэхэд дараах санаанууд танд тусална.

  • Судруудад үйлчлэлийн талаарх сургамжууд дүүрэн байдаг (Жишээлбэл: Матай 25:31–40; Лук 10:25–37; Мозая 2:17-г үзнэ үү). Та заадаг хүмүүсээ бусдад үйлчлэхэд урам өгдөг судрын хэсгүүдээ хуваалцахад урих тухай бодож үз. Та тэднээс үйлчлэлийн талаарх судрын хэсгүүд эсвэл үйлчлэлийн жишээ хуваалцахаар бэлдэж ирэхийг урьдчилан хүсэж болно. Хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй бол тэднийг Судруудын удирдамжаас “Үйлчлэл” гэдгийг үзэхэд урамшуул (scriptures.ChurchofJesusChrist.org). Бид уншсан зүйлийнхээ дагуу юу хийхээр сүнслэгээр өдөөгдсөн бэ?

  • Аврагч тохинууллынхаа туршид бусдад үйлчилсэн. Бид Түүний жишээнээс бусдад үйлчлэх үед маань туслах юуг сурч мэдэж болох вэ? Энэ асуултад хариулахын тулд анги, чуулгын гишүүн бүр дараах судруудын аль нэгийг уншиж, Аврагчийн үйлчлэлийн жишээний талаар заасан зүйлийг олж болох юм. Үүнд: Матай 14:13–21; Иохан 9:1–11, 35–38; 13:4–5, 12–17; 3 Нифай 17:5–9. Хүн бүрийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Өөрсдийн үйлчилж чадах хэн нэгний талаар мөн үйлчлэх үедээ Аврагчийн үлгэр жишээг хэрхэн дагахаа бодох цагийг хүн бүрд гаргаж өг.

  • Заримдаа бид үйлчлэлийг цаг хугацаа зарцуулж ямар нэгэн том үйл хийх явдал гэж ойлгодог. Магадгүй энэ бодол маань биднийг хийж чадах байсан хэмжээндээ үйлчлэхгүй байх нэг шалтгаан болдог байж магадгүй. Аврагч амьдралынхаа туршид өдөр тутам Өөрийн анзаарсан хүмүүст байнга үйлчилдэг байсныг та онцолж болох юм (жишээлбэл, Матай 12:9–13; Марк 5:21–34; Лук 19:1–10; Иохан 4:3–26-г үзнэ үү). Өдөр тутмын амьдрал дээр бусдад үйлчлэх энгийн арга замуудын талаар бодоход нь анги, чуулгын гишүүдэд туслахын тулд та дараах видео бичлэгүүдийн аль нэгийг үзүүлж болно. Үүнд: “Та нар үйлчилж байхдаа—Залуу эрэгтэйчүүд” эсвэл “Та нар үйлчилж байхдаа—Залуу эмэгтэйчүүд” (ChurchofJesusChrist.org). Өсвөр үеийнхнээс санал бодлоо хуваалцахыг хүс. Бид бусдын хийсэн ямар үйлчлэлийн жижиг үйлдлүүдийг харж байсан бэ? Бид юу хийхээр сүнслэгээр өдөөгдөж байна вэ? Хүн бүрийг дараах өгүүлбэрийг гүйцээн бичихэд урь. “Би бусдад … арга замаар үйлчилж чадна,” “Би үйлчлэхээр хичээж чармайхдаа Их Эзэний тусламжийг эрэлхийлэхийн тулд ….” Дараа нь цөөн суралцагчаас бичсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Итгэлээр үйлд

Анги, чуулгын гишүүдийг өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлж бодоод, тэмдэглэн авахад урамшуул. Хүсвэл тэд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлэх талаар бодоход тэднийг урь.

Нэмэлт эх сурвалж

Аврагчийн арга барилаар заах нь

“Суралцагчдад Сүнсийг мэдэрч, танихад туслахаас гадна хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхэд тусал” (Аврагчийн арга барилаар заах нь [2016], 10).