“4-р сарын 24. Яагаад Бурхан бидэнд зарлигуудыг өгдөг вэ? Гэтлэл 18–20,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022 (2021)
“4-р сарын 24. Яагаад Бурхан бидэнд зарлигуудыг өгдөг вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022
4-р сарын 24
Яагаад Бурхан бидэнд зарлигуудыг өгдөг вэ?
Хамтдаа зөвлөлд
Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаарх ярилцлагыг удирдан явуул (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.
-
Сайн мэдээний дагуу амьдар. Сүүлийн үед ямар туршлага биднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртуулсан бэ?
-
Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Ойрын хугацаанд хэн нэгэн манай тойрогт шилжиж ирсэн үү эсвэл Сүмд нэгдсэн үү? Тэд халуун дотно хүлээн авсныг маань мэдрэхийн тулд бид тэдэнд хэрхэн тусалж болох вэ?
-
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Найзуудаа урьж оролцуулж болох ямар нэгэн үйл ажиллагаа ойрын хугацаанд болох гэж байна уу?
-
Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бид өөрсдийн түүхийг бичихийн тулд ямар хүчин зүтгэл гаргаж болох вэ?
Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлд
Гэтлэл 20-ийг унших нь бидэнд яагаад зарлигуудыг өгсөн талаар бодоход тань өдөөж болох юм. Зарим хүн зарлигуудыг хязгаарлалт тавьдаг эсвэл биднийг хянах гэсэн оролдлого гэж үздэг. Гэхдээ бид Бурхан бол биднийг хайрладаг Эцэг гэдгийг мэддэг учраас бүх зүйлийн учир шалтгааныг мэдэхгүй ч Түүний хуулиуд бидний сайн сайхны төлөө гэдэгт итгэж болно. Тэрээр бидэнд Түүний зарлигуудын дагуу амьдрах үедээ бид тэдгээр нь үнэн гэдгийг мэдэж чадна хэмээн амласан (Иохан 7:17-г үзнэ үү).
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Эцэг, Хүү хоёр биднийг хязгааргүй, төгс хайраар хайрладаг мөн бид Тэдний хардаг бүх зүйлийг харж чадахгүй гэдгийг Тэд мэддэг учраас биднийг удирдан чиглүүлэх, хамгаалах хуулиудыг өгсөн. Бурханы хайр, хууль хоёрын хооронд хүчтэй холбоо байдаг” гэж заасан (“The Love and Laws of God” [Brigham Young University devotional, Sept. 17, 2019], 2, speeches.byu.edu).
Та яагаад зарлигуудад талархдаг вэ? Анги, чуулгын гишүүд Бурхан яагаад бидэнд зарлигуудыг өгсөн талаар юу ойлгоосой хэмээн та хүсэж байна вэ? Та заахаар бэлдэхдээ Гэтлэл 20-ийг болон ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн Бусдыг хайрлаж, өөр үзэл бодол бүхий хүмүүстэй зэрэгцэн амьдрах нь” захиасыг уншиж болно (2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 27–30).
Хамтдаа суралц
Та анги, чуулгын гишүүдэд Арван зарлигийг давтахад нь туслахын тулд тэднээс аль болох олон зарлигийг цээжээр жагсаан бичихийг хүсэж болно. Тэдэнд тусламж хэрэгтэй бол Гэтлэл 20:3–17-оос харж болно. Яагаад Бурхан бидэнд зарлигуудыг өгдөг вэ? Энэ асуултад хариулахын тулд тэд Арван зарлигаас цөөн хэдийг жижиг бүлгүүдэд хуваагдан ярилцаж болно. Эдгээр зарлигийн дагуу амьдрах нь бидэнд аз жаргалыг олж, Бурханд илүү ойртоход хэрхэн тусалдаг вэ? Дараах санаанууд Бурхан яагаад зарлигуудыг өгдөг талаар түлхүү суралцахад нь заадаг хүмүүст тань тусална.
-
“Яагаад Бурхан бидэнд зарлигуудыг өгдөг вэ?” гэсэн асуултын хариулт судруудад агуулагддаг. Анги, чуулгын гишүүдийг “Нэмэлт эх сурвалж” дахь нэг эсвэл хэд хэдэн судраас хариултаа олоход урьж болно. Дараа нь тэднээс олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Мөн ойлголт авахын тулд дараах видео бичлэгүүдийг үзэж болно. Үүнд: “Instructions Included,” “Why Does God Give Us Commandments?” (ChurchofJesusChrist.org)
-
Бурхан яагаад бидэнд зарлиг өгдөг талаар ойлгоход нь анги, чуулгын гишүүдэд туслахын тулд та Бурханаас ирсэн зарлигуудыг тэдэнтэй холбоотой байж болох туршлагуудтай зүйрлэж болно. Тухайлбал, эгц хавцал дээр, уулын бэл дагуух хашлагатай зам дээр явж буйгаар төсөөлөхийг та тэднээс хүсэж болно. Өөр хэн нэгэнтэй дараахын адил асуултуудын талаар ярилцахыг тэднээс хүс. Үүнд: Их Эзэний зарлигууд энэ хашлагатай юугаараа адилхан бэ? Зарлигуудыг дуулгавартай дагах нь биднийг хэрхэн адисалж байсан бэ? Бурхан яагаад бидэнд зарлигуудыг өгдгийг, яагаад бид тэдгээрийг дуулгавартай дагах ёстойг ойлгоход маань өөр ямар зүйрлэл туслах вэ? Та тэднийг “Нэмэлт эх сурвалж”-д санал болгосон захиас мөн видео бичлэгүүдээс зарим жишээг үзэхэд урьж болно. Олж мэдсэн зүйрлэлээ хуваалцахыг мөн сурч мэдсэн зүйлээ ярилцахыг тэднээс хүс.
-
Ярилцлага тань анги, чуулгын гишүүдийг зарим зарлигт итгэдэггүй, тэдгээрийн дагуу амьдардаггүй хүмүүстэй хэрхэн харьцах талаар ярилцахад хүргэж магадгүй юм. Тиймээс та ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн “Бусдыг хайрлаж, өөр үзэл бодол бүхий хүмүүстэй зэрэгцэн амьдрах нь” захиасаас зөвлөгөө эрэлхийлэхэд урьж болно. Та дараахын адил асуултуудыг тавьж болно. Биднээс өөрөөр амьдрахыг сонгосон хүмүүстэй бид хэрхэн харьцах хэрэгтэй вэ? Хүмүүсийг биднээс өөр сонголт хийх үед бид тэдний сайн талыг хэрхэн олж харах вэ?
Итгэлээр үйлд
Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл тэд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар бодоход тэднийг урь.
Нэмэлт эх сурвалж
-
Дэд хууль 10:12–13; Алма 36:30; Сургаал ба Гэрээ 1:24–28; 82:8–10; 93:20, 28; 130:18–21 (Яагаад Бурхан бидэнд зарлигуудыг өгдөг вэ?)
-
Жэффри Р.Холланд, “Бид бүгд дуудагдсан” (2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 53–56; мөн “Шугаман дотроо үлд” видеог үзнэ үү); Ричард Г.Скотт, “The Atonement Can Secure Your Peace and Happiness” (Liahona, 2006 оны 11-р сар, 40–42; “A Secure Anchor”); Вон Г.Кийч, “Бурханы зарлигуудыг сахидаг хүмүүс адислагдаж, аз жаргалтай байдаг” (2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 110–112; Ижил нэртэй видео бичлэг-ийг үзнэ үү.)