“4-р сарын 10. Би Есүс Христэд итгэх итгэлээ өдөр бүр хэрхэн хүчирхэгжүүлж болох вэ? Гэтлэл 14–17,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022 (2021)
“4-р сарын 10. Би Есүс Христэд итгэх итгэлээ өдөр бүр хэрхэн хүчирхэгжүүлж болох вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022
4-р сарын 10
Би Есүс Христэд итгэх итгэлээ өдөр бүр хэрхэн хүчирхэгжүүлж болох вэ?
Хамтдаа зөвлөлд
Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь та нар анги, чуулгынхаа тодорхой ажил хэргийн талаар хамтдаа зөвлөлдөхөөс гадна Ерөнхий чуулган дээр төрсөн сэтгэгдэл, дурдсан сэдвүүдийн талаар ярилцаж болно. Дараах асуултууд тусалж болох юм.
-
Ямар сэдэв, захиас бидэнд онцгой санагдсан бэ? Чухам юу Есүс Христэд итгэх итгэлийг маань хүчирхэгжүүлсэн бэ?
-
Амьд бошиглогчдын талаарх гэрчлэлийг маань юу хүчирхэгжүүлсэн бэ? Бид сурч мөн мэдэрсэн зүйлийнхээ ачаар юуг хийхэд сүнслэгээр өдөөгдсөн бэ?
-
Бид Ерөнхий чуулганаар сонссон зөвлөгөөг санаж, үүний дагуу үйлдэхийн тулд анги, чуулгаараа юу хийх хэрэгтэй вэ?
Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлд
Израилын хүүхдүүд цөлд амьд үлдэхийн тулд Их Эзэнд хэрхэн найдахыг сурах хэрэгтэй байв. Тэд Улаан тэнгисийн хуваагдал шиг амь аварсан, тэнгэрээс буусан манна шиг амьдрал тэтгэсэн гайхамшгуудын төлөө Түүнд найдаж байв. Зааж буй хүмүүсийн тань хувьд ч мөн адил юм. Тэд мөнх бус байдлын аглаг буйд дахь сүнслэг аялалдаа амьд үлдэхийн тулд Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх ёстой. Тэд энэ итгэлээ хааяа биш, өдөр бүр хөгжүүлэх ёстой. Таны заадаг хүмүүсийн зарим нь өөрсдийн итгэлийг тийм ч хүчтэй биш гэж боддог байж магад. Та тэдэнд итгэл өдөр бүр аажим аажмаар өсдөг гэдгийг ойлгоход нь тусалж чадна. Бид өчүүхэн, энгийн зүйлсийг тогтмол хийх замаар итгэлээ тэтгэдэг. Энэ долоо хоногт Гэтлэл 14–17-оос суралцах үедээ энэ талаар тунгаан бод. Та мөн ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн “Өчүүхэн бөгөөд энгийн зүйлс” захиасыг судалж болно (2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 110–114).
Хамтдаа суралц
Ярилцлагыг эхлүүлэхийн тулд та өсвөр үеийнхнээс сайн зүйл хийхэд нь тусалдаг өдөр тутмын дадал хэвшлийнхээ талаар хуваалцахыг хүсэж болно. Эдгээрт эрүүл энх байх эсвэл гэрчлэлээ бэхжүүлэх зэргийг багтааж болно. Бид эдгээр дадал хэвшлээ хадгалж, тордохгүй бол юу тохиолдож болох вэ? Бидний сайн зүйл хийх өдөр тутмын хүчин чармайлтыг Их Эзэний израилчуудад өгсөн манна хураах заавартай хэрхэн харьцуулж болох вэ? (Гэтлэл 16:16–21-ийг үзнэ үү). Израилчуудын туршлагыг Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхийн тулд бидний гаргадаг өдөр тутмын хичээл зүтгэлтэй харьцуулахад нь та анги, чуулгынханд тусалж болно. Жишээлбэл, израилчуудад өдөр бүр манна өгсний адил Их Эзэн бидэнд юу өгдөг вэ? Манна хураахтай адил юуг бид хийж чадах вэ? Ярилцлагаа үргэлжлүүлэхийн тулд доорх үйл ажиллагаануудаас нэг эсвэл хэд хэдийг аль эсвэл өөрийнхийгөө ашигла.
-
Алма 37:6–7-г хамтдаа унш. Чуулга эсвэл ангиараа Их Эзэний Өөрт нь ирэхийн тулд өдөр бүр хийхэд биднийг урьсан “өчүүхэн бөгөөд энгийн зүйлс”-ийг самбарт жагсаан бич. Дараа нь таны заадаг өсвөр үеийнхэн ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн “Өчүүхэн бөгөөд энгийн зүйлс” захиасаас бидний амьдралд агуу нөлөө үзүүлэх боломжтой бусад өчүүхэн зүйлийг хайж болно. Эдгээр зүйл ямар нөлөөтэй байж болох вэ? Эдгээр зүйлийг өдөр тутмын амьдралынхаа байнгын хэсэг болгохын тулд бид юу хийхээр сүнслэгээр өдөөгдөж байна вэ?
-
Яагаад Есүс Христэд итгэх итгэлийг өдөр бүр тордон тэтгэх шаардлагатай байдаг вэ? Гишүүдэд энэ талаар илүү сайн ойлгоход нь туслахын тулд та “Нэмэлт эх сурвалж” дээр жагсаасан видео бичлэгүүдээс нэг юм уу хэд хэдийг үзүүлж болно. Эдгээр видео бичлэгт ахлагч Д.Тодд Кристоффэрсон итгэлээ хадгалахын тулд өдөр бүр хичээл зүтгэл гаргах хэрэгтэй талаар заасан. Есүс Христэд итгэх итгэлээ өдөр бүр нэмэгдүүлэхэд урамшуулсан ямар зүйл сурч мэдсэнээ хуваалцахад суралцагчдыг урь.
-
Өдөр бүр тогтмол хичээх нь Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэх хамгийн шилдэг арга юм. Энэхүү санааг ярилцахын тулд ахлагч Дэвид А.Бэднарын “Гэр орондоо анхаарал төвлөрүүлж, санаа тавьж байх нь” захиасаас гуравдугаар саналыг хамтдаа унш (2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 18–21). Түүний албан тасалгаан дахь зурагт дүрсэлсэн зүйлээс бид юу сурч болох вэ? Эдгээр сурсан зүйл нь Есүс Христэд итгэх итгэлээ бэхжүүлэх хүчин зүтгэлтэй маань ямар холбоо хамааралтай вэ? Алма 32:21, 26–43-ыг хамтдаа унших нь ярилцлага өрнүүлэхэд тусалж болно. Бид Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн хүчирхэгжүүлэх талаар ямар ойлголтыг олж авсан бэ?
-
Бид итгэлийг сорьж байгаа туршлагаасаа суралцахыг сонгосноор итгэлээ нэмэгдүүлж чадна. Та “Spiritual Whirlwinds” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзүүлж болно. Бид сорилт бэрхшээлтэй үед итгэлээ хүчирхэгжүүлэхийн тулд юу хийж болох талаар ярилц. (Мөн Нийл Л.Андэрсэн, “Сүнслэг шуурганууд,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 32–36-г үзнэ үү.) Та анги, чуулгын гишүүдээс Христэд итгэх итгэл нь соригдож байсан үеийнхээ тухай мөн тухайн үед итгэлээ хүчирхэгжүүлэхийн тулд юу хийснээ хуваалцахыг хүсэж болно. Гэтлэл 14–17-д израилчууд сорилт бэрхшээлтэй тулгарах үедээ олонтоо гомдоллож, бувтналдаж байсан тухай гардаг гэдгийг онцол. Сорилт бэрхшээл тохиолдох үед бувтналдах нь бидний итгэлийг хэрхэн сулруулж болох вэ? Хэцүү үед Тэнгэрлэг Эцэгт гомдоллох эсвэл санаа зовж байгаагаа илэрхийлэх хоёрын ялгаа юу вэ?
2:24
Итгэлээр үйлд
Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл чуулгын эсвэл ангийн гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар бодоход тэднийг урь.
Нэмэлт эх сурвалж
-
“Daily Bread: Pattern,” “Daily Bread: Change,” “Daily Bread: Experience” (видео бичлэгүүд), ChurchofJesusChrist.org