“5-р сарын 8. Бурхан намайг өршөөсөн гэдгийг би хэрхэн мэдэх вэ? Гэтлэл 35–40; Леви 1; 16; 19,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022 (2021)
“5-р сарын 8. Бурхан намайг өршөөсөн гэдгийг би хэрхэн мэдэх вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022
5-р сарын 8
Бурхан намайг өршөөсөн гэдгийг би хэрхэн мэдэх вэ?
Гэтлэл 35–40; Леви 1; 16; 19
Хамтдаа зөвлөлд
Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаарх ярилцлагыг удирдан явуул (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.
-
Сайн мэдээний дагуу амьдар. Их Эзэнд хандах нь бидэнд сорилт бэрхшээлээ туулахад хэрхэн тусалж чадах вэ?
-
Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Бидний залбирал, нөхөрлөл хэрэгтэй байгаа хэнийг бид мэддэг вэ?
-
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн хурлаар сайн мэдээг хуваалцах ямар төлөвлөгөөг ярилцсан бэ? Манай чуулга, ангийнхан хэрхэн оролцож болох вэ?
-
Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Гэр бүлийн түүхийн ажлыг хийх нь бидний Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг хэрхэн хүчирхэгжүүлж чадах вэ?
Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлд
Хүмүүс заримдаа нүглээсээ өршөөгдөхийн тулд “хангалттай зүйлс хийсэн” эсэхдээ эргэлздэг. Наманчлахад хичээл зүтгэл шаардагддаг ч эцсийн эцэст жагсаалтыг гүйцээж эсвэл тодорхой даалгавруудыг гүйцэтгэснээр бид өршөөгддөг юм биш. Харин Есүс Христийн санал болгодог нигүүлслийг хүлээн авснаар бид өршөөгддөг. Ийм арга замаар бидний мөн чанар өөрчлөгддөг.
Эрт дээр үед Мосегийн хуулийн ёслол болоод өргөлүүд израилчуудыг Аврагчийн Цагаатгал руу хандуулдаг байв. Их Эзэн Леви 16:30-д тайлбарласны дагуу, “Та нарыг цэвэршүүлэхээр та нарт энэ өдөр эвлэрүүлэл хийгдэх бөгөөд та нар ЭЗЭНий өмнө бүх нүглээсээ цэвэрших болно”. Мэдээж, ёслол дангаараа нүглийн өршөөлийг бидэнд өгч чадахгүй. Өршөөл Есүс Христээс ирдэг. Өнөө үед баптисм, ариун ёслол зэрэг ёслолууд бидний оюун ухаан, зүрх сэтгэлийг Аврагч руу хандуулдаг. Тэдгээр нь биднийг наманчлахад Тэрээр биднийг үргэлж өршөөнө гэдгийг ойлгоход тусалдаг.
Өршөөгдсөн гэдгээ мэдэхэд Тэнгэрлэг Эцэг та нарт хэрхэн тусалж байсан бэ? Та Мозая 4:1–3-ыг болон ерөнхийлөгч Тэд Р.Каллистэрын “Есүс Христийн Цагаатгал” захиасыг судалж болно (2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 103–106). Энэхүү захиас наманчлах үед маань Тэнгэрлэг Эцэг биднийг өршөөдөг гэдгийг заадаг хүмүүст тань ойлгоход туслах болно.
Хамтдаа суралц
Та Гетсемани дахь болон загалмай дээрх Аврагчийн зургуудыг үзүүлснээр эхэлж болно (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, ду. 56–57-г үзнэ үү). Өсвөр үеийнхнийг Леви 1:1–9; 16:15–16, 30-ийг давтахад урь. Аврагчийн Цагаатгалыг санагдуулдаг үгсийг хуваалцахыг тэднээс хүс. Эдгээр шүлэгт дүрсэлсэн өргөл израилчуудад Аврагчийн Цагаатгалыг хүсэн хүлээхэд хэрхэн тусалсан бэ? Аврагчийн Цагаатгалыг санан дурсахад бидэнд юу тусалдаг вэ? Аврагчийн хайр, өршөөлийг мэдрэхэд бидэнд юу тусалдаг вэ? Доорх үйл ажиллагаанууд Бурхан биднийг өршөөх болно гэдгийг илүү сайн ойлгоход өсвөр үеийнхэнд тусалж чадна.
-
Судруудад гардаг хэд хэдэн хүн Тэнгэрлэг Эцэг өөрсдийг нь өршөөхөд юу мэдэрсэн талаараа дүрсэлсэн байдаг. Анги, чуулгын гишүүд зарим жишээг уншиж болно (“Нэмэлт эх сурвалж”ийг үзнэ үү). Өршөөгдөх үед ямар мэдрэмж төрж байгааг дүрсэлсэн үгсийн жагсаалтыг эдгээр шүлгээс гаргахад тэднийг урь. Өршөөл тэдэнд ямар санагддаг талаар өөрсдийнхөө үгээр илэрхийлэхэд тэднийг урьж болно. Бид эдгээр мэдрэмжээс Бурханы талаар юу мэдэж авч болох вэ? Та мөн өршөөлийн талаар өөрийн бодлыг хуваалцаж болно.
-
Заримдаа хүмүүс өөрсдийгөө бүрэн наманчилсан эсэхэд эргэлздэг учраас өршөөгдсөн эсэхдээ эргэлздэг. Ахлагч Дэйл Г.Рэнландын “Наманчлал: Баяр хөөр авчрах сонголт:” (2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 121–124) захиас хэрхэн жинхэнээсээ наманчилж, Бурханы өршөөлийг хүлээн авах талаар тайлбарладаг. Та самбар дээр Жинхэнэ наманчлал ба Наманчлалд саад болдог зүйлс гэсэн гарчгийг бичиж болно. Зааж байгаа өсвөр үеийнхнээсээ дээрх гарчигт тохирох ямар сургамж уг захиаст байгааг олохыг хүс. Энэ захиасын сүүлийн гурван догол мөрөөс Аврагчийн тухай болон Түүний өршөөлийн талаар бид юу мэдэж авсан бэ?
-
Зарим хүн наманчилсан хэдий ч өршөөгдсөн гэдгээ мэдрэхгүй байж болно. Энэ нь тэд өөрсдийгөө уучлаагүйн улмаас байж болох юм. Ерөнхийлөгч Тэд Р.Каллистэрын “Есүс Христийн Цагаатгал” захиас дахь зөвлөгөө тэдэнд тусалж чадна. Анги, чуулгаараа 2. Нүгэл” гэж эхэлсэн хэсгээс уншиж болно. Нүглээ наманчилсан хэдий ч гэм буруутай хэвээр мэдэрч байгаа найз эсвэл гэр бүлийнхээ гишүүнтэй хуваалцаж болох зөвлөгөөг олохыг тэднээс хүс. Бидэнд наманчилж, өршөөгдөх боломжийг олгосон Аврагчийн талаарх бодлоо хуваалцах цагийг өсвөр үеийнхэнд гаргаж өг.
Итгэлээр үйлд
Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар бодоход тэднийг урь.
Нэмэлт эх сурвалж
-
Инос 1:1–8; Мозая 4:1–3; Алма 24:7–10; 36:17–21 (Өршөөгдсөн үедээ хүмүүс ямар мэдрэмж мэдэрдэг вэ?)
-
Исаиа 1:18; Мозая 26:30; Моронай 6:8; Сургаал ба Гэрээ 58:42–43; 64:10 (Их Эзэн биднийг өршөөнө хэмээн амласан)
-
Рассэлл М.Нэлсон, “Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77–80
-
Крэйг А.Кардон, “Аврагч өршөөхийг хүсдэг,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 16–19