Хуучин Гэрээ 2022
7-р сарын 10 Яагаад Бурханы амьд бошиглогчдыг дагах нь чухал вэ? 2 Хаад 2–7


“7-р сарын 10. Яагаад Бурханы амьд бошиглогчдыг дагах нь чухал вэ? 2 Хаад 2–7,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022 (2021)

“7-р сарын 10. Яагаад Бурханы амьд бошиглогчдыг дагах нь чухал вэ? Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022

ерөнхий чуулганыг гар утсаараа үзэж буй өсвөр үеийнхэн

7-р сарын 10

Яагаад Бурханы амьд бошиглогчдыг дагах нь чухал вэ?

2 Хаад 2–7

хамтдаа зөвлөлд шигтгээ зураг

Хамтдаа зөвлөлд

Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.

Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар ярилцлага өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.

  • Сайн мэдээний дагуу амьдар. Тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн хурал дээр бишопын зөвлөл юу ярьсан бэ? Ярилцсан зүйлс дээрээ үндэслэн бид ямар ямар үйлдэл хийж чадах вэ?

  • Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Тусламж хэрэгтэй хүмүүсийг олж хараад, юу хэлэхээ мэдэхгүй байх тохиолдолд Христтэй адил арга замаар бид хүмүүст хэрхэн тусалж болох вэ?

  • Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Есүс Христийн сайн мэдээний юу нь бидэнд баяр баясгалан авчирдаг вэ? Бид тэрхүү баяр баясгаланг бусадтай хэрхэн хуваалцаж болох вэ?

  • Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бидэнд өвөө, эмээ, үеэл гэх мэт гэр бүлийн гишүүдтэйгээ харилцаа холбоогоо сайжруулах ямар ямар арга зам байдаг вэ?

Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:

  • Заасан зарчмуудыг гэрчил.

  • Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.

Сургаалыг заа

Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг хөтлөн явуулна. Ойролцоогоор 25–35 минут.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлд

Бидний хүн нэг бүрийн дотор уяман өвчтэй Нааманы багахан хэсэг оршдог байх (2 Хаад 5:1–15-ыг үзнэ үү). Бошиглогч Елиша түүнд эдгэрэхийн тулд зүгээр л голын усанд угаа гэж хэлэх үед уурласан Нааман шиг бид бошиглогчдынхоо зөвлөгөөний учир шалтгааныг тэр бүр ойлгодоггүй байж магадгүй. Тэдний зарим зөвлөгөө бидэнд ямар ч ач холбогдолгүй учраас бидэнд хамаагүй гэж бид бодож болох юм. Их Эзэн, хэрэв бид бошиглогчийг дагахаар өөрсдийгөө хангалттай даруусгах юм бол агуу адислалыг хүртэнэ хэмээн амласан (Сургаал ба Гэрээ 21:4–7-г үзнэ үү). Бошиглогчийг дагах нь танд Их Эзэнд илүү ойртоход хэрхэн тусалсан бэ? 2 Хаад 4–6-д амьд бошиглогчдыг дагаснаар бид хэрхэн адислагддагийг харуулсан өөр ямар жишээ байна вэ?

Та амьд бошиглогчийг дагаснаар ирдэг адислалуудын тухай заахаар бэлдэхдээ, өсвөр үеийнхэнд тулгарч буй сорилт бэрхшээлүүдийн тухай бод. Бошиглогчийг дагах нь тэдэнд эдгээр сорилт бэрхшээлийг давахад хэрхэн тусалж чадах вэ? Мөн та ахлагч Нийл Л.Андэрсэны “Бурханы бошиглогч” (2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 28–32) эсвэл ахлагч Л.Витни Клэйтоны “Тэр та нарт юу гэж айлдана, түүнийг нь хий” (2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 11–13) захиасуудыг уншиж болно.

залуу эрэгтэйчүүдийн анги

Бошиглогчийг дагах нь тулгарч буй сорилт бэрхшээлүүдээ даван гарахад өсвөр үеийнхэнд тусалж чадна.

Хамтдаа суралц

Ярилцлага эхлүүлэхийн тулд анги, чуулгын гишүүн бүрээс (эсвэл жижиг бүлгүүдээс) дараах түүхүүдийг давтан уншихыг хүсэж болно. Үүнд: 2 Хаад 4:1–7; 5:6–14; 6:8, 13–17. Тэднээс өнөөгийн бошиглогч, төлөөлөгчдийн сургамжийг уншиж, дагахад урам зориг өгдөг зүйлийг хайж олохыг хүс. Бүлэг бүрийг олж мэдсэн зүйлээ хуваалцсаны дараа та цөөн өсвөр үеийнхнээс “Би амьд бошиглогч, төлөөлөгчдийг дагах үедээ …” гэсэн өгүүлбэрийг гүйцээхийг хүсэж болно. Бошиглогчдыг дагах талаар үргэлжлүүлэн ярилцахын тулд дараах санаануудаас нэгийг эсвэл хэд хэдийг сонго.

  • Амьд бошиглогчид зөвхөн Их Эзэний сэргээгдсэн Сүмд байдаг тул танай анги, чуулгын гишүүд амьд бошиглогчдын талаарх бусдын асуултад хариулах боломжтой байж магадгүй юм. Та амьд бошиглогчдын талаар хүмүүсийн тавьж болох дараах асуултуудыг самбарт бичиж болно: Та нар яагаад бошиглогчтой байдаг вэ? Бошиглогчийг хэрхэн сонгодог вэ? Бошиглогч үнэхээр Бурханыг төлөөлөн ярьдаг гэдгийг та нар хэрхэн мэддэг вэ? Тэд эдгээр асуултын хариултуудыг “Нэмэлт эх сурвалж” дахь эх сурвалжуудаас хайж болно. Тэд эдгээр болон өөрсдөд байгаа бусад асуултад өөрсдийн бодол санаа, туршлагыг мөн олж мэдсэн үнэнийг ашиглан хариулах дадлага хийж болно.

  • Биднийг хувь хувьдаа сорилтуудтай тулгарах үед амьд бошиглогчийн үгс хэрхэн тусалж чадах вэ? Өсвөр үеийнхэнд энэ асуултад хариулахад нь туслахын тулд, тэднийг хамгийн сүүлийн Ерөнхий чуулган дээр бошиглогчийн өгсөн зөвлөгөө, урилгыг самбарт жагсаан бичихэд урьж болно. Бид эдгээр зөвлөгөө, урилгын дагуу үйлдэхийн тулд юу хийсэн бэ? Тэрхүү хүчин чармайлтынхаа үр дүнд бид амьдралдаа ямар өөрчлөлтийг харсан бэ? Сорилт бэрхшээлээ даван гарахад нь бошиглогчийн зөвлөгөө хэрхэн тусалсан талаар хувийн туршлагаа хуваалцах хэн нэгнийг та урьж болох юм.

  • Та бошиглогчийг дагах нь Аврагчид илүү ойртоход тусалдаг гэдгийг ойлгоход нь заадаг хүмүүстээ хэрхэн тусалж чадах вэ? Үүнийг ойлгуулах нэг арга нь тэдэнд жижиг цаас өгөөд, ахлагч Нийл Л.Андэрсэны “Бурханы бошиглогч” гэсэн захиасын хэсгүүдийг уншихад урьж болох юм. Тэд цаасны нэг талд бошиглогч тэднийг Христэд ойртоход хэрхэн тусалж болох талаар олж мэдсэн зүйлээ, нөгөө талд бошиглогчийг дагахын тулд хийхээр өдөөгдсөн зүйлээ бичиж болно. Тэднийг бичсэн зүйлээ хуваалцахад урь.

Итгэлээр үйлд

Өнөөдөр хүлээж авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар бодоход тэднийг урь.

Нэмэлт эх сурвалж

Аврагчийн арга барилаар заах нь

“Бид жинхэнээсээ хөрвөгдөхийн тулд зөвхөн Сүнсний бидний бодгальд баталж байгаа үнэнийг мэдрэхээс гадна тэдгээр үнэний дагуу үйлдэх ёстой байдаг. Суралцагчдад Сүнсийг мэдэрч, танихад туслахаас гадна хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхэд тусал (Аврагчийн арга замаар заах нь, 10).