“7-р сарын 24. Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авснаар ямар ямар адислал ирдэг вэ? Езра 1; 3–7; Нехемиа 2; 4–6; 8,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022 (2021)
“7-р сарын 24. Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авснаар ямар ямар адислал ирдэг вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022
7-р сарын 24
Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авснаар ямар ямар адислал ирдэг вэ?
Хамтдаа зөвлөлд
Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар ярилцлага өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.
-
Сайн мэдээний дагуу амьдар. Бид амьдралдаа Их Эзэний мутрыг хэрхэн харж байсан бэ?
-
Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Бид тулгарсан асуудлуудаа туулахад нь нэг нэгнээ хэрхэн дэмжиж чадах вэ?
-
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Бид сайн мэдээг хуваалцахын тулд технологийг хэрхэн илүү сайн ашиглаж болох вэ?
-
Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бид гэр бүлдээ Христэд ирэхэд нь туслахын тулд юу хийж байна вэ?
Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлд
Иудейчүүд Вавилонд цөллөгдөж байгаад буцаж ирээд, Иерусалим хот болон ариун сүм сүйрснийг харав (2 Хаад 25:1–10; 2 Шастир 36:17–19-ийг үзнэ үү). Хүмүүс ариун сүмийг дахин барихыг маш их хүсэж байв. Тиймээс тэд богино хугацаанд ариун сүмээ дахин барих үйл явцыг эхлүүлсэн бөгөөд баригдаж дуусахад нь баяр хөөртэй байв (Езра 3:8–13; 6:16–22-ыг үзнэ үү). Өнөөдөр Бурханы гэрээт хүмүүсийн хувьд бид ч бас ариун сүм барьж, шинэ ариун сүм баригдахад баярладаг. Яагаад? Учир нь ариун сүмийн ёслолууд Тэнгэрлэг Эцэгийн хамгийн агуу адислалууд руу хөтөлдөг. Тэдгээр нь сүнслэг хүчийг авчирдаг. Мөн бидэнд чиглүүлэг өгдөг. Түүнчлэн тэдгээр нь биднийг Бурхантай адил болж, Түүнд байгаа бүхнийг хүлээн авахад тусалдаг. (Сургаал ба Гэрээ 84:19–22; 109:22–26-г үзнэ үү.)
Өсвөр үеийнхнийг израилчуудын адил ариун сүмийг хүсэн хүлээхэд нь та хэрхэн тусалж чадах вэ? Та тэднийг Бурханы ариун өргөөнд Түүнтэй гэрээ байгуулахыг бүх зүрх сэтгэлээрээ хүсэхэд нь хэрхэн тусалж чадах вэ? Та заахад бэлтгэхдээ, ерөнхийлөгч Томас С.Монсоны “Ариун сүмийн адислалууд” захиасыг (2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77–79) болон temples.ChurchofJesusChrist.org дээрх “Why Ordinances and Covenants Matter” нийтлэлийг судлах талаар бодож үз.
Хамтдаа суралц
Ариун сүмийн ёслолуудаас хүлээн авч чадах адислалуудыг хүсэн хүлээхэд нь анги, чуулгын гишүүдэд туслахын тулд та тэднийг Езра 3:10–13; 6:16, 21–22-ыг уншихад урь. Эртний иудейчүүдийн хувьд ариун сүм дахин барих талаар ямар бодолтой байсныг харуулсан үгс, хэллэгийг хуваалцахыг тэднээс хүс. Ариун сүм барих нь яагаад баярлан тэмдэглэх үйл явдал вэ? Өнөөгийн ариун сүмүүд болон тэнд бидний хийдэг ажлууд хэрхэн биднийг Аврагчид илүү ойртоход тусалдаг вэ? Ариун сүмд хүлээн авч чадах адислалуудыг ойлгоход нь өсвөр үеийнхэнд туслах хэд хэдэн санааг энд оруулав.
-
Иосеф Смит Көртландын ариун сүмийг онцгойлон адислахдаа хэлсэн онцгой залбирал Сургаал ба Гэрээ 109-д байдаг. Энэхүү залбиралд ариун сүмийн ёслолуудаас бидний хүлээн авч болох олон адислалыг дүрсэлсэн байдаг. Анги, чуулгын гишүүд энэ залбирлын хэсгүүдийг, ялангуяа 12–26-р шүлгээс Иосеф Смитийн гуйн залбирсан адислалуудыг хайж олж болно. Тэд эдгээр адислалыг самбарт жагсаан бичиж болно. Та эдгээр адислал тус бүр одоо болон ирээдүйд тэднийг хэрхэн хүчирхэгжүүлж болох талаар тэднээс асууж болно. Ариун сүмийн ёслолуудаар хүлээн авсан адислалуудынхаа талаар гэрчлэлээ хуваалц.
-
Та анги, чуулгын гишүүдэд ариун сүмийн талаарх бодлоо хуваалцахад нь туслахын тулд тэднээс “Ариун сүмийн талаар бодох үедээ би … мэдэрдэг” гэсэн өгүүлбэрийг гүйцээхийг хүс. Мөн тэднийг ахлагч Кэнт Ф.Ричардсын “Бурханлаг чанарын хүч” захиасын эхний таван догол мөрийг уншихад урьж болох юм (2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 107–110). Яагаад бидэнд ариун сүм юу юунаас илүү хэрэгтэй вэ? Ариун сүмийн ёслолуудаар дамжуулан Бурханы бидэнд өгдөг хүч чадлын талаар бид юу сурч мэдсэн бэ? Дараа нь өсвөр үеийнхэн ахлагч Ричардсын захиасын үлдсэн хэсгээс ариун сүмийн ёслолуудад оролцсоноор бидэнд ирдэг адислалуудыг хайж болох юм. Эсвэл ерөнхийлөгч Томас С.Монсоны “Ариун сүмийн адислалууд” захиасаас эдгээр адислалыг хайж олж болно.
-
Ариун сүмийн адислалуудыг хүртэхийн тулд зарим хүний гаргасан золиосын тухай тунгаан бодоход нь анги, чуулгын гишүүдэд туслахын тулд та тэдэнд “Ариун сүм бол гэрэлт цамхаг” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзүүлж болно. Яагаад Моу Тамын гэр бүл ариун сүм орохын тулд ийм агуу золиосуудыг гаргахад бэлэн байсан бэ? (Toмас С.Монсон, “Ариун сүм бол дэлхийн гэрэлт цамхаг,” 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 95–99-ийг мөн үзнэ үү.) Бид ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахын тулд ямар золиос гаргах хэрэгтэй вэ? Ойрын хугацаанд ариун сүм рүү явсан хүнийг хичээлд ирүүлж, туршлага хуваалцуулж болно. Та өсвөр үеийнхнийг ахлагч Роналд А.Расбандын “Их Эзэнд зөвшөөрөгдсөн” захиасыг (2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 21–25) уншиж, ариун сүмийн эрхийн бичигтэй байхын адислалуудын талаар хуваалцахад урьж болно. Мөн та нар ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагын асуултуудыг хамтдаа давтан үзэж болно (Рассэлл М.Нэлсон, “Хаалтын үг,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 138–140-ийг үзнэ үү).
Итгэлээр үйлд
Өнөөдөр хүлээж авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлэх талаар бодоход тэднийг урь.
Нэмэлт эх сурвалж
-
Квинтин Л.Күк, “Өөрийгөө ариун сүмд байгаагаар хар,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 83–87