Ерөнхий чуулган
Их Эзэнд зөвшөөрөгдсөн
2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Их Эзэнд зөвшөөрөгдсөн

Түүний Сүнс тантай хамт элбэг дэлбэг байж болохын тулд “Их Эзэнд зөвшөөрөгдөх” үйл явцаа одоо эхэл.

Ах, эгч нар аа, өглөөний мэнд хүргэе. Дэлхийн өнцөг булан бүрээс энэхүү чуулганд зайнаас цугларахыг би Аврагч, Есүс Христийн шавийн хувьд тэсэн ядан хүлээж байлаа.

Зураг
Өмнөд Африкийн Дурбаны ариун сүм

Энэ жил хамгийн ер бусын жил болж байна. Миний хувьд, Тэргүүн Зөвлөлөөс Өмнөд Африкийн Дурбан ариун сүмийг онцгойлон адислах даалгаврыг авснаар энэ нь эхэлсэн юм. Би ариун сүмийн барилгын сүр жавхлант байдлыг хэзээ ч мартахгүй. Гэхдээ орчин тойрноос илүүтэйгээр би тэрхүү ариун газарт орохоор маш сайн бэлтгэгдсэн хүмүүсийн сүрлэг жавхлант байдлыг үргэлж нандигнан санах болно. Тэд Сэргээлтийн титэм адислалуудын нэг болох Их Эзэний өргөөг онцгойлон адислах адислалаас хүртэхэд бэлэн ирсэн. Тэд Түүнийг болон Түүний Цагаатгалыг хайрлах хайраар дүүрэн зүрх сэтгэлтэй ирсэн. Тэд өргөмжлөл рүү удирдах ариун нандин ёслолуудаар хангасанд нь Тэнгэр дэх Эцэгтээ талархах талархлаар бялхан ирсэн. Тэд зохистой ирсэн.

Зураг
Өмнөд Африкийн Дурбан ариун сүмд орох гэж буй гишүүд

Ариун сүмүүд хаана байгаагаасаа үл хамааран дэлхийн арга замаас дээгүүр оршдог. Хожмын үеийн гэгээнтнүүдийн 168 ариун сүм бүгд мөнх амьдралд итгэх болон энэ амьдралдаа гэр бүл, Тэнгэрлэг Эцэгтэйгээ баяр баясгалантай өнгөрүүлнэ гэдэгт итгэх бидний итгэлийн гэрчлэл болон сүндэрлэдэг. Ариун сүмд очих нь Бурхан Тэргүүтэнийг болон үүрдийн сайн мэдээг ойлгох ойлголт, үнэний дагуу амьдрах болон үүнийг заах бидний тууштай байдал, Их Эзэн Есүс Христийн үлгэр жишээг дагах хүслийг маань нэмэгдүүлдэг.

Зураг
Их Эзэнд ариуныг

Ариун сүм бүрийн гадна талд “Их Эзэнд ариуныг (Holiness to the Lord)” гэсэн үгсийг сийлсэн байдаг. Ариун сүм бол Их Эзэний өргөө бөгөөд дэлхийгээс ангид байх ариун дагшин газар юм. Тэрхүү ариун ханануудын дунд шүтэн бишрэх хүмүүсийг Түүний Сүнс бүрхэн авдаг. Биднийг Түүний өргөөнд зочилж очих үед Тэрээр жишиг тогтоодог.

Зураг
Блэйн Твитчэлл

Миний хадам аав Блэйн Твитчэлл бол миний амьдралдаа уулзсан хамгийн сайн хүмүүсийн нэг бөгөөд надад нэгэн гайхалтай сургамжийг өгсөн юм. Түүнийг мөнх бус амьдралынхаа эцсийн мөчид ойртсон байх үед нь Расбанд эгч бид хоёр зочлохоор явлаа. Биднийг түүний өрөөнд ороход бишоп нь яг гарах гэж байв. Биднийг бишоптой мэндлэх үед би дотроо “Ямар сайхан бишоп бэ” гэж бодож билээ. Тэрээр тойргийнхоо нэгэн итгэлтэй гишүүнд тохинууллын ажил хийхээр ирсэн нь энэ байв.

Намайг Блэйнд хандан, “Бишоп тан дээр зочлохоор ирсэн нь ямар сайхан хэрэг вэ” гэж хэлэхэд

тэр над руу хараад, “Сайхнаас ч илүү хэрэг байлаа. Би ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагад орохоор бишопоо ирэхийг гуйсан юм. Яагаад гэвэл, би Их Эзэнд зөвшөөрөгдсөн байхыг хүсэж байна” гэж хэлсэн юм. Тэр тэгж ч чадсан!

“Их Эзэнд зөвшөөрөгдсөн” гэдэг үг хэллэг надад хоногшин үлдсэн юм. Энэ нь Сүмийн удирдагчидтайгаа ярилцлага хийх талаарх цоо шинэ ойлголтыг надад суулгасан билээ. Сүмийн эхэн үед 1891 он хүртэл ариун сүмийн зөвшөөрлийн бичиг болгоныг Сүмийн ерөнхийлөгч баталдаг байсан 1 нь үүний ач холбогдлыг харуулж байна.

Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлага нь өсвөр үеийнхэн болон насанд хүрэгчид аль алиных нь хувьд юу хийх, хийхгүйн талаарх асуудал биш юм. Зөвшөөрлийн бичиг нь шалгах хуудас, нэвтрэх хуудас эсвэл онцгой суудалд суухад зориулсан тасалбар биш. Энэ нь үүнээс илүү дээд, илүү ариун зорилготой. Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийг авах хүндтэй шалгуурт тэнцэхийн тулд та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн сургаалын дагуу амьдардаг байх ёстой.

Ярилцлагын үеэр та Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх хувийн итгэлийнхээ талаарх эрэл хайгуулыг зүрх сэтгэл дотроо хийх боломжтой байдаг. Та сэргээгдсэн сайн мэдээний талаарх гэрчлэлээ болон Их Эзэний Сүмийг удирдахын тулд Түүгээр дуудагдсан хүмүүсийг дэмжихэд бэлэн байгаагаа мөн сайн мэдээний сургаалд итгэх итгэл, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагынхаа биелэлт, шударга, ариун явдалтай, үнэнч, дуулгавартай байдал зэрэг чанаруудынхаа талаар болон Мэргэн ухааны үг, Аравны нэгийн хууль, Хүндэтгэлийн өдрийн ариун байдлыг хадгалах зэргийг сахиж байгаа эсэхээ илэрхийлэх боломжоор адислагддаг. Эдгээр нь Есүс Христэд болон Түүний ажилд бүхнээ зориулсан амьдралын үндсэн зарчим юм.

Таны ариун сүмийн зөвшөөрлийн бичиг таны Их Эзэний хуулиудын дагуу амьдрахаар болон Түүний хайрладаг шинж чанарууд болох даруу, номхон дөлгөөн, тууштай, энэрэнгүй, зоригтой, өрөвч, өршөөнгүй, дуулгавартай байдал зэргийг хайрлахаар хичээж байгаагийн гүн гүнзгий, сүнслэг санаа зорилгын тусгал юм. Та энэхүү ариун нандин бичиг баримтан дээр гарын үсэг зурах үедээ эдгээр жишгийг дагахаа амладаг.

Таны ариун сүмийн зөвшөөрлийн бичиг танд болон бусдад баптисм болон хишиг хүртэх, гэрлэх, лацдан холбогдох зэрэг мөнхийн ач холбогдолтой зүйлсийн эрх болон ёслолыг өгч, тэнгэрийн үүдийг нээдэг.

“Их Эзэнд зөвшөөрөгдсөн” байх гэдэг нь гэрээгээ сахидаг хожмын үеийн гэгээнтнээс шаарддаг зүйлсийг санаж байх явдал юм. Миний хадам аав Блэйн үүнийг Их Эзэний өмнө даруухнаар зогсож байх тэр өдрийн үнэлж баршгүй бэлтгэл гэж харсан.

Зураг
Дүрэлзэж буй бут

Мосе Хореб ууланд гарсныг мөн Их Эзэн Иехова түүнд дүрэлзэж буй бутан дотор үзэгдсэн үеийг тунгаан бодъё. Бурхан түүнд “Наашаа бүү ойрт! Чиний зогсож байгаа газар ариун газар учраас хөл дэх шаахайгаа тайл” 2 гэж айлдав.

Ариун сүмийн үүдэнд гутлаа тайлах гэдэг нь биднийг сүнслэг өсөлтийг сатааруулдаг дэлхийн хүсэл таашаалаа орхин, үнэ цэнтэй мөнх бус амьдралын маань зүг чигийг сарниулах зүйлсийг хойш тавин, зөрчилдөөнтэй зан авираас салж, ариун байх цагийг эрэлхийл гэсэн үг юм.

Тэнгэрлэг загварын дагуу бидний махбод Бурханы бүтээл, сүнсний маань ариун сүм бөгөөд бид түүнд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. “Миний бие бол сайн анхаарал хэрэгтэй ариун сүм юм” 3 хэмээх үгтэй хүүхдийн дууны үгс үнэхээр үнэн. Их Эзэн нифайчуудад үзэгдэх үедээ “Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд эцсийн өдөр та нар миний өмнө толбогүйгээр зогсож болохын тулд наманчлагтун” 4 хэмээн зарлигласан. “Та нар ямархуу маягийн хүмүүс байвал зохих билээ?” хэмээн асуугаад, “Үнэнээр би та нарт хэлье, бүр миний адил буюу” 5 хэмээн Тэр хариулсан. “Их Эзэнд зөвшөөрөгдсөн” байхын тулд бид Түүнтэй адил болохыг хичээдэг.

Ерөнхийлөгч Ховард В.Хантэрын Сүмийн 14 дэх ерөнхийлөгчийн хувиар хэлсэн хамгийн анхны үгийг сонсож байсан үеэ би санаж байна. Тэрээр “Гишүүн бүр ариун сүмд орох зохистой байх нь миний зүрх сэтгэлийн гүн дэх хүсэл юм. Насанд хүрсэн гишүүн бүр зохистой мөн ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байх нь Их Эзэний таалалд нийцэх болно” 6 хэмээн хэлсэн. Хязгаартай ашиглах ариун сүмийн зөвшөөрлийн бичиг нь бидний эрхэм, нандин өсвөр үеийнхэнд тодорхой замыг зааж өгөх болно гэдгийг би үүн дээр нэмж хэлмээр байна.

Ерөнхийлөгч Нэлсон ерөнхийлөгч Хантэрын хэлсэн үгийг эргэн санаж, “1994 оны 6-р сарын 6-ны тэр өдөр бидний авч явдаг ариун сүмийн зөвшөөрлийн бичиг миний хувьд өөр зүйл болон хувирсан юм. Үүнээс өмнө энэ нь зорилгодоо хүрэх хэрэгсэл байв. Энэ нь Их Эзэний ариун өргөөнд орох боломж олгодог зэмсэг байсан бол түүнийг энэхүү тунхаглалыг гаргасны дараа ариун сүмийн зөвшөөрлийн бичиг өөрөө зорилго минь болсон юм. Энэ нь Бурханы бошиглогчид дуулгавартай байгаагийн маань тэмдэг болсон билээ” 7 гэж хэлжээ.

Зураг
Наувугийн ариун сүм

Хэрвээ та зөвшөөрлийн бичгээ хараахан аваагүй эсвэл хугацаа нь дууссан бол 1846 онд Наувугийн ариун сүмийн хаалган дээр дугаарлан зогсдог байсан эртний гэгээнтнүүд 8 шиг бишопынхоо хаалганы гадаа дугаарлан зогсоорой. Тэдгээр итгэлтэй гэгээнтний дунд өвөг дээдэс маань байсан юм. Тэд үзэсгэлэнтэй хотоосоо гараад, баруун зүг рүү явах гэж байсан боловч ариун сүмд тэднийг ариун нандин туршлага хүлээж байсан гэдгийг мэдэж байжээ. Айовагийн бартаатай жимээр явж байсан Сара Рич “Хэрэв ариун сүмд бидэнд өгөгдсөн тэрхүү итгэл, мэдлэг байгаагүй бол …, бидний аялал … харанхуйн дунд харайж буй мэт байх байсан” 9 хэмээн бичжээ. Хэрэв бид энэ амьдралыг ариун сүмд амлагдсан сүнслэг өдөөлт, амар амгалангүйгээр дангаараа туулж байгаа бол энэ л бидэнд дутагдаж байгаа зүйл юм.

Түүний Сүнс тантай хамт элбэг дэлбэг байж, Түүний жишгүүд танд “ухамсрын амар амгаланг” 10 авчирч болохын тулд “Их Эзэнд зөвшөөрөгдсөн” болох үйл явцаа одоо эхэл.

Өсвөр үеийнхний удирдагч, ахлагчдын чуулгын ерөнхийлөгч, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, тохинуулагч ах эгч нар тань таныг бэлтгэхэд тусалж, бишоп, салбарын ерөнхийлөгч тань хайраар чиглүүлэх болно.

Бид ариун сүмүүд үүдээ барьсан эсвэл тэнд хязгаарлагдмал байдлаар орж буй цаг үеийг туулж байна. Ерөнхийлөгч Нэлсон, түүний дэргэд үйлчилж байгаа хүмүүсийн хувьд ариун сүмүүдийг хаах сүнслэгээр өдөөгдсөн шийдвэрүүд нь “сэтгэл өвтгөм”, “санаа зовином” байсан. Ерөнхийлөгч Нэлсон “Би бошиглогч Иосеф Смитэд юу гэж хэлэх байсан бэ? Би Бригам Янг, Вилфорд Вүдрафф болон ерөнхийлөгч Томас С.Монсон хүртэлх бусад ерөнхийлөгчид юу гэж хэлэх байсан бэ?” 11 гэж өөрөөсөө асууж байв.

Одоо бид лацдан холбох, хишиг хүртэх ёслолуудыг хязгаарлагдмал хүрээнд гүйцэтгэхээр ариун сүмүүдийг дахин аажмаар, талархалтайгаар нээж байна.

Гэхдээ ариун сүмд орохуйц зохистой байх явдлыг хойш тавиагүй юм. Танд ариун сүмд орох боломж байгаа эсэхээс үл хамааран гэрээний зам дээр бат үлдэхийн тулд ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичиг хэрэгтэй гэдгийг онцолж хэлье.

Зураг
Шинэ Зеланд дахь бүлэг

Өнгөрсөн оны сүүлээр Расбанд эгч бид хоёр Шинэ Зеланд дахь ганц бие залуучуудын томоохон бүрэлдэхүүнтэй ярилцахаар томилолтоор явсан юм. Тэдэнд ариун сүмд хялбархан орох боломж байгаагүй бөгөөд Хамилтон дахь ариун сүм засвартай байсан төдийгүй тэд Окланд дахь ариун сүмийн шав тавихыг хүлээж байжээ. Гэтэл надад тэднийг ариун сүмийн зөвшөөрлийн бичгээ авахад эсвэл хугацааг нь сунгахад уриалах сүнсээр өдөөгдсөн мэдрэмж төрсөн юм.

Тэд хэдий ариун сүмд байж чадахгүй ч өөрсдийгөө Их Эзэний өмнө цэвэр ариун мөн Түүнд үйлчлэхэд бэлтгэгдсэн байлгаж болно. Ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байхуйц зохистой байх нь таныг Их Эзэнд амьдралынхаа талаар баттай амлалт өгсөн тул дайснаас хамгаалах хамгаалалт ба Сүнс тантай хамт байна гэсэн амлалтын аль аль нь болдог.

Бид өвөг дээдсийнхээ нэрсийг хайж, ёслол үйлдүүлэхээр нэрсийг нь илгээх үедээ ариун сүмийн ажлыг хийдэг. Ариун сүмүүд хаалттай байгаа энэ үед гэр бүлийнхээ талаар эрэл хайгуул хийх боломжтой хэвээр байна. Бид зүрхэндээ Бурханы Сүнстэй байвал нас барагсдыг итгэмжлэн тэдний өмнөөс Их Эзэнд зөвшөөрөгдсөн байдаг.

Би Ариун сүмийн хэлтсийн гүйцэтгэх захирлаар үйлчилж байхдаа ерөнхийлөгч Гордон Б.Хинклиг Их Эзэний Наувугийн ариун сүмийн талаар өгүүлсэн энэхүү судрыг эш татахыг олонтоо сонсож байсан. “Миний ариун сүмийн ажил, мөн та нарт миний томилсон бүх ажил үргэлжлэг мөн бүү зогсог; мөн та нарын хичээл зүтгэл, мөн та нарын шаргуу тэвчээр, мөн тэсвэр өсөг, мөн та нар шагналаа дэмий алдах нь үгүй хэмээн Түмний Их Эзэн хэлж байна.” 12

Ариун сүм дэх бидний ажил мөнхийн шагналтай маань холбогдсон байдаг. Ойрд бидэнд сорилт тулгараад байна. Ариун сүм дэх ажлыг “хичээл зүтгэл … шаргуу тэвчээртэйгээр” 13 хийлгэхээр Их Эзэн биднийг дуудсан. “Их Эзэнд зөвшөөрөгдсөн” байх нь тэдгээр чанарыг шаарддаг. Бид зарлигуудын дагуу амьдрахдаа хичээл зүтгэлтэй байж, ариун сүмийн гэрээнүүддээ анхаарлаа төвлөрүүлж, Их Эзэний тэдгээрийн талаар үргэлжлүүлэн заах зүйлсэд талархалтай байж, ариун сүмүүд дахин бүрэн нээгдэх хүртэл тэвчээртэй байх ёстой.

Их Эзэн биднийг хүчин чармайлтаа “дахин нэм” хэмээн дуудах үедээ биднээс үүнийгээ зөв шударга байдалд нэмэгдүүлээсэй хэмээн хүсэж байдаг. Жишээ нь, бид Их Эзэний өргөөнд үзүүлж буй хайраа ариун сүмийн эрхийн бичиг авахаар бэлтгэж буй хүмүүстэй, ялангуяа гэр бүлийн гишүүдтэйгээ хуваалцаж болохын тулд судраас илүү сайн судалж, гэр бүлийн түүхийн эрэл хайгуул хийн, итгэлээрээ залбирч болох юм.

Таныг зөв шударга хүчин чармайлтаа дахин нэмэгдүүлэхээр хичээх үед Бурхан Эцэгт болон Есүс Христэд үнэнч байх байдал тань шинэчлэгдсэнийг та мэдрэх болно. Ариун Сүнс элбэг дэлбэгээр таныг чиглүүлж байгааг та мэдэрнэ. Та ариун нандин гэрээнүүддээ талархаж, “Их Эзэнд зөвшөөрөгдсөн” гэдгээ мэдсэнээр амар амгаланг мэдрэх болно гэдгийг Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчийн хувиар би амлаж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Хэвлэх