Ерөнхий чуулган
Их Эзэнийг хүлээх
2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган


14:18

Их Эзэнийг хүлээх

Яагаад гэвэл, итгэл нь сайн муу аль ч цагт, бүр Бурханы мутар бидний төлөө илчлэгдэх хүртэл зовж шаналах үедээ ч Бурханд найдах гэсэн үг юм.

Хайрт ах, эгч нар аа, бид бүгдээрээ, ялангуяа би, хайрт бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоноос хаалтын үгийг сонсохыг тэсэн ядан хүлээж байна. Чуулган гайхалтай сайхан болж өнгөрч байгаа ч бид КОВИД-19 цар тахлын улмаас уламжлалт үйл ажиллагаагаа хоёр дахь удаагаа өөрчиллөө. Энэ цар тахал биднийг үсээ зулгаамаар санагдтал залхааж байна. Зарим ах маань аль хэдийн үсээ зулгаасан бололтой. Энэхүү цар тахалд ямар нэгэн байдлаар өртсөн, ялангуяа хайртай нэгнээ алдсан хүмүүсийн төлөө бид байнга залбирч байгааг мэдээсэй гэж хүсэж байна. Энэ нөхцөл байдал хэтэрхий удаан үргэлжилж байгаа гэдэгтэй хүн бүр санал нэг байгаа.

Бидэнд тохиолдсон зовлон зүдүүрээс ангижрахын тулд бид хэр удаан хүлээх вэ? Ингэж хүлээсээр л байхад тусламж ирэхгүй удвал бид хувийн сорилт бэрхшээлээ хэрхэн тэвчих вэ? Ачаа дарамт дааж чадахаас маань их байхад яагаад ингэж хүлээх ёстой юм бэ?

Эдгээр асуултыг асуух үедээ, хэрэв бид хичээвэл тухайн нутгийн хамгийн хүйтэн өвөл чийгтэй, харанхуй шоронгийн өрөөнөөс цуурайтах нэгний орь дууг сонсож чадна.

“Ай Бурхан минь, та хаана байна вэ?” Мөн таны байгаа газрыг бүрхэгч тэрхүү асар хаана байна вэ? Таны гар хэчнээн удаан хүлцэн тэвчих юм бэ?”1 гэсэн үгсийг Либерти шоронгийн гүнээс бид сонсох болно. Ай Их Эзэн минь, хэр удах юм бэ?

Уй гашуу биднийг дайрч, зүрх сэтгэл маань үргэлжлүүлэн шаналсаар байх үед ийн асуух анхны эсвэл сүүлчийн хүмүүс бид биш юм. Би цар тахал юм уу шоронгийн талаар биш, харин хязгааргүй олон сорилт бэрхшээлтэй тулгардаг таны тухай, таны гэр бүл, хөршүүдийн тухай ярьж байна. Гэрлэхийг хүссэн ч гэрлээгүй байгаа, гэрлэсэн ч харилцаагаа бага ч болов селестиел байгаасай гэж хүсдэг хүмүүсийн талаар би ярьж байна. Эрүүл мэндийн хүнд байдлаас, магадгүй эдгэшгүй өвчнөөс болж хүсээгүй зүйлтэйгээ тулгарч байгаа; ямар ч эмчилгээгүй төрөлхийн согогтойгоо насан туршдаа тэмцэж буй хүмүүсийн тухай ярьж байна. Оюун санаа, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаас болж зовж шаналж байгаа маш олон хүний бодгальд болон тэднийг хайрладаг, зовлонг нь хуваалцдаг хүмүүсийн зүрх сэтгэлд байнга учирдаг тэрхүү дарамтын талаар ярьж байна. Аврагчийн бидэнд хэзээ ч мартахгүй байхыг сануулсан тэрхүү ядуусын талаар мөн сонгоосой хэмээн залбирч байснаас тань өөр замыг сонгосон хүүхдээ хэдэн ч настай болсон бай эргэж ирээсэй хэмээн хүсэн хүлээж буй таны талаар би ярьж байна.

Цаашлаад, бидний хувь хүн бүрийн хүсэн хүлээдэг зүйлсийн урт жагсаалтад бүх нийтэд тулгардаг эдийн засаг, улс төр, нийгмийн томоохон асуудлуудыг би дурдахыг хүсээгүй гэдгээ хэлье. Тэнгэр дэх Эцэг маань эдгээр сэтгэл шимшрүүлэм олон нийтийн болон хувийн асуудлын аль алинд анхаарлаа хандуулахыг биднээс хүсдэг нь тодорхой боловч бид хамгийн сайнаараа сүнслэгээр хичээн чармайж, чин сэтгэлээсээ гуйн залбирсан ч дэлхийг хамарсан томоохон эсвэл хувь хүний багахан хэмжээний асуудлуудыг хүссэнээрээ шийдвэрлэж чадахгүй байх үе амьдралд маань тохиолдоно. Тиймээс бид зарим залбирлынхаа хариултыг авахаар хамтдаа хичээж, хүлээх явцдаа бидний хүссэн цагт хүссэн арга замаар биш ч гэсэн сонорт нь хүрч, хариулт нь ирсэн амлалтыг би та нарт төлөөлөгчийн хувьд санал болгомоор байна. Гэхдээ тэдгээр залбирлын хариу бүхнийг мэддэг, мөнхөд өрөвч нинжин сэтгэлээр дүүрэн эцэг эхийн цаг, арга замаар үргэлж ирдэг. Хайрт ах, эгч нар минь ээ, хэзээ ч үүрэглэдэггүй, унтдаггүй Тэрээр2 тэнгэрлэг хүмүүний хувьд хийх хэрэгтэй бүх зүйлээсээ илүү Өөрийн хүүхдүүдийн аз жаргал, эцсийн өргөмжлөлд анхаардаг гэдгийг ойлгоорой. Тэрээр цэвэр хайрын алдар суут амьд жишээ бөгөөд Түүний алдрыг Нигүүлсэнгүй Эцэг хэмээдэг.

Та нар “Хэрэв тийм бол, Түүний хайр, нигүүлсэл бидний хувийн Улаан тэнгисийг хялбархан хувааж, бидэнд зовлон бэрхшээлээсээ салж, хуурай газар дээр алхах боломжийг өгөх байсан бус уу? Тэрээр бидэнд учирч буй зовлонг буюу 21-р зууны хүрэлзгэнүүдийг хурдан идүүлэхээр хаа нэгтээгээс нисэн ирэх 21-р зууны цахлайнуудыг илгээхгүй байсан гэж үү?” гэж асууж магадгүй.

Ийм асуултуудад “Тийм ээ, Бурхан тэр даруй гайхамшгийг үйлддэг. Гэвч бидний мөнх бус амьдралд аялах аяллын хором мөч бүр Түүнийх бөгөөд Тэр ганцаараа удирдана гэдгийг бид эрт орой хэзээ нэгэн цагт мэдэж авах болно” гэж хариулна. Тэр бидний хүн бүрийн хуанлийг тус тусад нь хөтөлдөг. Бетзада цөөрөм рүү орж, үтэр түргэн эдгэрэхээ хүлээж буй өвчтөн бүрд,3 амлагдсан нутагт очихоор 40 жилийг цөлд өнгөрүүлсэн нэгэнд,4 итгэлийнхээ улмаас галаар хүрээлэгдэж, тэнгэрлэгээр хамгаалагдсан Нифай, Лихайн адил хүн бүрд5 өөр өөрийн цаг хугацаа бий. Бидэнд итгэлийнхээ улмаас дүрэлзэх галд амиа алдсан Абинадай бий.6 Баалын эш үзүүлэгчдийн эсрэг гэрчлэхдээ тэнгэрээс галыг агшин зуур буулгасан Елиа 7 бол хур бороо ороогүй хэдэн жилийн турш хэрээний авчирсан өчүүхэн хоол хүнсээр тэжээгдсэн Елиа юм гэдгийг бид санаж байна.8 Миний бодож буйгаар тэр хоол хүнс “амтат хоол” байгаагүй нь лавтай.

Эдгээрийг би яагаад дурдаж байна вэ? Яагаад гэвэл, итгэл нь сайн муу аль ч цагт, бүр Бурханы мутар бидний төлөө илчлэгдэх хүртэл зовж шаналах үедээ ч Бурханд найдах гэсэн үг юм.9 Хэн ч юуны ч төлөө шаналах ёсгүй тул бүх зовлонгоос зайлсхийхэд амьдралын хамгийн сайн сайхан оршдог гэж олон хүн үзэж байгаа өнөө үед үүнийг үйлдэхэд ярвигтай байж болох юм.10 Энэ үзэл бодол нь “Христийн дүүрэн чанарын хэмжээнд”11 хэзээ ч хүргэхгүй.

Ахлагч Нийл А.Максвэллын хэлсэн дараах үгийг зориглон өөрчилж байгаадаа түүнээс хүлцэл өчиж байна. “Хүний амьдралд … итгэлээр дүүрэн атлаа сэтгэлийн дарамтгүй байдал нэгэн зэрэг оршиж чадахгүй” гэдгийг би мөн сануулъя. Бид “бэрхшээл зовлонгүй амьдарч,” нимбэгийн ундаа шимэнгээ “Их Эзэн минь, та надад зовлон зүдүүр, өвчин эмгэг, эсэргүүцэл гэдгийг өөрийн биеэр үзэлгүйгээр олж авах туршлага суулгаж өгөөч. Хэн нэгнийг надад онцгүй хандахгүй эсвэл надаас урвахгүй байлгаач. Хамгийн чухал нь Та болон хайртай хүмүүс маань намайг орхисон мэт мэдрэмжийг надад хэзээ ч битгий төрүүлээч. Үнэндээ, Их Эзэн минь, Таныг тэнгэрлэг болгосон тэр бүх туршлагаас намайг хол байлгахыг хичээгээрэй. Бусад бүх хүнийг амьдралын бартаа нугачааг даван туулсны дараа намайг Тан руу очиж, Тантай хамт амьдарч, ая тухтай Христийн сургаалын үүлэн дээр хөвөн явахдаа бидний давуу тал, зан байдал ямар адилхан болохыг сайрхах боломжийг надад соёрхооч”12 гэж хэлэх боломжгүй юм.

Ах, эгч нар аа, Христийн сургаал тайтгарал өгдөг ч үргэлж ая тухтай байлгадаггүй билээ. Энэ болон ирэх амьдралд цэвэр ариун байдал, аз жаргалд хүрэх зам урт бөгөөд заримдаа бартаатай байдаг. Уг зам дээр явахад цаг хугацаа, шаргуу байдал хэрэгтэй. Мэдээж, үүнийг хийснийхээ эцэст асар том, гайхалтай шагналыг авна. Энэ үнэнийг Мормоны Номын Алмагийн 32-р бүлэгт товч тодорхой, ойлгомжтой заасан байдаг. Уг бүлэгт энэ агуу дээд прист заахдаа, бид Бурханы үг болох үрийг зүрх сэтгэлдээ суулгаад, усалж, зэрлэгийг нь зулгааж, бордож, хангалттай арчлах юм бол идсэн байхад дахиж хэзээ ч цангаж, өлсөхөөргүй “хамгийн эрхэм, амтат бүхнээс дээд амтат” жимсийг ирээдүйд өгөх болно13 гэсэн.

Энэ гайхалтай бүлэгт олон сургаалыг заасан хэдий ч хамгийн чухал нь бид тухайн үрийг арчилж, “үүний жимсийг итгэлийн нүдээр хүсэн хүлээж14 боловсрохыг нь хүлээх ёстой гэдэг үнэн юм. Алмагийн хэлснээр бид ургацаа “удахгүй”15 хураана. Тэрээр гайхалтай сургаалынхаа төгсгөлд зүрх сэтгэл дэх Бурханы үгийг арчлахдаа шаргуу, тэвчээртэй байж, “уг мод та нарт жимс өгөхийг” “тэсвэртэйгээр” “хүлээхийг16 гурвантаа сануулсанд гайхах зүйл үгүй билээ.

КОВИД, хорт хавдар, айдас эргэлзээ, санхүүгийн асуудал, гэр бүлд тулгарах сорилт бэрхшээл зэрэг дарамт зовлон хэзээ үгүй болох вэ? “Удахгүй”17 үгүй болно. Удахгүй гэдэг нь богино эсвэл урт хугацаа эсэхийг бид биш, харин Бурханы ач ивээл тодорхойлох бөгөөд Есүс Христийн сайн мэдээнээс зууран барих хүмүүст адислалууд ирэх болно. Адислал авах боломжийг олгох асуудлыг олон жилийн тэртээ Иерусалим дахь хувийн цэцэрлэг, нийтийн толгод дээр шийдсэн билээ.

Одоо бид энэхүү чуулганы төгсгөлийн үгийг хайрт бошиглогчоосоо сонсохдоо Рассэлл Нэлсон бол “Эзэнд найдагчид хүчээ сэлбэ[ж,] бүргэд мэт жигүүр дээрээ элин халина; Гүйлээ ч үл туйлдана. Алхлаа ч эс цуцна”18 гэдгийг амьдралынхаа туршид харуулсаар ирсэн гэдгийг санацгаая. Зовлон шаналлаасаа ангижирч, уй гашуугаасаа салахыг эрэлхийлэгч хүн нэг бүрд эдгээр адислал эрт орой хэзээ нэгэн цагт, “удахгүй” ирээсэй хэмээн би залбирч байна. Би Бурханы хайрыг болон амьдралд маань тулгардаг бүх асуудалд ямар нэгэн байдлаар хариулт өгдөг Түүний гайхамшигт сайн мэдээний Сэргээлтийг гэрчилж байна. Их Эзэн Есүс Христийн ариун нэрээр, амен.