Бүх үндэстэн, ястан, хэлтэн
Бид өөрсдийн замаар Их Эзэний бошиглол, амлалтын биелэл буюу дэлхий ертөнцийг адислах сайн мэдээний нэг хэсэг болж чадна.
Хүндэт ах эгч нар аа, би саяхан коронавируст халдварын удирдамж гарсны дараахан ариун сүмийн лацдан холбох ажлыг гүйцэтгэсэн юм. Сүйт бүсгүй, сүйт залуу хоёр хоёулаа эргэж ирсэн номлогчид байсан ба эцэг эх, ах эгч дүү нартайгаа хамт байв. Тийм ч амар зүйл байсангүй. Сүйт бүсгүй нь 10 хүүхдийн 9 дэх нь байв. Түүний есөн ах эгч дүү хамгийн томоосоо бага хүртлээ дараалан, мэдээж хоорондын зай барин сууж байлаа.
Тэд нүүж очсон газар болгондоо сайн хөрш байхыг эрмэлздэг байжээ. Гэвч тэдний гэр бүл Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд байсан учраас нүүж очсон газрынх нь хөршүүд тийм ч сайнаар хүлээж авдаггүй тухай сүйт бүсгүйн ээж хэлсэн юм.
Энэ гэр бүлийнхэн сургууль дээрээ найз нөхөдтэй болж, нэмэр хандив оруулж, хүлээн зөвшөөрөгдөхийн тулд бүх зүйлийг хийсэн боловч үр дүнд хүрээгүй ажээ. Тэд хүмүүсийн зүрх сэтгэлийг зөөлрөөсэй гэж олон удаа залбирсан байна.
Нэгэн шөнө тэр гэр бүл залбирлынх нь хариу санаанд оромгүй байдлаар хариулагдсаныг мэдэрсэн юм. Тэдний байшин түймэрт өртөж, юу ч үгүй шатжээ. Гэтэл ямар нэгэн өөр зүйл тохиов. Тэрхүү гал хөршүүдийнх нь зүрх сэтгэлийг зөөлрүүлсэн байв.
Тэдний хөршүүд болон орон нутгийн сургууль бүх зүйлээ алдсан уг гэр бүлд зориулан, шаардлагатай хувцас, гутал, бусад хэрэгцээт зүйлийг цуглуулав. Сайхан сэтгэл ухаарал, ойлголцлыг авчирсан юм. Энэ нь тэдний залбирлынхаа хариуг авна гэж найдаж, хүлээж байсан арга зам биш байв. Гэхдээ тэд хүнд хэцүү туршлагаар болон зүрх сэтгэлийн залбирлын гэнэтийн хариултаар олж мэдсэн зүйлдээ талархдаг.
Үнэн хэрэгтээ, итгэлтэй зүрх сэтгэлтэй, харах нүдтэй хүмүүсийн хувьд Их Эзэний өршөөл энэрэл амьдралын бэрхшээл дунд ч байдаг. Үнэнчээр даван туулсан бэрхшээл, гаргасан золиос нь тэнгэрийн адислалуудыг авчирдаг. Энэхүү мөнх бус байдалд бид зарим зүйлийг хэсэг хугацаанд алдаж эсвэл хүлээж болно. Гэхдээ эцэст нь хамгийн чухал зүйлийг олох болно. 1 Энэ бол Түүний амлалт юм. 2
2020 онд гарсан манай хоёр зуун жилийн ойн тунхаг ”Бурхан дэлхийн бүх улс оронд байх Өөрийн хүүхдүүдэд хайртай” 3 хэмээх гүн гүнзгий амлалтаар эхэлдэг. Янз бүрийн үндэстэн, ястан, хэлтэн бидэнд 4 Бурхан амлаж, бидэнтэй гэрээ байгуулж, Өөрийн өгөөмөр баяр баясгалан, сайн сайхнаас хүртэхэд урьдаг.
Бүх хүнийг хайрладаг Бурханы хайрын тухай сударт бүхэлд нь батлан хэлсэн байдаг. 5 Энэхүү хайр нь Түүний тараагдсан хүүхдүүдийг цуглуулах Абрахамын гэрээнүүдийг 6 болон бидний амьдрал дахь Түүний аз жаргалын төлөвлөгөөг хамардаг.
Итгэлийн өргөөнд гаднынхан болон ирмэл хүн, 7 ядуус эсвэл баячууд, 8 үл тоомсорлогдож, гадуурхагдсан хэн нэгэн байх ёсгүй юм. “Нутгийн иргэдийн хувьд” 9 биднийг дэлхий ертөнцийг илүү сайн болгон өөрчилж, нэг удаад нэг хүн, нэг гэр бүл, нэг айлыг дотроос нь өөрчлөхөд урьсан билээ.
Энэ нь биднийг сайн мэдээний дагуу амьдарч мөн үүнийг хуваалцах үед тохиолддог. Энэ эрин үеийн эхэнд бошиглогч Иосеф Тэнгэрлэг Эцэг газар бүрийн бүх хүн Бурханы хайрыг олж авч, Түүний өсөж хөгжин, өөрчлөгдөх хүчийг мэдрэхийг хүсдэг хэмээх гайхалтай бошиглолыг хүлээн авсан.
Энэ бошиглолыг Нью-Йоркийн Палмира дахь Смитийн гэр бүлийн дүнзэн байшинд хүлээн авсан билээ. 10
1998 онд дууссан, Смитийн байшинг анхны сууриар нь сэргээн засварлав. Моронай 1823 оны 9-р сарын 21-ний орой залуу Иосеф дээр Бурханы гайхамшигт элч болон ирсэн энэ хоёрдугаар давхрын унтлагын өрөө 5.49 х 9.14 х 3.05 метрийн хэмжээтэй. 11
Та нар бошиглогч Иосеф Смитийг юу гэснийг санаж байгаа байх.
“[Моронай] … Надад зориулан хийх нэгэн ажил Бурханд бий гэдгийг; мөн миний нэр бүх үндэстэн, ястан болон хэлтнүүдийн дунд сайнаар бас муугаар дурсагдаж болно. …
[Моронай] нэгэн ном хадгалагдсаныг, … үүрдийн Сайн мэдээний бүрэн байдал үүнд агуулагдсаныг тэр хэлэв” 12 гэж дүрсэлжээ.
Энд түр азнаад, дараах зүйлийг авч үзье. Бид бошиглогч Иосефыг болон өөр ямар ч мөнх бус эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг бус, харин Мөнхийн Эцэг Бурханыг болон Түүний Хүү Есүс Христийг шүтэн биширдэг.
Гэсэн хэдий ч Бурханы Өөрийн үйлчлэгчдэд өгдөг бошиглол хэрхэн биелдгийг эргэцүүлэн бодоорой. 13 Зарим нь эрт, зарим нь хожим биелдэг ч бүгд биелдэг. 14 Бид Их Эзэний бошиглолын сүнсэнд анхаарлаа хандуулснаар өөрсдийн замаар Түүний бошиглол, амлалтын биелэл буюу дэлхий ертөнцийг адислах сайн мэдээний нэг хэсэг болж чадна.
1823 онд Иосеф шинээр тусгаар тогтносон, бусдын мэддэггүй байсан нэгэн тосгонд амьдарч байсан, хэний ч үл таних 17 настай насны хүү байв. Хэрэв энэ нь үнэн биш байсан бол тэрээр Бурханы ажлыг гүйцэтгэх зэмсэг болж, Бурханы бэлэг, хүчээр дамжуулан хожим нь хүн бүхний мэдэх ариун судрыг орчуулах болно хэмээн хэрхэн төсөөлөх байсан бэ?
Гэвч энэ нь үнэн тул энэхүү бошиглол биелж байгааг, тэр байтугай биднийг үүнд туслуулахаар урьсан гэдгийг та, би, бид бүгд гэрчилж чадна.
Ах, эгч нар аа, дэлхийн өнцөг булан бүрээс 2020 оны 10-р сарын энэхүү Ерөнхий чуулганд оролцож байгаа бидний хүн нэг бүр энд яригдсан үндэстэн, ястан, хэлтнүүдийн дунд байгаа.
Өнөөдөр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд 196 улсад амьдардаг бөгөөд үүний 90 улсад Сүмийн 3446 гадас байна. 15 Бид газар зүйн олон байршил мөн хүч чадлын төвүүдийн аль алиныг төлөөлдөг.
2020 он гэхэд, Сүмд нэг сая гаруй гишүүнтэй гурван улс байх болно гэдгийг 1823 онд хэн төсөөлж байсан байх вэ? Эдгээр орон бол Америкийн Нэгдсэн Улс, Мексик, Бразил юм.
Эсвэл тус бүр 100000 гаруй Сүмийн гишүүнтэй 23 улс Хойд Америкт гурав, Төв ба Өмнөд Америкт арван дөрөв, Европт нэг, Азид дөрөв, Африкт нэг байх болно гэдгийг хэн төсөөлж байсан бэ? 16
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Мормоны Номыг “гайхамшигт гайхамшиг” хэмээн нэрлэсэн. 17 Үүнийг гэрчүүд “Бүх үндэстэн, ястан, хэлтнүүд хийгээд хүмүүст байх болно” гэж гэрчилдэг. 18 Өнөөдөр Ерөнхий чуулганыг 100 хэл дээр үзэх боломжтой. Ерөнхийлөгч Нэлсон Есүс Христийг болон Түүний сэргээгдсэн сайн мэдээг 138 үндэстэнд гэрчилсэн бөгөөд энэ тоо өссөөр байна.
1830 онд Мормоны Номыг анх 5000 ширхэг хэвлэснээс хойш бүхэлд нь буюу хэсэгчилсэн байдлаар 192 сая орчим хувийг 112 хэлээр хэвлүүлжээ. Мормоны Номын орчуулгууд нь мөн дэлхий дахинд цахим хэлбэрээр өргөн тархаад байна. Одоогийн байдлаар Мормоны Ном 50 сая ба түүнээс олон хүн ярьдаг дэлхийн 23 хэлний ихэнх дээр мөн 4.1 тэрбум орчим хүний төрөлх хэл дээр орчуулагджээ. 19
Бидний хүн нэг бүрийг оролцоход урьсан тэрхүү өчүүхэн бөгөөд энгийн зүйлээр агуу их зүйлүүд улиран авчрагддаг.
Жишээлбэл, би Юта мужийн 2200 хүн амтай Монро хотод болсон гадасны чуулганд оролцож байхдаа, хэдэн хүн номлолд үйлчилсэн бэ гэж асуув. Бараг бүгд гараа өргөсөн. Сүүлийн жилүүдэд тэрхүү ганц гадаснаас гэхэд л 564 номлогч АНУ-ын бүх 50 мужид болон Антарктидаас бусад бүх тивийн 53 улсад үйлчилжээ.
Антарктидын тухай ярьсан зүйл дээрээ нэмж хэлэхэд, “дэлхийн хязгаар” хэмээн нэрлэгддэг Аргентины өмнөд хэсэгт байдаг Ушуайа хотод ч гэсэн манай номлогчид Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг хуваалцах үед тэрхүү бошиглол биелж байгааг би харсан. 20
Сайн мэдээний дагуу амьдарснаар хүртэх үр жимс дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй итгэлтэй гэгээнтнүүдэд ирэхийг Гэгээнтнүүд 21 ботийн хавтас бүхий ханын зурагт дүрсэлсэн байдаг. Моронай Мормоны Номын ялтаснуудыг итгэлтэй эгч Мэри Витмэрт үзүүлсэн бөгөөд энэ эгчийн төдийгүй гишүүн бүрийн амьд гэрчлэл, сайн мэдээний аялалд манай Сүмийн түүх бэхлэгдсэн байдаг. 22
2021 оны 1-р сард гарах Найз, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, Лиахона зэрэг манай дэлхий даяарх Сүмийн шинэ сэтгүүлүүдийг дэлхий дахины итгэлийн хүрээллийн нэг хэсэг болгож, туршлага болон гэрчлэлээ хуваалцахад бүх хүнийг урьж байна. 23
Ах, эгч нар аа, бид Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлж, сэргээгдсэн сайн мэдээний үнэн болон ариун гэрээнүүдийн дагуу амьдарч, адислалуудыг хүлээн авч, одоо хийгдэж буй Сэргээлтийн талаар судалж, тунгаан бодож, хуваалцсанаар бошиглол биелэхэд оролцдог.
Газар бүрд амьдралыг адисалдаг сайн мэдээний хэв маягаар бид өөрсдийгөө болон дэлхийг өөрчилж байна.
Нэгэн африк эгч “Миний нөхрийн санваарын үйлчлэл түүнийг илүү тэвчээртэй, сайхан сэтгэлтэй болгодог. Би бас илүү сайн эхнэр, эх хүн болж байна” гэж хэлсэн.
Төв Америкт нэр хүндтэй олон улсын бизнесийн зөвлөх Бурханы сэргээгдсэн сайн мэдээг олж мэдэхээсээ өмнө гудамжинд ямар ч зорилгогүй амьдардаг байсан гэжээ. Одоо тэрээр гэр бүлийнхээ хамт хувь хүний өвөрмөц шинж чанар, зорилго, хүч чадлыг олж авсан.
Өмнөд Америкт амьдардаг нэгэн залуу хүү барьж буй байшиндаа цонх худалдаж авахад нь гэр бүлийнхэндээ туслахын тулд тахиа өсгөж, өндгийг нь борлуулж байна. Тэр эхлээд аравны нэгээ төлдөг. Тэр хүү тэнгэрийн цонх нээгдэхийг харах нь гарцаагүй.
АНУ-ын баруун өмнөд хэсэгт оршдог Колорадо мужийн баруун өмнөд, Юта мужийн зүүн өмнөд, Аризонагийн зүүн хойд, Нью-Мехикогийн баруун хойд булангаас тус тус бүрдэх бүс нутагт нэгэн уугуул америк гэр бүл сайн мэдээний итгэл, бие даах чадварын бэлгэдэл болсон сайхан сарнайн бутыг цөлд тарьж, ургуулж байна.
Иргэний хатуу ширүүн дайнаас амьд үлдсэн, Зүүн Өмнөд Азид амьдардаг нэгэн ахад цөхрөнгөө барсан амьдрал нь ямар ч утгагүй мэт санагдаж байв. Тэрээр зүүдэндээ хуучин ангийнх нь хүүхэд ариун ёслолын таваг бариад, авралын ёслолууд хийгээд Есүс Христийн Цагаатгалын талаар гэрчилж байгааг харан, үүнээс найдвар олж авчээ.
Тэнгэрлэг Эцэг хаа газрын биднийг Түүний хайрыг мэдрэхэд болон боловсрол, нэр хүндтэй ажил, бие даасан үйлчлэл, Түүний сэргээгдсэн Сүмд байдаг сайн сайхан, аз жаргалаар дамжуулан сурч, хөгжихөд урьж байна.
Бид заримдаа хамгийн харанхуй, ганцаардмал, хамгийн их эргэлзэж тээнэгэлзсэн үедээ залбирлаар дамжуулан Бурханд итгэхдээ, өөрсдөөс маань ч илүү биднийг мэдэж, хайрладаг болохыг нь мэддэг.
Тиймээс бидэнд гэр орон, нийгэмдээ тогтвортой шударга ёс, тэгш байдал, амар амгаланг тогтооход Бурханы тусламж хэрэгтэй байна. Бурханы гэтэлгэгч хайрыг мэдэрч, Түүний Хүүгийн Цагаатгалаар дамжуулан ач ивээл, гайхамшгуудыг эрэлхийлж мөн ариун нандин гэрээнүүдээр дамжуулан тогтвортой харилцааг тогтоох үед бидний хамгийн үнэн, хамгийн гүн гүнзгий, жинхэнэ хүүрнэл, газар, харьяалал ирдэг.
Шашны сайн сайхан байдал, мэргэн ухаан өнөөгийн эмх замбараагүй, шуугиантай, бохирдсон ертөнцөд хэрэгтэй байна. Бид хүмүүний сэтгэлийг хэрхэн өөрөөр сэргээж, урамшуулж, заан чиглүүлж чадах вэ? 24
Гаитид мод тарих нь хүмүүс хамтдаа сайн үйлс хийхийн тулд цугларсан олон зуун жишээний зөвхөн нэг нь юм. Орон нутгийн иргэд, тэр дундаа мод бэлэглэсэн манай Сүмийн 1800 гишүүн 25000 орчим мод тарихаар цугларсан байсан. 25 Энэхүү олон жилийн ойжуулах төслөөр аль хэдийн 121000 гаруй мод тариад байна. Цаашид ч хэдэн арван мянгыг тарихаар төлөвлөж байна.
Энэхүү нэгдсэн хүчин чармайлт нь сүүдэр үүсгэн, хөрсийг хамгаалж, ирээдүйн үерийг зогсоох болно. Энэ нь хорооллуудыг тохижуулж, орон нутгийг байгуулж, хүмүүсийг хоол хүнсээр ханган, бодгалийг тэтгэн тэжээдэг. Хэрвээ та эдгээр модны жимсийг хэн хурааж авдаг болохыг гаитичуудаас асуувал тэд “Өлсөж буй хэн ч бай” гэж хариулна.
Дэлхийн хүн амын 80 орчим хувь нь шашин шүтлэгтэй. 26 Шашин шүтлэгтэй нийгмийн бүлгүүд байгалийн гамшгийн дараах яаралтай хэрэгцээг хангахад болон хоол хүнс, орон байраар хангах, боловсрол олж авах, бичиг үсэг сурч, ажлын байрны сургалтад хамрагдахад нэн даруй тусалдаг. Дэлхийн өнцөг булан бүрд манай гишүүд, найз нөхөд болон Сүм маань дүрвэгсдэд туслах, цэвэр ус, ариун цэврийн байгууламж барьж өгөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан тэргэнцэр нийлүүлэх мөн хараа зүйн тусламж үзүүлэх зэргээр нэг удаад нэг хүнд, нэг тосгонд туслах, нэг мод тарих зэргээр нийгэмдээ тусалдаг. 27 Бид хаана ч байсан сайн эцэг эх, сайн иргэн байхыг хичээдэг бөгөөд хүрээлэн буй орчин, нийгэмдээ хувь нэмрээ оруулахыг, тэр дундаа хожмын үеийн гэгээнтнүүдийн энэрлийн үйлсээр дамжуулан хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг. 28
Бурхан бидэнд ёс суртахууны сонгох эрх болох ёс суртахууны хариуцлагыг өгдөг. Их Эзэн “бибээр та нарыг чөлөөтэй болгодог, тиймийн тул, [та нар] үнэхээр эрх чөлөөтэй билээ” 29 хэмээн тунхагласан. Их Эзэн “Шаналсан зүрхтэйг нь эдгээн” 30 хэмээн тунхагласнаар Өөрийнх нь Цагаатгал, сайн мэдээний зам бие махбодын болон сүнсний хүлээсийг тайлах болно хэмээн амлажээ. 31 Аз болоход, энэхүү гэтэлгэлийн эрх чөлөө нь мөнх бус амьдралаас одсон хүмүүст ч бас хамаатай.
Хэдэн жилийн өмнө Төв Америкт байдаг нэгэн санваартан надад хожмын үеийн гэгээнтнүүдийн “нас барагсдын төлөө хийх баптисмын ёслолыг” судалж байсан тухайгаа ярьж билээ. “‘Христээр амьд’ 32 бага насны хүүхдүүдээс бусад бүх хүнд Бурхан хэзээ ч хаана ч амьдарч байсан бай, баптисм хүртэх боломжийг олгодог” гэж уг санваартан хэлсэн. Төлөөлөгч Паулыг уг санваартан “баптисм, амилуулалтыг хүлээж буй үхэгсдийн талаар ярьж байгааг” 33 нотолжээ. Итгэмжлэлээр гүйцэтгэх ариун сүмийн ёслолуудад бүх үндэстэн, ястан, хэлтэн “үхэл, там эсвэл булшны боол хэвээр үлдэх шаардлагагүй” 34 хэмээн амладаг.
Бурханыг олж мэдэх үед маань заримдаа залбирлын гэнэтийн хариултууд биднийг хүнд хэцүү байдлаас холдуулж, харанхуйг бидний сэтгэл зүрхнээс хөөн зайлуулж, сүнслэг хоргодох газар олох, Түүний гэрээнүүдийн сайн сайхан байдал, хайрыг дагахад биднийг чиглүүлдэг.
Агуу зүйлүүд ихэвчлэн өчүүхэн жижиг зүйлээс эхэлдэг боловч Бурханы гайхамшгууд өдөр бүр илэрдэг. Ариун Сүнсний тэнгэрлэг бэлэг, Есүс Христийн Цагаатгал, Түүний нэрээр нэрлэгдсэн Түүний сэргээгдсэн Сүмийн Түүний илчилсэн сургаал, ёслол, гэрээнүүдэд бид хэчнээн их талархдаг гээч.
Бүх үндэстэн, ястан, хэлтэнд хандаж, Түүний амласан, бошиглосон адислалуудыг хүлээн авч, биелүүлэхэд туслах Бурханы урилгыг баяртай хүлээн авцгаая хэмээн би Есүс Христийн ариун нэрээр залбирч байна, амен.