Ерөнхий чуулган
Их Эзэний өндөр ээл хишгийг хүртсэн
2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган


14:7

Их Эзэний өндөр ээл хишгийг хүртсэн

Их Эзэнийг бидний дээрээс таалан харж, адислах үед зовлон зүдүүртэй, сэтгэл гутралтай цаг үе Түүний сонор сэрэмжийг өөрчилдөггүй.

Олон жилийн өмнө нэг өдөр Японы Амами Ошима хэмээх жижиг арлын багахан салбарт залуу номлогчоор үйлчилж байсан номлолын хамтрагч бид хоёр ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллыг Азид айлчилж байгаа бөгөөд Япон дахь бүх гишүүн мөн номлогчийг бүсийн чуулган дээр бошиглогчийн үг хэлэхийг сонсохоор Токиод очихыг урьсан гэж мэдээд, хагартлаа баярлаж билээ. Хамтрагч бид хоёр салбарын гишүүдтэй хамт догдолж, чуулганд очих төлөвлөгөөг буюу Дорнод Хятадын тэнгисийг гатлан, Японы эх газар луу 12 цаг усан онгоцоор, дараа нь Токио хүртэл 15 цаг гал тэргээр аялах төлөвлөгөөг гаргаж эхлэв. Харамсалтай нь, төлөвлөгөө нурав. Цаг хугацаа, орон зайнаас болж хамтрагч бид хоёр Токиод болох чуулганд оролцох боломжгүй гэсэн мэдээг номлолын ерөнхийлөгчөөсөө хүлээн авсан юм.

Ахлагч Стивэнсон номлолын хамтрагчтайгаа

Жижигхэн салбарын маань гишүүд Токио руу хөдлөхөд бид үлдэж хоцров. Дараагийн хэдэн өдөр анир чимээгүй, хоосон санагдаж байв. Япон дахь хожмын үеийн гэгээнтнүүдийг болон номлогчдыг чуулганд оролцож байх хооронд бид хоёр хоёулхнаа жижигхэн ариун ёслолын танхимдаа ариун ёслолоо зохион байгуулж билээ.

Азийн бүсийн чуулган

Салбарын гишүүд хэдэн өдрийн дараа чуулганаас эргэж ирээд, ерөнхийлөгч Кимбаллыг Токиод ариун сүм барих тухай зарласан гэж ярихыг нь би хөөрч баярлан сонсож байсан ч сэтгэл минь бүр ч гонсойж орхив. Тэд мөрөөдөл нь биелж байгаа талаар хуваалцахдаа баяр хөөрөөр бялхаж байлаа. Гишүүд, номлогчид ариун сүм барих тухай сонсоод, баярласан сэтгэлээ барьж чадалгүй, зэрэг зэрэг алга ташиж байсан талаараа дүрслэн ярьж өгч байсансан.

Ерөнхийлөгч Кимбалл Токиод баригдах ариун сүмийг зарлаж буй нь

Олон жил өнгөрсөн ч тэрхүү түүхэн уулзалтад оролцож чадаагүйдээ харамсаж байсан мэдрэмжээ би одоо ч санадаг.

Би сүүлийн хэдэн сарын турш дэлхий дахиныг хамарсан КОВИД-19 цар тахлаас болж залуу номлогч байхдаа миний амссанаас хамаагүй их сэтгэл гутрал, харамслын мэдрэмжтэй тулгарсан бусад хүнийг ажин анзаарахдаа энэхүү туршлагаа эргэцүүлэн бодсон юм.

Энэ оны эхээр, цар тахал хурдацтай тархаж эхлэх үед Тэргүүн Зөвлөл “Сүм ба Сүмийн гишүүд сайн иргэн, сайн хөрш байх үүргээ үнэнчээр харуулах”1 ба “туйлын хянамгай, болгоомжтой хандана”2 хэмээн амласан билээ. Иймд бид дэлхий даяарх Сүмийн цуглаануудыг түр зогсоож, Сүмийн номлогчдын талаас илүүг нь эх орон руу нь буцааж, Сүм даяар ариун сүмүүдийг хаасан. Та нараас хэдэн мянга нь ариун сүмийн лацдан холболт зэрэг амьд хүмүүст зориулсан ёслолуудыг үйлдэхээр ариун сүмд ороход бэлтгэж байсан байх. Бусад нь номлогчийн үйлчлэлээ эрт дуусгасан эсвэл түр чөлөөлөгдөөд, дахин томилогдсон.

Ковидын үеэр буцаж буй номлогчид

Энэ хугацаанд засгийн газар болон боловсролын байгууллагын удирдагчид сургуулиудыг хаасан нь төгсөлтийн баяруудыг өөрчилж, спортын, нийгмийн болон сургуультай холбоотой бусад үйл явдал, үйл ажиллагааг цуцлахад хүргэсэн. Та нарын олон нь үйл явдал, тэмцээн уралдаан, спортын арга хэмжээнүүдэд бэлдэж байсан ч тэдгээр нь цуцлагдсан тул оролцоогүй.

Энэ үеэр хайртай хүмүүсээ алдаж, хүссэн оршуулга, бусад хүндэтгэлийн цуглааныг хийж чадаагүй олон гэр бүлийн талаар бодоход бүр ч хэцүү санагдаж байна.

Товчхон хэлэхэд, та нараас олон нь зүрх эмтлэм сэтгэл гутрал, харуусал, цөхрөл туулсан. Тэгэхээр давж дийлшгүй хүнд санагдсан үед бид хэрхэн эдгэрч, тэсэж, итгэлтэй урагшлах вэ?

Бошиглогч Нифай нас биед хүрээд, бага ялтсуудыг цэдэглэж эхэлжээ. Өөрийн амьдрал, тохинууллыг эргэн дурсахдаа тэрээр Мормоны Номын хамгийн эхний шүлэгт нэгэн чухал бодролоо цэдэглэсэн. Энэ шүлэг энэ үед бидний эргэцүүлэн бодох нэгэн чухал зарчмыг харуулжээ. “Би, Нифай, буянт сайн эцэг эхээс мэндэлсний учир” хэмээх танил үгсийн дараа тэр “амьдралынхаа турш өчнөөн зүдүүрийг туулсан хэдий ч, амьдралынхаа бүхий л өдрүүдэд би Их Эзэний өндөр их ээл хишгийг хүртэж”3 хэмээн бичсэн.

Бид Мормоны Номын суралцагчдын хувьд Нифайн дурдсан өчнөөн зүдүүрийг мэднэ. Гэвч Нифай амьдралынхаа турш амссан зовлон зүдүүрийг дурдсаныхаа дараа амьдралынхаа бүхий л өдрүүдэд Их Эзэний өндөр ээл хишгийг хүртсэн тухай сайн мэдээний ойлголтоо хуваалцсан. Зовлон зүдүүртэй, сэтгэл гонсгор цаг үе нь Их Эзэнийг бидний дээрээс таалан харж, адисалж байхад Түүний сонор сэрэмжийг өөрчилдөггүй.

Номлолын цахим хурал
Ахлагч Стивэнсон, Стивэнсон эгч нартай хийсэн номлолын цахим хурал
Ахлагч Стивэнсон, Стивэнсон эгч нартай хийсэн номлолын цахим хурал

Сүүлд Лэза бид хоёр Австралид үйлчилж байсан 600 гаруй номлогчтой онлайнаар уулзсан юм. Тэдний ихэнх нь КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй хязгаарлалт дотор байсан бол олон нь гэрээсээ ажиллаж байв. Хамтдаа бид Шинэ Гэрээ, Мормоны Ном болон Сургаал ба Гэрээн дээрх зовлон бэрхшээл дунд агуу зүйлсийг гүйцэлдүүлэхээр Их Эзэний адисалсан хувь хүмүүсийг авч үзэв. Тэд бүгд хориглолт, хязгаарлалтын оронд Их Эзэний тусламжтайгаар хийж чадах зүйлээрээ илүү тодорхойлогдсон байсан.

Бид Паул, Силас хоёр гянданд хөл нь дөнгөтэй хоригдож байхдаа залбирч, дуулж, зааж, гэрчлэн, бүр шоронгийн хуягт баптисм хүртээсэн тухай уншсан.4

Мөн Паул Ромд хоёр жил гэрийн хорионд байхдаа үргэлжлүүлэн “Бурханы хаанчлалын тухай гэрчлэн, тайлбарлаж,”5 “Эзэн Есүс Христийн тухай … сургаж байлаа”6 хэмээн уншсан.

Хиламаны хөвгүүд болох Нифай, Лихай хоёр зовж, шоронд хаягдсаныхаа дараа Их Эзэний “төгс зөөлөн тайван дуу хоолой … [олзлогчдынх нь] сэтгэлийн угт хүртэл нэвтрэх” үед хамгаалах галаар хүрээлүүлэн байсан талаар уншив.7

Хэдийгээр дооглуулж шоглуулан, хоол, ус, хувцас ч үгүй хүлүүлж, шоронд хоригдсон ч олон хүн “итгэж … мөн наманчилж, мөн судруудыг судалж”8 байгааг олж мэдсэн Алма, Амюлек хоёрын талаар уншсан.9

Иосеф Смит Либерти шоронд

Эцэст нь Либертийн шоронд шаналж, орхигдсон, хөсөр хаягдсан мэт санагдаж байсан ч дараа нь “эдгээр бүх зүйл … чиний сайн сайхны төлөө байх болно,”10 “Бурхан чамтай үүрд мөн мөнхөд хамт байх болно”11 хэмээх Их Эзэний үгийг сонссон Иосеф Смитийн талаар уншсан юм.

Тэдний хүн нэг бүр амьдралынхаа турш өчнөөн зүдүүрийг туулсан хэдий ч, амьдралынхаа бүхий л өдрүүдэд Их Эзэний өндөр их ээл хишгийг хүртсэн гэдэг Нифайн мэдлэгийг олж авсан билээ.

Бид ч бас өнгөрсөн хэдэн сарын турш сорилт бэрхшээлийг туулахдаа Их Эзэний өндөр ээл хишгийг хүртсэн байдлаараа гишүүний хувьд ч мөн Сүмийн хувьд ч параллель шугам татаж болно. Намайг эдгээр жишээг дурдах үед цар тахлын ямар нэгэн сэжүүр гарахаас өмнө зохицуулалт хийж, ирсэн сорилт бэрхшээлийг тэсэн гарах боломжийг олгож өгсөн амьд бошиглогчийнхоо зөн билгийн талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлээрэй.

Нэгдүгээрт, илүү их гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжигдсэн болох.

Хоёр жилийн өмнө ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд бид ‘сүм’ бол цуглааны байранд болж өнгөрөөд, гэр оронд болдог үйл явдлаар дэмжигддэг нэгэн зүйл хэмээн бодож сурчээ. Бид энэ бодлоо өөрчлөх хэрэгтэй. … Энэ нь бидний … байранд болдог зүйлсээр дэмжигддэг, гэр оронд төвлөрсөн Сүм12 хэмээн хэлсэн. Энэ бол үнэхээр бошиглолын зохицуулалт мөн! Сайн мэдээнээс суралцах гэр оронд төвлөрсөн үйл явц цуглааны байруудыг түр хаахад дадлага болон хэрэгжиж байна. Дэлхий хэвийн байдалдаа орж эхлэн, бид цуглааны байрууддаа эргэн цугларч байгаа ч цар тахлын үеэр хөгжүүлсэн, сайн мэдээнээс судалж, суралцах, гэр оронд төвлөрсөн хэв маягаа авч үлдэхийг хүсэж байна.

Их Эзэний өндөр ээл хишгийг хүртэхийн хоёр дахь жишээ бол илүү дээр, илүү ариун арга замаар тохинуулах тухай илчлэлт юм.

Тохинуулал

2018 онд ерөнхийлөгч Нэлсон “бидний нэг нэгнээ халамжилдаг арга замыг”13 өөрчилсөн тохинууллыг танилцуулсан. Цар тахал бидэнд тохинуулах чадвараа хурцлах олон боломжийг танилцууллаа. Тохинуулагч ах, эгч нар, залуу эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд болон бусад хүн тусламж хэрэгтэй хүмүүсийг адислахын тулд хашаа хорооны ажил, хоол унд, технологи ашиглан илгээх захиас, ариун ёслол зэргээр дамжуулан тэдэнд хүрч байна. Түүнчлэн Сүм цар тахлын үеэр хүнсний агуулах, гэр оронгүй хүмүүст зориулсан орогнох байр, цагаачдыг дэмжих төв зэрэг газруудад өргөн хэрэглээний зүйлсийг урьд урьдынхаас илүү их түгээж, дэлхийн хамгийн ноцтой өлсгөлөнд нэрвэгдсэн нөхцөл байдалд хэрэгжүүлдэг төслийг хэрэгжүүлэн, бусдад тохинуулж байгаа билээ. Халамжийн нийгэмлэгийн эгч нар болон тэдний гэр бүлүүд эрүүл мэндийн ажилтнуудад зориулан хэдэн сая амны хаалт оёх аянд оролцсон.

Хүмүүнлэгийн төслүүд
Амны хаалт хийж буй нь

Зовлон зүдүүр дунд бидний адислагдсан сүүлийн жишээ бол ариун сүмийн ёслолуудыг дахин гүйцэтгэхдээ илүү их баяр баяслыг олж авах явдал юм.

Кэйтлин Палмэр эгч

Үүнийг түүхээр дүрсэлбэл хамгийн тохиромжтой. Кэйтлин Палмэр эгч өнгөрсөн 4-р сард номлолын дуудлагаа хүлээн авч, номлогчоор дуудагдахдаа баярлаж байсан ч хишгээ хүртэж, ариун нандин гэрээ байгуулахаар ариун сүмд орох нь мөн адил чухал бөгөөд онцгой гэдгийг мэдэрч байсан. Хишгийн ёслолын цагийг товлосных нь дараахан дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас бүх ариун сүмийг түр хугацаагаар хаах зар иржээ. Тэр энэхүү гунигт мэдээг хүлээж авсныхаа дараа Номлогчийг бэлтгэх төвд гэрээсээ онлайнаар оролцоно гэдгээ мэдэж авав. Кэйтлин эдгээр сэтгэл гонсойлгосон зүйлийг үл тоон, эерэг хандлагатай байхад анхаарлаа төвлөрүүлж байлаа.

Кэйтлин Палмэр эгч ба гэрийн НБТ

Энэ хэдэн сард Палмэр эгч ариун сүмд орох найдвараа нэг хором ч гээгээгүй юм. Түүний гэр бүл түүнийг явахаас өмнө ариун сүмүүд нээгдэхийн төлөө мацаг барин, залбирчээ. Кэйтлин гэрийн Номлогчийг бэлтгэх төвийнхөө өглөөний сургалтыг ихэвчлэн “Өнөөдөр бидний гайхамшгийг хүлээн авах мөн ариун сүмүүд дахин нээгдэх өдөр мөн үү?” хэмээн асууснаар эхлүүлдэг байв.

8-р сарын 10-нд Тэргүүн Зөвлөл түүнийг номлол руугаа өглөө эрт нисэх хуваарьтай байсан яг тэр өдөр амьд хүмүүст зориулсан ёслолуудыг гүйцэтгүүлэхээр Кэйтлиний орох гэж байсан ариун сүмийг нээх болсныг зарлажээ. Тэр ариун сүмд ороод, нислэгтээ амжиж суух боломжгүй байв. Гэр бүлийнхэн нь тэдний залбирч байсан гайхамшиг тохиох ямар нэгэн арга зам байгаа эсэхийг асуухаар ариун сүмийн ерөнхийлөгч Майкл Вэллингатай өчүүхэн найдвар тээн холбогджээ. Тэдний залбирал, мацаг хариулагдсан юм!

Палмэрийн гэр бүл ариун сүмд

Явах нислэгээс хэдхэн цагийн өмнө буюу шөнийн 2 цагт нүдэндээ нулимстай Палмэр эгчийг болон түүний гэр бүлийг “Өглөөний мэнд, Палмэрийнхан. Ариун сүмд тавтай морил!” хэмээн ариун сүмийн ерөнхийлөгч ариун сүмийн үүдэнд инээмсэглэн угтжээ. Түүнийг хишгээ хүртэж дуусахад дараагийн гэр бүл ариун сүмийн гадаа хүлээж байгаа тул түргэн зай тавьж өгөхийг хүссэн аж. Тэд түүний номлол руугаа нисэх нислэгт амжихын тулд нисэх онгоцны буудал руу шууд явав.

Палмэр эгч нисэх онгоцны буудал дээр

Хэдэн сарын турш гүйцэтгэх боломжгүй байсан ариун сүмийн ёслолууд дэлхий даяарх ариун сүмүүдийг үе шаттайгаар дахин нээх үед өмнө нь төсөөлж байснаас ч илүү онцгой мэт санагдаж байна.

Хэлэх үгээ төгсгөх үед минь бошиглогч Иосеф Смитийн урам хайрласан, зоригжуулсан, сэтгэл санааг өргөсөн үгсийг сонсоно уу. Өөрийг нь хууль бусаар баривчлахыг эрэлхийлсэн хүмүүсээс нуугдаж, Наувуд нэгэн айлд албан хүчээр хоригдон, зовлон зүдүүр дунд ганцаардаж байхдаа үүнийг бичсэн гэдгийг хэн ч таамаглахгүй болов уу.

“Эдүгээ, бид өөрсдийн хүлээн авсан сайн мэдээнд юуг сонсдог вэ? Баяр баясгалангийн дуу хоолойг! Тэнгэрээс нигүүлслийн дуу хоолойг; мөн газраас үнэний дуу хоолойг; мөн нас барагсдын талаарх баярт мэдээнүүдийг; амьд байгаа хүмүүс хийгээд нас барагсдын талаарх баярт мэдээний дуу хоолойг; агуу их баяслын баярт мэдээг буюу.

… Ийм агуу учир шалтгааны төлөө бид урагш явахгүй гэж үү? Арагшаа биш, харин урагшаа явагтун. Зориглогтун … тэгээд ялалт өөд ахь ахь! Зүрх сэтгэл тань баясаг, мөн үлэмжийн баяртай байг. Дэлхий гэнэт дуу дуулж эхлэг.”14

Ах, эгч нар аа, та нарын хүн нэг бүр нэг л өдөр цар тахлын улмаас цуцлагдсан үйл явдлууд, уйтгар гуниг, урам хугарал, ганцаардлыг адислал, итгэл, гэрчлэл давамгайлсан байхыг олж харна гэдэгт би итгэж байна. Энэ болон ирэх амьдралд таны зовлон зүдүүр, таны Аммонайха, таны Либертийн шорон таныг өсгөж хөгжүүлэхийн төлөө ариулан адислагдах болно гэдэгт би итгэдэг.15 Бид Нифайн адил өөрсдийн өдрүүдийн зовлон бэрхшээлийг хүлээн зөвшөөрөхийн сацуу Их Эзэний өндөр ээл хишгийг хүртсэнээ бас зөвшөөрөх болтугай хэмээн би залбирч байна.

Зовлон зүдүүрийг тойрч гараагүй, дайрч гарсан мөн хязгааргүй Цагаатгалынхаа нэг хэсэгт бүгдэд доош бууж ирсэн Есүс Христийн гэрчлэлээр би үгээ төгсгөж байна.16 Тэрээр бидний уй гашуу, өвчин зовлон, цөхрөлийг ойлгодог. Тэр бидний Аврагч, Гэтэлгэгч, найдвар, тайтгарал мөн Чөлөөлөгч билээ. Би үүнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.