“8-р сарын 14. Би Аврагчийг дагахдаа хэрхэн баяр баясгаланг олж болох вэ? Дуулал 1–2; 8; 19–33; 40; 46,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022 (2021)
“8-р сарын 14. Би Аврагчийг дагахдаа хэрхэн баяр баясгаланг олж болох вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022
8-р сарын 14
Би Аврагчийг дагахдаа хэрхэн баяр баясгаланг олж болох вэ?
Дуулал 1–2; 8; 19–33; 40; 46
Хамтдаа зөвлөлд
Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар ярилцлага өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.
-
Сайн мэдээний дагуу амьдар. Бид Есүс Христийг дагахдаа хэрхэн баяр баясгаланг олж байна вэ?
-
Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Тойрог эсвэл орон нутагт маань хэнд туслалцаа хэрэгтэй байна вэ? Бид тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?
-
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Бид номлолд үйлчлэхээр бэлдэхэд нь нэг нэгэндээ хэрхэн тусалж чадах вэ?
-
Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бид тойргийнхныхоо гэр бүлийн түүх, ариун сүмийн ажлыг хийх хүчин чармайлтад хувь нэмрээ хэрхэн оруулж чадах вэ?
Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлд
Танд юу баяр хөөр авчирдаг вэ? Хүмүүс найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлэх нь эсвэл зүгээр л нэг өдрийг ямар ч сорилтгүйгээр өнгөрүүлэх эсвэл дуртай хобби минь баяр баясгаланг авчирдаг гэж хэлж болох юм. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бидний баяр баясгалан амьдралын маань нөхцөл байдлаас биш, харин амьдралдаа юунд ач холбогдол өгч байгаатай холбоотой. Бид … амьдралаа Бурханы авралын төлөвлөгөө, Есүс Христ, Түүний сайн мэдээнд төвлөрүүлбэл амьдралд маань юу тохиолдож, юу тохиолдохгүй байгаагаас үл хамааран баяр баясгаланг мэдрэх боломжтой. Баяр баясгалан Түүний ачаар, Түүнээс ирдэг” гэж заасан (“Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 71). Дуулал номын олон хэсэгт “Өөрт минь Та амийн замыг таниулна. Өөрийн тань оршихуйд л баяр хөөр дүүрэн” (Дуулал 16:11) гэсэнтэй ижил захиасыг давтсан байдаг.
Анги, чуулгын гишүүдэд тань тулгарч байж болзошгүй зарим сорилт бэрхшээлийг бод. Хүнд хэцүү цагт ч Аврагчид итгэх итгэлээ хэрэгжүүлснээр жинхэнэ баяр баясгалан ирдэг гэдгийг ойлгоход нь та тэдэнд хэрхэн туслах вэ? Заахаар бэлдэхдээ та энэ асуултын талаар тунгаан бод. Дуулал ном эсвэл ерөнхийлөгч Нэлсоны Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь захиасаас чуулга, ангийнхантайгаа хуваалцаж болох холбогдолтой захиасуудыг хай.
Хамтдаа суралц
Анги, чуулгын гишүүдийг Дуулал 1; 8; 19; 23; 27-р бүлгүүдээс цөөн хэдийг уншихад урих талаар бодож үз. Дууллын эдгээр шүлгээс бидэнд юу баяр баясгалан авчирдаг талаар бид юу сурч мэдэж болох вэ? Аврагчийг дагаснаар жинхэнэ баяр баясгалан ирдэг гэдгийг заадаг хүмүүстээ илүү сайн ойлгоход нь туслахын тулд та дараах үйл ажиллагаануудаас нэгийг эсвэл хэд хэдийг ашиглаж болох юм.
-
Бид бүгдээрээ баяр баясгалантай болохыг хүсдэг, гэхдээ бид юу жинхэнэ баяр баясгаланг авчирч, юу үнэндээ уй гашуу руу хөтөлдгийг ойлгох хэрэгтэй. Тэдэнд юу баяр баясгалан авчирдаг мөн яагаад гэдгийг хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс. “Мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө” (2 Нифай 2:25) гэснийг самбарт бич. Дараа нь өсвөр үеийнхнийг, хувиараа эсвэл хэсэг бүлгээрээ “Нэмэлт эх сурвалж” дахь судруудаас нэг юм уу түүнээс олныг уншаад, юу баяр баясгалан руу хөтөлдөг талаар олж мэдсэн зүйлсээ жагсаахад урь. Мөн та “Бид аз жаргалыг олж чадна” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзүүлж болно. Хүмүүсийн баяр баясгаланг олохын тулд хийдэг боловч үнэндээ уй гашуу руу хөтөлдөг ямар ямар зам байдаг вэ? Аврагч бидэнд хэрхэн баяр баясгаланг авчирдаг вэ?
-
Сайн мэдээний дагуу амьдрахын тулд бүх чадлаараа хичээж байгаа ч сорилт бэрхшээлтэй тулгардаг хүмүүсийг бид бүгд мэднэ. Амьдрал маань хэцүү үед ч бид баяр баясгаланг олж чадна гэдгийг ойлгоход нь та заадаг хүмүүстээ хэрхэн тусалж болох вэ? Та тэднээс ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь” эсвэл ерөнхийлөгч Стивэн Ж.Ландын “Христ дотор баяр баясгаланг олох” захиасуудыг уншихыг хүсэж болно (2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 37–39). Сорилт бэрхшээлтэй хэдий ч Христ дотор баяр баясгаланг олсон хүмүүсийн жишээнээс бид юу олж хардаг вэ? Бид эдгээр жишээнээс юу сурч мэдэж болох вэ? Бид ямар туршлагаасаа хуваалцаж болох вэ?
-
Амьдралд тохиолдох сорилт бэрхшээлүүдээ туулахдаа бид бүгд сэтгэлийн түгшүүр, хямралд автаж болзошгүй байдаг. Зарим хүн эдгээр мэдрэмжтэйгээ амьдралынхаа туршид тэмцэлддэг. Эдгээр бэрхшээл, сэтгэлийн түгшүүр болон хямралаас үүдэн зовж шаналж байгаа хүмүүст Аврагч хэрхэн тусалж чадах тухай ярилцах нь чуулга, ангийнханд тустай байж болох юм. Энэ ярилцлагыг эхлүүлэхийн тулд та өсвөр үеийнхнийг ахлагч Жэффри Р.Холландын “Хагарсан сав шиг” (2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46–49) захиасаас, ялангуяа сүүлийн дөрвөн догол мөрийг мөн Рэйна И.Абурто эгчийн “Үүлтэйд ч, нартайд ч Их Эзэн надтай хамт үлдээч!” захиасыг уншихыг хүсэж болно (2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 62–66). Анги, чуулгын гишүүдийг өөрсдөд нь утга учиртай санагдсан үнэнийг хайж олоод хуваалцахад урь. Хэрэв өсвөр үеийнхэн өөрсдөд нь тусламж хэрэгтэй гэж бодож байгаа бол тэднийг итгэлтэй эцэг эх юм уу удирдагчтайгаа ярилцахад эсвэл mentalhealth.ChurchofJesusChrist.org цахим хуудсанд зочлоход урамшуул.
Итгэлээр үйлд
Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлэх талаар бодоход тэднийг урь.
Нэмэлт эх сурвалж
-
Матай 5:1–12; 1 Петр 4:12–13; 2 Нифай 2:25–27; Мозая 2:41; 3:3–7; 4:2–3; Алма 36:16–22; 4 Нифай 1:15–16 (Хэрхэн баяр баясгаланг олох вэ?)
-
Д.Toдд Кристоффэрсон, “Гэгээнтнүүдийн баяр баясгалан,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 14–18
-
“Амиа хорлохоос сэргийлэх ба тохинуулал,” ChurchofJesusChrist.org