“8-р сарын 28. Сорилт бэрхшээл тулгарсан үед Аврагч надад хэрхэн тусалж чадах вэ? Дуулал 102–103; 110; 116–119; 127–128; 135–139; 146–150,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022 (2021)
“8-р сарын 28. Сорилт бэрхшээл тулгарсан үед Аврагч надад хэрхэн тусалж чадах вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022
8-р сарын 28
Сорилт бэрхшээл тулгарсан үед Аврагч надад хэрхэн тусалж чадах вэ?
Хамтдаа зөвлөлд
Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар ярилцлага өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замуудыг төлөвлө.
-
Сайн мэдээний дагуу амьдар. Сүүлийн үед ямар туршлага биднийг Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд илүү ойртуулсан бэ?
-
Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Ойрын хугацаанд хэн нэгэн манай тойрогт шилжиж ирсэн үү эсвэл Сүмд нэгдсэн үү? Халуун дотно угтан авч байгааг маань мэдрэхэд бид тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?
-
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Найзуудаа урьж оролцуулж болох ямар үйл ажиллагаа ойрын хугацаанд болох вэ?
-
Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бид өөрсдийн түүхийг бичихийн тулд ямар хичээл зүтгэл гаргаж чадах вэ?
Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлд
Бидэнд тулгарч буй сорилт бэрхшээл биднийг туйлдуулж, бухимдуулж, ядрааж мөн ганцаардуулж болох юм. Дуулал номын зохиогчид эдгээр мэдрэмжийг мэддэг байсан бөгөөд үүнийгээ “Зүрх минь дарагдаж зүлэг ногоо шиг хагдрав; … Сэрүүн хэвтэж дээвэр дээрх ганцаардсан шувуу шиг болжээ, би” Дуулал 102:4, 7 хэмээн хүчтэй илэрхийлжээ. Мөн тэд тийм их хүч чадлаар Аврагч руу эргэх нь тайвшрал авчирна гэдгийг “Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтаж, ач тусыг нь ч бүү март. Тэрээр бүх хилэнцийг чинь уучилж, бүх өвчнийг чинь илааршуулдаг. Тэрээр амийг чинь мөхлөөс зольж, чамд хайр энэрэл ба өршөөлийн титмийг зүүлгэдэг” (Дуулал 103:2–4) хэмээн гэрчилсэн.
Сорилт бэрхшээлээ туулахад нь Аврагч тэдэнд хэрхэн тусалж чадахыг анги, чуулгын гишүүд бүрэн дүүрэн ойлгосон үед ирэх адислалуудын тухай бод. Аврагч танд хэрхэн тусалсан бэ? Та заахад бэлтгэхдээ, ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Туршигдаж, батлан харуулж, өнгөлөгдсөн” захиасыг (2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 105–108) болон Gospel Topics дахь “Adversity” гэдгийг судалж болох юм (topics.ChurchofJesusChrist.org).
Хамтдаа суралц
Та анги, чуулгын гишүүдийг Дуулал 102, 103, 116-р бүлгүүдийг уншаад, зовлон бэрхшээлээ даван гарахаар хичээж чармайхад Их Эзэн бидэнд хэрхэн тусалдаг талаар олж мэдэхийг хүссэнээр эхэлж болно. Тэд хувиараа эсвэл бүлгээрээ юу олж мэдсэн талаар цөөн өгүүлбэр бичээд, бичсэн зүйлсээ хуваалцаж болно. Энэ сэдвийг илүү гүн гүнзгий ойлгоход нь туслахын тулд дараах үйл ажиллагаануудаас нэгийг эсвэл хэд хэдийг сонго.
-
Сүмийн дуулал Сүнсийг урьдаг бөгөөд сургаалыг хүчтэй аргаар заадаг. “Бат бөх суурь” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, д. 6) зэрэг зовлон бэрхшээлтэй үед Аврагч бидэнд хэрхэн тусалдаг тухай дууллуудыг ашиглах талаар бодож үз. Аврагчийн бидэнд өгч чадах тусламжийн талаар энэ дуулал юу зааж байна вэ? Тэгээд өсвөр үеийнхэн “Нэмэлт эх сурвалж” дахь судруудаас уншиж болно. Дууллыг болон сорилт бэрхшээлтэй үедээ Аврагчийг эрэлхийлэхийг тэдэнд сануулдаг судрын шүлэг эсвэл дууллын үгсийг бичиж авах нь тэдэнд тустай байж магадгүй.
-
Ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Туршигдаж, батлан харуулж, өнгөлөгдсөн” хэмээх захиас зааж байгаа хүмүүст тань дараахтай адил асуултуудыг илүү сайн ойлгоход тусалж чадна. Бидний мөнх бус амьдрал дахь сорилтуудын зарим зорилго юу вэ? Аврагч сорилт бэрхшээлд маань хэрхэн туслах вэ? Аврагчийн тусламж, хүчийг авахын тулд бид юу хийж болох вэ? Эдгээр асуултыг самбарт бичиж болно. Анги, чуулгын гишүүд эдгээрийн хариултыг ерөнхийлөгч Айрингийн захиасаас олж чадна. Жишээлбэл, захиасын эхлэл, төгсгөлд гарч буй ерөнхийлөгч Айрингийн ээжийн түүхээс бид юу сурдаг вэ? Сурсан зүйлсээ зовлон бэрхшээлтэй тулгарсан үедээ өөрсдөө хэрхэн хэрэгжүүлж болох талаар тунгаан бодохыг хүн бүрээс хүс. Зарим өсвөр үеийнхэн санаа бодлоо хуваалцахыг хүсэж байж болох юм.
-
Лиза Л.Харкнэсс эгч шуургыг намдаасан Аврагчийн түүхийг бидний амьдралтай холбон, Тэрээр бидний амьдрал дахь шуургыг ч мөн адил намдааж чадна гэж заасан (Марк 4:35–41; “Амар амгалан байгl,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 80–82-ыг үзнэ үү.) Та судрын түүхээс Аврагчийн талаар мэдсэн зүйлсээ хуваалцахаар бэлдэж ирэхэд анги, чуулгын гишүүнийг урьж болно. Түүнчлэн уг гишүүн холбогдох зургийг үзүүлж болно (Сайн мэдээний зургийн цуглуулга, д. 40-ийг үзнэ үү). Биднийг сорилт бэрхшээлтэй тулгарах үед Аврагч хэрхэн “бидний завин дээр байдаг” талаар Харкнэсс эгчийн заасан захиасыг өсвөр үеийнхэн дараа нь уншиж болно. Сорилт бэрхшээлтэй үед нь Аврагч хэрхэн тэдэнд тусалсан, тэр дундаа бусад хүнээр дамжуулан тэдэнд хэрхэн тусалсныг хуваалцуулахаар та хувь хүмүүсийг урьж болно. Аврагчийн амар амгалан хэрэгтэй байгаа хүнтэй туршлагаа хуваалцахад өсвөр үеийнхнийг урамшуул.
Итгэлээр үйлд
Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар бодоход тэднийг урь.
Нэмэлт эх сурвалж
-
Исаиа 53:3–5; Еврей 2:17–18; Алма 7:11–13; 36:3; Ифер 12:27 (Аврагч зовлон бэрхшээлтэй үед маань бидэнд тусална)
-
Дийтр Ф.Угдорф,“Бурхан төсөөлөхийн аргагүй зүйлийг хийх болно,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 55–59
-
Кристина Б.Франко “Есүс Христийн эдгээгч хүч,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 67–69
-
“Авирах уулс” (видео бичлэг), ChurchofJesusChrist.org