2010–2019
Ариун сүмийн адислалууд
Дөрөвдүгээр сар 2015


11:1

Ариун сүмийн адислалууд

Биднийг ариун сүмд очиход хүмүүний зүрх сэтгэлд төрж болох аливаа мэдрэмжээс хавьгүй хол давсан сүнслэг байдлын цар хүрээ, амар амгалангийн мэдрэмж бидэн рүү ирдэг.

Хайрт ах, эгч нар аа, би дэлхийн Аврагч руу бидний бодол хандсан, Христийн амилсны баярын энэ гайхамшигт өглөө та бүхэнтэй хамт байгаадаа хэчнээн их талархаж байна вэ!. Би та бүхний хүн нэг бүрд хайраа илэрхийлэн, мэндчилж, Тэнгэрлэг Эцэг миний хэлэх үгэнд сүнслэгээр нөлөөлөөсэй хэмээн залбирч байна.

Энэхүү чуулганаар Сүмийн ерөнхийлөгч болсны маань долоон жилийн ой тохиож байна. Эдгээр он жил бэрхшээл сорилтоор төдийгүй тоо томшгүй олон адислалаар дүүрэн, тун завгүй он жилүүд байв. Эдгээр хамгийн баяр баясгалантай хийгээд ариун нандин адислалын дунд ариун сүмийг онцгойлон адислах, дахин онцгойлон адислах боломж надад тохиож байсан билээ.

Хамгийн сүүлд, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф, ахлагч Даллин Х.Өүкс, ахлагч Ричард Ж.Мэйнс, ахлагч Линн Г.Роббинс, ахлагч Кэнт Ф.Ричадс нарын хамт Феникс Аризонагийн үзэсгэлэнтэй Ариун сүмийг онцгойлон адислах ховор боломж надад тохиосон юм. Онцгойлон адислах ёслолын өмнөх орой нь ариун сүмийн дүүргийн дөрвөн мянга гаруй залуу эрэгтэй, эмэгтэй оролцсон соёлын гайхамшигтай арга хэмжээ болж өнгөрөв. Дараагийн өдөр нь ариун сүмийг ариун нандин ба сүнслэг өдөөлт бүхий гурван ёслолын ажиллагаагаар онцгойлон адисалсан билээ.

Ариун сүмийн барилгын ажил нь Сүмийн өсөлт хөгжлийн нэн тодорхой үзүүлэлт юм. Бидэнд одоогоор дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулж буй 114 ариун сүмээс гадна 5 ариун сүмд засварын ажил хийгдэж, 13 ариун сүмийн барилгын ажил явагдаж байна. Үүний зэрэгцээ, саяхан зарласан 13 ариун сүмийн барилгын ажлын өмнөх бэлтгэл ажил янз бүрийн түвшинд явагдаж байна. Энэ жил бид 2 ариун сүмийг дахин онцгойлон адислахаар мөн барьж дуусгах хуваарийн дагуу 5 шинэ ариун сүмийг онцгойлон адислахаар төлөвлөөд байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд бид өмнө зарлагдсан ариун сүмүүдийг барьж дуусгахад хүчин чармайлтаа төвлөрүүлсэн бөгөөд шинээр ариун сүм барих төлөвлөгөөг түр зогсоосон байгаа билээ. Гэхдээ энэ өглөө би дараах газруудад баригдах ариун сүмүүдийг зарлахад надад туйлын таатай байна: Зааны Ясан Эргийн Абиджан; Гайтигийн Порт-ау-Принс ба Тайландын Бангкок юм. Эдгээр газар нутагт байгаа итгэлтэй гишүүдийг болон дэлхий даяар ариун сүмүүд байдаг газруудыг ямар гайхамшигтай адислалууд хүлээж байна вэ.

Бид аль болох олон гишүүнд цаг хугацаа, эх үүсвэрээ золиослохгүйгээр ариун сүм рүү очих боломжийг олгохыг хүсдэг тул шинээр ариун сүм барих шаардлагыг тодорхойлж мөн баригдах газрыг олох явц өрнөсөөр байна. Бид өнгөрсөн хугацаанд хийж байсныхаа адил эдгээр зүйл дээр хүрсэн шийдвэрийнхээ талаар та бүхэнд мэдэгдэж байх болно.

Намайг ариун сүмийн тухай бодох бүрд тэндээс бидний хүлээн авах олон тооны адислалын тухай бодол санаанд минь орж ирдэг юм. Бид ариун сүмийн хаалгаар орох үедээ дэлхийн анхаарлыг сарниулагч зүйлс, төөрөгдлийг ардаа үлдээдэг билээ. Энэхүү ариун нандин газар бид үзэсгэлэн гоо, эмх цэгцийг олж хардаг. Тэнд бид бодгальдаа амар амгаланг авч, амьдралынхаа санаа сэтгэлийн зовиураас түр зуур амсхийдэг билээ.

Биднийг ариун сүмд очиход хүмүүний зүрх сэтгэлд төрж болох аливаа мэдрэмжээс хавьгүй хол давсан сүнслэг байдлын цар хүрээ, амар амгалангийн мэдрэмж бидэн рүү ирдэг. Бид “Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. … Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай” хэмээн Аврагчийн хэлсэн үгийн үнэн утга учрыг ухааран ойлгох болно.1

Ийм амар амгалан нь зовсон, уй гашуудалдаа дарагдсан, төөрсөн, тусламж эрсэн ямар ч зүрх сэтгэлийг дүүргэх юм.

Би саяхан тусламж эрэлхийлэн, ариун сүмд очсон нэгэн залуугийн тухай мэдэж авсан юм. Тэрээр хэдэн сарын өмнө Өмнөд Америкт үйлчлэх номлолын дуудлагаа хүлээн авсан байв. Гэтэл түүний виз удаан хугацаагаар хойшлогдсон учир тэр АНУ-д үйлчлэх өөр дуудлага хүлээн авчээ. Тэрээр анх дуудагдсан газраа үйлчилж чадахгүйдээ урам нь хугарсан ч шинээр дуудагдсан газраа өөрийнхөө чадлынхаа хэрээр үйлчлэх шийдвэр төгс, шаргуу ажиллаж эхлэв. Гэсэн ч тэрээр сайн мэдээг хуваалцахаасаа илүү цагийг зугаатай өнгөрүүлэх дуртай номлогчидтой учирсан таагүй сэтгэгдлээсээ болж сэтгэлээр унасан байна.

Хэдэн сарын дараа тэр залуу маш хүнд өвчнөөр өвдөж, тал бие нь саажсан учраас номлолоосоо эрүүл мэндийн шалтгаанаар гэртээ эргэн иржээ.

Хэдэн сарын дараа тэр залуу бүрэн эдгэрч, түүний саажилт ул мөргүй алга болов. Тэрээр өдөр бүр дахин номлолд үйлчлэхийн төлөө залбирч байсны адислал ирж, түүнийг номлолд дахин үйлчлэх боломжтой гэсэн хариу иржээ. Гагцхүү сэтгэл дундуур байлгах цорын ганц зүйл нь тэрээр зарим номлогчийн биеэ авч явах байдал, хандлага нь байх ёстой жишгээс доогуур байсан гэж бодож байсан хуучин номлолдоо буцаж очих явдал байв.

Тэрээр ариун сүмд номлогчийн хувьд сайхан туршлагатай байж чадна гэсэн сэтгэлийн тайтгарал, баталгааг эрэлхийлэхээр иржээ. Залуугийн эцэг эх ч мөн адил ариун сүмд ирснээрээ тэдний хүү өөрт хэрэгтэй тусламжаа хүлээн аваасай хэмээн залбирсан байна.

Залуу ёслолын ажиллагааны дараа селестиел өрөөнд орж ирэн, сандал дээр суунгуутаа Тэнгэрлэг Эцэгээсээ удирдамж гуйн залбирч эхлэв.

Селестиел өрөөнд түүний дараахан орж ирсэн хүн бол Ландон хэмээх өөр нэгэн залуу байлаа. Ландонг өрөөнд орж ирэнгүүт түүний харц сандал дээр сууж, нүдээ анин, яах аргагүй залбирч байсан нэгэн залуу дээр тусав. Түүнд тэр залуутай ярих хэрэгтэй гэсэн тод томруун мэдрэмж орж ирэв. Тэр залуугийн залбирлыг тасалдуулахаасаа тээнэгэлзэн, тэрээр хүлээхээр шийдэв. Хэдэн минут өнгөрч нөгөө залуу залбирсан хэвээр байсан ч Ландон тэрхүү сүнслэг өдөөлтийг хойшлуулж болохгүй гэдгийг мэдэж байлаа. Тэр залууд дөхөж очин, мөрөнд нь зөөлөн хүрэв. Залуу нүдээ нээж, түүнд саад болсонд гайхаж орхив. Ландон “Би яагаад гэдгийг нь мэдэхгүй ч надад тантай ярих хэрэгтэй гэсэн мэдрэмж төрсөн юм аа” гэж түүнд хэлэв.

Тэднийг ярилцаж эхлэхэд тэр залуу зүрх сэтгэлээ Ландонд уудлан ярьж, нөхцөл байдлаа тайлбарлан, номлолтой нь холбоотой ямар нэгэн тайтгарал болон урам зориг хүлээн авахыг хүсэж байгаагаа хэлжээ. Жилийн өмнө л номлолоо амжилттай дуусган эргэж ирсэн Ландон номлолынхоо туршлага, тулгарсан саад бэрхшээл, асуудлууд, Их Эзэнд хандан тусламж гуйж байсан арга зам болон хүлээн авсан адислалуудын тухай ярьжээ. Түүний хэлсэн үгс тайтгаруулсан, сэтгэлийн дэм болсон үгс байсан бөгөөд түүний номлолын урам зориг нь түүнд халдварлаад эцэст нь залуугийн айдас замхран алга болоход, амар амгалангийн болон өөрийнх нь залбирлын хариу ирсэн болохыг ухаарч, гүнээ талархах мэдрэмж түүнд төрөв.

Хоёр залуу хамтдаа залбирсны дараа Ландон өөрт ирсэн сүнслэг өдөөлтийг сонссондоо тун баяртай ариун сүмээс гарахад бэлдэв. Түүнийг явах гэж байтал нөгөө залуу “Та номлолоо хаана хийсэн бэ?” гэж Ландонгоос асуув. Тэр хүртэл тэдний хэн нь ч нөгөөдөө үйлчилсэн номлолынхоо нэрийг дурдаагүй байж. Ландонг номлол хийсэн газрынхаа нэрийг хэлтэл залуугийн нүд нулимсаар дүүрээд ирэв. Ландон тэр залуугийн номлол хийх гэж байгаа яг тэр газар үйлчилсэн байжээ!

Ландон саяхан надад бичсэн захидалдаа “Би Тэнгэрлэг Эцэг намайг адисална гэдэгт итгэлтэй байсан ч Тэр миний номлолд үйлчилсэн хэн нэгнийг надад туслуулахаар илгээнэ гэдгийг хэзээ ч төсөөлж байгаагүй. Би одоо бүх зүйл сайхан байх болно гэдгийг мэдэж байна”2 гэсэн тэр залуугийн салахынхаа өмнө хэлсэн үгийг хуваалцсан юм. Чин сэтгэлийн, даруухан залбирлыг сонсож, хариулсан нь энэ байж.

Ах, эгч нар аа, бид амьдралдаа уруу таталтуудтай учрах болно; бидэнд сорилт бэрхшээлүүд тулгарах болно. Бид ариун сүмд очихдоо тэнд хийсэн гэрээгээ санаж байвал тэдгээр уруу таталтыг даван гарах, сорилт бэрхшээлээ тэсэж гарах илүү сайн чадвартай байх болно. Ариун сүмд бид амар амгаланг олж чадах билээ.

Ариун сүмийн адислалуудыг үнэлж баршгүй юм. Миний амьдралдаа өдөр бүр талархаж байдаг нэгэн адислалыг би хайрт эхнэр Франсистайгаа хамт ариун сүмд тахилын ширээний дэргэд өвдөг сөгдөн, биднийг мөнхөд холбосон гэрээнүүдийг хийж байхдаа хүлээн авсан юм. Миний хувьд бид хоёр дахин хамт байна гэсэн мэдлэгээс хүлээн авсан амар амгалан, тайтгарлаас илүү үнэ цэнэтэй адислал үгүй билээ.

Тэнгэрлэг Эцэг маань биднийг ариун сүмд шүтэн бишрэх сүнстэй, Түүний тушаалуудад дуулгавартай, бидний Эзэн Аврагч Есүс Христийн мөрөөр алхахдаа хянамгай байхаар адислах болтугай. Би Түүнийг бидний Гэтэлгэгч хэмээн гэрчилж байна. Тэрээр Бурханы Хүү билээ. Тэрээр Амилсныхаа өглөө булшнаас урагш гарч ирэн, Өөрийн хамтаар Бурханы бүх хүүхдэд мөнх амьдралын бэлгийг авчирсан. Үзэсгэлэн төгөлдөр энэ өдөр бид тэрхүү чухал үйл явдлыг тэмдэглэж байхдаа Түүний бидэнд өгсөн агуу, гайхамшигтай бэлгийн төлөө талархлынхаа залбирлыг өргөх болтугай. Ийнхүү байх болтугай хэмээн Түүний ариун нэрээр даруухан залбирч байна, амен.

Эшлэлүүд

  1. Иохан 14:27.

  2. Зохиолчийн хувийн архиваас авав.