2010–2019
Санваар ба хувийн залбирал
Дөрөвдүгээр сар 2015


16:59

Санваар ба хувийн залбирал

Бидний нөхцөл байдал ямар ч байлаа гэсэн Бурхан бидэн дээр санваарын хүчийг юүлэх болно. Энэ нь даруухан залбирахыг биднээс шаарддаг.

Надад дэлхий даяарх Бурханы санваар атгагчдад хандан, үг хэлэх итгэл хүлээлгэсэнд баяртай байна. Би Их Эзэний та нарт хүлээлгэсэн итгэлийг сайн мэдэж байгаа учраас энэхүү боломж маань хариуцлагатай зүйл гэдгийг мэднэ. Та нар санваар хүлээн авснаараа Бурханы нэрээр ярьж, үйлдэх эрхийг хүлээн авдаг.

Та нарыг Бурханаас сүнслэг удирдамж хүлээн авсан үед л энэ эрх нь бодит болж чаддаг. Тийн та нар Түүний нэрээр ярих боломжтой болдог. Тийн та нар Түүний нэрээр үйлдэж чаддаг. Та нар “Энэ нь тийм ч хэцүү биш. Надаас үг хэлж эсвэл санваарын адислал өгөхийг хүсэх үед нь л би удирдамж хүлээн авах болно” гэж эндүүрч бодож магадгүй. Залуу дикон эсвэл багш “Би хэдэн жилийн дараа эсвэл номлогчоор дуудагдахдаа Бурханы хэлж мөн хийх зүйлийг мэдэх болно” гэж бодсоноор түр зуурын тайтгарал авсан байж магадгүй.

Гэхдээ та нар хэзээ Бурханы хэлэх мөн хийх зүйлийг мэдэх ёстойгоо бодож үзээрэй. Та нар санваарын ямар дуудлагад байгаа тань хамаагүй тэр өдөр аль хэдийн ирсэн. Би Дэлхийн II дайны үеэр, Нэгдсэн Улсын зүүн хэсгийн номлолын нэг газар өсч хүмүүжсэн юм. Гишүүд нь алслагдсан газруудад амьдардаг байсан ба тэр үед шатахууныг хатуу хязгаарлалтын доор өгдөг байлаа. Би салбарынхаа ганц дикон нь байсан бөгөөд гишүүд манай гэрт болдог мацаг, гэрчлэлийн цуглаанд ирэхдээ салбарын ерөнхийлөгчид мацгийн өргөлийн дугтуйгаа өгдөг байв.

Намайг 13 настай байхад манайх томоохон тойрогт явахаар Юта руу нүүсэн юм. Би айлуудаар зочилж, мацгийн өргөлийг цуглуулахаар алхаж явсан хамгийн анхны үүрэг даалгавраа санадаг. Надад өгсөн дугтуйнууд дотроос би Мормоны Номын Гурван Гэрчийн нэгнийх нь нэртэй адил нэр бүхий дугтуйг олж харав. Би итгэл дүүрэн тэр айлын хаалгыг тогшлоо. Тэгтэл нэгэн эрэгтэй хаалга онгойлгоод, ууртай царай гарган над руу хараад, намайг яв гэж хашгирав. Би толгой гудайлган явж билээ.

Энэ нь бараг 70 жилийн өмнө болсон явдал ч би тэр өдөр ямар нэгэн зүйл хэлж мөн хийх ёстой байсан гэсэн мэдрэмж надад үргэлж төрдөг юм. Хэрэв би гэрээсээ гарахдаа итгэлээр залбирсан бол түүний хаалган дээр илүү удаан зогсож, инээмсэглэн “Тантай уулзахад сайхан байлаа. Таны болон танай гэр бүлийн хийсэн бүх зүйлийн төлөө талархаж байна. Дараагийн сард тантай уулзахыг тэсэн ядан хүлээж байна” гэж хэлэх сүнслэг удирдамжийг хүлээн авах байсан байж магадгүй юм.

Намайг үүнийг хэлэх үед тэр бүр их уурлаж, дургүй нь хүрэх байсан байх. Гэхдээ надад ямар санагдах байсныг би мэдэж байна. Би буцаад явахдаа гуниг гутрал, бүтэлгүйтэл мэдрэхийн оронд “Сайн байлаа” хэмээн оюун бодол, зүрх сэтгэлдээ өөрийгөө бяцхан сайшаах байсан.

Бид бүгдэд сүнслэг удирдамжгүйгээр бидний шийдвэр дан ганцаар хангалтгүй санагдах үед Бурханы нэрээр ярьж мөн үйлдэх ёстой. Эдгээр мөч бэлтгэх боломж өгөлгүй гэнэт ирж магадгүй. Энэ нь надад бараг л байнга тохиолдож байсан. Ийм явдал олон жилийн өмнө нэгэн аав гурван настай охин нь ноцтой гэмтлээс болоод хэдхэн минутын дотор үхэх болно гэж надад болон хамтрагчид маань хэлэх үед тохиолдсон юм. Би толгойных нь шархны боолтгүй ил хэсэгт гараа тавихдаа Бурханы үйлчлэгчийн хувьд Тэрээр юу хэлж, хийхийг мэдэх ёстой байлаа.

Миний оюун бодол, үг хэлэнд тэр амьдрах болно гэсэн үгс орж ирсэн юм. Эмч дэргэд минь дургүйцсэн байртай зогсоод, надаас замаас нь холдохыг хүслээ. Би тэрхүү эмнэлгийн өрөөнөөс амар амгалан, хайрын мэдрэмжтэй гарч явсан билээ. Тэр хотод байсан хамгийн сүүлийн өдөр маань тэрхүү бяцхан охин үүдний өрөөгөөр алхан, ариун ёслолын цуглаан руу орж ирсэн юм. Би бяцхан охин болон түүний гэр бүлийн төлөө Их Эзэний нэрээр хэлж мөн хийсэн зүйлээсээ ямар их баяр баясгаланг мэдэрснээ одоо хүртэл санадаг.

Дикон байхдаа толгой гудайн буцаж явсан гуниг гутралаас маш өөр мэдрэмж эмнэлэг дээр мэдрэгдсэн ба энэ нь залбирал ба санваарын хүчний талаар суралцсанаар ирсэн юм. Би дикон байхдаа Бурханы нэрээр ярих мөн үйлдэх хүчний талаар мөн үүнийг хүлээн авахын тулд Ариун Сүнсний нөхөрлөлийн төлөө итгэлтэй залбирч, үйлдэх ёстой гэдгийг хараахан суралцаагүй байжээ.

Би мацгийн өргөл цуглуулахаар гарсан өдрийнхөө өмнөх орой нь л залбирсан бол харин эмнэлгээс надад дуудлага ирэхээс олон долоо хоног, сарын өмнө ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн заасан санваарын хүчтэй байхад шаардлагатай сүнслэг удирдамжийг бидэнд өгөх залбирлын загварыг дагаж, хичээл зүтгэлийг гаргасан билээ. Тэрээр:

“Бид Түүнд хандан, хэтэрхий олон үгээр залбирах шаардлагагүй. Бид хэт удаан залбирал хэлж, Түүнд төвөг удах хэрэггүй. Бидний өөрсдийнхөө сайн сайхны төлөө хийх хэрэгтэй зүйл бол байнга түүнд хандан залбирч, түүний нэрийг авч мөн үргэлж түүнийг санаж мөн өөрсдөд нь өгсөн түүний зарлигуудыг дагаж, зөв шударга үйлдэхэд бэлэн, мөн түүний Сүнсийг бидэнд туслаасай гэсэн хүсэлтэй байгаагаа гэрчлэх явдал юм”1 гэж энгийн байдлаар хэлсэн.

Мөн Бурханы өмнөөс ярьж мөн үйлдэх амлалт өгсөн Түүний үйлчлэгчдийн хувьд бид юуны төлөө залбирах ёстойг ерөнхийлөгч Смит хэлсэн. Тэрээр: “Та нар юуны төлөө залбирдаг вэ? Та нар Бурхан та нарыг мэдэж, залбирлуудыг чинь сонсож болохын тулд залбирдаг”2 хэмээн хэлсэн билээ.

Ямар үг ашиглаж залбирах нь тийм ч чухал биш боловч залбирал тэвчээр шаарддаг. Энэ нь Тэнгэрлэг Эцэгт хувь хүний хувьд өөрийгөө мэдүүлэх хүслийг тээн, Түүнд хандах арга зам юм. Тэрээр бүхнээс дээгүүр Бурхан, бүгдийн Эцэг бөгөөд Өөрийн хүүхэд бүрд онцгой анхаарал тавьдаг. Энэ нь Аврагчийн “Тэнгэр дэх бидний Эцэг минь, Таны нэр ариунаар дуурсгагдаг”3 гэх үгсийг ашигласан шалтгаан нь байж болох юм.

Өвдөг сөхрөөд, толгойгоо гудайлгах үед хүндэтгэлийн зохих мэдрэмжийг мэдрэхэд амархан байдаг ч хэт албан ёсны биш, бүр чимээгүй залбиралд ойр ойрхон Тэнгэрлэг Эцэгтээ хандах үедээ мөн санваарын үйлчлэлдээ үүнийг мэдрэх боломжтой байдаг. Таныг сэрүүн байх үед эргэн тойронд чинь дуу чимээ, олон хүн байх болно. Бурхан та нарын чимээгүй залбирлыг сонсдог боловч Бурхантай харилцах шаардлагатай мөч нь чимээ шуугиантай үед ирж болох учраас анхаарал сарниулах зүйлсийг анзаарахгүй байж сурах хэрэгтэй.

Бурхан үйлчлэх дуудлагыг тань таньж мэдэж болохын тулд та нар залбирах ёстой гэж ерөнхийлөгч Смит зөвлөсөн юм. “Тэрээр аль хэдийн та нарын дуудлагыг бүрэн дүүрэн мэдсэн байдаг. Тэрээр та нарыг дуудсан байдаг ба биднийг дуудлагынхаа талаар залбирах үед илүү их зүйлийг илчилдэг юм.4

Гэрийн багш нар залбирахын хамт юу хийх ёстой талаар нэгэн жишээг би та нарт хэлье. Та нар аль хэдийн дараах зүйлсийг хийх ёстойгоо мэдсэн байж магадгүй:

“Гишүүн бүрийн гэрээр айлчлан, мөн чанга дуугаар болон чимээгүй залбирахыг, мөн гэр бүлийн бүх үүргээ гүйцэтгэхийг тэдэнд ухуулах. …

“… Сүмийг ямагт харж хандах, мөн тэдэнтэй хамт байж мөн бэхжүүлэх нь болой;

“Мөн сүмд алдас байхгүй, мөн бие биендээ хахир хатуу хандахгүй, мөн худал хэлэхгүй, хов жив хөөцөлдөхгүй, мөн шүүмжлэхгүй байхад анхаарах нь болой;

“Мөн сүм хамтдаа олонтаа цуглахыг анхаарч, мөн тэрчлэн бүх гишүүд үүргээ биелүүлж байгааг анхаарах нь болой.”5

Харин бүр туршлагатай гэрийн багш болон түүний залуу хамтрагчийн хувьд хүртэл Ариун Сүнсний тусламжгүйгээр эдгээрийг хийх боломжгүй гэдэг нь тодорхой юм. Үйлчлэхээр дуудагдсан гэр бүл эсвэл хувь хүнийхээ талаар бод. Хүмүүний шүүлт мөн сайн зорилго нь ч хангалтгүй байх болно.

Иймээс та нарын сайн танихгүй, та нарт мэдүүлэхээсээ ч санаа нь зовдог хүмүүсийнхээ амьдралд болон зүрх сэтгэлд ямар бэрхшээл байгааг мэдэхийн тулд тэдний зүрх сэтгэлийн гүнд нэвтрэх арга замын төлөө та нар залбирах болно. Та нар тэдэнд тусалж, тэднийг хайрлах Бурханы хайраар үүнийг бүх чадлаараа хийхийн тулд Бурхан та нараар юу хийлгэхийг хүсч байгааг мэдэх ёстой.

Учир нь та нар ерөнхийлөгч Смитийн зөвлөснөөр, залбирахдаа Түүнээс үргэлж Сүнсээрээ адислахыг гуйдаг санваарын чухал мөн хэцүү дуудлагуудтай билээ. Ариун Сүнс та нарт ганц л удаад хэрэгтэй байдаггүй, харин та нарын байнгын хамтрагч байлгахаар Бурханаас та нарт соёрхох бүрийд хэрэгтэй байдаг. Ийм учраас, бид үргэлж Бурхан Өөрийнх нь хүүхдүүдэд үйчлэх үед биднийг удирдахын төлөө залбирах ёстой.

Бид Сүнсний тусламжгүйгээр санваарын чадвартаа бүрэн хүрч чадахгүй учраас бүхий л аз жаргалын дайсны бай болдог. Хэрэв тэр та нарыг нүгэл үйлдэхэд уруу татаж чадвал тэрээр Сүнсээр удирдуулах та нарын хүчийг сулруулж, санваарын хүчийг тань багасгах болно. Тиймээс ерөнхийлөгч Смит Бурхан та нарт сэрэмжлүүлж, та нарыг хилэнцтээс хамгаалахын төлөө үргэлж залбирах ёстой гэж хэлсэн юм.6

Тэр бидэнд олон арга замаар сэрэмжлүүлдэг. Сэрэмжлүүлэг нь авралын төлөвлөгөөний нэг хэсэг юм. Бошиглогч, төлөөлөгч, гадасны ерөнхийлөгч, бишопууд болон номлогчид Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, ариун нандин гэрээнүүдийг хийж, сахихаар дамжуулан гай гамшгаас мултрахын тулд сэрэмжлүүлгийн дуу хоолойг өргөдөг.

Та нар санваартнуудын хувьд Их Эзэний сэрэмжлүүлгийн дуу хоолойны нэг хэсэг байх ёстой. Гэхдээ та нар өөрсдөө сэрэмжлүүлгийг анхааран сонсдог байх ёстой. Та нар өдөр тутмын амьдралдаа Ариун Сүнсний нөхөрлөлөөс ирэх хамгаалалтгүйгээр сүнслэг байдлаар оршин тогтнож чадахгүй.

Та нар үүний төлөө залбирч, үүнийг олж авахын тулд хөдөлмөрлөх ёстой. Та нар зөвхөн энэ удирдамжийн тусламжтайгаар л харанхуйлах манан дундаас давчуу бөгөөд нарийн замыг олж чадна. Та нар бошиглогчдын үгсийг судлах үед Ариун Сүнс та нарын хөтөч байж, үнэнийг илчлэх болно.

Удирдамж хүлээн авах нь зүгээр л нэг сонсож, уншихаас илүү зүйлийг шаардах болно. Та нар үнэний үгсийг зүрх сэтгэлдээ тарихын тулд залбирч, итгэлээр үйлдэх ёстой. Бурхан та нарыг бүх үнэн рүү удирдаж, та нарт зөв замыг харуулах Сүнсээрээ адислахын төлөө та нар залбирах ёстой. Тэрээр ийнхүү та нарт сэрэмжлүүлж, та нарыг амьдралд тань болон санваарын үйлчлэлд тань зөв зам руу удирддаг юм.

Ерөнхий чуулган Бурханы санваарт үйлчлэх хүчийг тань хүчирхэгжүүлэх бололцоог Их Эзэнд олгох агуу боломж болдог. Энэхүү чуулганы төлөө Та нар өөрсдийгөө залбирлаар бэлтгэж болно. Та нар энэ чуулганаар залбирах хүмүүстэй итгэлээрээ нэгдэж болно. Тэд энэхүү чуулганд маш олон хүний дээр олон адислал хүсэн залбирдаг.

Тэд Сүнс Их Эзэний төлөөлөгчийн хувьд бошиглогч дээр бууж ирэхийн төлөө залбирдаг. Тэд Төлөөлөгчид болон Бурханы үйлчлэгч бүрийн төлөө залбирдаг. Энэ нь шинэ диконоос эхлээд туршлагатай дээд прист хүртэл удахгүй сүнсний дэлхий рүү явж, “Сайн байна, итгэмжит сайн боол минь”7 хэмээн хэлэхийг сонсож магадгүй бүх хөгшин, залуу хүмүүс та бүгдийг багтаадаг.

Уг адислал үүнийг хүлээж аваад, гайхан бахдах зарим хүнд ирэх болно. Тэд дэлхий дээрх Бурханы хаант улсад хэзээ ч дээд албан тушаалд дуудагдаагүй байж болно. Зарим нь өөрсдийнхөө хичээл зүтгэлээс өчүүхэн үр дүнг эсвэл зарим үйлчлэх боломж хэзээ ч тэдэнд ирж байгаагүйг мэдэрсэн байж магадгүй. Бусад нь энэ амьдрал дахь тэдний үйлчлэлийн хугацаа тэдний бодож байснаас богинохон байхыг мэдэрсэн байх.

Ямар албанд үйлчилсэн эсвэл хэр удаан үйлчилсэн нь Их Эзэнд чухал биш байх болно. Бид Их Эзэний усан үзмийн талбайд хөдөлмөрлөсөн хүмүүсийн тухай сургаалт зүйрлэлээс тэдний хэр удаан эсвэл хаана үйлчилсэн нь хамаагүй, тэд яг адил цалин авсныг мэдэж авдаг. Тэд хэрхэн үйлчилснээрээ шагнагдах болно.8

Би усан үзмийн талбайд үйлчлэх мөнх бус үйлчлэл нь өчигдөр орой 11 цагт өндөрлөсөн нэгэн эрэгтэй дотны анд мэддэг. Тэр олон жилийн турш хорт хавдраа эмчлүүлж байсан юм. Тэрээр эмчилгээ хийлгэж байсан, аймшигтай өвдөлт бүхий хүнд хэцүү тэдгээр жилүүддээ тойргийнхоо хүүхдүүд нь гэр орноосоо хол явсан эсвэл бэлэвсэрч хоцорсон гишүүдтэй уулзаж, тэднийг хариуцах дуудлагыг хүлээн авсан юм. Түүний дуудлага нь тэдэнд нийгэмдээ болон сайн мэдээг суралцахдаа ая тухтай байхад нь туслах байлаа.

Түүнийг амьдрах хугацаа нь маш богино болсныг мэдэгдсэн албан ёсны хариу хүлээн авах үед бишоп нь бизнесийн асуудлаар аялалд явсан байв. Хоёр өдрийн дараа тэр, дээд пристийн бүлгийн удирдагчаараа дамжуулан, бишоп руугаа захидал илгээжээ. Тэр өөрийнхөө үүрэг даалгаврын талаар: “Би бишоп хол байгааг ойлгож байна. Иймээс би төлөвлөгөө гаргаж байна. Би дараагийн даваа гарагт болох бүлгийнхээ уулзалтын талаар бодож байна. Хоёр гишүүнийг бид Чуулганы төвөөр аялуулах болно. Бидэнд тэднийг зөөж, тэргэнцрийг нь түрж өгөх гишүүд болон скаутынхан хэрэгтэй байна. Хэр олон хүн сайн дураараа туслахыг хүссэнээс шалтгаалан бидэнд аялах хөгшчүүл хангалттай байх болно. Гэхдээ бидэнд нэмэлт хүн хэрэгтэй байна. Мөн тусалж байгаа хүмүүс гэр бүлийнхнийгээ авчирвал сайхан гэр бүлийн орой байх болно. Ямар ч байсан төлөвлөгөөгөө танилцуулахаас өмнө над руу хариу хэлээрэй. … Баярлалаа” гэж бичсэн байв.

Мөн тэр бишоп руугаа утсаар ярьж, түүнийг гайхшруулсан гэнэ. Тэр өөрийнхөө нөхцөл байдал болон үүрэг даалгавраа биелүүлэхийн тулд гаргаж буй агуу хичээл зүтгэлээ дурдалгүй, “Бишоп оо, танд тусламж хэрэгтэй байна уу?” гэж асуужээ. Зөвхөн Ариун Сүнс л түүнд өөрийнх нь ачаа хүндэдсэн үед ч гэсэн бишопын ачааг мэдрэхэд тусалсан байх. Зөвхөн Сүнс л түүнд залуу байхдаа скаутын үйл ажиллагаануудыг төлөвлөхдөө гаргадаг байсан нягт нямбай байдлыг харуулж, өөрийн ах, эгч, дүүст үйлчлэх төлөвлөгөөг гаргах боломжийг өгсөн байх.

Бидний нөхцөл байдал ямар ч байлаа гэсэн Бурхан итгэлийн залбирлын ачаар бидэн дээр санваарын хүчийг юүлэх болно. Энэ нь Бурханы биднээр хэлүүлж, хийлгэхийг хүсч буй зүйлийг бидэнд харуулах Сүнсний төлөө даруухан залбирч, үргэлжлүүлэн энэхүү бэлгийг хүртэж, зөв зохистой амьдрахыг биднээс шаарддаг.

Би Бурхан Эцэг амьд бөгөөд биднийг хайрладаг мөн залбирал бүрийг маань сонсдог гэдэг гэрчлэлээ хуваалцаж байна. Есүс Христ бол амьд Христ, Түүний Цагаатгал цэвэршүүлж, Ариун Сүнсний нөхөрлөлийг хүлээн авах зохистой байх боломжийг өгдөг гэдгийг би гэрчилж байна. Бид итгэл мөн хичээнгүй байдлынхаа ачаар нэгэн өдөр бидэнд баяр баясгаланг авчрах “Сайн байна, итгэмжит сайн боол минь”9 хэмээх үгсийг сонсоно гэдгийг гэрчилж байна. Бид үйлчилж буй Эзэнээсээ энэхүү гайхамшигтай ерөөлийг сонсох болтугай хэмээн би залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.