2010–2019
Хэрэв та хариуцлагатай байх юм бол
Дөрөвдүгээр сар 2015


10:37

Хэрэв та хариуцлагатай байх юм бол

Үүрэг хариуцлагаа олж мэдэн, зөв шийдвэрүүдийг гарган, үүнийхээ дагуу үйлдэж, Эцэгийнхээ хүслийг хүлээн зөвшөөрч урагшилцгаая.

Умард Чилийн төрсөн хотод минь номлогчдыг анх удаагаа номлохоор ирэх үед би дөнгөж 12 настай байлаа. Намайг нэг жижигхэн салбарт яваад зургаан сар болох үед нэгэн ням гарагт ариун ёслолыг түгээж байсан номлогч надад талх дамжуулсан юм. Би түүн рүү хараад, “Би болохгүй” гэж аядуухан шивнэв.

“Яагаад болохгүй гэж?” гэж түүнийг асуухад,

би “Яагаад гэвэл би сүмийн гишүүн биш” гэж хариулав.1

Уг номлогч бүр итгэж чадахгүй байлаа. Түүний нүд нь гайхсандаа гялалзаж байв. “Энэ залуу эрэгтэй цуглаан бүрд ирдэг шүү дээ! Яагаад Сүмийн гишүүн биш байгаа юм бол?” гэж тэр бодож байсан байх.

Маргааш нь л номлогчид манай гэрт ирсэн бөгөөд манай гэр бүлийн бүх гишүүнд заахын тулд чадах бүхнээ хийв. Гэтэл, гэр бүлийнхэн маань сонирхсонгүй. Гэхдээ миний зургаан сарын турш Сүмийн цуглаанд оролцож байсан нь номлогчдод хангалттай найдвар төрүүлсэн учраас тэд үргэлжлүүлэхээр шийдсэн юм. Эцэст нь, тэд намайг Есүс Христийн Сүмийн гишүүн болоход урих үед миний хүсэн хүлээж байсан агуу мөч ирж билээ. Номлогчид, намайг насанд хүрээгүй байсан болохоор эцэг, эхийнхээ зөвшөөрлийг авах хэрэгтэй гэж тайлбарлав. Би аавыгаа “Хүү минь, чи насанд хүрэхээрээ л өөрөө бие даан шийдвэр гаргах боломжтой болно” гэж хайрлангуй өнгө аястай хариулах байх даа гэж бодон, түүн рүү номлогчидтой хамт очсон юм.

Номлогчдыг түүнтэй ярьж байх хооронд би дотроо түүний зүрх сэтгэл зөөлөрч, надад хүссэн зүйлээ хийх зөвшөөрөл өгөөсэй хэмээн байн байн залбирч байв. Тэрээр номлогчдод хандан: “Ахлагчид аа, би өнгөрсөн зургаан сарын турш хүү Хорхе маань ням гараг бүр эртлэн босоод, хамгийн сайн хувцсаа өмсөн, сүм рүү явж байхыг харлаа. Би түүний амьдралд Сүмээс сайн нөлөөлөл ирэхийг харсан” гэж хариулсан юм. Тэгээд аав маань надад хандан “Хүү минь, хэрэв чамайг энэ шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээнэ гэвэл чамд баптисм хүртэх зөвшөөрөл өгье” гэж хэлсэн нь миний гайхлыг төрүүлэв. Би аавыгаа тэврэн, үнсээд, зөвшөөрөл өгсөнд нь талархаж билээ. Тэгээд би маргааш нь баптисм хүртсэн юм. Амьдралын маань энэ чухал мөчийн 47 жилийн ой өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө.

Бид Есүс Христийн Сүмийн гишүүдийн хувьд ямар үүрэг харицлагатай байдаг вэ? Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит: “Бидэнд дараах хоёр агуу үүрэг хариуцлага байдаг. … Нэгдүгээрт, бид өөрсдийн авралыг хүртэхийг хичээх; хоёрдугаарт, найз нөхдийнхөө төлөө хариуцлага хүлээх”2 хэмээн тайлбарласан юм.

Тиймээс эдгээр нь Эцэгийн маань бидэнд даалгасан гол үүрэг хариуцлага юм: аврал гэдэг нь Эцэгийн маань дуулгавартай хүүхдүүддээ бэлтгэсэн хамгийн дээд зэргийн алдар сууг хүртэхийг хэлж байгаа гэсэн ойлголттойгоор өөрсдийн болон бусдын авралыг эрэлхийлэх явдал юм.3 Бидэнд даатгасан эдгээр үүрэг хариуцлага нь мөн бидний дуртайяа хүлээн зөвшөөрсөн эдгээр үүрэг хариуцлага бидний чухалчлах зүйл, хүсэл, шийдвэр болон өдөр тутмын ажил үйлсийг маань тодорхойлох болно.

Есүс Христийн Цагаатгалын ачаар өргөмжлөл нь үнэхээр хүртэж болохуйц зүйл гэдгийг ойлгосон хүний хувьд үүнийг хүртэж чадахгүй байх нь ял шийтгэлтэй адил болно. Ийм болохоор амжилттай байдлын эсрэг нь бүтэлгүй байдал байдаг шиг, авралын эсрэг байдал нь ял шийтгэл байдаг. Ерөнхийлөгч Томас С.Монсон “хүмүүс өөрсдийн хүрч чадах амжилтыг нэгэнт олоод харчих юм бол дундаж байдалдаа удаан хангалуун байж чадахгүй”4 гэж бидэнд заасан билээ. Тэгэхээр бид өргөмжлөл хүртэх боломжтойгоо мэдэх юм бол өргөмжлөлөөс доод зэргийн байдалд хэрхэн сэтгэл хангалуун байх билээ?

Биднийг Тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхэд бас бид Түүний адил болох ёстой гэсэн Түүний хүсэл найдварт хүрэхэд маань бидэнд туслах үндсэн дөрвөн зарчмыг би хуваалцья.

1. Үүргээ мэдэх нь

Хэрвээ бид Бурханы хүслийн дагуу хийнэ гэвэл, хэрвээ бид Түүний өмнө хариуцлага хүлээнэ гэвэл бид Түүний бидний төлөөх хүслийг мэдэж, ойлгож, хүлээж аван мөн тэдгээрийн дагуу амьдарч эхлэх ёстой. Их Эзэн “Иймийн тул, эдүгээ хүн бүр өөрийн үүргийг мэдэж аваг, тэрээр томилогдсон албан тушаалдаа бүхий л хичээл зүтгэлээр ажиллаг”5 хэмээн өгүүлжээ. Хэрэв бид Эцэг маань биднээс юуг хийхийг хүсч, хүлээж байгааг ойлгоогүй бол сайныг хийх хүсэлтэй л байх нь хангалттай биш юм.

Алиса гайхамшгийн оронд хэмээх үлгэрт Алиса аль замаар явахаа мэдэхгүй болохоороо Чишайре муураас “Би эндээс хаашаа, аль замаар явах хэрэгтэй байгааг минь хэлж өгнө үү?” гэж гуйдаг.

Тэгэхэд муур “Тэр чинь чиний хаана хүрэхийг хүсэж байгаагаас маш их шалтгаална даа” гэж.

Алиса, “Хаана очих нь ч надад нэг их чухал биш ээ” гэж хариулдаг.

“Тийм юм бол ямар замаар явах нь ч нэг их чухал биш дээ” гэж муур өгүүлжээ.6

Гэхдээ бид “нэгнийг жаргалтай болгох дур булаам жимстэй нэгэн мод”7 руу хөтлөх замыг мэддэг ба—“амь руу хөтөлдөг зам нь”—нарийн бөгөөд уг замыг даган аялахад хичээл зүтгэл шаардагддаг бас “цөөхөн хүн түүнийг олдог”8 юм.

Нифай “Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно”9 хэмээн бидэнд заадаг. Тэр бас нэмж, “Ариун Сүнс … та нарын хийвэл зохих тэр бүх зүйлийг та нарт үзүүлэх болно”10 хэмээн заажээ. Тиймээс, бидэнд үүргээ мэдэхэд тусалдаг эх сурвалжууд нь эртний болон орчин үеийн бошиглогчдоор дамжуулан хүлээн авдаг Христийн үгс мөн Ариун Сүнсээр дамжуулан бидний хүлээн авдаг хувийн илчлэлтүүд байдаг билээ.

2. Шийдвэр гаргах нь

Биднийг сайн мэдээний Сэргээлт, тодорхой нэг зарлиг, дуудлагадаа үйлчлэхэд хамаатай үүргүүд эсвэл ариун сүмд хийх гэрээнүүдийн талаар сурч мэдэж авах үед уг шинэ мэдлэгийнхээ дагуу үйлдэх эсэх нь бидний сонголт байдаг. Хүн бүр баптисм, ариун сүмийн ёслолууд гэх мэт ариун гэрээнд орох эсэхийг өөрсдөө чөлөөтэй сонгодог. Тангараг өгөх нь эрт дээр үеийн хүмүүсийн шашны амьдралын жирийн нэг хэсэг байсан болохоор эртний хуулинд “миний нэрээр хуурамчаар бүү тангарагла”11 гэж заасан байдаг. Гэсэн ч цаг хугацааны голчид, Аврагч за гэдэг нь за, мөн үгүй гэдэг нь үгүй гэсэн утгатай хэмээн хэлэхдээ хэлсэн үгэндээ хүрэх илүү дээр аргыг заасан юм.12 Хүний үг хэн нэгэнд амласнаа хийж, шударга байхаа үзүүлэхэд хангалттай байх ёстой ба уг хүн нь Тэнгэр дэх Эцэг байх юм бол бүр ч тийм байх ёстой юм. Хэлсэн үгэндээ хүрэх нь үгсийн маань үнэн зөв байдлын үзүүлэлт болдог.

3. Эдгээрийн дагуу үйлдэх нь

Бид үүргээ мэдэж мөн энэ ойлголт мэдлэгтэй холбоотой шийдвэр гаргасныхаа дараа үүний дагуу үйлдэл хийх ёстой.

Аврагчийн өмнө саа өвчтэй хүнийг авчрахад тохиолдсон явдал нь Түүний Эцэгтээ амласан үгэндээ хүрэх гэсэн хатуу шийдвэрийн маш хүчирхэг жишээ болсон юм. “Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтэй хүнд – Хүү минь, нүглүүд чинь уучлагдсан гэв.”13 Есүс Христийн Цагаатгал нь бидэнд нүглүүдийнхээ төлөө уучлалыг хүртэхэд нэн чухал гэдгийг бид мэддэг. Гэтэл саа өвчтэй хүнийг эдгээх энэ үед цагаатгалын агуу зүйлс арай тохиогоогүй байсан юм; Гетсемани болон загалмай дээрх Аврагчийн зовлон шаналал улиран тохиогоогүй байлаа. Гэсэн ч, Есүс саа өвчтэй хүнийг босож зогсоод, алхах чадвараар адисалсан төдийгүй бас Тэр түүнд нүглийнх нь уучлалыг үзүүлсэн бөгөөд тэгснээр Тэр Эцэгтэйгээ хийсэн гэрээндээ хүрч бас Гетсеманид болон загалмай дээр Өөрийн хийхээр амласан зүйлээ хийж бас болихгүй гэсэн эргэлзээ маргаангүй тэмдгийг харуулсан билээ.

Бидний алхахаар сонгосон зам нарийн. Бид энэ зам дээр Есүс Христэд итгэх итгэлийг болон зам дээр үлдэж, урагшлахад чадах бүхий л хичээл зүтгэлийг маань шаардах бэрхшээлүүдтэй тулгарах болно. Бид өөрсдөд маань тулгарсан бүх нөхцөл байдлыг ойлгоогүй үедээ ч наманчилж, дуулгавартай байн, тэвчээртэй хандах хэрэгтэй. Бид бусдыг уучлан, өөрсдийн мэдсэн зүйлсийнхээ болон гаргасан сонголтынхоо дагуу амьдрах ёстой.

4. Эцэгийн хүслийг дуртайяа хүлээн авах нь

Шавь байна гэдэг нь үүргээ мэдэж, зөв шийдвэр гарган, тэрхүү шийдвэрийнхээ дагуу үйлдэхийг биднээс шаардах төдийгүй мөн бид Бурханы хүслийг, энэ нь бидний шударга хүсэл эрмэлзэлтэй адил биш байсан ч хүлээн зөвшөөрөх чадвар, хүслийг хөгжүүлэх нь их чухал байдаг.

Их Эзэнд ирээд,“өмнө нь өвдөг сөхрөн унаж, Хэрэв та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ гэж гуйсан”14 уяман өвчтэй хүний хандлага надад гүн сэтгэгдэл төрүүлдэг. Уг уяман өвчтэй хүн, хүсэл нь шударга байж болох байсан хэдий ч юуг ч шаардаагүй; тэр Их Эзэний хүслийг хүлээн авахад л бэлэн байв.

Хэдэн жилийн өмнө миний найз, нэгэн гэр бүлийн хос удаан хугацааны турш залбирч, хүсэн хүлээсэн хүүтэй болохоор адислагдсан юм. Манай найзууд мөн тэдний цорын ганц хүүхэд байсан охин нь нялх хүүг харж баярлаж байхад тэдний гэр орон баяр хөөрөөр дүүрэн байж билээ. Гэтэл нэг өдөр гэнэтийн зүйл тохиолдов. Гурав орчим настай байсан хүү гэнэт ухаан алдан комд орсон гэнэ. Би уг явдлын талаар сонссон даруйдаа хүнд хэцүү байдалд байхад нь сэтгэлийн дэмжлэг үзүүлэхээр утасдсан билээ. Гэтэл түүний үгс надад сургамж болсон юм. Тэрээр “Хэрвээ түүнийг Өөр дээрээ аваачих нь Эцэгийн хүсэл юм бол, тэгвэл бид хүлцэнгүй байх болно” гэж хэлж билээ. Найзын маань хэлсэн үгс ямар ч дургүйцэл, эгдүүцэл, бухимдлыг агуулаагүй байв. Харин ч үүний эсрэгээр, би тэрхүү үгсээс бяцхан хүүгээ богино хугацаагаар ч гэсэн хамт байлгах боломж өгсөнд нь Бурханд талархаж байгааг бас Эцэгийн тэдний төлөөх хүслийг бүрэн дүүрэн хүлээж авах хүслийг нь мэдэрч билээ. Хэдхэн хоногийн дараа бяцхан хүү селестиел ордон руу аваачигдсан юм.

Үүргээ мэдэж, зөв шийдвэр гарган, эдгээр шийдвэрийн дагуу үйлдэж мөн Эцэгийнхээ хүслийг хүлээн авснаар урагшилцгаая.

47 жилийн өмнө аавынхаа надад ийм шийдвэр гаргах боломж олгосонд би хичнээн талархалтай, баяртай байдаг гээч. Түүнээс хойш, би түүний надад өгсөн нөхцөлийг буюу уг шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээх нөхцөлийг ойлгосон бөгөөд энэ нь Тэнгэрлэг Эцэгийн өмнө хариуцлагатай байж, өөрсдийн болон найз нөхдийнхөө авралыг эрэлхийлэн, тэгснээр Эцэгийн надаас хэн болохыг хүсч байгаа тэр хүн болох гэсэн утгатай гэдгийг ойлгосон юм. Энхүү онцгой өдөр бидний Эцэг, Бурхан болон Түүний Хайрт Хүү Есүс амьд гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. “Ариун ёслол нь Сүмийн гишүүдэд зориулагдсан байдаг ч бишопын зөвлөл үүнийг зөвхөн гишүүдэд түгээнэ гэж зарлах ёсгүй ба гишүүн бус хүмүүсийг үүнээс хүртэхгүй байлгах ямар нэгэн зүйл хийх ёсгүй” (Гарын авлага 2: Сүмийг удирдах нь [2010], 20.4.1) гэдгийг анхаарна уу.

  2. Teachings of Presidents of the Church: Joseph Fielding Smith (2013), 294.

  3. Сургаал ба Гэрээ 132:21–23-ийг үзнэ үү.

  4. Томас С.Монсон, “To the Rescue,” Ensign, 2001 оны 5-р сар, 49; Лиахона, 2001 оны 7-р сар, 58.

  5. Сургаал ба Гэрээ 107:99.

  6. Lewis Carroll, Alice’s Adventures in Wonderland (1920), 89.

  7. 1 Нифай 8:10.

  8. Матай 7:14.

  9. 2 Нифай 32:3.

  10. 2 Нифай 32:5.

  11. Левит 19:12.

  12. Матай 5:37-г үзнэ үү.

  13. Марк 2:5.

  14. Марк 1:40.