Итгэлээ сэргээх нь
Бид ч бас тус тусын аялалдаа Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлж, баяр баяслыг олж чадна.
Ерөнхийлөгч Монсон ах аа, Христийн амилсны баярын энэ өглөө бид амьд бошиглогчийнхоо дуу хоолойг сонсож байгаадаа үнэхээр талархалтай байна. “Хийж буй аянаасаа баяр баяслыг ологтун”1, “Ирээдүй та нарын итгэл лүгээ адил гэрэл гэгээтэй байна” 2 хэмээх хэлсэн үгсийг тань бид эрхэмлэн нандигнадаг.
Энэ жил хүүхдийн хэсгийн хүүхдүүд “Аврагч надад хайртайг мэднэ” дууллыг дуулж байхдаа Есүс Христэд итгэх итгэлийнхээ бат бөх байдал хийгээд баяр баяслыг хуваалцаж байгаа. Тэд: “Тэр амьдыг би мэднэ! … Би зүрх сэтгэлээ өгнө.”3 хэмээн үнэнийг дуулдаг. Хүүхдийн хэсгийн хүүхдүүдийн адил бид ч бас тус тусын аялалдаа Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлж, баяр баяслыг олж чадна.
Саяхан би ням гаргийн Халамжийн нийгэмлэгийн цуглаан дээр нэгэн залуухан ээж өөрийнхөө хөрвөлтийн аяллын хэсгээс хуваалцахыг сонссон юм. Тэр эцэг, эхээрээ сайн мэдээг заалган, сүмд өсчээ. Тэрээр Хүүхдийн хэсэг, Залуу эмэгтэйчүүд, семинарт хамрагддаг байсан бөгөөд үнэний талаар суралцан, нээн илрүүлэх дуртай нэгэн байв. Аливаа зүйлс яагаад тохиолддогийг мэдэхийн тулд тэр үргэлж эрэлхийлдэг байжээ. Ахлагч Рассэлл М.Нэлсон хэлэхдээ “Их Эзэн зөвхөн эрэлхийлэгч оюунд л зааж чадна”4 гэсэн байдаг. Энэ залуу эмэгтэй дарууссан нэгэн байсан юм.
Тэрээр ахлах сургуулиа төгсөөд, их сургуульд суралцан, эргэж ирсэн номлогчтой ариун сүмд лацдан холбогдож, хөөрхөн хүүхдүүдээр адислагджээ.
Тэр эрэл хайгуулын сүнстэйгээр асуултуудыг асуусаар байжээ. Гэвч асуултууд нь хүндрэх тусам, хариултууд нь ч мөн хүндэрсэн байна. Зарим үед хариулт ирэхгүй эсвэл хариулт ирэхгүй байснаар энэ нь түүнд амар амгаланг авчирч байв. Түүнийг хариулт олохоор эрэлхийлэх үед улам олон асуулт гарч ирсэн ба тэр итгэлийнхээ зарим үндэс сууринд эргэлзэж эхэлсэн байна.
Ийнхүү түүнийг эргэлзэх үед ойр дотныхон нь “Миний итгэлд түшиглэ ээ” гэдэг байсан ч тэр “Тэгж чадахгүй ээ. Та нар ойлгохгүй байна. Энэ асуудалтай та нар тулгараагүй шүү дээ” хэмээн боддог байв. Тэр харин: “Хэрвээ тэдгээр эргэлздэггүй хүн надад найрсаг хандвал би ч бас найрсаг байх болно” гэж тайлбарласан аж. Олон хүн түүнд сайхан хандаж байжээ.
“Аав, ээж минь намайг юу мэдэрч байсныг мэдэж байсан ба энэ талаар надаас олон юм асууж, шалгаагаагүй. Энэ бүхнийхээ учрыг өөрөө олж байх үед минь тэд намайг хайрлахыг сонгосон юм” хэмээн тэр ярьж байлаа. Энэ залуухан ээжийн бишоп нь тэдэнтэй л адил түүнтэй ойр ойрхон уулзаж, түүнд итгэж байдгаа хэлдэг байж.
Тойргийн гишүүд нь ч мөн түүнийг хайрлахдаа огтхон ч эргэлздэггүй байсан бөгөөд тэрээр өөрийгөө тэдний нэг хэсэг гэдгийг мэдэрч байв. Түүний тойрог, хүмүүс төгс мэт харагдахыг хичээдэггүй, нэг нэгэндээ хайр халамж үзүүлдэг л газар байж.
Тэр, “Их сонирхолтой байсан. Тэр үед би нас барсан өвөө, эмээтэйгээ ойр дотно холбоотой байгаагаа мэдэрсэн. Тэд намайг дэмжиж, үргэлжлүүлэн хичээхэд минь урамшуулж байлаа. ‘Мэдэж байгаа зүйлдээ анхаарлаа хандуул’ хэмээн хэлэхийг нь би мэдэрсэн” гэжээ.
Олон хүн түүнийг урамшуулан дэмжиж байсан ч тэр идэвх султай болжээ. “Би муу муухай зан байдал, сүнслэг зүйлсийг үл тоомсорлох, зарлигуудыг дагахгүй байх шалтаг хайх эсвэл асуудлаа амархан аргаар шийдэх гэсэндээ сүмээс холдоогүй. ‘Би яг юунд итгэдэг вэ?’ гэсэн асуултын хариуг олох хэрэгтэй гэж бодсон” гэж тэр хэлсэн юм.
Энэ үедээ тэр өөртэй нь төстэй зүйл мэдэрч байсан Тэриса Эхийн бичсэн зүйлсийн тухай ном уншсан аж. 1953 онд бичсэн захидалдаа: “Би Түүний ажлыг мөхөөхгүй байхын төлөө мөн бүх зүйл үхмэл мэт миний дотор айхтар муухай харанхуй байгаа болохоор бидний Их Эзэн Өөрийгөө үзүүлж болохын тулд миний төлөө онцгойлон залбирна уу. Намайг ‘уг ажлыг’ эхэлсэн цагаас хойш иймэрхүү байна. Надад урам зориг өгнө үү хэмээн Их Эзэнээс гуйгаач” хэмээн Тэриса Эх бичиж байжээ.
Дээд бишоп Пэриэр хариуд нь: “Хүндэт Эх минь, Бурхан таныг удирдана. Та бодож байгаа шигээ тийм их харанхуйд байхгүй байна. Дагах зам нь үргэлж тэр даруй тодорхой харагдахгүй байж болно. Мэдлэгийн төлөө залбир. Хэтэрхий хурдан шийдвэр бүү гарга. Бусдын хэлэхийг сонсож, тэдний учир шалтгааныг тунгаа. Танд туслах зүйлийг та үргэлж олох болно. … Өөртөө байгаа хангалттай их зөв зорилгыг тээн, залбирал, эрүүл ухаан, итгэлээрээ удирдуул”5 гэжээ.
Найз маань, хэрэв Тэриса Эх бүх хариулт, бүх зүйлийн талаарх тодорхой мэдрэмжгүйгээр шүтлэг бишрэлээ дагаж чадаж байгаа бол тэр өөрөө ч гэсэн чадах байх гэж боджээ. Тэр итгэлээр урагшаа нэг энгийн алхам, дараа нь дахиад нэг алхам хийж чаджээ. Тэрээр итгэдэг байсан үнэнүүддээ анхаарлаа төвлөрүүлж чадсан ба тэдгээр үнэн нь оюун ухаан, зүрх сэтгэлийг нь дүүргэсэн байна.
Тэрээр тохиолдсон зүйлсийнхээ талаар эргэцүүлэн бодохдоо, “Миний гэрчлэл ямар ч зүйлд итгэхээ болих хүртлээ сулран доройтсон байв. Бүр шатаж дууссан байлаа. Гагцхүү Есүс Христэд л итгэлтэй хэвээр байв. Тэрээр асуулттай байх үед маань биднийг орхиж явдаггүй. Хэн нэгнийг зарлигуудыг дагахаар хичээх үед Аврагчид хүрэх хаалга үргэлж нээлттэй байдаг. Залбирч, судраас судлах нь маш чухал зүйл болсон” гэж хэлжээ.
Итгэлээ сэргээн босгох түүний анхны алхам сайн мэдээний энгийн үнэнүүдээс эхлэх явдал байсан. Тэр Хүүхдийн хэсгийн дууллын ном худалдан авч, үгийг нь уншиж эхэлжээ. Тэдгээр нь түүний хувьд эрдэнэс байсан юм. Тэр өөрийнхөө мэдэрч байсан ачаа дарамтуудыг хөнгөлөх итгэлийн төлөө залбирчээ.
Тэрээр өөрийг нь эргэлзэхэд хүргэсэн зүйлтэй тулгарах үедээ “бүх зүйлийг нэгэн зэрэг ойлгохыг хичээхээ больж, итгэдэг зүйлтэй нь энэ шинэ санаа хэрхэн холбогдож байгааг эргэцүүлэн, сайн мэдээний энэ хэсэг амьдралд нь хэрхэн нөлөөлж байгааг тунгаан бодохыг ойлгож авчээ.” Тэр хэлэхдээ “Би ‘Энэ нь надад болон манай гэр бүлийн хувьд зөв зам мөн үү?’ гэж байнга асуудаг байсан. Заримдаа би өөрөөсөө ‘Би хүүхдүүдийнхээ төлөө юу хүсч байна вэ?’ гэж асуудаг байлаа. Тэднийгээ ариун сүмд гэрлээсэй гэж хүсч байгаагаа би ухаарсан. Тэр үед зүрх сэтгэлд минь итгэл эргэн ирж билээ” гэжээ.
Ахлагч Жэффри Р.Холланд: “Даруу байдал, итгэл болон Ариун Сүнсний нөлөө үргэлж үнэний төлөөх эрэл хайгуул бүрийн нэг хэсэг нь байх [болно]”6 гэж хэлжээ.
Мормоны Ном ямар арга замаар ирсэн тухай олон асуулт түүнд байсан ч Мормоны Номон дахь өөрийн мэддэг үнэнүүдийг үгүйсгэж чадахгүй байв. Тэрээр Аврагчийн тухай илүү сайн ойлгохын тулд Шинэ Гэрээнээс судлахад анхаарлаа хандуулжээ. “Гэвч эцэст нь би өөрийгөө Мормоны Номноос дахин уншиж байна гэдгээ анзаарсан. Учир нь би Есүс Христ болон Түүний Цагаатгалын талаар уншихдаа мэдэрдэг мэдрэмжиндээ дуртай байсан” гэж тэр ээж ярьсан юм.
“Уг номон дахь үнэнүүдтэй холбоотой өөрийн гэсэн сүнслэг туршлагатай байх хэрэгтэй” гэж тэр хэлсэн бөгөөд өөрөө тийм туршлага олж авч байв. Тэрээр “Би Мозаягийн номноос уншаад, энэ нь надад хандан, ‘Бурханд итгэ; тэр байдагт итгэ, мөн тэр … бүх зүйлийг бүтээсэнд итгэ; тэр бол тэнгэрт мөн газарт аль алинд нь бүх мэргэн ухааныг, мөн бүх хүч чадлыг эзэмшигч гэдэгт итгэ; Их Эзэний ухаарч чадах тэр бүх зүйлийг хүмүүн ухаардаггүйд итгэ’7 хэмээн хэлж байгааг мэдэрсэн” гэв.
Энэ үед Хүүхдийн хэсгийн хөгжимчний дуудлагыг түүнд өгчээ. “Энэ нь их боломжийн дуудлага байсан. Би хүүхдүүдээ Хүүхдийн хэсэгт явуулахыг хүсч байсан бөгөөд тэдэнтэйгээ хамт байх боломжтой болов. Би заахад арай бэлэн болоогүй байсан” гэж тэр ярьсан. Тэр үйлчилж байхдаа ойр дотныхоо хүмүүсээс “Хүрээд ир, сүнслэг байдал чинь ямар ч түвшинд байсан бид чамайг хүлээн авч, хамтдаа хичээх болно. Юу байгаагаа бидэнд үзүүл” гэсэн урилгыг мэдэрсээр байжээ.
Хүүхдийн хэсгийн дууллуудыг тоглож байхдаа тэр ихэнхдээ “Энэ миний дуртай үнэн байна. Би одоо ч гэрчлэлээ хуваалцаж чадна. Би өөрийнхөө мэддэг, итгэдэг зүйлсээ л хэлэх болно. Энэ нь мэдлэгийн төгс өргөл биш байж болох ч миний өргөл байх болно. Би гэрчилсэн зүйлсийнхээ талаар илүү хүчирхэг гэрчлэлийг олж авна. Сайн мэдээний энгийн хэсгүүдэд анхаарлаа төвлөрүүлж, тодорхой байдлыг мэдрэх нь үнэхээр сайхан” гэж боддог байв.
Тэр нэгэн ням гаргийн өглөө би энэ залуухан эгчийг аяллынхаа түүхээс хуваалцахыг сонсоод, бид бүгдээрээ Гэтэлгэгчийнхээ хадан дээр сууриа тавих ёстойг санасан билээ.8 Түүнчлэн Ахлагч Жэффри Р.Холландын “Олж авсан итгэлээсээ зууран, илүү их мэдлэг иртэл тэвчээртэй байцгаа”9 хэмээн хэлсэн үг санаанд минь орсон юм.
Түүнийг хичээл зааж байх үеэр хичээнгүйлэн эрэлхийлж, зарлигуудын дагуу амьдрах үед бидний чин сэтгэлийн асуултуудын хариулт ирдэг гэдгийг би зүрх сэтгэлээрээ илүү мэдэж авсан. Бидний итгэл учир зүйн хувьд ойлгогдохгүй байгаа зүйлсэд итгэхэд маань тусалдаг гэдгийг би санасан юм.
Ай, би энэ залуухан ээжийг хайрлаж, дэмжиж байсан ойр дотныхонтой адилхан болохыг ямар их хүсч байна гээч. Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлснээр “Бид бүгд шавь болох аян замдаа Бурханы гэрлийг эрэлхийлж буй аянчид билээ. Бид бусдыг тэдэнд байгаа болон байхгүй гэрлийнх нь хэмжээгээр буруутган шүүмжилдэггүй, харин бүх гэрлийг цэвэр, тод томруун, үнэн зөв болтол нь тэжээн тэтгэж, урамшуулан дэмждэг”10 билээ.
Хүүхдийн хэсгийн хүүхдүүд “Хүүхдийн залбирал” дууллыг дуулахдаа “Тэнгэрлэг Эцэг минь, та үнэхээр байдаг уу? Та хүүхэд бүрийн залбирлыг сонсож бас хариулдаг уу?”11 гэж асуудаг.
Бид ч бас хариулт нь чимээ аниргүй, энгийн нотолгоо болон ирэх үед баярлаж, баяссан найз шиг маань “Тэнгэрлэг Эцэг үнэхээр байдаг болов уу?” хэмээн гайхширч болох юм. Эдгээр энгийн нотолгоо нь Түүний хүсэл биднийх болох үед ирдэг гэдгийг би гэрчилж байна. Өнөөдөр дэлхий дээр үнэн байгаа бөгөөд Түүний сайн мэдээ Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд байдаг гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.