Тариачны сургаалт зүйрлэл
Бидний хөрсөө сайжруулж, ургацаа арвин байлгах зүйлс хийхээ нэн тэргүүнд тавих эсэх нь бид бүхнээс шалтгаалдаг.
Ерөнхий чуулган дээр хэлэх үгсийн сэдэв мөнх бус эрх мэдлээр биш Сүнсний өдөөлтөөр өгөгддөг юм. Олон сэдэв бид бүгдэд тохиолддог мөнх бус сэтгэлийн зовлонгоос эхлэлтэй байдаг ч Есүс Өөрийнхөө өдрүүдэд мөнх бус сорилт бэрхшээл эсвэл улс төрийн хавчлага дарамтыг хэрхэн даван туулахыг заадаггүй байсанчлан Түүний үйлчлэгчид ихэвчлэн тэнгэрлэг гэр рүүгээ буцаж очиход бэлтгэгдэхийн тулд Түүний дагалдагчид өөрсдийн амьдралыг юу хийж өөрчилж болох талаар ярьдаг. Би Есүсийн амилсны баярын энэхүү амрлатын өдрүүдээр Түүний нэгэн сургаалт зүйрлэлд агуулагдсан үнэ цэнэтэй, мөнхийн сургаалуудын тухай ярихаар сүнсээр өдөөгдсөн билээ.
Тариачны сургаалт зүйрлэл нь Матай, Марк, Лук номнуудад цэдэглэгдсэн цөөн тооны сургаалт зүйрлэлийн нэг юм. Мөн энэ нь Есүсийн шавь нартаа тайлбарлаж өгсөн тоотой хэдхэн сургаалт зүйрлэлийн нэг юм. Хөрсөнд суулгагдсан үр нь “хаанчлалын тухай үг” (Матай 13:19), “үг” (Марк 4:14–15) эсвэл “Бурханы үг” (Лук 8:11) Эзэний болон Түүний үйлчлэгчдийн талаарх сургаалууд юм.
Үрүүдийг цацсан өөр өөр хөрс нь тэдгээр сургаалуудыг хүлээн авч, дагах мөнх бус хүмүүний өөр өөр арга замыг төлөөлж байгаа юм. Иймээс “замын хавиар унасан” (Марк 4:4) үрүүд нь ургах боломжтой мөнх бус хөрсөнд унаагүй гэсэн үг. Тэд зүрх сэтгэлээ хатууруулсан эсвэл бэлтгэгдээгүй нэгэнд танилцуулсан сургаалуудтай адил юм. Би энэ талаар өөр зүйл ярихгүй. Харин миний захиас Христийн дагалдагчид байхаар шийдсэн тэдгээрт хамаатай юм. Бид өөрсдийн замналаар амьдрахдаа Аврагчийн сургаалуудыг хэр дагадаг вэ?
Тариачны сургаалт зүйрлэл нь сайн мэдээний захиасын үрийг хүлээн авсан хүн бүхэнд сайн ургац авчрахад нь саад болох нөхцөл байдал, зан чанаруудын тухай анхааруулдаг.
I. Чулуурхаг газар; Үндэс үгүй үр
Зарим үр нь “хөрс багатай чулуурхаг газар унаж, хөрс нь гүн биш тул тэр даруй соёолжээ: Нар мандсаны дараа үндэсгүй учир тэдгээр нь хорчийн хатжээ” (Марк 4:5–6).
Есүс энэ нь “үгийг сонсоод тэр даруй баяртайгаар хүлээн авдаг” боловч “өөрсдөд нь бат үндэс байхгүй[гээс] … болж зовлон, хавчлага тохиолдоход … тэр даруй унадаг” (Марк 4:16–17) хүмүүсийг хэлж байгаа хэмээн тайлбарлажээ.
Ямар зүйл сонсогчдыг “өөрсдөд нь бат үндэс байхгүй” байхад хүргэдэг вэ? Энэ нь зөвхөн номлогчдод эсвэл Сүмийн сэтгэл татам олон онцлогт эсвэл Сүмийн гишүүн байснаар ирдэг олон агуу адислалд хөрвөсөн шинэ гишүүдийн нөхцөл байдал юм. Тэдний үндэс үгэнд суулгагдаагүй учраас зовлон тохиолдоход хорчийн хатаж, үрэгддэг. Гэсэн хэдий ч энэ нь бүр Сүмд өсөж хүмүүжсэн, олон жил гишүүн байсан ч өөрийн гэсэн бат бөх үндэс байхгүй хүмүүст хүртэл тохиолддог зүйл. Би Есүс Христийн сайн мэдээнд бат бөх хөрвөгдөөгүй зарим ийм гишүүнийг мэддэг байсан. Хэрэв бид сайн мэдээний сургаалуудад үндэслэгдэж, сургаалуудыг үргэлж дагахгүй байх аваас бидний хэн нэгэн нь чулуун зүрх буюу сүнслэг үрэнд чулуурхаг хөрсийг бий болгох боломжтой.
Сүнсний хоол нь ялангуяа Бурханд итгэх итгэлээс мөн зөв буруугийн үнэмлэхүй ойлголтоос холдон хөндийрч буй дэлхий дээрх бидний сүнсний авралд зайлшгүй шаардлагатай юм. Хүмүүсийн итгэлийг сулруулах мэдээллүүдийг цацаж байгаа интернэт ноёрхсон үед бид итгэлээ хүчирхэгжүүлж, сайн мэдээнд бат бөх үндэстэй байхын тулд сүнслэг үнэний талаарх мэдлэгээ хөгжүүлэх хэрэгтэй.
Залуучууд аа, хэрэв энэ сургаал хэтэрхий ерөнхий санагдаж байвал би нэгэн тодорхой жишээг хуваалцья. Хэрэв та нар ариун ёслолыг адисалж түгээх үедээ мессеж бичин, шивнэн ярьж, видео тоглоом тоглох эсвэл зайлшгүй шаардлагатай сүнсний хоолыг үгүйсгэх өөр бусад зүйлийг хийж байвал та сүнслэг үндсээ сулруулж, өөрсдийгөө чулуурхаг газар руу нүүлгэж байна гэсэн үг юм. Та ганцаардал, хавчлага дарамт, доромжлолтой нүүр тулах үед өөрийгөө хорчийж хатахад бэлэн болгож байгаа хэрэг.
Орчин үеийн техник технологи хурдтай хөгжиж эхэлсэн, гэрчлэлийг сулруулж, үндсийг устгаж болох өөр нэг сүйтгэгч бол сайн мэдээг эсвэл Сүмийг цоожны нүхээр харах явдал юм. Энэхүү хязгаарлагдмал үзэл нь зөвхөн тодорхой сургаал, дэг журам эсвэл удирдагчдын сул дорой байдалд анхаарлыг хандуулснаар сайн мэдээний төлөвлөгөөний агуу дүр зургийг мөн түүний хувь хүн болон нийгэмд үзүүлсэн үр жимсийг үл ойшоон үлдээдэг байна. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли энэхүү цоожны нүхээр харах үзлийн нэгэн онцлогийн талаар тодорхой тайлбар өгсөн юм. Тэрээр тухайн үеийн нэг шинэ мэдээнд “ихэд уурлаж, унтууцсан” улс төрийн шүүмжлэгчдийн тухай БЯИС-ийн сонсогчдод ярьжээ. Тэрээр “тэд маш чадварлагаар бүдүүлэг, доромжилсон үг хэллэгүүдийг хэлж байлаа. … ‘Үнэхээр.’ “‘энэ цаг үе яах аргагүй ингэж хэл амаар доромжилсон яриагаараа авьаслаг хүмүүсийн эрин бололтой ’”1 гэжээ. Харин эсрэгээр бид сайн мэдээнд бат бөх суулгагдахын тулд үзэл бодолдоо хэт туйлшрахгүй, бусдыг шүүмжлэхээ багасгаж, Бурханы агуу ажлыг илүү өргөн цар хүрээнд харахыг эрэлхийлэх ёстой.
II. Хогийн ургамал; Энэ дэлхийн чухал зүйлс болон эд баялгийн хуурамч төрх
Есүс “Зарим нь хогийн ургамлын дунд унахад, хогийн ургамал ургаж тэднийг барьчихаж. Ингээд тэр үр ургац өгсөнгүй” (Марк 4:7) хэмээн заажээ. Тэрээр тэдгээр нь “үгийг сонсоод, харин ертөнцийн зовнил, эд баялгийн хуурамч байдал, бусад зүйлсийг хүсэх хүсэл нь үгийг шахан зайлуулахад тэр нь үр жимсгүй болдог” (Марк 4:18–19) хэмээн тайлбарлажээ. Энэ нь бид бүгдийн анхааран сонсох ёстой сэрэмжлүүлэг юм.
Эхлээд би эд баялгийн хуурамч төрхийн тухай ярья. Бидний сүнслэг аяллынхаа хаана явж байгаа мөн бидний хөрвөлтийн байдал ямар байгаагаас үл хамааран бүгд энэ уруу таталтад ордог. Бидний хандлага эсвэл нэн тэргүүнд тавьж буй зүйлс нь эд баялгаа нэмэгдүүлж, ашиглах эсвэл эзэмших дээр суурилсан байвал үүнийг материалист үзэл гэж нэрлэдэг. Материалист үзлийн талаар олон зүйлийг хэлж, бичсэн байдаг учраас нэмж хэлэх шаардлагагүй байх.2 Чинээлэг аж амьдралын талаарх номлолд итгэгчид “эд баялгийн хуурамч төрхөнд” хууртсан байдаг. Эд баялаг эсвэл их мөнгөтэй байх нь тэнгэрээс ивээгдсэний бэлэг тэмдэг, харин байхгүй байх нь тэнгэрийн гэсгээлтийн нотолгоо гэсэн үг биш юм. Есүс өөрт байгаа бүх өмч хөрөнгөө ядууст өгвөл мөнх амьдралыг өвлөн авах болно гэж нэгэн итгэлтэй дагалдагчдаа хэлэх үед (Марк 10:17–24-ийг үзнэ үү) Тэрээр түүний өмч хөрөнгө дэх хилэнцийг биш, харин түүний тэдгээрт хандах хандлага дахь хилэнцийг онцолсон юм. Есүс Өөрөөс нь урвахын тулд Иудасын олж авсан мөнгөтэй адил мөнгийг хөршдөө үйлчлэхэд ашигласан сайн Самари хүнийг магтсан гэдгийг бид бүгд мэднэ. Бүхий л хилэнцийн үндэс нь мөнгө биш, харин мөнгөнд дурлах (1 Тимот 6:10-ыг үзнэ үү) хандлага юм.
Мормоны Ном “сүмийн хүмүүс … зүрх сэтгэлээ баялаг дээр мөн дэлхийн дэмий хоосон зүйлүүд дээр суурилуулж эхэлсэн” (Алма 4:10) учраас Бурханы Сүм “дэвшилдээ удааширч” (Алма 4:8) эхэлсэн цаг үеийн тухай өгүүлдэг. Материаллаг зүйлсээр баян тэр нь баялаг болоод дэлхийн бусад зүйлсээс болж сүнслэг байдлаараа “унаж доройтох” аюулд ордог.3 Энэ нь Аврагчийн дараах сургаалд тохирсон оршил юм.
Бидний амьдрал дахь сайн мэдээний үгийн үр нөлөөг бууруулах хамгийн чамин тансаг дөнгө нь Есүсийн хэлснээр “зовнил, эд баялаг, өнөөгийн амьдралын тааламж” (Лук 8:14) болох дэлхийн хүч чадлууд юм. Тэдгээрийг нэрлэхэд хэтэрхий их цаг авах тул би цөөхөн хэдэн жишээг дурдахад хангалттай байх болов уу.
Есүс Өөрийн гол Төлөөлөгч Петрийг “Чи надад бүдрэх чулуу болж байна. Учир нь чи Бурханы юмыг бус, харин хүнийхийг л боддог” (Матай 16:23; мөн С ба Г 3:6–7; 58:39-ийг үзнэ үү) хэмээн зэмлэсэн байдаг. Хүний юмсыг бодно гэдэг нь өөрсдийн үйлдэл, нэн тэргүүнд тавих зүйлс мөн санаа бодолдоо дэлхийн зовнилыг Бурханы зүйлсээс дээгүүр тавина гэсэн үг юм.
Бид (1) Бурханы гайхамшигт бэлэг болох сонгох эрхийг сулруулах зүйлсэд донтох үед; (2) мөнхийн ач холбогдолтой зүйлсээс холдуулдаг анхаарлыг сарниулагч чухал бус зүйлсэд хууртахад; (3) мөн мөнхийн хувь заяаныхаа шаардлагыг хангахад хэрэгтэй хувийн өсөлт хөгжлийг сулруулдаг сайн бүхнээс хүртэх эрхтэй гэсэн хандлагатай байвал “өнөөгийн амьдралын тааламжид” бууж өгдөг байна.
Бид Бурханд болон Түүний амлалтуудад найдаж, итгэлтэй урагшлахад саад болдог ирээдүйн талаарх айдасдаа хүлэгдэх үед “өнөөгийн амьдралын зовнилд” автагддаг байна. Хорин таван жилийн өмнө миний дээдлэн хүндэлдэг, БЯИС-ийн багш Хью В.Ниблий дэлхийн зовнилуудад автагдахын аюулын талаар ярьсан юм. Түүнээс нэгэн ярилцлагын үеэр дэлхийн нөхцөл байдал болон сайн мэдээг түгээх бидний үүрэг хариуцлага нь “Сүмд хийдэг зүйлсийг дэлхийн зүйлстэй ойртуулах”4 арга замыг эрэлхийлэхэд тохиромжтой болгож байгаа эсэхийг асуужээ.
Тэрээр “Энэ нь Сүмийн бүхий л үеийн түүхэнд байсаар ирсэн биш үү? Та зарим нэгэн хүнийг гомдоох, эрсдэлтэй алхам хийхэд бэлэн байх ёстой. Яг тэр үед итгэл орж ирдэг юм. … Бидний итгэл үнэмшил соригдож байх ёстой, хүнд хэцүү байх ёстой, мөн энэ дэлхийн нөхцөл байдлуудаас шалтгаалахгүй байх ёстой?”5 гэж хариулсан.
Хэдэн сарын өмнө БЯИС дээр Католик сүмийн нэр хүндтэй удирдагч, Филадельфийн ширээт лам Чарльз Ж.Чапут энэхүү сайн мэдээний чухал шинж чанарыг баталж өгсөн. Тэрээр “ХҮГ болон Католик сүмд нийтлэг тохиолддог” “гэрлэлт, гэр бүл, бэлгийн харьцааны мөн чанар, хүмүүний амьдралын ариун байдал, шашны эрх чөлөөний зайлшгүй хэрэгцээ ” зэрэг асуудлуудын талаар ярихдаа:
“Би итгэдэг хэмээн тунхагладаг итгэлийнхээ дагуу бодит байдалд амьдрах нь ямар чухал ач холбогдолтой болох талаар онцолмоор байна. Энэ нь бидний хувийн болон гэр бүлийн амьдралд төдийгүй, бидний сүм, улс төрийн сонголт, бизнесийн харилцаа, ядууст хандах хандлага, өөрөөр хэлбэл хийж буй бүх зүйлд маань нэн тэргүүнд тавигдах чухал зүйл байх ёстой.”
“Яагаад чухал болохыг хэлье. Католикийн туршлагаас суралцацгаая. Католик шашинтан бидний зорилго бол нийгэм дэх эсгэгч хөрөнгө байх явдал гэдэгт бид итгэдэг. Гэхдээ нийгэмд эсгэгч хөрөнгө байх мөн нийгэмд уусаж алга болох хоёрын хооронд маш бага ялгаа бий”6 гэжээ.
Энэ дэлхийн зовнилууд бидний амьдрал дахь Бурханы үгийг сулруулдаг талаарх Аврагчийн сэрэмжлүүлэг нь яах аргагүй биднийг Бурханы зарлигуудад болон Түүний Сүмийн удирдлагад бүх анхаарал, зүрх сэтгэлээ хандуулахад уриалан дуудаж байна.
Аврагчийн жишээнүүд нь энэ сургаалт зүйрлэлийг хөрсний талаарх сургаалт зүйрлэл хэмээн биднийг бодоход хүргэдэг. Хөрсний тохиромжтой байдал нь сайн мэдээний үрийг хүлээн авсан бидний хүн нэг бүрийн зүрх сэтгэлээс шалтгаалах юм. Сүнслэг сургаалуудыг хүлээн авах чадварын хувьд зарим хүний зүрх сэтгэл хатуурсан мөн бэлтгэгдээгүй байхад, зарим нь ашиглагдаагүйн улмаас чулуужиж, харин зарим нь дэлхийн зүйлс дээр хандсан байдаг.
III. Сайн хөрсөнд суулгагдаж, үр жимс авчирсан үр
Тариачны сургаалт зүйрлэл нь “сайн хөрсөнд унаж ургаад, ургацаа өгөхөд зарим нь зуу, зарим нь жар, зарим нь гуч дахин их” (Mатай 13:8) болсон үрийн талаарх Аврагчийн дүрслэлээр төгсдөг. Бид өөрсдийгөө тэрхүү сайн хөрс нь байж, сайн ургац авчрахад хэрхэн бэлтгэх вэ?
Есүс “сайн хөрсөн дээр унасан үр нь үгийг сонсоод шударга, зөв сэтгэл зүрхэндээ нандигнаж, тэвчээртэйгээр үр жимсээ өгөгчид юм” (Лук 8:15) хэмээн тайлбарлажээ. Бидэнд сайн мэдээний үгийн үр бий. Бидний хөрсөө сайжруулж, ургацаа арвин байлгах зүйлс хийхээ нэн тэргүүнд тавих эсэх нь бид бүхнээс шалтгаалдаг. Бид Есүс Христийн сайн мэдээнд бат бөх суурилагдаж, хөрвөгдөхийг эрэлхийлэх ёстой (Колоссай 2:6–7-г үзнэ үү). Бид залбирч, судраас судлан, үйлчилж, Түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгахын тулд ариун ёслолоос тогтмол хүртсэнээрээ энэхүү хөрвөлтийг олж авдаг билээ. Түүнчлэн бид хилэнцэт хүсэл, амин хувиа хичээсэн бодлуудаа Бурханы хайр болон Түүнд мөн Түүний хүүхдүүдэд үйлчлэх хүслээр солих зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг (Алма 5:12–14-ийг үзнэ үү) эрэлхийлэх ёстой.
Би эдгээр зүйл үнэн гэдгийг мөн сургаал нь замыг зааж, Цагаатгал нь бүх зүйлийг боломжтой болгодог бидний Аврагч, Есүс Христийг гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.