Чин үнэнч байх нь
Бид анхаарлыг өөртөө татах уруу таталтыг тэвчиж, Аврагч Их Эзэн, Есүс Христийн даруу, чин үнэнч дагалдагч болох хамгийн агуу алдрын төлөө хичээхийн төлөө би залбирч байна.
18-р зууны сүүлээр, Оросын хатан хаан Екатерина гадаадын хэд хэдэн элчин сайдын хамт хаант улсынхаа өмнөд хэсгээр айлчлах тухайгаа мэдэгджээ. Тус бүс нутгийн захирагч Григорий Потемкин эдгээр айлчлагчийг сэтгэл өндөр байлгахыг туйлын ихээр хүсч байв. Тиймээс тэрээр орон нутгийн ололт амжилтыг үзүүлэхийн тулд их зүтгэл гаргажээ.
Аяллын нэг хэсэгт, Екатерина зочдодоо Днепр мөрний эргийн дагуу байрлах, ажилсаг бөгөөд аз жаргалтай иргэдээр дүүрэн, өсөн дэвжиж буй тосгодыг үзүүлэн, завиар хөвж байлаа. Гэвч гол асуудал нь энэ бүгд нүд хуурах зорилготой байв. Хүмүүсийн яриагаар бол эдийн засгийн хөгжлийг үзүүлэхийн тулд Потемкин нимгэн фанераар дэлгүүр болон байшингуудыг босгож, түүндээ тариачдыг авчран завгүй ажиллаж байгаа дүр төрх үзүүлжээ. Зочдыг тосгоныг өнгөрөн хөвж, харагдахаа болимогц Потемкиний хүмүүс хуурамч тосгоноо тэр даруй буулгаад, Екатеринагийн замыг угтан дахин босгож байв.
Хэдийгээр орчин үеийн түүхчид энэхүү явдлын бодитой эсэхэд эргэлздэг ч, “Потемкиний тосгон” хэмээх хэллэг дэлхийн үгсийн санд нэмэгдсэн аж. Энэ хэллэг нь бид байгаагаасаа илүү юм шиг харагдаж, бусдад итгүүлэхийг оролдохыг илэрхийлдэг.
Бидний зүрх сэтгэл зөв газраа байна уу?
Хамгийн сайхнаараа харагдахыг хүсэх нь хүн төрөлхтний мөн чанарын нэг хэсэг билээ. Бидний олонх нь байшингийнхаа гадаад үзэмжид маш их анхаарч, Аароны санваартнууд маань хэн нэгэн чухал хүнтэйгээ таарах вий гэхээс ширхэг үсээ ч өрвийлгөлгүй самнадаг нь чухам төрөлхийн энэ чанараас үүдэлтэй юм. Гутлаа тосолж, сайхан үнэртэж, аль эсвэл гэрийн багш нар ирэхээс өмнө бохир аяга тавгаа нуухад ямар ч буруу зүйл байхгүй. Гэхдээ үүнд хэт туйлширвал энэхүү хүсэл маань хэрэгтэй бус, харин хуурмаг тийшээ хазайх аюултай.
Их Эзэний бошиглогчид “амаараа ойртон, уруулаараа [Их Эзэнийг] хүндлэвч, зүрхээрээ [Түүнээс] хол байдаг”1 хүмүүст сэрэмжлүүлэх дуу хоолойгоо үргэлж өргөсөөр ирсэн.
Зүрх сэтгэл нь даруу бөгөөд чин сэтгэлээсээ байдаг нүгэлтнүүдийг Аврагч ойлгож, тэдэнд нигүүлсэнгүй ханддаг байсан. Харин бусдын нүдэнд зөв шударга мэт харагдсанаар дэлхийн магтаал, нөлөө болон эд баялгийг авч, адислагдах ёстой байсан ард иргэдийг дарангуйлж буй бичээчид, фарисайчууд, садукайчууд шиг хоёр нүүртнүүдийг Тэрээр зөвт эсэргүүцлээр эсэргүүцэн боссон билээ. Аврагч тэднийг “цагаанаар будсан булшнууд шиг гаднаа гоё сайхан харагддаг хэдий ч дотроо үхэгсдийн яс болоод бузар бүхнээр дүүрэн ”2 хэмээн адилтгасан байна.
Бидний өдрүүдэд Их Эзэн санваар атгагчдын талаар “харин [тэд] нүглээ далдлахыг оролдоход, эсвээс бардамналаараа, хоосон санаархлаараа сайрхах[ад] … тэнгэр өөрийгөө татан авдаг буюу; Их Эзэний Сүнс гашууддаг болой; мөн энэ нь буцаан татагдахад, тэр хүний санваарт эсвээс эрх мэдэлд Амен”3 хэмээн хэлжээ.
Ийм зүйл яагаад болдог вэ? Бид яагаад гаднаа идэвхтэй, хөрөнгөтэй, тууштай мэт дүр эсгэдэг хэрнээ дотоод хүн маань “[Бид] анхны хайраа орхижээ”4 хэмээн Ефесийнхний талаар Илчлэгчийн хэлсэн шиг байдаг вэ?
Зарим тохиолдолд бид зүгээр л сайн мэдээний гол утга учир дээр төвлөрөхгүй “бурханлиг чанарын хүч[ийг]”5 “бурханлиг байдлын дүртэй” андуураад байж болох юм. Бид дагалдагч хэмээх гадна төрхөө ашиглан, бусдад сайн харагдсанаар хувийн баялаг болон нөлөөг эрэлхийлэх үед энэ нь нэн аюултай болдог. Энэ үед бид фарисайчуудын адил болох аюулд ордог бөгөөд нэн даруй зүрх сэтгэлээ цэгнэж, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй.
Потемкиний хөтөлбөрүүд
Бидний байгаагаасаа илүү харагдах гэсэн хуурмаг эрмэлзэл нь хувийн амьдралд маань байгаад зогсохгүй Сүмийн даалгавруудад бас илэрдэг.
Жишээлбэл, би тухайн жилдээ маш өндөр зорилтуудыг тавьсан нэгэн гадсыг мэднэ. Эдгээр зорилт нь бүгд үр дүнтэй харагдаж байсан ч тэд сэтгэл хөдлөм мэдэгдлүүд болон тоо, хувь дээр анхаарлаа хандуулж байв.
Эдгээр зорилтыг ярилцаж зөвшилцсөний дараа гадасны ерөнхийлөгчийн санааг нэгэн зүйл зовоож эхлэв. Тэрээр саяхан бэлэвсэрсэн бага насны хүүхдүүдтэй залуухан эхтэй адил гадасныхаа гишүүдийн талаар бодов. Тэрээр ганцаардсан эсвэл итгэлдээ эргэлзсэн гишүүд эсвэл эрүүл мэндийн шалтгаантай ч даатгалгүйгээс болж зовж байгаа гишүүдийнхээ талаар бодож байв. Тэр бас гэр бүлийн салалт, аливаа донтолт, ажилгүйдэл болон сэтгэцийн өвчний улмаас зовж шаналж буй гишүүдийнхээ талаар бодов. Тэдний талаар бодох тусам тэр: Бидний шинэ зорилтууд эдгээр гишүүний амьдралд өөрчлөлт гаргаж чадах уу? хэмээх даруухан асуултыг өөрөөсөө асуув.
Хэрэв тэд эхлээд “Бидний тохинуулал юу вэ?” хэмээх асуултыг асуусан байсан бол тэдний гадасны зорилтууд нь хэрхэн өөр байж болох талаар тэр бодож эхэлжээ.
Тэгээд гадасны ерөнхийлөгч зөвлөхүүдтэйгээ дахин зөвлөлдөж, анхаарлаа хандуулж байсан зүйлүүдээ хамтдаа өөрчилжээ. Тэд “өлсгөлөн, мөн гачигдалтай, мөн нүцгэн, мөн өвчтэй, мөн шаналсан нь хажуугаар [нь] өнгөрөн одохыг [үл] зөвшөөрч, мөн тэднийг … анзаар[ахад]”6 анхаарахаар эргэлтгүй шийдэв.
Тэд шинэ зорилтуудыг тавьсан бөгөөд эдгээр шинэ зорилтоор дамжуулан гаргасан амжилтыг хүний ухаанаар хэмжиж чадахгүй гэдгийг тэд мэдэж байсан. Хувийн гэрчлэл, Бурханы хайр эсвэл бусдыг энэрэх сэтгэлийг хэрхэн хэмжиж болох билээ?
Харин тэд “бидний тоолж болох олон зүйл тооцогдохгүй бөгөөд тоолж болдоггүй олон зүйлс үнэхээр тооцогддог”7 гэдгийг мэдэж байсан.
Бидний байгууллагын болон хувь хүний зорилтууд заримдаа орчин үеийн Потемкиний тосгонтой дүйцэх вий гэж би эмээдэг. Эдгээр нь холоос харахад гайхалтай бахдам байв ч бидний хайрт ах дүүсийн жинхэнэ хэрэгцээг хангаж чадахгүй байгаа юм биш биз?
Хүндэт найзууд аа, санваартан нөхөд өө, хэрэв Есүс Христ бидэнтэй хамт зэрэгцэн суугаад биднээс ажлаа тайлагнахыг хүссэн бол Тэрээр хөтөлбөр, статистик үзүүлэлтүүд дээр анхаарлаа хандуулах байсан гэж би бодохгүй байна. Аврагчийн мэдэхийг хүсэх байсан зүйл нь бидний зүрх сэтгэлийн байдал юм. Тэр биднийг халамжлах ёстой хүмүүсээ хэрхэн хайрлаж мөн тэдэнд хэрхэн үйлчилснийг, эхнэр болон гэр бүлдээ хэрхэн хайраа үзүүлснийг, тэдний өдөр бүрийн ачааг хэрхэн хөнгөлснийг мэдэхийг хүсэх байсан. Мөн Аврагч та бидний Түүнд болон Тэнгэрлэг Эцэгтээ хэрхэн илүү ойртож байгааг мэдэхийн хүсэх байсан.
Бидний энд байгаа шалтгаан юу вэ?
Зүрх сэтгэл рүүгээ өнгийх нь бидэнд тус болж болно. Жишээ нь, бид өөрсдөөсөө “Би яагаад Есүс Христийн Сүмд үйлчилдэг вэ? гэж асууж болно.
Бид яагаад өнөөдөр энэ хуралдаанд ирсэн бэ? гэж ч асууж болно.
Хэрэв би энэ асуултад өнгөцхөн хариулах байсан бол, ерөнхийлөгч Монсон надад үг хэлэх даалгавар өгсөн болохоор би энд байна гэж хариулах байсан гэж бодож байна.
Тиймээс надад өөр ямар ч сонголт байгаагүй.
Мөн үүнээс гадна хамгийн хайртай эхнэр минь намайг хуралдаа суух ёстой гэж бодож байгаа. Би түүнд яаж үгүй гэж хэлэх билээ?
Гэхдээ бидэнд хуралдаа оролцож, Есүс Христийн чин үнэнч дагалдагчийн амьдралаар замнах илүү чухал шалтгаанууд бий гэдгийг бид бүгд мэднэ.
Би өөрийн Эзэн, Есүс Христийг дагахыг бүх зүрх сэтгэлээрээ хүсдэг учир энд байгаа билээ. Би энэхүү агуу ажилд Түүний надаас хүссэн бүхнийг хийхийг эрмэлздэг. Би Ариун Сүнсээр сэнхрүүлэгдэж мөн Бурханыг томилогдсон үйлчлэгчдээрээ дамжуулан ярих үед Түүний дуу хоолойг нь сонсохоор тэсэн ядан хүлээдэг. Би энд илүү сайн хүн болж мөн Христ дэх ах, эгч нарын гайхамшигт үлгэр жишээгээр өргөгдөж мөн тусламж хэрэгтэй байгаа хүмүүст илүү үр дүнтэй хэрхэн туслах аргыг суралцахаар энд байгаа билээ.
Товчхон хэлэхэд, би Тэнгэрлэг Эцэг ба Түүний Хүү Есүс Христэд хайртай болохоор энд байгаа юм.
Энэ нь мөн та нарын энд байгаа шалтгаан гэдэгт би эргэлзэхгүй байна. Энэ нь бидний Аврагчийг дагана хэмээн зөвхөн тунхаглаад зогсохгүй харин золиослол хийх хүсэлтэй байдаг шалтгаан юм. Энэ нь бидний Түүний ариун санваарыг нэр төртэйгөөр авч явдаг шалтгаан юм.
Очноос дүрэлзэх гал руу
Сайхан мэдээ нь юу гэвэл, та нарын гэрчлэл цэцэглэн хөгжиж байгаа эсвэл та нарын Сүмд явах нь Потемкиний тосгонтой адил байсан ч та нар одоо байгаа дээрээ нэмэн, гэрчлэлээ хүчирхэгжүүлж болно. Есүс Христийн энэ Сүмд та бүгд сайн мэдээний зарчмуудыг өдөр бүр амьдралдаа хэрэгжүүлснээр бид гэрчлэлээ хүчирхэгжүүлж, Аврагчид ойртож чадна.
Тэвчээртэй байж, тууштай үргэлжлүүлснээр дагалдагчийн хамгийн энгийн үйлдэл эсвэл итгэлийн хамгийн жижиг цог нь ариусгагдсан амьдралын дүрэлзэх гал болон өсөх боломжтой. Үнэнийг хэлэхэд ихэнх түүдэг гал жижигхэн очноос л эхэлдэг шүү дээ.
Тиймээс хэрэв та өөртөө өчүүхэн бөгөөд сул дорой мэт санагдвал зүгээр л сул дорой зүйлүүдийг хүчирхэг болгодог8 Христ дээр ирээрэй. Бидний дунд байгаа хамгийн сул дорой нэгэн нь Бурханы ач ивээлээр дамжуулан сүнслэг байдлын хувьд хүчирхэг болж чадна. Учир нь Бурхан “нүүр тал хардаггүй”9 билээ. Тэр бол “итгэмжит Бурхан. Тэр Өөрийг нь хайрлаж, тушаалыг нь дагагчдад мянган үеийг хүртэл гэрээгээ сахиж, хайр энэрлээ үзүүлдэг.”10
Хэрвээ Бурхан Сүмийн Удирдах газраас дэлхийн хагастай тэнцэхүйц хол зайд байдаг дайнд нэрвэгдсэн Герман улсын нэгэн ядуу гэр бүлд мутраа сунган хүрч, тэтгэж чадаж байсан бол та нарт ч бас хүрч чадна гэдгийг би мэднэ.
Христ дэх хайрт ах нар аа, дэлхий ертөнцөд амийг үлээн оруулсан Бүтээлтийн Бурхан танд ч бас амийг үлээн оруулах хүчтэй гэдэг нь гарцаагүй. Тэр таныг хүслийн тань дагуу гэрэл ба үнэнээр дүүрэн, үнэнч сүнслэг нэгэн болгож чадах нь лавтай.
Тэрээр итгэмжит, зөвт бөгөөд бидний нүглийг уучилж, бүх л зөвт бус байдлаас биднийг цэвэрлэнэ.11 Мөн бид хувьдаа болон гэр бүлээрээ үнэн зарчмуудыг үргэлжлүүлэн мөрдөж амьдарвал эцэст нь бид “цаашид өлсөх ч үгүй, цангах ч үгүй. … Яагаад гэвэл сэнтийний голд байгаа Хурга [бид]нийг хариулах бөгөөд амийн усны булгууд уруу хөтлөх болно. Бурхан [бид]ний нүднээс урсах нулимс бүрийг арчих болно.”12
Сүм бол нуугдах биш, харин эдгээх газар юм
Хэрэв бид хувь хүний мөн шашны эсвэл байгууллагын хиймэл нүүр царайны ард нуугдаад байвал энэ бүгд хийгдэж чадахгүй. Ингэж хиймлээр дагалдагч байх нь бид өөрсдийгөө байгаагаар нь харахад төдийгүй Аврагчийн Цагаатгалын гайхамшгуудаар дамжуулан жинхэнэ өөрчлөлтүүд хийхэд бидэнд саад болдог.
Сүм бол автомашины үзэсгэлэнгийн танхим биш—энэ нь бидний сүнслэг байдал, мэдлэг чадвар эсвэл эд баялгаа бусдад гайхуулдаг газар биш. Энэ бол харин эвдрэл гэмтэл болон үйлчилгээ хийлгэхээр ирдэг машины засварын төвтэй илүү адил юм.
Бидэнд бүгдэд нь засвар, үйлчилгээ болон нөхөн сэргээлт хэрэггүй гэж үү?
Бид Сүмд асуудлуудаа нуухаар биш, харин эдгээхээр очдог.
Түүнчлэн санваар атгагчдын хувьд бидэнд “Бурханы хонин сүргийг хариул[ах] … Ингэхдээ албадлагаар бус, харин сайн дураараа, …[хувийн] ашгийн төлөө бус, харин хичээл зүтгэлээр, өөрсдөд чинь даалгасан хүмүүсийг ноёлох бус, харин хонин сүрэгтээ үлгэр дуурайл болон хариул[ах]”13 нэмэлт хариуцлага байдаг.
Ах нар аа,“Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнд нигүүлсэл өгдөг”14 гэдгийг санаарай.
Тэр энэ дэлхий дээр ирсэн хамгийн агуу, хамгийн чадварлаг, хамгийн ихийг бүтээсэн хүн мөн хамгийн даруу нь байсан юм. Тэрээр хамгийн гайхамшигт үйлчлэлүүдээ цөөн хэдэн дагалдагчийн дэргэд хийдэг байсан бөгөөд хийсэн зүйлийг нь “хэнд ч ярьж болохгүй”15 хэмээн тэдэнд сануулдаг байв. Хэн нэгэн Түүнийг “сайн” гэж дуудахад Тэрээр тэдэнд Бурханаас өөр хэн ч сайн биш гэдэг байв.16 Дэлхийн магтаал сайшаал нь Түүнд ямар ч учир утгагүй гэдэг нь илэрхий байна. Түүний цор ганц зорилго бол Тэнгэрлэг Эцэгтээ үйлчилж, “үргэлж Түүнд тааламжтай зүйлсийг үйлд[эх]”17 байсан. Бид Эзэний үлгэр дуурайлыг дагахдаа сайнаар хийх болно.
Түүний хайрласан шиг бид хайрлах болтугай
Ах нар аа, Есүс Христийн төлөөлөгчид байж, Түүний хайрласан шиг бусдыг хайрлаж, Түүний үйлчилсэн шиг бусдад үйлчилж, “доош унжсан гарнуудыг өргө[ж], мөн сул дорой өвдөгнүүдийг хүчирхэг болго[ж],18” “ядуус хийгээд гачигдагсдыг харж хандаж,”19 мөн бэлэвсэн хийгээд өнчин хүмүүсийг халамжлах нь20 бидний хамгийн дээд бөгөөд ариун дуудлага билээ.
Ах нар аа, бид гэр бүл, тойрог, чуулга, гадас, нийгэм, улс орнууддаа үйлчлэхдээ анхаарлыг өөртөө татах уруу таталтыг тэвчиж, Аврагч Их Эзэн, Есүс Христийн даруу, чин үнэнч дагалдагч болох хамгийн агуу алдрын төлөө хичээхийн төлөө би залбирч байна. Ингэж чадвал бид, биднийг хамгийн сайн, хамгийн үнэнч, хамгийн эрхэм дээд байдал руу хөтлөх замаар алхаж байгаагаа ухаарах болно. Би үүнийг бидний Эзэн, Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.