Тиймийн тул тэд айдсаа дарав
Тааламжит айдас нь цочрол, түгшүүр төрүүлдэг дэлхийн айдастай адилгүйгээр амар амгалан, амлалт, итгэлтэй байдлын нэгэн эх сурвалж юм.
Бага байхад минь тохиолдсон нэгэн явдлыг би тодхон санадаг. Би нэг өдөр найзуудтайгаа тоглож байгаад, гэрийнхээ хажууханд байдаг дэлгүүрийн цонхыг санамсаргүй хагалчихсан юм. Шил бутран хагарч, хамгаалалтын дохиолол чанга дуугарах үед зүрх сэтгэлийг минь айдас нөмрөн авав. Тэрхэн мөчид би үлдсэн амьдралаа шоронд өнгөрөөх үйлтэй юм байна даа л гэж бодож билээ. Эцэст нь аав, ээж хоёр маань орон доогуур нуугдсан намайг ятган гаргаж, дэлгүүрийн эзнээс уучлалт гуйн, алдаагаа засахад минь тусалсан юм. Аз болж, би ийнхүү шоронд орохоос аврагдаж билээ.
Тэр өдөр мэдэрсэн айдас маань асар их бөгөөд үнэхээр бодитой байсан. Та бүхэн өөрсдийн тань эрүүл мэнд муудах үед, мөн гэр бүлийн тань хэн нэгэн хүнд байдалд юм уу аюулд орсон тухай сонсоод эсвэл дэлхийн элдэв үймээнт үйл явдлуудыг олж харсны дараа үнэхээр их айдаст автаж байсан нь гарцаагүй. Эдгээр тохиолдолд ирж буй аюул, эргэлзээ, өвчин зовлон, санаанд оромгүй болоод гэнэтийн мөн сөрөг үр дүн авчирч болзошгүй үйл явдлууд нь сэтгэл түгшээсэн айдсыг бий болгодог.
Бидний өдөр тутмын амьдрал дээрх гэмт хэрэг, өлсгөлөн, дайн дажин, авлига, алан хядах ажиллагаа болон өвчин эмгэг, байгалийн элдэв гамшиг, ёс суртахууны доройтлын тухай эцэс төгсгөлгүй мэдээллүүд нь бас айдас, түгшүүр төрүүлдэг. Бид үнэхээр Их Эзэний “Мөн тэр өдөр … мөн бүхэл дэлхий үймээн самуунд байх болно, мөн хүмүүний зүрх сэтгэл мохох болно” (С ба Г 45:26) хэмээн урьдчилан хэлсэнтэр цаг үед амьдарч байна.
Миний зорилго бол Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл, Түүний талаарх зөв мэдлэгээр дамжуулан айдас хэрхэн арилдагийг тайлбарлах явдал юм. Энэ чухал сэдвийг хамтдаа хэлэлцэх үед Ариун Сүнс бидний хүн нэг бүрийг адислаг хэмээн би чин сэтгэлээсээ залбирч байна.
Мөнх бус амьдрал дахь айдас
Адам, Ева хоёр хориглогдсон жимснээс хүртсэнийхээ дараа Бурханы дуу хоолойг сонсоод, Едений цэцэрлэгт нуугдсан. Бурхан Адамыг дуудан, “Чи хаа байна вэ?” гэж асуухад “[Aдам хариуд нь], Би Таны дууг … сонсоод , … айв” (Эхлэл 3:9–10) гэдэг. Уналтын анхны үр нөлөөнүүдийн нэг нь Адам, Ева хоёрын айдас байсан гэдэг нь анзаарагдаж байгаа байх. Энэ хүчирхэг мэдрэмж бол бидний мөнх бус амьдралын нэгэн чухал хэсэг юм.
Биднийг асар их гай зовлонтой тулгарсан үед айдсыг зайлуулж, амар амгаланг өгдөг Их Эзэний тухай мэдлэгээс ирдэг хүчийг Мормоны Номын нэгэн жишээ тод харуулдаг (2 Петр 1:2–8; Aлмa 23:5–6-г үзнэ үү).
Хиламын нутагт Алмагийн хүмүүс давшин ирж буй леменчүүдийн их цэргээс айж байв.
“Гэвч Алма урагшлан мөн тэдний дунд зогсоод, мөн тэд айх ёсгүй, харин тэд Их Эзэн Бурханаа санах ёстойг ухуулав.
“Тиймийн тул тэд айдсаа дарав” (Moзая 23:27–28).
Алма хүмүүсийн айдсыг өөрөө дарж, тайтгаруулаагүйг анхаарна уу. Харин Алма Их Эзэнээ мөн зөвхөн Тэр л тэднийг чөлөөлж чадна гэдгийг санахыг итгэгчдэд зөвлөсөн (2 Нифай 2:8). Аврагчийн анхааран хамгаалдаг халамжийн тухай мэдлэг нь хүмүүст айдсаа дарах боломжийг олгосон юм.
Есүс Христ бол мөнхийн амар амгалангийн цорын ганц эх сурвалж учраас Их Эзэнд итгэх итгэл ба Түүний тухай зөв мэдлэг нь айдсыг дарах хүч маань болдог. Тэр “Надаас сурагтун, мөн миний үгсийг анхаарагтун; миний Сүнсний номхон дөлгөөн байдалд алхагтун, мөн надаар дамжин амар амгалан чамд байх болно” (C ба Г 19:23) хэмээн тунхагласан.
Мөн Эзэн “Зөв шударгын үйлсүүдийг хийх тэрээр шагналаа, бүр энэ дэлхийд амар амгаланг хийгээд ирэх дэлхийд мөнх амьдралыг хүлээн авах болно” (C ба Г 59:23) хэмээн тайлбарласан.
Христэд итгэх итгэл, Түүний сайн үйл, нигүүлсэл болоод ач ивээлд бүрэн найдахад бэлэн байх хүсэл нь Түүний Цагаатгалаар дамжуулан амилалуулалт ба мөнх амьдралд итгэж найдахад хүргэдэг (Moронай 7:41-ийг үзнэ үү). Ийм итгэл, найдвар нь бид бүгдийн олж авахыг хүсдэг, ухамсрынамар амгаланг амьдралд маань авчирдаг. Цагаатгалын хүч наманчлалыг боломжтой болгож, нүглээс үүдсэн цөхрөлийг арилгаж, тайвшруулдаг. Энэ нь мөн бид өөрсдийн мөнх бус байдлын хязгаардлагдмал чадвараар хэзээ ч олж харж, эсвэл хийж гүйцэтгэж чадахааргүй тийм арга замуудаар сайхан бүхнийг харж, сайн үйл хийж, сайн хүн болоход хүчирхэгжүүлэн дэмждэг. Үнэнч шавь байхын агуу адислалуудын нэг нь “бүх оюун ухааны дээгүүрх Бурханы амар тайван” (Филиппой 4:7) гэдэг нь үнэхээр үнэн билээ.
Христийн өгдөг амар амгалан нь мөнх бус амьдралаа мөнхийн байр суурьнаас ойлгон таньж, хүрэх тэнгэрлэг газартаа тууштай төвлөрөхөд маань туслах сүнслэг байдлын хөдөлшгүй бат суурьтай байх боломжийг бидэнд олгодог (Колоссай 1:23-ыг үзнэ үү). Ингэснээр бид айдсаа даран зайлуулах хүчээр адислагдаж чадна. Учир нь Түүний сургаал бидний амьдралын бүхий л талыг зорилготой, чиглэлтэй болгодог. Түүний ёслол, гэрээнүүд сайн ба муу аль ч цаг үед биднийг хүчирхэгжүүлэн, тайвшруулдаг билээ. Мөн Түүний санваарын эрх мэдэл нь амьдралын хамгийн чухал зүйлс энэ амьдралд төдийгүй мөнхөд үргэлжилнэ гэсэн баталгааг өгдөг юм.
Гэвч бид өнөө үед биднийг маш амархан, ойр ойрхон түгшээх айдсуудыг даран зайлуулж чадах уу? Уг асуултын хариулт нь “тийм” гэдэг нь тодорхой. Амьдралдаа энэ адислалыг хүлээн авах гол гурван зарчим бий. Эдгээр нь: (1) Христэд найдах, (2) Христийн бат суурин дээр зогсох, (3) Христэд итгэн, урагш тэмүүлэх.
Христэд найдах
Алмагийн “Тийм ээ, чи Бурханд найдан амьдрахаа мэдтүгэй” гэсэн хүү Хиламандаа өгсөн зөвлөгөө өнөөдөр ч бид бүгдэд үнэлж баршгүй зөвлөмж болно (Aлмa 37:47). Бид бүх цаг үед, бүх газарт Аврагчид найдан, өөрсдийн анхаарлыг Түүн дээр баттай төвлөрүүлэх ёстой.
Их Эзэний төлөөлөгчид тэнгист завиар явж, давалгаанд шидэгдэж байхдаа яасныг санацгаая. Есүс усан дээгүүр алхлан, тэдэн рүү очсон ч тэд Түүнийг танилгүй, айн хашгиралддаг.
“Харин тэр даруй Есүс тэдэнд –Зоригтой бай. Би байна. Бүү ай гэжээ.
“Петр Түүнд –Эзэн, хэрэв Та мөн юм бол, усан дээгүүр алхаж Өөр уруу тань ирэхийг надад тушаагаач гэхэд
“Тэр –Ир гэлээ” (Maтай 14:27–29).
Дараа нь Петр усан дээгүүр Есүсийн зүг алхдаг.
Гэвч тэр салхи босохыг хараад айн, живж эхэлдэг ба: “Эзэн, намайг авраач гэж орилоход нь,
“Есүс тэр даруй гараа сунган, түүнийг зууран, Бага итгэлт минь, чи юунд эргэлзэв? гэжээ” (Maтай 14:30–31).
Петр Аврагчийн урилгад тэр даруй урам зоригтой хариулж байна хэмээн би төсөөлдөг. Тэр хараагаа Есүс дээр төвлөрүүлэн, завинаасаа бууж, гайхамшигтайгаар усан дээгүүр алхсан. Харин тэр үлээх салхинаас болж, Их Эзэнээс харцаа салгаснаар давалгаанаас айж, живж эхэлдэг.
Бид Их Эзэний “Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай” (C ба Г 6:36) гэсэн зааврыг дагаснаар айдсаа ялж, итгэлээ хүчирхэгжүүлэх адислалаар адислагдаж чадна.
Христийн бат суурин дээр зогсох
Хиламан өөрийн хөвгүүд болох Нифай, Лихай хоёрт: “Хөвгүүд минь, санагтун, Бурханы Хүү, Христ болох, бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстойг санагтун; иймээс чөтгөр хүчит салхиа, тийм ээ, хуй салхин дахь дайралтаа илгээхэд, тийм ээ, түүний бүхий л мөндөр мөн хүчит шуурга та нар дээр нүдэхэд, энэ нь та нарыг зовлонгийн хийгээд төгсгөлгүй халаглалын ангал тийш доош чирж дийлэх хүчгүй байх болно, та нар дээр нь босгогдсон, бат бөх суурь дээр, хүмүүн нь үүний дээр баривал унах аргагүй суурь болох хадны учир болой” (Хиламан 5:12) хэмээн сануулсан билээ.
Ёслол ба гэрээнүүд нь өөрсдийн амьдралыг Христийн суурь болон Түүний Цагаатгал дээр барихад ашиглах барилгын хавтангууд юм. Бид ёслолуудыг зохистойгоор хүлээн авч, гэрээнд орж, тэдгээр ариун нандин амлалтыг итгэлтэйгээр санаж, хүндэтгэж, мөн хүлээн зөвшөөрсөн үүргүүдийнхээ дагуу амьдрахын төлөө чадах бүхнээ хийснээр Аврагчтай бат холбогддог. Энэ холбоос нь амьдралын ямар ч нөхцөлд сүнслэг хүч, бат бөх байдлын эх сурвалж болдог юм.
Бид ёслол, гэрээнүүдээрээ дамжуулан өөрсдийн хүсэл тэмүүлэл болоод үйлдлийг Аврагчийн бат бөх суурин дээр тавьснаар айдсаа давах хүчээр адислагдах болно.
Христэд итгэн, урагш тэмүүлэх
Нифай “Иймийн тул, та нар найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх ёстой. Иймийн тул, хэрэв та нар урагш тэмүүлэн, Христийн үгнээс зооглон, мөн эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, Эцэгийн ийн хэлсэнчлэн: Та нарт мөнх амьдрал байх болно” (2 Нифай 31:20) хэмээн тунхагласан билээ.
Энэ шүлэгт дурдагдсан сахилга баттай байж, эцсээ хүртэл тэвчих үйл явц нь сүнслэг ойлголт болон алсын хараа, тууштай байдал, тэвчээр ба Бурханы ач ивээлийн үр дүн юм. Есүс Христийн ариун нэрэнд итгэх итгэлээ хөгжүүлж мөн өөрсдийн амьдралд Түүний хүсэл, цаг хугацааг хүлцэнгүй дагаж, бүх зүйлд Түүний нөлөөг даруухнаар хүлээн зөвшөөрөх нь баяр баясгалан ба мөнх амьдралыг авчрах Бурханы хаант улсын амар амгалангийн зүйлүүд руу хөтөлдөг билээ (C ба Г 42:61-ийг үзнэ үү). Бид бэрхшээлтэй тулгарч, ирээдүйдээ эргэлзэн тээнэгэлзэх үедээ ч өөдрөгөөр тэвчиж, “сүсэглэл ба хүндлэлтэйгээр амар тайван, төвшин амьдралаар амьдрах болно” (1 Tимот 2:2).
Бид сайн мэдээний зарчмуудаас суралцаж, тэдгээрийн дагуу тууштай амьдран, гэрээнийхээ дагуу урагш тууштай алхсанаар ирэх хүчийг хүлээн авах үед айдсаа давах адислалаар адислагдах болно.
Их Эзэнээс эмээхүй
Бидний байнга мэдэрдэг айдсаас ялгаатай мөртлөө үүнтэй холбоотой айдсыг судруудад “тааламжит айдас” (Еврей 12:28) эсвэл “Эзэнээс эмээх” (Иов 28:28; Сургаалт үгс 16:6; Исаиа 11:2–3) хэмээн хэлсэн байдаг. Тааламжит айдас нь цочрол, түгшүүр төрүүлдэг дэлхийн айдастай адилгүйгээр амар амгалан, амлалт, итгэлтэй байдлын нэгэн эх сурвалж юм.
Гэхдээ айдастай холбоотой аливаа зүйл хэрхэн сургамжтай эсвэл сүнслэг байдлын хувьд ач тустай байж болох вэ?
Миний тайлбарлахыг оролдож буй зөв шударга айдас нь Их Эзэн Есүс Христийг чин сэтгэлээсээ хүндлэх хүндлэл, сүсэг бишрэл (Дуулал 33:8; 96:4-ийг үзнэ үү), Түүний зарлигуудад дуулгавартай байх (Дэд хууль 5:29; 8:6; 10:12; 13:4; Дуулал 112:1-ийг үзнэ үү), Түүгээр хийгдэх эцсийн шүүлт ба шударга ёсонд найдах найдлагыг багтаадаг. Тэгэхээр тааламжит айдас нь Их Эзэн Есүс Христийн бурханлаг байдал ба зорилгын талаарх зөв ойлголтоос болон өөрсдийн хүслийг Түүний таалалтай нийцүүлэхэд бэлэн байх байдлаас мөн шүүлтийн өдөр (C ба Г 101:78; Итгэлийн тунхаг 1:2-ыг үзнэ үү) эрэгтэй, эмэгтэй хүн бүр өөрсдийн үйлдсэн нүглүүдийн төлөө хариуцлага хүлээх болно гэсэн мэдлэгээс үүсдэг.
Судруудад заасанчлан тааламжит айдас нь “мэдлэгийн эхлэл” (Сургаалт үгс 1:7), “мэргэн ухааныг сургадаг” (Сургаалт үгс 15:33), “бат итгэл” (Сургаалт үгс 14:26) ба “амийн ундарга” (Сургаалт үгс 14:27) юм.
Тааламжит айдас нь эцсийн шүүлтийн тухай ойлголттой болон өөрсдийн хүсэл, бодол, үг хэл, үйлдлүүдийн төлөөх хувийн хариуцлагатай нягт холбоотой гэдгийг анхаарна уу (Moзая 4:30-ийг үзнэ үү). Их Эзэнээс эмээх айдас нь Түүний оршихуйд шүүгдэхээр ирэхээс халшрах түгшүүр биш юм. Тэр үед бид Түүнээс айх болно гэдэгт би итгэдэггүй. Харин бид Түүний оршихуйд өөрсдийн элдэв шалтаг тоочиж, дүр эсгэсэн, мөн өөрийгөө хуурсан бүх зүйлийн тухай “төгс мэдлэгтэй” болж, тэдгээрийг байгаагаар нь харах болно (2 Нифай 9:14; мөн Aлмa 11:43-ыг үзнэ үү). Эцсийн эцэст бид зөвтгөх шалтаггүйгээр үлдэх болно.
Дэлхий дээр амьдарч байсан болон амьдрах хүн бүр “Бурханы тавцангийн өмнө зогсон, тэдгээр нь сайн ч бай, эсвэл тэдгээр нь хилэнцэт ч бай, [өөрийн] үйлдлүүдийнхээ дагуу түүнд шүүгдэхээр авчрагдах болно” (Moзая 16:10). Хэрэв бидний хүсэл зөв шударгын төлөө, үйлс маань сайн байсан аваас шүүлтийн тавцан таатай байх болно (Иаков 6:13; Инос 1:27; Moронай 10:34-ийг үзнэ үү). Мөн эцсийн өдөр бид “зөв шударгад шагнагдах болно” (Aлмa 41:6).
Нөгөөтэйгүүр, хэрэв бидний хүсэл хилэнцит, үйлүүд маань ёс бус байх аваас шүүлтийн тавцан аймшигтай байх бөгөөд “энэ аймшигт нөхцөлд бид өөрсдийн Бурхан өөд маань харж үл зүрхлэх болно; мөн түүний оршихуйгаас биднийг нуухын тулд, өөрсөд дээрээ нуран унахыг хад уулсад бид тушааж чаддаг сан бол сэтгэл маань ихэд баяртай байх сан биз ээ” (Aлмa 12:14). Мөн бид эцсийн өдөр “[өөрсдийн] шагнал болгон хилэнцийг авна” (Aлмa 41:5).
Номлогчийн үгсэд дүгнэн хэлсэнчлэн:
“Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна.
“Бурхан сайн, муу гэж ялгалгүй нууцлагдсан юмс бүрийг, бүх үйлсийг шүүлтэд аваачих болно” (Номлогчийн үгс 12:13–14).
Хайрт ах, эгч нар аа, тааламжит айдас мөнх бус амьдралын айдсуудыг арилгана. Тэр ч бүү хэл, энэ нь бидний хэзээ ч сүнслэгээр хангалттай сайн байж, Их Эзэний шаардлага, хүлээлтэд хүрч чадахгүй хэмээх сэтгэл түгшээсэн зовнилыг арилгана. Үнэндээ бид зөвхөн өөрсдийн чадвар, гүйцэтгэлд найдах юм бол хэзээ ч хангалттай сайн байж чадахгүй бөгөөд аврагдаж чадахгүй. Бидний үйлс ба хүсэл дангаараа биднийг аврахгүй, аварч ч чадахгүй. “Бидний хийж чадах бүхний дараа” (2 Нифай 25:23), зөвхөн Аврагчийн хязгааргүй хийгээд мөнхийн Цагаатгагч золиослолоор боломжтой болсон нигүүлсэл ба ач ивээлээр дамжуулан аврагддаг (Aлмa 34:10, 14-ийг үзнэ үү). “Христийн Цагаатгалаар дамжин сайн мэдээний хуулиуд хийгээд ёслолуудад дуулгавартай байснаар бүх хүн төрөлхтөн аврагдана гэдэгт бид итгэдэг” нь (Итгэлийн тунхаг 1:3) гарцаагүй юм.
Бид тааламжит айдастай байснаар Түүнийг хайрлаж мөн Түүнд итгэдэг. Бид Бурханаас илүү их эмээснээр Түүнийг илүү төгс хайрладаг. Мөн “төгс хайр бүх айдсыг зайлуулдаг” (Moронай 8:16). Бид Христэд найдан амьдарч, Түүний бат суурин дээр зогсож, Түүний гэрээт зам дээр бүхнээ зориулна гэсэн амлалт өгөн, тууштай урагш тэмүүлснээр тааламжит айдсын тод гэрэл нь мөнх бус амьдралын айдсуудын хар сүүдрийг хөөн зайлуулах болно гэдгийг би амлаж байна (C ба Г 50:25-ыг үзнэ үү).
Гэрчлэл ба амлалт
Би Их Эзэнд хайртай, Түүнийг дээдлэн биширдэг. Түүний хүч ба амар амгалан бодитой юм. Тэр бол бидний Гэтэлгэгч бөгөөд би Түүнийг амьд гэдгийг гэрчилж байна. Түүний ачаар зүрх сэтгэл маань шаналан зовж, айх шаардлагагүй (Иохан 14:27-г үзнэ үү) мөн бид айдсаа даван зайлуулах адислалаар адислагдах болно. Би үүнийг Их Эзэн Есүс Христийн ариун нандин нэрээр гэрчилж байна, амен.