2010–2019
Сайн мэдээний мөнхийн тухай ойлголт
Дөрөвдүгээр сар 2015


10:45

Сайн мэдээний мөнхийн тухай ойлголт

Мөнх амьдралд нөлөөлдөг шийдвэр гаргахад сайн мэдээний тухай ойлголт чухал.

Мосед өгөгдсөн илчлэлтээр бид Тэнгэрлэг Эцэгийн тунхагласан зорилгыг мэдэж авдаг: “Учрыг болгоогтун, үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө.”1 Энэхүү мэдэгдэл дээр хэлсэнчлэн, Эцгийн хүсэл бол хүн бүрд бүрэн баяр баясгаланг хүлээн авах боломжийг олгох явдал юм. Хожмын үеийн илчлэлтүүд нь бидэнд Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдрахаар эргэн ирж болохын тулд Өөрийн бүх хүүхдэдээ зориулж аз жаргалын агуу төлөвлөгөө болох маш онцгой нэгэн төлөвлөгөөг бүтээсэн гэдгийг үзүүлдэг билээ.

Аз жаргалын энэ төлөвлөгөөг ойлгох нь бидэнд мөнхийн тухай ойлголтыг өгдөг бөгөөд зарлигууд, ёслолууд, гэрээнүүд болон сорилт, зовлон зүдгүүрүүдийг үнэн мөнөөр нь үнэлэн дүгнэхэд маань тусалдаг.

Алма: “Тиймийн тул Бурхан тэдэнд гэтэлгэлийн төлөвлөгөөг мэдүүлсний дараа тэдэнд зарлигуудыг өгсөн билээ”2 хэмээх үндсэн гол зарчмыг заасан.

Заах үйл явц дахь дарааллыг онцлон тэмдэглүүштэй юм. Тэнгэрлэг Эцэг маань Адам, Ева хоёрт эхлээд гэтэлгэлийн төлөвлөгөөг зааж, дараа нь тэдэнд зарлигуудыг өгсөн юм.

Энэ бол маш чухал үнэн юм. Энэ төлөвлөгөөг ойлгох нь зарлигуудыг дагаж, илүү сайн сонголтуудыг хийж бас зөв сэдэлтэй байхад хүмүүст туслах болно.

Би Сүмд үйлчилж байх үедээ улс төр, нийгмийн эсвэл эдийн засгийн зөрчилдөөнтэй өөр өөр улс орны Сүмийн гишүүдийн бүхнээ зориулсан, итгэлтэй байдлыг харж байсан. Эдгээр итгэлтэй гишүүнээс миний үргэлж олж хардаг нийтлэг хүчин зүйл бол тэдэнд байдаг мөнхийн тухай ойлголт юм. Сайн мэдээний мөнхийн тухай ойлголт нь Бурханы төлөвлөгөөнд эзлэх өөрсдийн байр суурийг ойлгох, зовлон бэрхшээлүүдийг хүлээн авах, тэр бэрхшээлүүдээр дамжин өсөж хөгжих, шийдвэр гаргахад мөн бурханлаг чадамжаа амьдралынхаа үндсэн зарчим болгоход биднийг удирддаг.

Ойлголт бол биднийг аливаа зүйлийг тодорхой зайнаас харах үед тэдгээрийг ойлгодог тэрхүү арга зам бөгөөд биднийг тэдгээрийн жинхэнэ үнэ цэнэд талархалтай байх боломжийг олгодог.

Энэ нь ойд байхтай бас бидний өмнө нэг мод байхтай адилхан зүйл юм. Хэрэв бид бага зэрэг ухрахгүй бол ой гэж үнэхээр юу болохыг ойлгох боломжгүй байх болно. Би нэгэн удаа Бразил, Перугийн хилийн ойролцоох Колумбын Лэтисиа дахь Амазон ширэнгэн ойд очиж үзсэн юм. Би дээгүүр нь нисэн өнгөрч, тэр ойн тухай ойлголттой болох хүртлээ түүнийг хэр том болохыг мэдэх боломжгүй байв.

Хүүхдүүд маань бага байхдаа телевизийн хүүхдийн сувгаар гаргадаг байсан Чи юу харж байна вэ? гэдэг хөтөлбөр үздэг байв. Дэлгэц ямар нэгэн зүйлийг ойртуулан харуулдаг байсан ба дүрсийг аажмаар томруулах үед хүүхдүүд тэр зүйл юу болохыг нь таах ёстой байв. Та дүрс бүхлээрээ тод харагдах үед тухайн зүйлийг муур, онгоц, жимс гэх мэтээр амархан хэлж чадна.

Нэг удаа тэднийг хөтөлбөрөө үзэж байтал дэлгэц дээр маш муухай, бүр үзэшгүй муухай харагдаж байсан нэг зүйлийг ойртуулан харуулсныг би санаж байна. Дүрсийг томруулан харуулахад, энэ нь хорхой хүргэмээр сайхан пицца байсныг тэд олж мэдэв. Дараа нь тэд надад, “Аав аа, үүнтэй адил пицца авч өгөөч!” гэж хэлэв. Тэднийг үүний юу болохыг ойлгосны дараа эхэндээ тэдэнд таагүй харагдсан зүйл дараа нь маш сайхан зүйл болж хувирсан юм.

Өөр нэгэн туршлага хуваалцья. Хүүхдүүд маань гэртээ зураг эвлүүлдэг тоглоом тоглох дуртай байв. Бидэнд бүгдэд маань зураг эвлүүлэх боломж тохиож байсан байх. Зарим эвлүүлдэг тоглоом олон жижиг хэсгээс бүрддэг. Манай хүүхдүүдийн нэг нь (Би түүний хэн болохыг мэдэгдэхгүйн тулд нэрийг нь дурдсангүй) хэсэг бүрд анхаарлаа хандуулдаг байсан ба түүний таарна гэж бодсон хэсгүүдэд нь таарахгүй байгаа үед тэр уурлаж, тухайн хэсгийг ямар ч хэрэгцээгүй зүйл гэж үзэн, хаяхыг хүсдэг байв. Тэр тухайн үед жижиг хэсэг бүр хаана таарахыг мэдээгүй ч хэсэг бүр том дүр зурагт өөрийн гэсэн байр суурь эзэлдгийг ойлгосон үедээ зургаа эвлүүлж сурсан юм.

Энэ бол Их Эзэний төлөвлөгөөг тунгаан бодох нэг арга зам юм. Бид өөрсдийгөө салангид хэсгүүд гэж бодолгүй, харин хамгийн сүүлийн үр дүн ямар байхыг оюун ухаандаа санаж, фокус дээр бүхэл дүр зургийг авчрахаар хичээх ёстой. Хэсэг бүр төлөвлөгөөнд тохирч болохын тулд энэ нь хаана таарахыг Их Эзэн мэддэг. Бүх зарлиг аз жаргалын агуу төлөвлөгөөний хүрээнд мөнхийн ач холбогдолтой юм.

Бид мөнх бус байдлын тухай ойлголтоороо мөнхийн үр дагавартай шийдвэр гаргахгүй байх нь нэн чухал юм. Мөнх амьдралд нөлөөлдөг шийдвэр гаргахад сайн мэдээний ойлголт чухал.

Ахлагч Нийл А.Максвэлл заахдаа: “Бид агуу хийгээд эцсийн найдвартаа ‘анхаарлаа хандуулдаг’ ч бидний найддаг түр зуурын зарим зарим зүйл өөр өөр байдаг. Бид өндөр цалин хөлс, онцгой болзоо, сонгуулийн ялалт эсвэл илүү том байшин гэх мэт биелж болох эсвэл үл биелэгдэх зүйлсэд найддаг. Эцэгийн төлөвлөгөөнд итгэх итгэл нь ийм богино хугацааны итгэл найдвар биелэгдэхгүй байгаа үед хүртэл бидэнд тэвчээртэй байдлыг өгдөг. Хэдийгээр эдгээр зарчим нь гүйцэлдэхгүй байгаа мэт санагдавч найдвар нь сайн зарчимд ‘санаа сэтгэлээ бүрэн зориулахад’ бидэнд тусалдаг (С ба Г 58:27-г үзнэ үү)”3 гэжээ.

Мөнхийн тухай ойлголтгүй байх нь эсвэл үүнийгээ алдах нь биднийг өөрсдийн хувийн жишгүүд шигээ дэлхийн ойлголттой болоход мөн Бурханы хүсэлтэй нийцэхгүй шийдвэрүүдийг гаргахад хүргэдэг.

Мормоны Ном нь Нифайгийн гаргадаг байсан хандлага болон Лемен, Лемүелийн хандлагыг дурддаг. Тэд бүгд тоогүй олон зовлон зүдгүүр болон ихээхэн бэрхшээлийг туулсан боловч тэдний тэр зүйлүүдэд хандах хандлага нь маш өөр байв. Нифай хэлэхдээ, “Мөн аглаг буйдад бид түүхий махаар амь зогоож байхад манай эмэгтэйчүүд хүүхдүүдээ хөхөөр элбэг цатгаж, бас тэд хүч тамиртай байв, тийм ээ бүр эр хүний адил байв; мөн тэд аяны замыг дургүйцэлгүйгээр эхэлж тэсэхүйц бидэн дээрх Их Эзэний адислалууд тийм агуу байв”4 гэжээ.

Эсрэгээр нь Лемен, Лемүел хоёр ихэд гомдоллож байв. “Мөн ийнхүү, хөвгүүдийн ахмад нь болох Лемен, Лемүел хоёр эцгийнхээ эсрэг бувтналдсан ажээ. Мөн, тэд өөрсдийг нь бүтээсэн Бурханы үйлсийг мэдээгүйн улмаас бувтналдсан болой.”5 “Бурханы үйлүүдийг мэдэхгүй байх нь эсвэл үл тоомсорлох нь мөнхийн тухай ойлголтоо алдаж болох нэг зам бөгөөд бувтнах нь үүний шинж тэмдгүүдийн зөвхөн нэг нь юм. Лемен, Лемүел хоёр Нифайгийн хамт олон гайхамшгийн гэрч болсон ч, тэд ийн хэлж байсан юм: “Мөн бид аглаг буйдад өдий олон жил бэдрэн явна; мөн бидний эмэгтэйчүүд бие давхар байж хүнд ажилд зүтгэв; мөн тэд аглаг буйдад хүүхдүүдээ төрүүлж мөн бүх зүйлийн зовлонг, үхэхээс бусдыг л үзлээ; мөн тэд Иерусалимаас гарч ирэхээсээ өмнө үхсэн бол эдгээр зовлонгуудыг туулснаас хавьгүй дээр байх байсан биз ээ.”6

Тэдэнд тулгарч байсан зовлон бэрхшээлүүд төстэй байсан ч эдгээр нь маш өөр хоёр хандлага байв. Тэдний ойлголт өөр байсан нь тодорхой байв.

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл дараах зүйлийг бичсэн юм: “Хэрэв бид мөнх бус амьдралаа төгсгөл гэж бодох юм бол өвчин шаналал, уй гашуу, бүтэлгүйтэл болон богинохон амьдрал нь гай гамшиг болох болно. Гэвч хэрэв бид амьдралаа мөнх бус оршихуйн өмнөх амьдрал болон үхлийн дараах мөнхийн ирээдүй болгож харах юм бол бүх зүйл зохих ёсоороо ойлгогдох болно.”7

Ахлагч Дэвид Б.Хайт зохих ойлголтоор нь бүх зүйлийг харахын ач холбогдлыг харуулахын тулд барималч Микеланжелогийн талаар түүх хуваалцсан юм: “Барималчийг гантиг чулууг сийлэх үед нэгэн хүү өдөр бүр ирж, ичингүйрэн ажигладаг байв. Давидийн хөрөг тэр чулуунаас гарч, бүх дэлхийн хүндэтгэл бишрэлийг хүлээхээр бүрэн төгс болоход хүү ‘Та түүнийг тэнд байсныг яаж мэдсэн юм бэ’ гэж Микеланжелогоос асуужээ.”8

Барималчийн тэр гантиг чулууг харсан ойлголт нь хүүгийн түүний ажиллаж байгааг харж байснаас өөр байсан юм. Чулуун дээр сийлэгдсэн уран барималчийн бүтээлч алсын хараа нь урлагын бүтээл туурвих боломжийг түүнд олгосон ажээ.

Их Эзэн бидний хүн нэг бүрээр хийлгэхийг хүсэж байгаа зүйлсээ мэддэг. Тэрээр бидний амьдралд ямар өөрчлөлт гаргахыг хүсэж байгаагаа мэддэг бөгөөд бидэнд Түүнд зааж зөвлөх эрх байхгүй. Түүний бодол санаанууд бидний бодлуудаас илүү агуу билээ.9

Бидний мөнхийн аз жаргалд зориулан нэгэн төлөвлөгөөг бэлтгэсэн хайрт, шударга, нигүүлсэнгүй Тэнгэрлэг Эцэг бидэнд байдгийг би гэрчилж байна. Есүс Христ бол Түүний Хүү бөгөөд дэлхийн Аврагч гэдгийг би гэрчилж байна. Ерөнхийлөгч Томас С. Монсон Бурханы бошиглогч гэдгийг би мэднэ. Би эдгээр зүйлийг Есүс Христийн нэрээр хэлж байна, амен.