Үрэлгэн хүүг хүлээх нь
Бид бүгдээрээ алдагдсан хүмүүст туслах хамгийн сайн арга замыг олж мэдэх илчлэлтийг хүлээн авах болтугай.
Аврагч Есүс Христ энэ дэлхий дээрх тохинууллаа Өөрийн анагаах болон гэтэлгэх хүчний тухай заахад зориулсан юм. Шинэ гэрээний Лук 15-р бүлэгт түүнийг нүгэлтнүүдтэй хамт хоол идэж, цаг өнгөрүүлснийг нь шүүмжилсэн байдаг (Лук 15:2-ыг үзнэ үү). Харин Аврагч энэхүү шүүмжлэлийн хариуд замаа алдан төөрөлдсөн хүмүүст хэрхэн хандах тухай бидэнд заажээ.
Тэрээр өөрийг нь шүүмжлэгчдээс хоёр чухал асуултыг асуун, тэдэнд хариулсан байдаг:
“Хэрэв та нарын дундаас хэн чинь зуун хоньтой байтал, нэг нь алдагдахад ерөн есөн хонио бэлчээрт орхин, алдагдсан хонины араас явж, түүнийг олтлоо хайдаггүй вэ?” (Лук 15:4).
“Нэгэн эмэгтэйд арван мөнгөн зоос байжээ. Хэрэв нэг зоосоо алдчихвал, дэнлүүгээ асаан, гэрээ шүүрдэн өнөөхөө олтлоо ихэд шаргуу хайхгүй гэж үү?” (Лук 15:8).
Дараа нь Аврагч үрэлгэн хүүгийн сургаалт үлгэрийг заадаг. Энэ сургаалт үлгэр нь 100 хонь эсвэл 10 мөнгөн зоосны тухай бус, харин замаа алдан төөрөлдсөн нэгэн эрхэм хүүгийн тухай юм. Аврагч гэр бүлийн маань хэн нэгнийг замаасаа төөрөх үед хэрхэн хариу үйлдэл үзүүлэх тухайд энэхүү сургаалт үлгэрээр бидэнд юу заадаг вэ?
Үрэлгэн хүү эцэгтээ эд хөрөнгөнийхөө өөрт ноогдох хувийг авахыг хүсч буйгаа хэлээд, дэлхийн зүйлсийн араас хөөцөлдөн, аюулгүй гэрээ орхин явдаг (Лук 15:12–13-ыг үзнэ үү). Аврагчийн сургаалт үлгэрт эцэг нь хүүдээ ноогдох эд хөрөнгийг өгч, түүнд хайраар ханддагийг анхааралдаа авна уу. Мэдээж, эцэг нь хүүгээ ятгаж, түүнийг үлдээж болох бүхнийг хийсэн байгаа. Нас биед хүрсэн хүү нь шийдвэр гаргахад ухаант эцэг нь хүүгээ явуулдаг ч хүүгээ харуулдаж хүлээснээр үнэн сэтгэлийн хайраа үзүүлдэг (Лук 15:20-ийг үзнэ үү).
Гэр бүлд маань үүнтэй адил зүйл тохиолдсон. Үлгэр жишээ эцэг, эх маань намайг болон итгэлтэй ах, дүү хоёр, гайхамшигтай эгчийг маань өсгөж хүмүүжүүлсэн юм. Бид гэртээ сургаал заалган, нас биед хүрч, дөрвүүлээ хань ижилтэйгээ ариун сүмд лацдан холбогдсон. Гэтэл 1994 онд Сюзан эгч маань Сүм, Сүмийн зарим сургаалаас баяр баясгаланг мэдрэхээ больж, Сүмийн анхдагч удирдагчдыг шоолж шүүмжлэх хүмүүсийн ятгалгад автсан бөгөөд амьд бошиглогчдод итгэх итгэл нь суларчээ. Яваандаа түүний эргэлзээ итгэлийг нь давж, тэрээр Сүмээ орхихоор шийдэв. Сюзаны түүх бусдад тус болоосой гэж хүссэн учир тэр түүхийг нь та бүхэнтэй хуваалцах зөвшөөрлийг надад өгсөн юм.
Би ах, дүү, бэлэвсэн ээжийнхээ хамт юу түүнийг итгэлээ орхиход хүргэснийг мэдэхгүй шаналж байлаа. Эгчийн хийсэн сонголтууд ээжийн минь зүрхийг урж байх шиг санагдаж байсан.
Би ах, дүүгийнхээ хамтаар бишоп, чуулгын ерөнхийлөгчөөр үйлчилж, 99 хонио орхин, нэгийн араас явснаар тойрог болон чуулгын гишүүдийн амжилтын баяр баясгаланг мэдэрдэг байсан. Гэсэн хэдий ч эгчийгээ аварч, буцаан авчрах гэсэн тууштай оролдлогууд маань түүнийг зөвхөн холдуулсаар байлаа.
Биднийг хэрхэн түүнтэй зөв харилцах талаар тэнгэрлэг удирдамж эрэлхийлэх үед үрэлгэн хүүгийн сургаалт үлгэр дэх эцгийн жишээг дагах хэрэгтэй гэдэг нь тодорхой байв. Сюзан сонголтоо хийсэн учраас бид түүнийг явуулах хэрэгтэй байлаа. Гэвч түүнийг хайрлах үнэн сэтгэлийн хайраа мэдүүлэлгүйгээр явуулахыг хүсээгүй юм. Тиймээс бид илүү агуу хайр, эелдэг байдлаар харуулдан хүлээсэн.
Ээж минь Сюзаныг хайрлаж халамжлахаа хэзээ ч болиогүй. Ариун сүмд орох бүрдээ ээж минь залбирлын хайрцагт Сюзаны нэрийг хийж байсан бөгөөд найдвараа алдаагүй юм. Сюзантай хамгийн ойр, Калифорнид, амьдардаг том ах маань эхнэрийнхээ хамт түүнийг гэр бүлийн бүхий л үйл ажиллагаандаа урьдаг байлаа. Тэд жил бүр Сюзаны төрсөн өдрөөр түүнийг гэртээ оройн хоолонд урьж, түүнтэй байнга холбоотой байдаг байсан болохоор тэр тэдний чин сэтгэлийн хайрыг мэдэрдэг байжээ.
Эрэгтэй дүү маань, эхнэрийнхээ хамт Сюзаны Ютад байгаа хүүхдүүд рүү нь очиж, тэднийг халамжилж, хайрладаг байв. Тэд гэр бүлийн цугларалтаараа хүүхдүүдийг нь үргэлж урьдаг байсан бөгөөд Сюзаны ач охиныг баптисм хүртэх үед дүү маань ёслолыг нь гүйцэтгэхээр очсон юм. Мөн Сюзанд огт бууж өгдөггүй элэгсэг гэрийн болон айлчлагч багш нар байсан.
Бид хүүхдүүдээ номлолд явах, гэрлэх зэрэг гэр бүлийн баяруудад Сюзанг урьдаг байв. Сюзан болон түүний хүүхдүүдтэй хамт байж, тэд бидний хайрыг мөн гэр бүлийн нэг хэсэг гэдгээ мэдээсэй гэсэндээ бид хичээнгүйлэн гэр бүлийн үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг байв. Түүнийг Калифорнийн их сургуульд эрдмийн зэрэг авахад бид бүгд төгсөлтийн баяраар нь түүнийг дэмжихээр очсон юм. Бид хайрлаж, харуулдаж, хүлээж байсан.
Сюзаныг Сүмээ орхисноос 12 жилийн дараа 2006 онд охин Кэтигийн маань нөхөр хуулийн сургуульд орох болсон учраас гэр бүлийн хамт Калифорни руу нүүсэн юм. Тэд Сюзаны амьдарч байсан хотод нүүж очсон бөгөөд залуу гэр бүлд авга эгчийнх нь тусламж, дэмжлэг хэрэгтэй болж, залуу хосууд ч түүнийг хайрладаг байсан. Сюзан хоёр настай зээ охин Люсиг маань асран халамжилж, орой бүр залбирлаа хэлэхэд нь түүнд тусалдаг болсон байв. Нэг өдөр Кэти над руу утсаар яриад, Сюзанг сүмдээ эргэж ирнэ гэж ер нь бодож байсан эсэхийг асуув. Би түүнд Сюзан эргэж ирнэ, бид үргэлжлүүлэн тэвчээртэй байх хэрэгтэй гэж итгүүлж билээ. Бид үргэлжлүүлэн хайрлаж, харуулдан, хүлээсээр дахин гурван жил өнгөрөв.
Яг зургаан жилийн тэртээ, амралтын өдөр миний эхнэр Марша бид хоёр энэхүү Ерөнхий чуулганы төвийн эхний эгнээнд сууж байсан билээ. Би тэр өдөр Ерөнхий эрх мэдэлтнээр томилогдох байв. Үргэлж Сүнсийг мэдэрч байдаг Марша маань “Би Сюзаны ирэх цаг нь болсон гэж бодож байна” гэсэн зурвас надад бичиж өгсөн юм. Охин Кэти минь тэр өдөр намайг гараад, Сюзан руу утасдаж, түүнийг ерөнхий чуулган үзэхэд урихыг санал болгосон юм.
Агуу хоёр эмэгтэйгээр удирдагдсан би үүдний танхим руу очоод, эгч рүүгээ утасдав. Сюзаны дуут шуудан нь ажиллаж байсан тул би түүнийг Ерөнхий чуулганы тэр хуралдааныг үзэхэд энийн байдлаар хэлж урилаа. Тэр дуут шууданг хүлээн аваад, Чуулганы бүх хуралдааныг үзэх хүсэлтэй болсон нь үнэхээр баярлууштай хэрэг байлаа. Тэр өмнө нь хайрладаг байсан бошиглогч, төлөөлөгчдийн үгийг сонсохын зэрэгцээ урьд өмнө сонсож байгаагүй ерөнхийлөгч Угдорф, ахлагч Бэднар, Күк, Кристоффэрсон, Андэрсэн зэрэг шинэ нэр сонссон юм. Ерөнхий чуулган болон тэнгэрээс ирсэн өөр бусад онцгой туршлагуудын ачаар миний эгч үрэлгэн хүүгийн адилаар эргэн ирсэн (Лук 15:17-г үзнэ үү). Бошиглогч, төлөөлөгчдийн үгс, гэр бүлийн хайр түүнийг эргэж, гэрийн зүг алхахад нь тусалсан юм. 15 жилийн дараа алдагдсан охин, эгч минь олдож, цаашид харуулдан хүлээх шаардлагагүй болсон билээ.
Сюзан энэ туршлагаа Мормоны Номонд Лихайн тодорхойлсны адил зүйрлэн хэлдэг юм. Тэрээр төмөр бариулыг тавьснаараа өөрийгөө харанхуй мананд төөрсөн гэдгийг мэджээ (1 Нифай 8:23-ыг үзнэ үү). Тэрээр Их Эзэн болон түүний гэр бүлийн санал болгож байсан зүйлс мөн түүний дэлхийд туулж өнгөрүүлсэн туршлага хоорондын ялгааг улам тод харуулж өгсөн Христийн Гэрэлээр итгэл нь сэрэх хүртэл төөрөлдсөн гэдгээ мэдээгүй байсан хэмээн тэмдэглэн хэлсэн юм.
Өнгөрсөн зургаан жилийн турш гайхамшиг үргэлжилж, Сюзан Мормоны Номын талаарх гэрчлэлээ шинэчилж, ариун сүмийн эрхийн бичгээ хүлээж авсан. Тэрээр ариун сүмд ёслолын ажилтнаар ажиллаж байсан ба одоо тойрогтоо сайн мэдээний сургаалыг зааж байна. Түүний үр хүүхдүүд, ач зээ нарын дээр тэнгэрийн цонх нээгдсэн ба хэдийгээр эгч маань зарим муу үр дагаврыг амссан ч гэсэн хэзээ ч Сүмийг орхиж яваагүй юм шиг санагддаг.
Та нарын гэр бүлд Нийлсоны гэр бүлийнхний адил замаа түр алдан, төөрч байсан хэн нэгэн байгаа. 100 хоньтой хүнд өгсөн Аврагчийн зааврын дагуу 99 хонио орхиод, алдагдсан нэг хонио аврахаар яв. Арван мөнгөн зоостой хүнд өгсөн Аврагчийн зөвлөгөөний дагуу хаясан зоосоо олтол хай. Бидний гэр бүлээсээ сурч мэдсэн нэг зүйл бол та нарын хүү, охин эсвэл ах, эгч алдагдаж, та нарыг орхихоор шийдсэн ч чадах бүхнээ хийсний дараа төөрөлдсөн нэгнээ чин сэтгэлээсээ хайрлаж, залбиран, Их Эзэний гайхамшгийг харуулдан хүлээх хэрэгтэй.
Эгчийгээ Сүмээс явсны дараа би гэр бүлээрээ судраас судалж байхдаа Их Эзэнээс хамгийн чухал сургамжийг мэдэж авсан юм. Биднийг хамтдаа суралцах үед хүү Дэвид маань Лук 15-ыг судраас уншиж байв. Түүнийг үрэлгэн хүүгийн сургаалт үлгэрийг уншихад би урьд өмнө сурч байснаасаа арай өөр зүйлийг сонссон. Яагаад ч юм би үргэлж өөрийгөө гэртээ үлдсэн хүүтэй зүйрлэдэг байсан. Харин Дэвидийг тэр өглөө судар уншихад би зарим нэг талаараа үрэлгэн хүү юм байна гэдгээ ойлгосон юм. Бид бүгд Бурханы алдар сууд хүрч чаддаггүй (Ром 3:23-ыг үзнэ үү). Бид бүгдэд Аврагчийн цагаатгалын анагаах хүч хэрэгтэй. Бид бүгд алдагдсан ба олдох хэрэгтэй хүмүүс. Тэр өдөр эгч бид хоёрт хоёуланд нь Аврагчийн хайр, Цагаатгал хэрэгтэй гэдгийг мэдэхэд энэхүү илчлэлт надад тус болсон юм. Сюзан бид хоёр хоёулаа гэртээ харих нэг зам дээр байсан.
Сургаалт үлгэр дэх үрэлгэн хүүгээ угтан авч буй эцгийг дүрсэлсэн Аврагчийн үгс үнэхээр хүчтэй бөгөөд Тэнгэрлэг гэртээ эргэн очих үедээ Эцэгтэйгээ хамт мэдрэх мэдрэмжийг дүрсэлсэн байх гэж би итгэдэг. Тэдгээр үгс нь хайрладаг, хүлээдэг, харуулддаг эцгийн тухай бидэнд заадаг. Аврагч “Харин эцэг нь түүнийг холоос хараад, ихэд өрөвдөн гүйн ирж, тэврээд үнсэв” (Лук 15:20) хэмээн хэлжээ.
Бид бүгдээрээ алдагдсан хүмүүст туслах хамгийн сайн арга замыг олж мэдэх илчлэлтийг хүлээн авч, хэрэгцээтэй үед үрэлгэн хүүг хайрлаж, харуулдан, хүлээхдээ Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү, Есүс Христийн хайрыг тээж, тэвчээртэй байх болтугай. Есүс Христийн нэрээр, амен.