“6-р сарын 26. Бурханы төлөвлөгөөнд ариун явдал яагаад чухал вэ? 2 Самуел 5–7; 11–12; 1 Хаад 3; 8; 11,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022 (2021)
“6-р сарын 26. Бурханы төлөвлөгөөнд ариун явдал яагаад чухал вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022
6-р сарын 26
Бурханы төлөвлөгөөнд ариун явдал яагаад чухал вэ?
2 Самуел 5–7; 11–12; 1 Хаад 3; 8; 11
Хамтдаа зөвлөлд
Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар ярилцлага өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.
-
Сайн мэдээний дагуу амьдар. Бид хэрхэн Аврагчид илүү ойртсон бэ? Бид Түүнтэй илүү адил байхын тулд хэрхэн хичээж байгаа вэ?
-
Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Сүүлийн үед бидний санаа бодолд хэн орж байна вэ? Бид тэдгээр хүнд хэрхэн тусалж чадах вэ?
-
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Бид Сүмийн талаарх найз нөхдийнхөө асуултад Аврагчид итгэх тэдний итгэлийг бэхжүүлэх байдлаар хэрхэн хариулах вэ?
-
Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бидэнд өвөө эмээ, үеэл гэх мэт гэр бүлийн гишүүдтэйгээ харилцаа холбоогоо сайжруулах ямар ямар арга зам байдаг вэ?
Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлд
Биднийг аз жаргалтай байгаасай хэмээн хүсдэг Тэнгэрлэг Эцэг маань бидэнд ариун явдлын хуулийг өгсөн. Мөн биднийг зовлонтой байлгахыг хүсдэг Сатан энэ хуулийг чухал биш гэж заадаг. Биднийг бэлгийн харьцааны нүгэл үйлдэхэд уруу татахын тулд Сатан чадах бүхнээ хийдэг. Бэлгийн харьцааны талаар Бурханы заадаг сургаалтай зөрчилдөх зураг, захиас өсвөр үеийнхэнд нөлөөлж магадгүй. Бидний хүн нэг бүр ийм уруу таталтаас сэрэмжилж, амьдралынхаа туршид бодол санаа, үг яриа, үйлдлээ цэвэр байлгахыг хичээвэл зохино. Бид Давид хааны гунигт туршлагаас энэ сургамжийг авдаг. Тэрээр агуу үнэнч байдлын үлгэр жишээ байсан. Гэвч тэр уруу татагдаж, ариун явдлын хуулийг зөрчсөн (2 Самуел 11:1–5-ыг үзнэ үү).
Та заахаар бэлдэхдээ 2 Самуел 11, ахлагч Дэвид А.Бэднарын “Бид ариун явдалд итгэдэг” захиас (2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 50–53) ба бусад ариун явдалтай холбоотой эх сурвалжийг уншиж болно. Ариун явдлыг Бурхантай адил хардаг болоход нь анги, чуулгын гишүүдэд юу сүнслэгээр нөлөөлж болох вэ? Сатаны хардаг арга замаас татгалзахад юу тэдэнд тус болох вэ?
Хамтдаа суралц
Судраас уншсан зүйлээ давтахад нь заадаг хүмүүстээ туслахын зэрэгцээ ариун явдлын сэдвийг танилцуулах нэг арга замыг энд дурдав. Давид, Иосеф гэсэн нэрсийг самбар дээр бич. Дараа нь хамтдаа 2 Самуел 11:1–5; Эхлэл 39:7–12-ыг унш. Давид, Иосеф хоёр бэлгийн харьцааны нүгэл үйлдэхэд уруу татагдахдаа дор бүрдээ хэрхэн хариулсан бэ? Бид тэдний жишээнээс юу сурч мэдэж болох вэ? Ариун явдал Бурханы төлөвлөгөөнд яагаад чухал тухай дэлгэрэнгүй ярилцахад өдөөхийн тулд дараах үйл ажиллагааг эсвэл өөрийнхийгөө ашигла.
-
Бэлгийн харьцааны цэвэр ариун байдлын талаарх Их Эзэний жишгийг тодорхойлох нь таны заадаг өсвөр үеийнхэнд тустай байж магадгүй. Тэднийг Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө ([товхимол, 2011], 35–37) дээрх “Бэлгийн харьцааны цэвэр ариун байдал” хэсгийг эсвэл “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” (ChurchofJesusChrist.org)-ийн дөрөв дэх догол мөрийг уншихад урь. Бэлгийн харьцааны тухай Их Эзэний сургаалууд Сатаны бидэнд итгүүлэхийг хүсдэг зүйлээс ямар ялгаатай вэ? Өсвөр үеийнхэн “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-аас бэлгийн харьцааны цэвэр ариун байдал нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд яагаад чухал болохыг тайлбарласан мэдэгдлийг хайж болно. Бид эдгээр мэдэгдлээс өнөөгийн дэлхийд зөв шударга амьдрахад туслах юуг сурч мэдэж байна вэ?
-
Бусад хүн заримдаа бидний ёс суртахууны жишгийг, ялангуяа эдгээр нь олны итгэдэг жишгээс маш их ялгаатай учраас ойлгодоггүй. Тэдний асуултад бид хэрхэн хариулж болох вэ? “Ахлагч Рэнланд, Рэнланд эгч хоёрын оролцсон нүүр тулсан ярилцлага” (ChurchofJesusChrist.org)-ын “Ариун явдлын хуулийг амьдралдаа дагаж мөрдөх нь яагаад чухал вэ?” видео бичлэгийг үзээд, Рэнланд ах, эгч хоёроос бид юу сурдаг вэ? Мөн өсвөр үеийнхэн “Нэмэлт эх сурвалж” дахь судруудаас ариун явдалтай байснаар ирэх адислалуудыг дүрсэлсэн мэдэгдлүүдийг хайж болно. Тэд яагаад бэлгийн ёс суртахууны талаарх Их Эзэний жишгийг дагаж мөрдөхөөр сонгодог тухай бодлоо хуваалцахыг хүсэж болно.
-
Бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун байх шаардлагагүй гэсэн соёл олон түмний дунд өргөн тархсан. Гэхдээ уг соёл нь ариун явдлаас ирдэг адислалуудыг болон ёс суртахуунгүй байдлын аюулыг үл тоомсорлодог. Эдгээр үнэний талаар илүү ихийг сурч мэдэхийн тулд өсвөр үеийнхэн ахлагч Дэвид А.Бэднарын “Бид ариун явдалд итгэдэг” захиасыг судалж болно. Зарим нь “Дайсны зорилго,” бусад нь “Ариун явдлын хуулийг сахиснаар ирэх адислалууд” хэсгийг судалж болно. Тэгээд тэд сурч мэдсэн зүйлээ нэг нэгэнтэйгээ хуваалцаж болох юм. Бэлгийн харьцааны тухай хуурамч захиастай тулгарах үедээ санахыг хүсэж буй үгсийг энэ захиасаас бичиж авахад тэднийг урамшуул. Мөн та тэднийг “Наманчлалын зарчим” хэсэг рүү чиглүүлж болно. Бэлгийн харьцааны гэм нүглээ наманчлахыг хүсэж буй бүх хүнийг Аврагч хэрхэн эдгээж чадах талаар ярилц. Таны заадаг өсвөр үеийнхэнд асуух зүйл эсвэл наманчлах шаардлага байгаа бол эцэг эхтэйгээ эсвэл бишоптойгоо ярилцаж болно гэдгийг сануул.
Итгэлээр үйлд
Өнөөдөр хүлээж авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлэх талаар бодоход тэднийг урь.
Нэмэлт эх сурвалж
-
1 Коринт 6:19–20 (Бидний бие бол Бурханы ариун сүм)
-
Алма 38:12 (Хэрвээ бид хүслээ хазаарлаж чадвал хайраар дүүргэгдэж чадна)
-
(Сургаал ба Гэрээ 25:2; 121:45–46 (Ариун журмын адислалууд)
-
“Ариун явдал: Хязгаарлалтууд нь юу вэ?” “True Confidence,” “I Choose to Be Pure” (видео бичлэгүүд), ChurchofJesusChrist.org