2010–2019
Бид ариун явдалд итгэдэг
Дөрөвдүгээр сар 2013


15:47

Бид ариун явдалд итгэдэг

Ариун явдлын хуулийг дуулгавартай дагаснаар мөнх бус амьдрал дахь бидний аз жаргал өсөн нэмэгдэж, мөн мөнх амьдралд биднийг өсч хөгжих боломжтой болгодог.

Өнөөдөр миний хэлэх үгс сүнслэг байдлын үндсэн зарчим болсон ариун явдлын хууль яагаад ийм чухал вэ? гэсэн асуултад хариулах болно. Ариун Сүнс миний ярих чухал зарчмуудыг та бүхэнд батлаасай хэмээн би залбирч байна.

Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө

Өөрийн хүүхдүүддээ зориулсан Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөг бүрэн дүүрэн хүлээн авсан үед л Ариун явдлын хуулийн мөнхийн ач холбогдлыг ойлгож чадна. “Бурхан бүх хүн төрөлхтөн, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг Өөрийн дүр төрхөөр бүтээсэн. Хүн бүр Тэнгэрлэг эцэг эхийн хайртай сүнслэг хүү, охин нь бөгөөд ийм учраас хүн бүр бурханлаг шинж чанар, хувь тавилантай юм.” (Гэр Бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг, Ensign or Лиахона, 2010 оны 11-р сар, 129). Бүх эрэгтэй, эмэгтэй хүмүүс мөнх бус дэлхий дээр ирэхээс өмнө Түүний сүнсэн хүүхдүүд байхдаа Бурхантай хамт амьдарч байсан. Эцэгийн төлөвлөгөө Түүний сүнсэн хөвгүүд болон охидод бие махбодыг хүлээн авч, дэлхий дээрх туршлагуудыг олж аван, өргөмжлөл хүртэхээр өсч хөгжих боломжийг олгодог.

Бие махбодын ач холбогдол

Бидний бие махбод мөнх бус оршихуйн өмнөх дэлхийд байхдаа хүлээн авч чадахааргүй байсан туршлагуудыг өргөн хүрээнд, гүн гүнзгий, хүч чадалтайгаар олж авах боломжийг олгодог. Иймээс бусад хүмүүстэй харилцах харилцаа, ялган таних ба үнэний дагуу үйлдэх, Есүс Христийн сайн мэдээний зарчмууд, ёслолуудыг дагах чадварууд нь бидний бие махбодоор дамжуулан боломжтой болсон билээ. Мөнх бус амьдралд бид өрөвч зөөлөн сэтгэл, хайр, сайхан сэтгэл, аз жаргал, уйтгар гуниг, сэтгэл хангалуун бус байдал, өвчин шаналал болон бие махбодын хөгжлийн бэрхшээл зэрэг зүйлсийг даван туулснаар мөнх амьдралд бэлтгэгдэж байдаг. Энгийнээр хэлэхэд “махбодод оршсоны дагуу” гэж сударт бичсэнээр, бидний сурах ёстой хичээл, олж авах ёстой туршлагууд гэж байдаг. (1 Нифай 19:6; Алма 7:12–13).

Нөхөн үржихүйн хүч

Дэлхий бүтээгдсэний дараа, Адамыг Едений цэцэрлэгт тавьсан. Гэсэн хэдий ч Бурханы “хүн ганцаар байх нь сайн биш” (Мосе 3:18; мөн Эхлэл 2:18-ыг үзнэ үү) хэмээн хэлсэн нь чухал бөгөөд Ева Адамын эхнэр бөгөөд туслагч нь болжээ. Эрэгтэй эмэгтэй хүний сүнсний болон бие махбод, оюун ухаан, сэтгэл санааны өвөрмөц нэгдэл нь аз жаргалын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хэрэгтэй байсан. “Эзэн дотор эр хүнгүйгээр эмэгтэй хүн гэж үгүй бөгөөд эмэгтэй хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм” (1 Коринт 11:11). Эрэгтэй эмэгтэй хүмүүс бие биеэсээ суралцах, хүчирхэгжүүлэх, адислах, тусалж дэмжих мөн нэг нэгнээ төгс болгохын тулд бүтээгджээ.

Тэнгэрлэг эрх мэдлээр мөнх бус амьдралыг бүтээсэн билээ. “Адам Ева хоёрт өгсөн Бурханы анхны тушаал нь эхнэр нөхрийн хувьд эцэг эх болох байсан юм.” ((Ensign or Лиахона, 2010 оны 11 сар, 129). Өсч үржин, дэлхийг дүүргэх тушаал өнөөдөр ч хэрэгжиж байгаа билээ. Тиймээс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт нь мөнх бус байдлын өмнөх оршихуйд буй сүнснүүдийг энэ амьдралд авчрахад зөвшөөрөгдсөн арга зам юм. Гэрлэхээсээ өмнө бэлгийн харьцаанд огт орохгүй байх болон гэрлэснийхээ дараа үнэнч байх нь энэхүү нандин сувгийн ариун байдлыг хамгаалдаг.

Үр удмаа үлдээх хүч нь сүнслэг байдлын хувьд чухал юм. Энэ хүчийг буруугаар ашиглах нь Эцэгийн төлөвлөгөө болон бидний мөнх бус амьдралын зорилгыг устгадаг билээ. Бидний Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хайрт Хүү хоёр бол бүтээгчид бөгөөд Өөрсдийн бүтээлтийн хүчнийхээ нэгээхэн хэсгийг бидэнд өгсөн билээ. Амьдралыг бүтээгч энэхүү хүчийг зохистойгоор ашиглах тодорхой удирдамжууд нь Эцэгийн төлөвлөгөөний үндсэн хэсэг нь болдог. Бидний тэнгэрлэг хүч чадлын талаар юу гэж бодож байгаа болон хэрхэн ашиглаж байгаа нь бидний мөнх бус амьдралын аз жаргал ба мөнх амьдралын хувь тавиланг тодорхойлдог.

Ахлагч Даллин Х.Өүкс ийн тайлбарласан байдаг:

“Мөнх бус амьдралыг бүтээх хүч нь Бурханы хүүхдүүддээ өгсөн хамгийн эрхэм дээд хүч юм. Энэ хүчийг ашиглахыг хамгийн анхны тушаалд зарлигласан бол, өөр нэгэн чухал тушаалд үүнийг буруугаар ашиглахыг хориглосон ажээ. Ариун явдлын хуулинд онцгой ач холбогдол өгдөг нь Бурханы төлөвлөгөөг гүйцэлдүүлэхэд үр удмаа үлдээх хүчний зорилгыг ойлгосон бидний ойлголтоор тайлбарлагддаг. …

“Үр удмаа үлдээх хүчийг гэрлэлтээс гадуур хэрэглэж буй бүх тохиолдлууд нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст өгөгдсөн хамгийн бурханлаг шинж чанарыг ямар нэг байдлаар завхруулж, нүгэл үйлдэж буй хэрэг юм.” (“Аз жаргалын агуу төлөвлөгөө,” Ensign, 1993 оны 11 дүгээр сар, 74).

Бэлгийн харьцааны ёс суртахууны жишиг

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд бэлгийн харьцааны ёс суртахууны талаар үл өөрчлөгдөх ганцхан жишиг байдаг нь: Бурханы төлөвлөгөөний дагуу зөвхөн гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дотно харьцаа нь зөв зохистойд тооцогддог. Эдгээр дотно харьцаа нь хийж үзэх сониуч зан, ханамж өгөх дур хүсэл, тоглоом наадмын нэг хэлбэр, хувиа хичээсэн зугаа цэнгэл хөөх явдал биш юм. Тэдгээр нь олж авах ёстой ялалт, гүйцэтгэх ёстой энгийн үйлдэл биш. Харин тэдгээр нь бидний бурханлаг мөн чанарын мөнх бус илэрхийллүүдийн нэг юм. Тэдгээр нь ирээдүйд боломжтой бөгөөд эхнэр нөхрийн хооронд сэтгэлийн болон сүнслэг амлалтуудыг хүчирхэгжүүлдэг арга зам юм. Бид ёс суртахууны сонголтоор адислагдсан чөлөөт иргэд бөгөөд Бурханы хүүхдүүдийн тэнгэрлэг өв залгамжлалаар биднийг тодорхойлдог, харин бэлгийн харьцааны зан үйлүүд, орчин үеийн хандлага эсвэл улс төрийн гүн ухаан биднийг тодорхойлохгүй.

Эгэл хүн

Бенжамин хааны тодорхойлсон эгэл хүн бидний дотор ямар нэг хэмжээгээр оршин байдаг (Мозая 3:19-ийг үзнэ үү). Эгэл хүн нь нүглээ наманчилдаггүй, эгэл, тачаангуй, (Moзая 16:5; Aлма 42:10; Moсе 5:13-ийг үзнэ үү) хүлцэнгүй, хэт ихийг хүсдэг, бардам бөгөөд хувиа хичээсэн байдаг. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын зааснаар “‘эгэл хүн’ бол сүнслэг мэдрэмжээ амьтны дур хүслээр далдлахыг зөвшөөрсөн ‘дэлхийн хүн’ юм” гэжээ (“Ocean Currents and Family Influences,” Ensign, 1974 оны 11 дүгээр сар, 112).

Эсрэгээр нь “Христийн хүмүүн” (Хиламан 3:29) бол сүнслэг бөгөөд бүх хүслээ хазаарладаг (Aлма 38:12-ийг үзнэ үү), өөрийгөө хянаж биеэ барьж чаддаг, өгөөмөр бөгөөд хувиа хичээдэггүй юм. Христийн хүмүүн нь Бурханы үгнээс зууран барьж, өөрсдийгөө үгүйсгэн, Түүний загалмайг үүрдэг (Матай 16:24; Maрк 8:34; Лук 9:23; С ба Г 56:2-ийг үзнэ үү), Аврагч болон Түүний сайн мэдээнд итгэлтэй, дуулгавартай байж, өөрсдийгөө зориулан, нарийн бөгөөд шулуун замаар урагшлан тэмүүлдэг юм.

Бурханы охид, хөвгүүдийн хувьд бид Түүнээс бурханлаг чадваруудыг өвлөн авсан. Гэвч бид одоо унасан дэлхийд амьдарч байна. Бидний бие махбодыг бүтээсэн бодисууд унасан дэлхийгээс бүрдсэн бөгөөд нүгэл, ялзрал ба үхлээс ангид байж чаддаггүй. Тиймээс Адамын уналт ба үүний сүнслэг болон зуурдын үр дагаврууд нь бидний бие махбодоор дамжин бидэнд шууд нөлөөлдөг. Гэвч бидний бие хоёр хэсгээс бүрддэг бөгөөд Уналтаар ирсэн зуурдын бие махбод дотор бидний мөнхийн сүнс оршин байдаг билээ. Үүнийг Есүс Петрт тайлбарлахдаа “Сүнс хүсэж байна, харин махан бие сул дорой юм” гэжээ (Матай 26:41).

Иймээс зуурдын амьдралын шалгалтыг дараах асуултаар нарийн тодорхойлж болох юм. Би эгэл хүний хүслийг дагах уу? Эсвэл Ариун Сүнсний таталтанд автагдан, эгэл хүмүүнээ орхиж, Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн болох уу (Moзая 3:19-ийг үзнэ үү)? Энэ бол шалгалт юм. Эгэл хүний бүх дур хүсэл, таашаал, гэм нүгэлд татагдах хандлагыг Есүс Христийн цагаатгалаар ялан дийлж болно. Бид дэлхий дээр махан биеийн бүх дур хүслээ хазаарлаж, бурханлаг зан чанаруудыг хөгжүүлэхээр ирсэн билээ.

Дайсны зорилго

Эцэгийн төлөвлөгөө нь Түүний хүүхдүүдийг чиглүүлж, аз жаргалтай болоход нь тусалж, дахин амилж, өргөмжлөгдсөн биетэйгээр гэртээ аюулгүйгээр буцаж ирэхэд нь зориулагдсан байдаг. Тэнгэрлэг Эцэг биднийг гэрэлд хамтдаа байхыг, мөн найдвараар дүүрэн байхыг хүсдэг. Харин Люсифер үүний эсрэгээр нь, Бурханы охид хөвгүүдийг төөрөлдсөн, аз жаргалгүй болгож, мөнхийн өсөлт хөгжилд нь саад болохыг хичээж байдаг. Худал хуурмагийн эцгийн эцсийн зорилго бол бид бүгдийг “өөрийн адил зовлонт” (2 Нифай 2:27) болгохыг эрэлхийлдэг. Люсифер биднийг харанхуйд орь ганцаараа ямар ч найдваргүй болгохыг хүсдэг.

Эцэгийн төлөвлөгөөн дэх хамгийн чухал хэсгүүдийг өөрчлөх гэж Сатан уйгагүй оролдож байдаг. Түүнд бие махбод байхгүй, түүний мөнхийн өсөлт хөгжил нь зогссон. Урсаж буй голын ус далан хүрээд зогсдог шиг дайсны мөнхийн хөгжил нь түүнд бие махбод байхгүйгээс болж зогссон. Бослого гарган, урвасныхаа улмаас Люсифер яс махан бие махбодоор дамжин ирэх туршлагууд болон зуурдын амьдралын адислалуудыг авч чадахгүйд хүрсэн. Зөвхөн бие махбодтой сүнснүүдийн сурч чадах зүйлсийг тэр сурч чадахгүй. Тэрээр бүх хүн төрөлхтөн дахин амилна хэмээх үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй. Судар дээр гардаг яллагдсан хэмээх үгний хүчтэй утгуудын нэг нь тэрээр Тэнгэрлэг Эцэг шиг болон өсч хөгжиж чадахгүйд оршиж байгаа юм.

Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө болон бидний сүнслэг хөгжилд бие махбод маань чухал учир Люсифер бидний хөгжил дэвшлийг зогсоохын тулд биеэ буруугаар ашиглахад уруу татдаг. Мөнх оршихуйн нэгэн сонин зүйл юу вэ гэвэл бие махбодгүйгээсээ болж зовлонт байдалд байгаа дайсан маань чухам энэхүү бие махбодыг буруу ашиглахыг ятгаснаар биднийг ч бас өөр шигээ зовлонт байдалд оруулахыг хичээдэг явдал юм. Өөрт нь байхгүй ганц зүйл дээр төвлөрч, биднийг уруу татан, сүнсний сүйрэл рүү хөтөлдөг ажээ.

Ариун явдлын хуулийг зөрчих нь ноцтой нүгэл бөгөөд бие махбодоо буруугаар ашиглаж байгаа явдал мөн. Авралын төлөвлөгөөг ойлгож мэддэг хүмүүсийн хувьд биеийг бузарлах нь Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг (Moзая 2:36–37; С баГ 64:34–35) бөгөөд Түүний охид, хөвгүүд хэмээх үнэн тодорхойлолтоос ухарч байгаа явдал юм. Зуурдын амьдралын дараах мөнхийн амьдралын талаар бодох үед дайсны санал болгодог хуурамч нөхөрлөл нь түр зуурын бөгөөд хоосон гэдгийг ойлгоход амархан болдог.

Ариун явдлын хуулийг сахиснаар ирэх адислалууд

Алма өөрийн хүү Шиблонд “хайраар дүүргэгдэж болохын тулд бүх хүслээ хазаарлахыг мэдээрэй” хэмээн зөвлөсөн (Aлмa 38:12). Бидний хүн нэг бүрийн дотор буй эгэл хүнийг хянах аваас Бурхан ба Түүний хүүхдүүдийг хайрлахдаа илүү их, улам гүн гүнзгий, илүү тэвчээртэй хайраар хайрлах болно. Зөвт байдлаар өөрийгөө хориход хайр ихэсч, хүсэл шуналдаа автахад хайр багасдаг.

Ерөнхийлөгч Марион Ж.Ромни ийн тунхаглажээ:

“Цэвэр болон ариун журамт хүмүүст амлагдсан адислалуудаас өөр хүсч болох адислал байхгүй гэж би бодож байна. Есүс өөр өөр шинж чанарууд чухам ямар шагналыг авах талаар хэлэхдээ хамгийн агууг нь зүрх сэтгэлдээ цэвэр хүмүүст хуваарилсан мэт надад санагдсан. Учир нь тэд Бурханыг харах болно” гэсэн байдаг (Матай 5:8). Тэд Их Эзэнийг зөвхөн хараад зогсохгүй бас түүний оршихуйд гэртээ байгаа мэт байх болно.

“Аврагч ийн амласан билээ: ‘Бодол санааг чинь ариун журам зогсолтгүй чимэн гоёг, тийнхүү итгэлтэй байдал чинь Бурханы оршихуйд хүчтэй болох болно’ (C ба Г 121:45)” (“Trust in the Lord,” Ensign, May 1979, 42).

Үүнчлэн бид ариун журмын замаар урагшлах үед “Ариун Сүнс [бидний] байнгын хамтрагч” байх болно гэсэн амлалтыг бидэнд өгсөн (C ба Г 121:46). Тиймээс ариун явдлын хуулиар амьдрах нь мөнх бус амьдралд ирэх хамгийн агуу адислалуудыг авчирдаг: гэр бүл, найз нөхөд, сүмийн хамт олон, мөн эцэст нь Аврагчийн өмнө сүнслэг байдлаар нүүр дүүрэн байх явдал юм. Бид гэрэлд итгэл найдвараар дүүрэн алхах үед бидний эгэл хүслүүд зөв шударгаар гүйцэлддэг.

Наманчлалын зарчим

Энэхүү захиасыг хүлээн авч байгаа та нарын зарим нь бэлгийн харьцааны болон бусад нүглүүдээ наманчлах шаардлагатай байгаа байх. Аврагчийг агуу эмч гэж олонтоо нэрлэсэн байдаг бөгөөд энэ нь шууд болон бэлгэдсэн утгатай байдаг. Бид бүгд биедээ ямар нэг байдлаар гэмтэл буюу шарх авч, улмаар өвдөлтийг мэдэрч үзсэн. Бид өвдөж байгаа үедээ үүнийг намдаахыг эрэлхийлдэг бөгөөд бидний өвдөлтийг намдааж, өвчнөөс салгасан эмчилгээнд талархалтай байдаг. Нүгэл бол сүнсний шарх гэж ойлгож болох бөгөөд энэ нь бидэнд харамсал гашуудал авчирч, Алма өөрийн хүү Кориантондоо хэлснээр “ухамсрын гэмшлийг” авчирдаг (Aлмa 42:18). Сүнсэнд ирэх гэмшил нь бидний биед ирэх өвдөлт гэсэн үг ба өвдөлт нь аюул болон нэмэлт хохирлоос биднийг урьдчилан сэргийлдэг. Аврагчийн Цагаатгалаас бидний сүнслэг шархыг эдгээн, гэмшлийг арилгах тос урсан гардаг. Харин энэ тосыг зөвхөн Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл, наманчлал ба тууштайгаар дуулгавартай байх зарчмын дагуу хэрэглэж болно. Чин сэтгэлийн наманчлалын үр дүнд сэтгэлдээ амар амгалан, сүнслэг эдгэрэл болон шинэчлэлийг авдаг.

Танай бишоп буюу салбарын ерөнхийлөгч бол сүнслэг эмчийн туслах бөгөөд танд нүглээ наманчилж эдгэхэд тань туслах эрхтэй хүн юм. Таны наманчлалын хэм хэмжээ, шаналал нь үйлдсэн нүглийн хэмжээ болон хүнд байдалтай нийцэж байх ёстой гэдгийг санаарай. Энэ нь ариун гэрээнүүдийг хийсэн хожмын үеийн гэгээнтнүүдэд тэр тусмаа бүр их хамаатай. Сүнсний ноцтой шарх бүрэн эдгэхийн тулд үргэлжилсэн эмчилгээ болон цаг хугацаа хэрэгтэй байдаг.

Амлалт болон гэрчлэл

Та бүхэнд миний тайлбарласан сургаал бол хүний амийн үнэ цэнийг багасгаж, үр удмаа үлдээх хүч чадлын ариуныг элэглэн тохуурхдаг дэлхийн ихэнх хүмүүст цаг үеэсээ хоцорсон эсвэл бүр эртний зүйл мэт санагддаг. Гэвч Их Эзэний үнэнүүд нь цаг үеийн байдал эсвэл хүмүүсийн санал хураалтаар өөрчлөгдөхгүй. Ариун явдлын хуулийг дуулгавартай дагаснаар мөнх бус амьдрал дахь бидний аз жаргал өсөн нэмэгдэж, мөн мөнх амьдралд биднийг өсч хөгжих боломжтой болгоно хэмээн би амлаж байна. Ариун явдал болон ариун журам нь үргэлж “бүхнээс илүү хамгийн эрхэм мөн хамгийн үнэтэй” нь байдаг, байсаар ирсэн, мөн байх болно гэж би гэрчилж байна (Моронай 9:9). Үүнийг би Их Эзэн Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.