2010–2019
Дуулгавартай байдал адислалуудыг авчирдаг
Дөрөвдүгээр сар 2013


21:3

Дуулгавартай байдал адислалуудыг авчирдаг

Үнэний тухай мэдлэг болон амьдралын хамгийн адармаатай асуудлуудын хариулт нь Бурханы тушаалуудад дуулгавартай байснаар л бидэнд ирдэг.

Хайрт ах эгч нар аа, би энэ өглөө та нартай хамт байгаадаа би их баяртай байна вэ. Та бүхэнд хандан ярихдаа та нараасаа итгэл мөн залбирлыг хүсч байна.

Олон зууны турш эрэгтэй эмэгтэй хүмүүс, мөнх бус амьдрал болон энэ амьдрал дахь өөрсдийн байр суурь болон зорилгоо мөн амар амгалан болон аз жаргалд хэрхэн хүрч болохыг мэдэж, ойлгохыг оролдсоор ирсэн юм. Бид бүгд л үүнийг эрж хайдаг.

Энэ мэдлэг болон ойлголт нь бүх хүмүүн төрөлхтөнд нээлттэй байна. Эдгээр нь мөнхийн байх үнэнд оршдог. Сургаал ба Гэрээний 1-р хэсгийн 39-р шүлэгт: “Учрыг болгоогтун, мөн харагтун, Их Эзэн бол Бурхан мөн, бас Сүнс гэрчилдэг, мөн тэрхүү гэрчлэл үнэн болой, бас тэрхүү үнэн үүрд мөн үргэлж оршино” гэсэн байдаг.

Мөн нэгэн яруу найрагч:

Тэнгэр нурж, дэлхий үгүй болох цагт,

Тэсэн үлдэх нь ҮНЭН юм,

Үүрдийн, өөрчлөгдөшгүй, үргэлжид байх тэр л ҮНЭН гэж бичжээ.1

“Тийм үнэн хаана байна? Бид яаж тэр үнэнийг таних вэ?” гэж зарим хүмүүс асуух байх л даа. 1833 оны 5-р сард Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгсөн илчлэлтэд Их Эзэн ийн тунхагласан байдаг:

“Мөн үнэн бол байгаа юмсын, байсан зүйлүүдийн, мөн ирэх зүйлүүдийн тухай мэдлэг юм …

“Үнэний Сүнс бол Бурханых юм. …

“Мөн түүний зарлигуудыг сахихаас бусдаар, хүмүүн бүрэн байдлыг хүлээн авах нь үгүй.

“[Бурханы] зарлигуудыг сахьдаг тэрээр, үнэнд алдаршиж мөн бүх зүйлийг мэдэх хүртлээ үнэн ба гэрлийг хүлээж авдаг болой.”2

Энэ ямар гайхалтай амлалт вэ! “[Бурханы] зарлигуудыг сахьдаг тэрээр, үнэнд алдаршиж мөн бүх зүйлийг мэдэх хүртлээ үнэн ба гэрлийг хүлээж авдаг болой.”

Сайн мэдээний бүрэн байдал сэргээгдсэн энэхүү мэдээллийн эрин үед бид үнэнийг олохын тулд танигдаагүй зам, мэдэхгүй газраар явах шаардлагагүй юм. Хайрт Тэнгэрлэг Эцэг маань бидний явах замыг тодорхойлж, үргэлж зөвийг заах удирдамж дуулгавартай байдлын зарчмыг өгсөн билээ.Үнэний тухай мэдлэг болон амьдралын хамгийн адармаатай асуудлуудын хариулт нь Бурханы тушаалуудад дуулгавартай байснаар л бидэнд ирдэг.

Бид амьдралынхаа турш бид дуулгавартай байдалд суралцдаг. Балчир байхаас минь л биднийг аюулаас хол байлгахын тулд асран халамжлагч нар маань бидэнд заавар болон дүрмүүдийг тогтоож өгдөг. Эдгээр дүрмийг нь яг таг дагавал бидний амьдрал хавьгүй хялбар байх боломжтой юм. Харамсалтай нь бидний олонх нь дуулгавартай байдлын чухлыг алдаа гаргасныхаа дараа л олж мэддэг.

Намайг бага байхад гэрийнхэн маань зун болгон, долоон сарын эхнээс есөн сарын эхэн хүртэл, Ютагийн Прово Хавцалын Вивиан Парк дахь байшиндаа зусдаг байж билээ.

Бодох санах зүйлгүй, цагийг хамтдаа өнгөрөөдөг байсан сайн найзуудын маань нэгийг Данни Ларсен гэдэг байсан ба тэднийх ч мөн адил Вивиан Паркт байшинтай байсан юм. Өдөр бүр бид хоёр хөвгүүдийн хувьд диваажин болох тэр газруудаар хэрэн хэсч, гол, горхиноос загас барьж, чулуу болон элдэв янзын зүйлс цуглуулж, уул хадаар мацан цаг мөч бүрийг сайхан өнгөрөөдөг байж билээ.

Нэг өглөө Данни бид хоёр ярилцан орой нь түүдэг асааж зуслангийн бүх найзуудаа урихаар шийдлээ. Тэгээд бидэнд хажуухандаа байсан хөндийд хүүхдүүд цуглаж болох газрыг цэвэрлэх шаардлага гарсан юм. Харин тэр талбай дахь 6-р сарын хуурай хатсан өвс л биднийг санасан зүйлээ хийхэд маань саад болж байв. Хангалттай томоохон газрыг чөлөөлөхийн тулд бид өндөр ургасан өвсийг зулгааж эхэллээ. Хамаг чадлаараа угзарч, татаж байсан хэдий ч бид хоёр тэр зөрүүд зэрлэг ургамлаас атгын чинээг л зулгаан авч байсан юм. Энэ чигээрээ үргэлжилбэл тэр талбайг цэвэрлэхэд бүтэн өдөр шаардагдах бөгөөд бид хоёр ядарч мөн цуцаж эхлээд байлаа.

Гэтэл 8 настай миний ухаанд гэнэт нэгэн сайхан санаа орж ирэв. Би Даннид хандан: “Энэ зэрлэг ургамлыг ерөөсөө шатаачихья. Яг тэр дугараг газрын өвсийг л шатаачихья!” гэж хэллээ. Тэр ч дуртайяа зөвшөөрөхөд би шүдэнз авахаар гэр рүүгээ гүйв.

Наймхан настай балчир бидэнд шүдэнз ашиглахыг зөвшөөрсөн байж гэж бүү бодоцгоогоорой. Данни бид хоёрт том хүнгүйгээр шүдэнз ашиглахыг хатуу хориглосон байсан юм гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Галын аюулын талаар Данни бид хоёрт зөндөө анхааруулж байсан. Гэсэн ч шүдэнз хаана байгааг би мэдэж байсан бөгөөд бид тэр талбайг зайлшгүй цэвэрлэх шаардлагатай байв. Ямар ч эргэлзээгүйгээр би гэр рүүгээ гүйн ороод хэдэн шүдэнзний модыг хэнд ч харагдалгүйгээр халаасандаа нуун авч гарлаа.

Асуудлаа шийдэх зүйл маань халаасанд буй болохоор би Данни руу эргэн их л баяртай гүйж билээ. Бидний тавьсан гал хэрэгтэй газрыг маань цэвэрлэчихээд л илбийн юм шиг өөрөө унтарчих байх гэж бодож байснаа би санадаг юм.

Шүдэнзээ чулуунд зурж асаагаад хатсан хуурай өвсөнд аваачиж тавилаа. Бензин асгачихсан юм шиг тэр дороо л гал дүрэлзэн асав. Зэрлэг ургамал шатаж алга болж байхыг хараад Данни бид хоёр эхэндээ их баяссан, гэвч тэр гал өөрөө унтрах ямар ч шинжгүй ассаар байлаа. Бид яагаад ч тэр галыг унтрааж чадахгүйгээ мэдээд сандарч эхлэв. Дүрэлзэн шатах гал уулын хормойг даган цаашилж юу юугүй хуш моддыг болон замдаа дайралдсан бүхнийг устгах аюул нүүрлэлээ.

Эцэст нь бид яалт ч үгүй тусламж хүсэхээс өөр аргагүй болсон юм. Тун удалгүй Вивиан Паркт байсан бүх л эрэгтэй, эмэгтэй хүмүүс нийлэн усанд норгосон шуудайгаар галыг цохиж түймрийг унтраахын тулд нааш цааш гүйлдэж эхлэв. Нилээн хэдэн цагийн дараа сүүлийн ноцож буй цогийг унтраасан юм. Ингэж өндөр настай хуш моднууд болон түймэрт автах байсан гэр орноо авч үлдсэн билээ.

Тэр өдөр Данни бид хоёр хэцүүхэн боловч чухал хэдэн зүйлсийг сурсны нэг нь дуулгавартай байхын ач холбогдол байсан юм.

Бидний бие махбодын аюулгүй байдлыг баталгаажуулж байдаг хууль, дүрэм журмууд байдаг. Үүнтэй адил бидний сүнслэг байдлыг хамгаалах заавар болон тушаалуудыг Их Эзэн бэлдэж өгсөн бөгөөд эдгээр нь бидэнд энэхүү хувирамтгай, мөнх бус оршихуйд төөрчилгүй Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очих боломжийг олгодог юм.

Амьтан золих заншилдаа баригдсан тэр үеийнхэнд хандан Самуел хэдэн зуун жилийн тэртээ: “Дуулгавартай дагах нь тахил өргөхөөс илүү, сонсож дагах нь хуцын өөхнөөс илүү”3 гэж зоригтойгоор тунхаглаж байжээ.

Энэ эринд Их Эзэн Бошиглогч Иосеф Смитэд хандан Тэрээр “зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг шаарддаг бөгөөд мөн эрмэлзэгчид хийгээд дуулгавартнууд эдгээр эцсийн өдрүүдэд Сионы нутгийн сайн сайхныг зооглох болно”4 хэмээн хэлж байжээ.

Бүх бошиглогчид, хуучны эсвэл одоогийнх ялгаагүй, бидний авралд дуулгавартай байдал нь зайлшгүй хэрэгтэй гэдгийг мэдсээр ирсэн. Нифай “би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно” хэмээн тунхаглаж байсан.5 Зарим нэгэн нь итгэл болон дуулгавартай байдлаа алдан бүдэрч байхад Их Эзэний хүссэн зүйлсийг биелүүлээгүй тохиолдол Нифайд нэгээхэн ч байгаагүй юм. Үүний ачаар тоолж баршгүй олон үеийнхэн адислагдсан билээ.

Дуулгавартай байдлын сэтгэл хөдөлгөм жишээнүүдийн нэг нь Абрахам, Исаак хоёрын түүх юм. Бурханы хэлсний дагуу хайрт Исаакаа золиос болгохоор Мориагийн нутагт аваачих нь Абрахамд хичнээн хэцүү байсан бол. Товлосон газартаа очихоор явж байхад нь Абрахамын зүрх хэрхэн өвдөн тарчилж байсныг бид ойлгож чадна гэж үү? Тэрээр Исаакаа хүлэн, өргөлийн тавцан дээр тавьж, амийг нь авахаар хутга далайсан тэр мөчид түүний бие махбод болон оюун санаа нь маш ихээр зовон шаналж байсан нь гарцаагүй юм. Тэрээр Их Эзэндээ огт эргэлзэлгүй итгэн, Түүнд бүрэн найдаж Түүний тушаалыг дагасан юм. “Хөвгүүнд гар бүү хүр! Түүнд юу ч бүү хий! Учир нь чи хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй тул чамайг Бурханаас эмээдгийг чинь одоо Би мэдлээ”6 гэж хэлэх үгс нь ямар гайхалтай мөн яасан их хүсэн хүлээж байсан үгс байсан болоо.

Абрахамыг туршиж мөн сорьсны эцэст түүний итгэл болон дуулгавартай байдлын хариу болгон Их Эзэн түүнд: “чи Миний үгийг дуулгавартай дагасан учир газар дэлхийн бүх үндэстэн чиний үрсээр дамжуулан ерөөгдөх болно”7 гэсэн гайхалтай амлалтыг өгдөг.

Хэдийгээр бидний дуулгавартай байдлыг ийм айхтар, зүрх шимшрүүлэм аргаар сорихгүй ч гэсэн, бид бүгд дуулгавартай байх ёстой билээ.

1873 оны 10-р сард Ерөнхийлөгч Иосеф Ф.Смит “Дуулгавартай байдал нь тэнгэрийн хамгийн дээд хууль юм”8 хэмээн тунхагласан байдаг.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “Хожмын Үеийн Гэгээнтнүүд, Бурханы ... хэлснийг дуулгавартай даган амьдарснаар аз жаргал, амар амгалан, хөгжил дэвшил, амжилт бүтээл болон мөнхийн амь мөн авралыг хүлээн авдаг.”9 хэмээн хэлсэн.

Дуулгавартай байдал нь бошиглогч нарын шинж чанар юм; олон зууны турш энэ нь тэдэнд хүч чадал болон мэдлэгийг олоход тусалсаар ирсэн. Бид ч мөн адил энэхүү хүч чадал болон мэдлэгийн эх сурвалжийг авах эрхтэй гэдгээ ухаарах нь маш чухал юм. Бурханы тушаалуудыг дуулгавартай дагах л юм бол бид үүнийг одоо ч гэсэн авч болно.

Олон жилийн турш онцгой итгэл мөн дуулгавартай, тоолж баршгүй олон хүнтэй би уулзаж байсан. Тэд намайг адислаж мөн урамшуулсан юм. Ийм хоёр хүний талаар та бүхэнтэй хуваалцахыг маань зөвшөөрнө үү.

Волтер Крауз Сүмийн итгэлтэй гишүүн байсан бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны дараа Зүүн Герман гэж нэрлэгдсэн газар гэр бүлийн хамт амьдарч байсан юм. Эрх чөлөөг нь хязгаарласан энэ цаг үед дэлхийн тэр хэсэгт их гай зовлон бэрхшээлийн дунд байсан хэдий ч Крауз ах Их Эзэнд хайртай мөн түүнд үйлчилдэг нэгэн байсан юм. Тэрээр түүнд өгсөн даалгавар болгоныг итгэлтэйгээр мөн чин сэтгэлээсээ биелүүлдэг байж.

Нөгөөх нь, Германд байхдаа сүмд хөрвөгдөж, тэндээ 1911 онд 17 настайдаа баптисм хүртсэн Унгар гаралтай Иоханн Денндорфер гэдэг хүн юм. Тэрээр баптисм хүртсэнээсээ хойш тун удалгүй Унгар руу буцсан аж. Дэлхийн хоёрдугаар дайны дараа тэрээр өөрийн төрөлх нутагтаа, Дебрецен гэдэг хотод яг л шоронд байгаа юм шиг амьдрахад хүрчээ. Унгарын ард түмэн ч мөн эрх чөлөөгөө алдаад байсан юм.

Волтер Крауз ах Денндорфер ахыг таньдаггүй байсан хэдий ч түүний гэрийн багшаар томилогдож түүн дээр байнга очиж байх даалгавар хүлээн авчээ. Крауз ах гэрийн багшийн хамтрагч руугаа утсаар залгаж “Бидэнд Иоханн Денндорфер ахынд очих даалгавар өгсөн. Энэ долоо хоногт түүн дээр очиж сайн мэдээ хуваалцахаар та надтай хамт явж чадах уу?” гэж асуужээ. Тэгснээ үргэлжлүүлэн: “Денндорфер ах Унгарт амьдардаг” гэж нэмж хэлэв.

Гайхширсан хамтрагч нь түүнээс: “Хэзээ явах вэ?” гэж асууж гэнэ.

“Маргааш” гэж Крауз ах хариулав.

“Бид хэзээ буцаж ирэх вэ?” гэж хамтрагч нь асуулаа.

Крауз ах “Өө, долоо хоног болох байлгүй дээ, гэхдээ бид буцаж ирж чадвал шүү дээ” гэж гэнэ.

Тэгээд тэр хоёр ах Германы зүүн хойд хэсгээс Унгарын Дебрецен хот руу вагон, автобусаар яван Денндорфер ахынд очих урт аяндаа гарчээ. Дайн эхэлснээс хойш Денндорфер ахынд гэрийн багш нар ирээгүй байж. Тэрээр Их Эзэний хоёр үйлчлэгчийг хараад, түүнийг зорин ирсэнд нь маш ихээр баярлажээ. Эхлээд тэр тэдэнтэй гар барьж мэндэлсэнгүй. Харин тэр унтлагынхаа өрөөнд орж шүүгээнээсээ он жил хуримтлагдсан аравны нэгийн өргөлөө хийсэн хайрцаг авчирчээ. Тэрээр тэр хайрцгаа гэрийн багш нартаа өгөөд: “Одоо би Их Эзэнд өргүй боллоо. Одоо л би Их Эзэний үйлчлэгч нартай гар барин мэндлэх эрхтэй боллоо” гэж хэлжээ. Тэрхүү итгэл дүүрэн ах олон жилийн турш сүмээсээ тасарсан байсан хэдий ч өөрийн олсон шалихгүй бага орлогоосоо арван хувийг дуулгавартайгаар мөн тогтмол цааш хийж байсан нь түүний сэтгэлийг хичнээн их хөдөлгөсөн талаар Крауз ах хожим надад ярьж билээ. Тэрээр хэзээ төлөх эсвэл төлөх боломж түүнд олдох эсэхийг мэдэлгүйгээр хадгалж байсан байна.

Волтер Крауз ах есөн жилийн өмнө 94 настайдаа нас нөгчсөн юм. Тэрээр амьдралынхаа турш итгэл болон дуулгавартайгаар үйлчилж, надад болон түүнийг мэддэг байсан бусад олон хүнд урам зориг өгч байсансан. Тэрээр ганц ч асуулт асуулгүй, нэг ч гомдлын үг унагалгүй мөн ямар ч шалтаг тоочилгүй авсан даалгавруудаа биелүүлдэг байсан билээ.

Ах эгч нар аа, дуулгавартай байдал нь энэ амьдралын хамгийн агуу шалгуур юм шүү. “Мөн Их Эзэн, тэдний Бурхан тэдэнд зарлиглах бүх зүйл юуг ч гэсэн тэд хийх нь үү гэдгийг харахын тулд үүгээр бид тэднийг нотлох болно”10 хэмээн Их Эзэн хэлсэн байдаг.

Аврагч “Учир нь миний гараас адислалыг хүлээн авахыг хүсэх тэд бүгд тэрхүү адислалын тулд өгөгдсөн хуулийг, мөн үүний нөхцөлүүдийг, дэлхийн сууринаас өмнө үндэслэгдэн бий болсноор нь баримтлах ёстой”11 хэмээн тунхагласан.

Аврагчийн үзүүлсэн дуулгавартай байдлын жишээнээс илүү гарах өөр жишээ байхгүй. Түүний талаар Паул:

“Тэр Хүү нь байсан хэрнээ зовсон шаналлаас дуулгавартай байдалд суралцсан;

“Тэр төгс болгогдсоноороо Өөрт нь дуулгавартай байдаг бүх хүнд мөнх авралын эх үндэс нь болсон”12 гэж хэлсэн байдаг.

Төгс амьдралаар амьдарч, Өөрийн ариун үүрэг зорилгодоо хүндэтгэлтэй ханддаг байснаар Аврагч маань Бурханы жинхэнэ хайрыг харуулсан юм. Тэр ямар ч үед их зан гаргаагүй. Тэр хэзээ ч бардамнан онгирч байгаагүй. Тэр хэзээ ч урвагч болоогүй. Тэр ямагт төлөв даруу байсан. Тэр аливаад чин сэтгэлээсээ ханддаг байсан. Тэр байнга дуулгавартай байсан билээ.

Тэрбээр худал хуурмагийн эзэн, бүр тэр чөтгөрөөр уруу татагдсан ч, Тэрбээр 40 өдөр, 40 шөнө мацаг барьсны эцэст өлссөн ч, бас хилэнцэт нэгэн хамгийн ихээр уруу татагч саналыг Есүст тавьсан ч, зөв гэдгийг нь Өөрөө мэдэж байсан зүйлээс гажуулах гэсэн оролдлогыг няцааснаар дуулгавартай байдлын бурханлаг үлгэр дуурайллыг харуулсан билээ.13

Тэрээр Гетсеманид амь тэмцэн зовж, “хөлс нь газарт цус болон дуслан”14 шаналах үедээ “Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол, энэ аягыг Надаас зайлуулаач. Гэвч Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэг” гэж хэлэн дуулгавартай Хүүгийн үлгэр жишээг харуулсан юм.15

Эртний төлөөлөгч нартаа хэлж байсан “Чи Намайг дага”16 хэмээх үгсээ тэрээр надад мөн танд ч адил хэлж байна. Дуулгавартай дагах хүсэл бидэнд байдаг уу?

Хайж буй мэдлэгээ, хүлээж буй хариултуудаа болон энэхүү төвөгтэй, хувирамтгай дэлхийн бэрхшээлүүдийг даван туулахад туслах хүч чадлыг бид Их Эзэний тушаалуудыг дуулгавартай дагаснаар л олж авч чадна. Их Эзэний үгсийг би дахин нэг иш татья. Тэрээр: “[Бурханы] зарлигуудыг сахьдаг тэрээр, үнэнд тэрээр алдаршиж мөн бүх зүйлийг мэдэх хүртлээ үнэн ба гэрлийг хүлээж авдаг болой”17 гэж хэлсэн билээ.

Бид дуулгавартай хүмүүст гарцаагүй ирэх баялаг адислалуудыг аваасай хэмээн би даруухнаар залбирч байна. Бидний Аврагч мөн Гэтэлгэгч Есүс Христийн нэрээр, амен.