Чуулганд тавтай морилно уу
Би та бүхнийг энэ хоёр өдрийн турш захиасуудыг анхааралтай сонсож хүлээн авахыг уриалж байна. Бид ийн хийх болтугай хэмээн би залбирч байна.
Хайрт ах эгч нар минь ээ, миний бие та бүхнийг Сүмийн жил тутмын 183-р Ерөнхий чуулганд тавтай морилно уу хэмээн урихдаа баяртай байна.
Биднийг сүүлийн удаа уулзсанаас хойших зургаан сарын хугацаанд би нэлээд хэдэн газраар аялж, та нарын заримтай нь эх оронд тань уулзах аз завшаан надад тохиолоо. Аравдугаар сарын ерөнхий чуулганаас хойш би Германд очиж, энэ орны хэд хэдэн газарт мөн Австрийн зарим нутагт сүмийн гишүүдтэйгээ уулзах онцгой боломж надад тохиосон билээ.
Би аравдугаар сарын сүүлчээр Ахлагч М.Рассэл Баллард, Баллард эгч, Ахлагч Крэг К.Кристэнсэн, Кристэнсэн эгч, Ахлагч Виллям Р.Вокер, Вокер эгч нарын тусламжтайгаар Канадын Калгари дахь Альберта ариун сүмийг онцгойлон адисалсан бол арваннэгдүгээр сард Айдахогийн Бойс ариун сүмийг дахин онцгойлон адисаллаа. Ахлагч Дэвид А.Бэднар, Бэднар эгч, Ахлагч Крэг К.Кристэнсэн, Кристэнсэн эгч, Ахлагч Виллям Р.Вокер, Вокер эгч нар надтай хамт энэ ариун сүмийг дахин онцгойлон адислахад оролцсон билээ.
Энэ хоёр ариун сүмийг онцгойлон адислах үеэр явагдсан урлаг, соёлын үйл ажиллагаа үнэхээр онцгой сайхан боллоо. Би Калгари дахь урлаг, соёлын үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцож чадаагүй. Учир нь энэ үеэр Монсон эгчийн 85 насны ой болсон бөгөөд би түүнтэй хамт байх хэрэгтэй байлаа. Гэвч Монсон эгч бид хоёр баяр тэмдэглэх үйл ажиллагааг зочны өрөөндөө зурагтаар харах онцгой боломжтой байсан бөгөөд би маргааш өглөө нь ариун сүмийг дахин онцгойлон адислахын тулд Калгари руу ниссэн билээ. Бойсэд болсон урлаг соёлын үйл ажиллагаанд тус ариун сүмийн дүүргээс 9000 гаруй өсвөр үеийнхэн оролцсон ба уг үйл ажиллагаанд маш олон залуус оролцсон учраас тоглолт хийсэн талбарт гэр бүлийн гишүүдийг нь багтаах зай байсангүй.
Ердөө өнгөрсөн сард Ерөнхийлөгч Угдорф, Угдорф эгч, Ахлагч Жэффри Р.Холланд, Холланд эгч, Ахлагч А.Грэгори Швитзэр, Швитзэр эгч нарын хамт Гондураст очиж, Тегусигалпад баригдсан шинэ ариун сүмийг онцгойлон адисаллаа. Ариун сүмийг онцгойлон адислахын өмнөх орой өсвөр үеийнхэн баяр тэмдэглэх онцгой сайхан үйл ажиллагааг зохион байгуулсан билээ.
Зарласан болон бэлтгэл ажил нь янз бүрийн шатандаа байгаа эсвэл барилгын ажил нь явагдаж байгаа өөр ариун сүмүүд олон бий.
Дараах газруудад ирэх сар, жилүүдэд баригдах хоёр ариун сүмийг зарлах онцгой аз завшаан өнөө өглөө надад тохиож байна. Энэ бол Ютагийн Сэдар хот, Бразилийн Рио де Жанейро юм. Ах эгч нар аа, ариун сүмийн барилгын ажил зогсолтгүй урагш ахисаар байна.
Миний бие аравдугаар сарын ерөнхий чуулган дээр бүрэн цагийн номлолд үйлчилж болох залуу эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн насанд өөрчлөлт оруулсныг зарласнаар одоо залуу эрэгтэйчүүд 18, залуу эмэгтэйчүүд 19 наснаасаа номлолд үйлчлэх боломжтой байгааг та бүхэн мэдэж байгаа.
Манай залуу хүмүүс энэхүү санаачлагад гайхамшигтай сүнслэг байдлаар хариулж байна. Хоёр өдрийн өмнө буюу 4-р сарын 4-ний байдлаар сүмийн хэмжээгээр 65634 бүрэн цагийн номлогч үйлчилж байгаагаас гадна номлолын дуудлагаа хүлээн аваад номлогчийг бэлтгэх төвд очихоор 20000 гаруй хүн хүлээж байна. Мөн 6000 гаруй хүн бишоп болон гадасны ерөнхийлөгчтэйгөө ярилцлага хийх үе шатандаа байна. Номлогчдын тоо ийнхүү нэмэгдсэнээс шалтгаалан бид 58 номлолыг шинээр нээж ажиллуулах шаардлагатай болоод байна.
Номлолын энэхүү их хүчийг дэмжихэд туслахын тулд мөн манай номлогчдоос олон нь амьдралын нэн даруухан нөхцөл байдлаас ирж байгаа учраас бид та бүхнийг боломжийнхоо хэрээр Сүмийн Номлолын Ерөнхий Санд өгөөмрөөр хандив өргөхөд урьж байна.
Ах эгч нар аа, бид өнөө маргааш хоёр өдөр сүнслэг нөлөө бүхий захиасуудыг сонсох болно. Бидэнд хандаж үг хэлэх хүмүүс, Их Эзэн энэ үед биднийг чухам юуг сонсоосой хэмээн хүсч байгааг мэдэхийн төлөө залбирч эрэлхийлсэн билээ.
Та бүхнийг, захиасуудыг анхааралтай сонсож, хүлээн авахыг уриалж байна. Би чухам үүний төлөө Их Эзэн, Есүс Христийн нэрээр залбирлаа, амен.