Сайн мэдээ дэлхий дахинд
Их Эзэний цаг хугацааны дагуу сүм үндэстнээс үндэстэнд, зан заншлаас зан заншилд, хүмүүсээс хүмүүст хүрч, дэлхий даяар зогсолтгүйгээр урагшилсаар байна.
Аврагчийн мөнх бус тохинуулал гүйцэлдсэн билээ. Түүний Гетсемани болон загалмай дээрх зовлон шаналал дууссан. Бид Үйлс номын нэгдүгээр бүлгээс: Тэр амилалтынхаа дараа 40 хоногийн турш элч нартаа “үзэгдэн” тохинуулж, мөн “Бурханы хаанчлалын талаарх зүйлсийн тухай айлдаж байсныг” суралцдаг (Үйлс 1:3).
Тэр тэдэнд “Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно” хэмээн айлджээ (Үйлс 1:8).
Үүнээс хойш удалгүй “тэр дээш өргөгдөж үүлэнд орж тэдэнд харагдахгүй болов”.
“Түүний одохыг харж тэнгэр өөд гөлрөн байсан тэдний хажууд цагаан өмсгөлтэй хоёр хүн зогсоод,
хэлсэн нь: - Галилын эрчүүд ээ, юунд та нар тэнгэр ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэрт аваачигдсан энэ Есүс нь та нарын Түүнийг тэнгэр өөд явсныг нь харсан лугаа адил тийн буцаж ирнэ гэв” (Үйлс 1:9–11).
Үнэн хэрэгтээ Аврагч өөрийн хоёр дахь ирэлтээр дахин ирэх болно, гэвч энэ хооронд Есүс Христийн сайн мэдээ дэлхийн хязгааруудад номлогдох болно.
Бид Матайн номноос, төлөөлөгчдөд өгөгдсөн онцгой тушаал нь бүх үндэстэнд сайн мэдээг номлох юм гэдгийг суралцдаг билээ.
“Есүс ойртон ирээд, тэдэнд: -Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн.
Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ хэмээн айлдав” (Матай 28:18–19).
Сүмийн эртний өдрүүдэд, цаг хугацааны голчид, сайн мэдээ зөвхөн Израилын угсааныханд номлогдож байв; удалгүй ахмад төлөөлөгч Петр сайн мэдээ нь Израилаас гадна харийнханд номлогдох цаг нь болсон хэмээх илчлэлтийг хүлээн авчээ. Бурханы олон хүүхдэд хүрэхийн тулд сүмийг хэрхэн өргөжүүлэх талаар сүмийн удирдах албан тушаалтан, үндсэн гишүүдэд өгсөн үйл явц болон загварыг ойлгоход Үйлс номын 10,11-р бүлэг бидэнд тусалдаг.
Харийнханы нэг болох зөв шударга зуутын дарга Корнелыг ашиглан Их Эзэн Петрт сайн мэдээг харийнханд номлох хэрэгтэйг ойлгоход нь тусалжээ. Энэ нь тэр үеийн гэгээнтнүүдийн хувьд шинэ бөгөөд хачин ойлголт байсан юм. Сүмд энэ өөрчлөлтийг хийх илчлэлт ахмад төлөөлөгч Петрт ирсэн билээ. Үүний дараа сайн мэдээ харийн үндэстнүүдэд маш хурдацтайгаар номлогдсоныг бид мэддэг.
Тэр үеийн сүмийн өсөлтийн нэг жишээ бол харийнханы агуу төлөөлөгч болсон Паулын хөрвүүлэлт байв. Тэрээр Дамаск руу явах замдаа үзэгдэлд гэрлийг болгоож, мөн дуу хоолойг сонсон, нүглээ наманчилж, Бурханаар дуудагддаг (Үйлс 22:6–18-ыг үзнэ үү) бөгөөд Есүс Христийн сайн мэдээг номлохын төлөө үлэмж ихээр хөдөлмөрлөсөн.
Одоо бүгдээрээ эдгээр үйл явдлаас 1800 жилийн дараах сайн мэдээний сэргээлтийн үе буюу хоёр дахь ирэлтээс өмнө бүхнийг сэргээх үеийн талаар авч үзэцгээе. Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сүм дахин сэргээгдсэн бөгөөд Тэргүүн Зөвлөл болон Арванхоёрын чуулгын төлөөлөгчдийн удирдлаган дор зогсолтгүй урагшилсаар байгааг би гэрчилж байна. Тэдний дэлхий дахинаа сайн мэдээг номлох зарлиг бол хуучин цагийн төлөөлөгчдийнхтэй адил юм.
1830 онд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм зохион байгуулагдсан цагаас хойш Их Эзэний цаг хугацааны дагуу сүм үндэстнээс үндэстэнд, зан заншлаас зан заншилд, хүмүүсээс хүмүүст хүрч, дэлхий даяар зогсолтгүйгээр урагшилсаар байна.
1978 онд энэ үеийн ахмад төлөөлөгч, ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллаар дамжуулан илчлэлтийн тогтсон загварын дагуу энэ цаг үед дэлхий даяарх бүх зөв зохистой эрэгтэйчүүд санваарын адислалуудыг хүлээн авах илчлэлт ирсэн. Энэ нь өнөө үеийн дэлхий даяарх Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдүүд сэргээгдсэн сайн мэдээний адислалуудыг хүртэх боломжтой болсон гэсэн үг юм. Есүс Христийн хоёр дахь ирэлт ойртож буй эдгээр өдрүүдэд дэлхий дээрх Бурханы хаант улсын хувьд энэ нь хэчнээн сайхан үйл хэрэг билээ.
Одоо би та бүхэнтэй энэ нь миний амьдралд хэрхэн хэрэгжсэн талаар хуваалцья. Тэр үед Далын гишүүнээр үйлчилж байсан Ахлагч Ричард Г.Скотт ах энэхүү онцгой илчлэлтийг ирсэн талаар надад хэлэхэд би дөнгөж номлолын ерөнхийлөгчөөр дуудагдаад байсан бөгөөд Диксон эгч бид хоёр гэр бүлээ авч Мексик руу нүүх гэж байлаа. Тэрээр надад юу болсныг хэлэх үед миний нүдэнд нулимс цийлэгнэж байсныг би санадаг. Би түүний хэлсэн үгс зөв байсныг болон бүх хүн төрөлхтөнд сайн мэдээний адислал, гэрээ, ёслолуудыг хүртэх цаг үе ирснийг мэдээд, үгээр хэлэхийн аргагүй баяртай байсан юм.
Энэ үйл явдал бараг 35 жилийн өмнө болсон бөгөөд би тэр үед 1978 оны санваарын илчлэлт маш ихээр нөлөөлсөн Сүмийн Африкийн Баруун Бүсийн Далд, тэдгээр итгэл бишрэлтэй хүмүүсийн дунд хэдэн жилийн турш үйлчилнэ гэдгээ мэдээгүй байсан билээ. Тэнд дөрвөн жилийн турш амьдрахдаа Диксон эгч бид хоёрын олж авсан туршлагууд маань гайхамшигтай байсан бөгөөд бидний амьдралыг өөрчилсөн билээ.
Баруун Африкийн хүмүүс Бурханд итгэдэг, өөрсдийн итгэл үнэмшлийг бусадтай хуваалцаж тунхаглахдаа хэзээ ч ичдэггүй, гайхалтай удирдах чадвартай байдаг. Тэд маш хурдан сүмд хөрвөгдөж байгаа бөгөөд мөн долоо хоног бүр хэд хэдэн тойрог, салбарууд Африкийн баруун бүсийн хаа нэгтээ бий болж, бараг бүх газруудад санваарын болон туслах бүлгийн удирдагчид нь африк хүмүүсээс бүрдэж байна.
Та бүхэн Нигерийн Аба, Ганын Аккра ариун сүмийн гэгээнтнүүдтэй нэгдэж, тэнд гэгээнтнүүдийн амлалтыг мэдэрч, Африкийн бүх ариун сүмийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй танилцахаар ирсэн ч болоосой. Эсвэл би өнөөдөр чуулганы төвд бидэнтэй хамт оролцож буй хуульч, профессорууд болон бизнесийн удирдагчид болох Африкийн Бүсийн Далынханд та нарыг танилцуулж чаддаг ч болоосой. Магадгүй та нар Африкийн гадас, тойргийн удирдагчид болон тэдний гэр бүлийнхэнтэй танилцчихсан байж болох юм.
Африкт Ням гараг, туслах бүлэг, санваарын ангидаа оролцох нь сүмийн сургалтын хөтөлбөр хэрэгждэг газруудад ариун туршлага болдог бөгөөд тэнд сүнсний тусламжтайгаар сайн мэдээг сурч, ойлгож, заадаг.
Сайн мэдээ нь Африкт барууны хүмүүс шиг гадаад байдалдаа их ач холбогдол өгдөггүй, аз жаргалтай тэдгээр хүмүүсийн амьдралд хүрч байна. Тэд их эд хөрөнгөтэй байхад санаа тавьдаггүй билээ.
Африкчууд өөрсдөө тэдэнд эд хөрөнгө бага байдаг ч, амьдралд хамгийн чухал зүйл болох аз жаргал хангалттай их байдаг хэмээн ярьдаг. Тэд том байшин, сайхан машинтай байхад тийм ч их анхаарал тавьдаггүй, харин Тэнгэрлэг Эцэг түүний хүү Есүс Христийг мэдэхийг, мөн мөнхийн гэр бүлтэй болоход илүү анхаардаг. Тэдний итгэлийн дагуу Их Эзэн тэднийг зорилго чиглэлтэй замаар удирдаж байгаа билээ.
Хожмын өдрүүдэд Есүс Христийн Сүм өргөжихөд тэд нэг чухал хэсэг нь байна гэдэг бол бидний хувьд гэнэтийн зүйл биш юм гэдгийг бид мэднэ. Хуучин Гэрээний бошиглогч Даниелд хожмын өдрүүд дэх Бурханы хаант улсыг “өвч дэлхийг дүүргэх хүртлээ гараар урагш өнхрүүлэлгүй уулнаас таслагдсан чулуу лугаа адил дэлхийн бүх хязгааруудад урагш түгэх болно”(С ба Г 65:2) хэмээн зөгнөн хэлсэн билээ. Африкийн ах, эгч нар бол энэхүү бошиглолын биелэлтийн чухал хэсэг болоход тохирсон хүмүүс бөгөөд Их Эзэний тогтоогдсон загварын дагуу эдгээр илчлэлтүүд нь улиран тохиох болно.
Бидний Тэнгэрлэг Эцэг Өөрийн бүх хүүхдүүддээ хайртайг, Есүс бол Христ гэдгийг, мөн сайн мэдээ нь амьд хийгээд нас барсан бүгдэд боломжтой гэдгийг Есүс Христийн нэрээр би гэрчилж байна, амен.