2010–2019
Гэр бол амьдралын сургууль
Дөрөвдүгээр сар 2013


10:52

Гэр бол амьдралын сургууль

Хичээлүүд нь дэлхий дээрх Тэнгэрийн нэг хэсэг болж чадах-гэрт заагддаг.

Эцэг эхчүүдэд зориулсан сургууль байдаггүй шүү дээ хэмээн зарим эцэг эх гэртээ гаргадаг алдаануудаа зөвтгөдөг.

Үнэндээ, тийм сургууль байдаг ба энэ нь юунаас ч илүү шилдэг нь байж чаддаг. Энэ сургууль бол гэр юм.

Би өөрийнхөө өнгөрсөн үе рүү аялах үедээ эхнэртэйгээ өнгөрүүлсэн дотно дурсамжуудаа санадаг. Намайг эдгээр дурсамжуудаа хуваалцах үед та бүхэн бас өөрсдийн аз жаргалтай болон уйтгар гунигтай дурсамжуудаа санах байх. Тэр бүхнээс бид суралцаж байдаг.

Нэгдүгээрт: Ариун сүм бол ариун газар юм

Номлолоосоо буцаж ирээд би, бүсэлхийгээрээ татсан урт хар үстэй нэгэн үзэсгэлэнтэй эмэгтэйтэй учирсан юм. Тэр маань хөөрхөн том нүдтэй, бусдын хайрыг татам инээмсэглэдэг байлаа. Түүнийг анх харсан мөчөөс л миний сэтгэлийг татсан юм .

Тэр үед хамгийн ойрхон ариун сүмд очиход 6400  км аялах шаардлагатай байсан ч эхнэр маань ариун сүмд гэрлэх зорилго тавьсан байлаа.

Бидний иргэний гэрлэх ёслол нь аз жаргалтай бас гунигтай байсан нь энэ гэрлэлт маань зөвхөн энэ л амьдралын турш үргэлжлэх байв. Ордны ажилтан “Би, та хоёрыг эхнэр нөхөр болсныг батлан тунхаглаж байна” гэж хэлсний дараахан “Үхэл л та хоёрыг салгана” гэлээ.

Тиймээс бид золиослол гарган мөнгөө цуглуулж Мэса Аризонагийн ариун сүмд очих нэг талын тасалбар л авсан юм.

Ариун сүмд, тахилын ширээний дэргэд өвдөг сөгдөн сууж байхад эрх мэдэлтэй үйлчлэгч миний хүсэн хүлээсэн үгс буюу биднийг энэ амьдрал болон ирэх амьдралд мөнхөд эхнэр нөхөр гэдгийг тунхаглан хэлсэн юм.

Нэгэн найз минь биднийг ням гарагийн ангид дагуулж оров. Хичээлийн үеэр тэр босч биднийг ангийнханд танилцуулав. Хичээл дуусахад нэгэн ах над дээр ирж гар бариад гарт минь 20 доллар атгуулав. Удалгүй өөр нэг ах хүрч ирээд бас мөнгө өгч намайг гайхшруулсан юм.. Би шалавхан хажуу өрөөнд байсан эхнэрээ олоод “Блэнки, хүн болгонтой гар бариарай” гэж хэлж билээ.

Удалгүй бид Гуатэмала руу буцах хангалттай мөнгөтэй болсон байсан.

“Селестиел алдар сууд гурван тэнгэр буюу зэрэглэл буй;

Мөн хамгийн дээдхийг нь олж авахын тулд хүн санваарын энэхүү ариун жаягт орох ёстой; 1

Хоёрдугаарт: “Өрсөлдөхийн тулд хоёр хүн хэрэгтэй”

“Өрсөлдөхийн тулд хоёр хүн хэрэгтэй, харин би хэзээ ч тэдний нэг нь болохгүй” хэмээх уриа эхнэрийн маань уриануудын нэг нь билээ.

Их Эзэн бидний бусадтай харилцах харилцааны шинж чанаруудыг тодорхой дүрсэлсэн. Эдгээр нь итгэлтэй байдал, удаан тэсвэрлэх, сайхан сэтгэл, хүлцэнгүй байдал болон чин сэтгэлийн хайр билээ. 2

Гэр бүл дэх биеийн хүчирхийлэл нь нийгмийн тодорхой хүрээнүүдэд багасч байгаад бид баяртай байгаа хэдий ч бид сэтгэл санааны хүчирхийллээс салах болоогүй байна. Энэ төрлийн хүчирхийллийн хор уршиг нь бидний дурсамжинд үлдэж, бидний зан чанарыг шархлуулж, бидний зүрх сэтгэлд өс хонзонг тарьж, бидний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулж мөн биднийг айдсаар дүүргэдэг.

Селестиел гэрлэлтийн ёслол хийлгэх нь хангалттай биш юм. Бид бас селестиел амьдралаар амьдрах хэрэгтэй.

Гуравдугаарт: “Дуулдаг хүүхэд бол аз жаргалтай хүүхэд”

Энэ бол миний эхнэрийн тогтмол хэлдэг бас нэг уриа юм.

Ариун хөгжмийн чухал байдлыг Аврагч мэддэг байсан юм. Тэрээр Дээгүүр өнгөрөх баярыг шавь нартайгаа тэмдэглэсний дараа “Тэд магтан дуу дуулсны дараа Чидун уул өөд явцгаав” хэмээн судруудад тэмдэглэсэн байдаг. 3

Иосеф Смитэд илчлэлтээр дамжуулан Тэрбээр: “Учир нь зүрх сэтгэлийн дуунд сүнс минь баярлах авай, тиймээ, зөв шударгыг үйлдэгчдийн дуу нь надад хандсан залбирал бөлгөө, мөн энэ нь тэдний тэргүүн дээр адислалаар хариулагдах болно” 4хэмээн хэлсэн юм.

Эцэг эхээрээ “Би Бурханы хүүхэд” 5хэмээн дуулахыг заалгасан бяцхан хүүхдүүдийн дууг сонсох ямар уярмаар гээч.

Дөрөвдүгээрт: Чи намайг тэврэх хэрэгтэй

“Би чамд хайртай,” “Маш их баярлалаа” болон “Намайг уучлаарай” зэрэг үгс нь бодгалийн хувьд эдгээх тос мэт билээ. Тэдгээр нь нулимсыг аз жаргал болгон хувиргадаг. Тэдгээр нь хүнд ачаа үүрсэн бодгалийг тайтгаруулж, бидний зүрхэнд хайрын мэдрэмжүүдийг төрүүлдэг. Ус дутагдсанаас болж ургамал ганддаг шиг хэрэв бид хайраа илэрхийлсэн үгсийг хэлэхгүй бол бидний хайр сул дорой болж, мөхдөг.

Би шуудангаар хайрын захидал илгээж, хайртай хүмүүс рүүгээ утасны бүхээгнээс залгахын тулд зоос цуглуулж мөн цаасан дээр хайрын шүлэг бичиж, зурж байсан тэдгээр өдрүүдээ санадаг.

Өнөөдөр энэ бүхэн түүхийн үзмэр мэт болжээ.

Өнөөгийн технологи бидэнд гайхамшгийг бүтээхэд тусалж байна. Одоо талархал болон хайрын мессеж илгээхэд ямар амархан болсон гээч! Өсвөр үеийнхэн үүнийг байнга хийдэг. Энэ болон өөр гайхалтай зүйлүүд тэднийг гэр бүл болсон үед үргэлжлэх эсэхийг би эргэцүүлэн боддог. Саяхан эхнэрээсээ хүлээж авсан нэгэн мессежинд “Тэнгэр мэт тэврэлт, нар мэт үнсэлт, бас сар мэт үдэш. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй, хайртай шүү” гэсэн байсан.

Ийм мессеж авчихаад би тэнгэрт байгаа юм шигээр мэдрэхгүй байж чадна гэж үү.

Бидний Тэнгэр дэх Эцэг бол хайрын илэрхийллийн төгс жишээ билээ. Өөрийн хүүгээ танилцуулахдаа Тэр хэлэхдээ “Энэ бол миний Хайртай хүү. Түүнд миний таалал оршдог” 6гэжээ.

Тавдугаарт: Би Мормоны Ном болон миний Аврагч, Есүс Христэд хайртай.

Эхнэрээ өдөр бүр Мормоны Номоо уншиж байхыг харахдаа би баяртай байдаг. Аврагчийн номлолын талаар гэрчилсэн хэсгийг уншиж байгаа түүнийхээ нүүрэнд тодрох баяр баясгаланг хараад би түүний гэрчлэлийг мэдэрдэг.

“Судруудыг судал, учир нь тэдгээрийн дотор мөнх амь бий гэж та нар боддог. Тэдгээр нь намайг гэрчилдэг билээ” 7 хэмээн хэлсэн Аврагчийн үгс хэчнээн мэргэн билээ.

Энэ зүйл нь намайг сүнслэгээр өдөөж, би саяхан уншиж сурсан ач охин Ракүэлдаа “Чи Мормоны Ном унших зорилго тавих талаар юу бодож байна вэ?” гэж асуухад

Тэр “Гэхдээ өвөө, энэ хэцүү шүү дээ. Энэ их том ном” хэмээн хариулсан юм.

Тэгээд би түүнээс надад нэг хуудас уншиж өгөхийг гуйлаа. Би секунд хэмжигч гаргаад минут харлаа. Би түүнд “Чи дөнгөж 3 минутанд л уншлаа, Испани хэл дээрх Мормоны Ном 642 хуудастай, тэгэхээр чамд 1926 минут хэрэгтэй юм байна” гэсэн юм.

Энэ тоо нь түүнийг бүр их айлгаж болох байсан ч би тоог 60 минутаар хувааж түүнд Мормоны номыг уншихад дөнгөж 32 цаг хэрэгтэй юм байна гэдгийг хэлсэн юм. Энэ бол нэг өдөр хагасаас бага хугацаа.

Тэгэхэд ач охин маань надад “Өө тэгвэл их амархан юм байна, өвөө” гэж хэлж билээ.

Сүүлд нь Ракүэлын ах болох миний өөр нэг ач Эстэбан үүнээс илүү хугацааг уншихад зарцуулсан юм. Учир нь энэ номыг залбирлын сүнсээр мөн эргэцүүлэн бодож, унших хэрэгтэй.

Цаг хугацаа өнгөрөх бүр, бид сударт баясахыг сурдаг бөгөөд бид Дуулал номын зохиогч шиг “Таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ! Миний аманд зөгийн балаас ч илүү чихэрлэг” 8 хэмээн дуу алдах болно.

Зургадугаарт: Судруудыг мэдэх нь хангалттай биш юм. Бид тэдгээрийн дагуу амьдрах хэрэгтэй.

Би номлолоосоо бууж ирэхдээ судруудыг хичээнгүйлэн судалсан байсан бөгөөд би бүгдийг мэднэ гэж бодож байснаа санадаг. Болзож байх үедээ Блэнки бид хоёр судруудаас хамтдаа суралцдаг байлаа. Би түүнтэй сайн мэдээний мэдлэгээ хуваалцахын тулд олон тэмдэглэл болон эшлэл ашигладаг байв. Гэрлэснийхээ дараа би эхнэрээсээ агуу хичээлийг сурсан бөгөөд нэг зүйлийг маш сайн ойлгосон юм. Би түүнд сургаалыг заахыг хичээж байсан байх, харин тэр надад үүгээр хэрхэн амьдрахыг заасан юм.

Аврагч уулан дээрх номлолоо төгсгөхдөө Тэрбээр нэгэн мэргэн зөвлөгөө өгсөн юм: “Тиймд эдгээр үгсийг минь сонсоод, үүний дагуу үйлдэгч аливаа хүн хадан дээр байшингаа барьсан мэргэн хүнтэй зүйрлэгдэнэ.” 9

Сударт гардаг селестиел зарчмуудаар амьдардаг хүмүүс зовсон тэдэнд тайтгарлыг өгдөг. Тэд сэтгэлээр унасан хүмүүст баяр баясгаланг, төөрсөн хүмүүст чиглэлийг, гунигласан хүмүүст амар амгаланг, үнэнийг эрэлхийлж байгаа тэдэнд баттай удирдамжийг өгдөг.

Дүгнэлт:

  1. Ариун сүм бол ариун газар юм.

  2. Өрсөлдөхийн тулд хоёр хүн хэрэгтэй. Би хэзээ ч тэдний нэг нь байхгүй.

  3. Дуулдаг хүүхэд бол аз жаргалтай хүүхэд

  4. Чи намайг тэврэх хэрэгтэй

  5. Би Мормоны Ном болон миний Аврагч, Есүс Христэд хайртай.

  6. Судруудыг мэдэх нь хангалттай биш юм. Бид тэдгээрийн дагуу амьдрах хэрэгтэй.

Эдгээр болон өөр бусад хичээлүүд нь дэлхий дээрх Тэнгэрийн нэг хэсэг болж чадах гэрт заагддаг. 10 Есүс Христийн сургаал бол энэ амьдралд баттай чиглэл, мөнх амьдралд амлалт өгдөг Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, Амен.