2010–2019
Хуулинд дуулгавартай байх нь эрх чөлөө мөн
Дөрөвдүгээр сар 2013


14:41

Хуулинд дуулгавартай байх нь эрх чөлөө мөн

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөрсдийн сонгох эрхийг Бурханы бэлэг гэж үзэн хүлээн авдаг бол харин тэдний эрх чөлөө ба мөнхийн аз жаргал нь Түүний хуулиудад дуулгавартай байснаар ирдэг.

Өнгөрсөн Христийн Мэндэлсний баяраар миний хүлээж авсан нэгэн онцгой бэлэг надад олон дурсамж үлдээсэн юм. Энэ бэлгийг надад миний зээ охин өгсөн. Энэ зүйл намайг гэрлэн, хуучин гэрээ орхиход гэрт үлдсэн зүйлүүдийн нэг нь байсан юм. Миний гарт байгаа энэ жижигхэн хүрэн ном миний хүлээн авсан бэлэг юм. Энэ бол дэлхийн II дайны үед зэвсэгт хүчинд дайчлагдсан хожмын үеийн гэгээнтэн эрчүүдэд өгсөн ном юм. Харин би хувьдаа энэ номыг Ерөнхийлөгч Хибэр Ж.Грант болон түүний зөвлөхүүд болох Бага Ж.Рүбэн Кларк, Дэвид О.МакКэи нараас ирүүлсэн бэлэг гэж үздэг байлаа.

Номын эхний хуудсанд Бурханы эдгээр гурван бошиглогч “Армид алба хаах нь та бүхэнтэй шууд эсвэл хэн нэгнээр дамжуулан байнгын харилцаатай байх боломжийг бидэнд олгодоггүй. Хамгийн сайн арга зам нь та нарт өнөө үеийн илчлэлтүүд болон сайн мэдээний зарчмуудын тайлбарыг хүргэх бөгөөд энэ нь та нарыг хаана ч байлаа гэсэн итгэл, найдварыг тань шинэчлэхийн хамт тайтгарал, тайван байдал ба сүнсний амар амгаланг та нарт өгөх болно”1 гэж бичсэн байна.

Өнөөгийн дэлхийд бид өөр нэг дайнд оролцож байна. Бид энэ удаа зэр зэвсгээр бус, харин үзэл бодол, үг хэл, үйл хэргээр тулалдаж байна. Энэ бол нүгэлтэй тулалдах дайн бөгөөд зарлигуудыг урьд урьдаас илүү чанд сахихыг бидэнд сануулж байна. Шашингүйн үзэл ердийн зүйл болж, энэ үзэл баримтлал болон бодит үйлдлүүд нь Их Эзэнээс хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө бий болгосон итгэл бишрэл, зан үйлүүдийг шууд зөрчиж байна.

Энэ жижигхэн хүрэн номонд Тэргүүн Зөвлөлийн захидлын дараа эрчүүдийг цэргийн албанд бэлтгэх Хуулинд дуулгавартай байх нь эрх чөлөө мөн” гэсэн захиас нийтлэгдсэн байдаг. Энэ захиас нь “цэргийн бүх албан хаагчдын сайн сайхны төлөө” үйлчилдэг цэргийн хууль болон бурханлаг хуулийг хооронд нь харьцуулсан байна.

Уг захиаст “Бурханы тэргүүлдэг ертөнцөд ч тодорхой адислалууд ба өөрчлөгддөггүй шийтгэлүүд бүхий ертөнц дахины мөнхийн хууль байдаг” гэж өгүүлсэн байна.

Захиасын сүүлчийн үгс нь Бурханы хуулинд дуулгавартай байхад анхаарал төвлөрүүлж: “Хэрэв та хайртай хүмүүстээ харамсах зүйлгүйгээр эргэж ирэхийг хүсч байгаа бол… хэрэв та жинхэнэ эр хүн шиг байж, аз жаргалтай амьдрахыг хүсдэг бол, Бурханы хуулийг сахь. Ингэснээр та өөрийнхөө хамгаалж буй үнэлж баршгүй эрх чөлөө, бусдын нүглээс ангид байх бас нэгэн эрх чөлөөг тэтгэн нэмэгдүүлж чадна. Учир нь “Хуулинд дуулгавартай байх нь үнэхээр эрх чөлөө мөн”2 гэсэн байна.

“Хуулинд дуулгавартай байх нь эрх чөлөө мөн” гэсэн энэхүү өгүүлбэр тэр үед надад яагаад тийм үнэн сонсогдсон юм бол? Энэ өгүүлбэр эдүгээ бид бүгдэд яагаад ийм үнэн сонсогдож байгаа юм бол?

Энэ нь мөнх бус байдлын өмнөх түүхийн тухай илчлэгдсэн мэдлэг бидэнд байдгийнх биз ээ. Цаг хугацааны эхлэлд Мөнхийн Эцэг Бурхан Өөрийн төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд Сатан Түүний төлөвлөгөөг өөрчлөхийг хүссэн юм. Бүх хүн төрөлтнийг буцаан авчирна. Мөн өөрийн төлөвлөгөөгөөр нэгч бодгалийг орхихгүй гэдэгтээ Сатан итгэлтэй байлаа. Гэвч хүлээн зөвшөөрч болохгүй нэг зүйл байсан нь хүмүүнд Бурханаас соёрхсон бэлэг-тэдний сонгох эрхийг устгах явдал байв. (Moсе 4:1–3-ыг үзнэ үү). Ерөнхийлөгч Харолд Б.Лий энэхүү бэлгийн тухай “Сонгох эрх чөлөө бол Бурханаас хүмүүнд соёрхсон, амьдралын дараа орох хамгийн агуу бэлэг юм” гэжээ.3 Tиймээс, Сатан хүмүүний сонгох эрхийг ойшоогоогүй нь өчүүхэн жижиг зүйл биш юм. Энэ нь хэрэгтээ, Тэнгэрт дайн өдөөх гол нөхцөл болсон юм. Тэнгэрт болсон дайны ялалт бол хүмүүний сонгох эрхийн ялалт байлаа.

Гэвч Сатан бууж өгөхийг хүссэнгүй. Түүний хоёр дахь буюу Адам, Ева хоёрын үеэс хойш хэрэгжүүлж ирсэн төлөвлөгөө нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг уруу татах ялангуяа биднийг Бурханаас соёрхсон сонгох эрхийн бэлгээ ашиглах гавьяагүй мэтээр нотлон харуулах явдал юм. Сатан өөрийн хийдэг зүйлд олон янзын шалтгаантай байдаг ч тэдгээрээс хамгийн хүчтэй нь өшөө авалт юм. Тэр бас эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг өөр шигээ зовлонт болгохыг хүсдэг. Сатан амжилт олохын төлөө хэрхэн улайран чармайдгийг бидний хүн нэг бүр хэзээ ч дутуу үнэлж болохгүй. Бурханы мөнхийн төлөвлөгөөн дэх түүний үүрэг “бүх зүйлд сөрөг талыг” (2 Нифай 2:11) бий болгосон бөгөөд бидний сонгох эрхийг сорьдог. Та бүгдийн болон миний хийдэг сонголт бүр нь бид Бурханы зарлигуудад дуулгавартай байх уу эсвэл дуулгаваргүй байх уу гэдгийг сонгох нь чухамдаа “эрх чөлөө ба мөнх амьдрал” эсвэл “боолчлол ба үхэл”-ийг сонгож байгаа хэрэг юм.

Энэхүү тулгуур сургаалыг 2 Нифай 2:27-д тодорхой заасан байдаг: “Иймийн тул, хүмүүн нь бие махбодын дагуу чөлөөт болой, мөн хүнд шаардлагатай бүх зүйл тэдэнд өгөгдсөн билээ. Мөн тэд бүх хүмүүний агуу их Зуучаар дамжуулан эрх чөлөө ба мөнх амтдралыг сонгох, эсвэл чөтгөрийн хүч мөн боолчлолын дагуу боолчлол болон үхлийг сонгох эрхтэй; учир нь тэрээр бүх хүмүүн өөрийн адил зовлонт байж болохыг эрэлхийлдэг бөлгөө” (2 Нифай 2:27).

Эрт үеийн жишиг болох Арван зарлиг нь өөртөө үнэлэлт өгч, өөрийгөө өмнөх үеийнхэнтэй харьцуулах арга зам юм. Иргэншсэн дэлхийн ихээхэн хэсэгт ялангуяа Иудейн болон Христийн шашинт ертөнцөд Арван зарлигийг хамгийн өргөн хүрээгээр хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ нь удаан хугацааны туршид сайн ба муугийн хоорондох заагийг тогтоосоор иржээ.

Миний бодоход, өнөө үед бид Арван зарлигийн дөрөвт нь урьд өмнөхөөс илүү нухацтай хандаж байна. Ёс суртахууны хувьд бид амь бүрэлгэх, хулгай хийх, худал хэлэхийг жигшин буруушаадаг ба эцэг эхийнхээ өмнө хүлээх үр хүүхдийн хариуцлагад итгэсэн хэвээр байна.

Харин бид нийгмийн гишүүдийн хувьд бусад зургаан зарлигийг үл тоомсорлодог:

  • Хэрэв дэлхийн зүйлсийг эрхэмлэсэн ямар нэг илрэл байгаа л бол үнэн Бурханаас илүү дээдэлдэг “өөр бурхад” бидэнд байгаа хэрэг.

  • Бид нэр алдартнууд, амьдралын хэв маяг, эд хөрөнгө, тэр ч бүү хэл шүтээн эсвэл эд юмсыг шүтэн биширдэг.

  • Бид Бурханы нэрийг бүхий л бүдүүлэг хэлбэрээр, түүний дотор уулга алдах болон андгай тангараг өгөхдөө хэлдэг.

  • Бид хүндэтгэлийн өдрөөр тоглоом наадам, амралт зугаалгад оролцож, дэлгүүр хэсч худалдаа наймаа хийн, чухамдаа бол шүтэн бишрэхээс өөр юу л бол юуг хийж байна.

  • Бид гэрлэлтээс гадуурх бэлгийн харьцааг зугаа цэнгэл гэж үздэг болж байна.

  • Шунал хэрээс хэтэрч, амьдралын нийтлэг хэв маяг болжээ (Египтээс гарсан нь 20:3–17 –г үзнэ үү).

Бүх эрин үеийн бошиглогчид хүний амь бүрэлгэх, садар самууныг үйлдэхээс байнга сэрэмжлүүлж, эдгээр нүглийн талаар хамгийн хатуу чанд хоёр зарлигийг өгсөн билээ. Би онцгой чухал энэхүү хоёр зарлигийг адил нийтлэг үндэстэй бөгөөд амьдрал бол Бурханаас соёрхсон эрх гэж ойлгодог. Иймээс бид мөнх бус амьдрал дахь бидний ариун сүм болсон бие махбодтойгоо Бурханы тогтоосон хязгааруудын дотор харьцах ёстой. Учир нь хүн амьдралынхаа ямар ч үед Бурханы хуулиудыг өөртөө тохируулан гаргасан дүрмээр солих нь ичгүүргүй явдлын туйл ба гэм нүглийн хамгийн гүн хэсэг юм.

Гэрлэлтийн ариун байдал доройтож байгаагийн үндсэн үр дагавар нь гэр бүлүүдийн хүч чадлын доройтол бөгөөд энэ уналт нь нийгмийг өргөн хүрээтэй доройтолд хүргэж байна. Шууд шалтгаан ба үр дагаврыг нь би харж байна. Бид эхнэр нөхөртөө чин үнэнч байх талаар шийдвэр төгс байхгүй бол манай нийгмийг бат бэх болгодог гагнаас үгүй болно.

Зарлигуудыг цэцэн мэргэн, бүхнийг мэдэгч Тэнгэрлэг Эцэгийн зөвлөгөө хэмээн бодох нь ашиг тустай юм. Түүний зорилго бол бидний мөнхийн аз жаргал, Түүний зарлигууд бол Түүнд эргэж очих бидний замыг заасан удирдамж юм. Энэ бол бид үүрд мөнх аз жаргалтай амьдрах цорын ганц арга зам мөн. Бидний мөнхийн аз жаргалд гэр орон, гэр бүл маань хичнээн их чухал болохыг миний жижигхэн хүрэн номын 141-р хуудсанд “Энэ амьдралд бид гэр бүлдээ аз жаргалыг илүү мэдэрч эхлэхэд л тэнгэр дэх мөнхийн гэрээ ямар байхыг төсөөлөх боломжтой” гэсэн үгс байна.4

Гэр бүл ба гэр орны тухай сургаалыг “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-т маш тодорхой бөгөөд их хүчтэйгээр давтан зааснаас хойш удаагүй байна. Энэ Тунхагт гэр бүлийн мөнхийн мөн чанарыг тунхагласан ба гэр бүл нь ариун сүмийн шүтлэг бишрэлтэй хэрхэн холбогдохыг тайлбарлажээ. Тунхагт гэр бүлийн мөнхийн аз жаргал үндэслэдэг хуулийг, тодруулбал “Үр удмаа үлдээх энэхүү ариун хүч нь зөвхөн хууль ёсоор гэрлэсэн эхнэр, нөхөр хоёрын дунд л байх ёстойг”5 тунхагласан билээ.

Бурхан Өөрийн үйлчлэгчдэд ёс суртахууны зарчмуудыг илчилсэн билээ. Нүгэл ямагт гэм нүгэл байсаар байх болно. Бид Их Эзэний хуулиудад дуулгаваргүй байснаар адислалуудаа үргэлж алдах болно. Дэлхий байнга эрс түргэн өөрчдөгдөж байгаа ч Бурхан, Түүний зарлигууд болон бидэнд амлагдсан адислалууд өөрчлөгдөхгүй. Зарлигууд хэзээ ч хувиран өөрчлөгдөхгүй. Эрэгтэй, эмэгтэйчүүд өөрсдийн сонгох эрхийг Бурханы бэлэг гэж үзэн хүлээн авдаг бол харин тэдний эрх чөлөө ба мөнхийн аз жаргал нь Түүний хуулиудад дуулгавартай байснаар ирдэг. Алма алдаа гаргасан хүү Кориантондоо “Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй” (Aлма 41:10) хэмээн зөвлөсөн байдаг.

Сайн мэдээ бүрэн дүүрэн сэргээгдсэн өнөө үед Их Эзэн, Түүний зарлигуудад дуулгавартай байсны төлөө бидэнд амласан адислалуудаа дахин илчилсэн юм.

Сургаал ба Гэрээ 130-д ингэж бичсэн байдаг:

“Энэ дэлхийн сууринаас өмнө бүх адислал дээр нь тулгуурлагдсан тэнгэрт эргэлт буцалтгүйгээр тогтоогдсон болой—

“Мөн бид ямар ч адислалыг Бурханаас авлаа гэхэд, энэ нь тулгуурлагдсан тэрхүү хуульд дуулгавартай байснаар буюу” (С ба Г 130:20–21).

Их Эзэний өөрчлөгдөшгүй зарлигууд болон тэдгээр нь хувь хүн, гэр бүл, нийгмийн гишүүдийн хувьд бидний аз жаргал, сайн сайхан байдалтай холбоотой тухай өөр ямар ч сургаал судруудад илүү хүчтэйгээр илэрхийлэгдээгүй юм. Бид Их Эзэний хуулиудад дуулгаваргүй байснаар Түүний адислалуудыг алдах болно. Энэ хуулиуд нь өөрчлөгдөшгүй бөгөөд туйлын үнэн юм.

Нийгмийн ёс ёуртахууны чиг баримжаа алдагдаж байгаа дэлхийд Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ болон үүний гадас болон тойргууд, гэр бүлүүд болон гишүүд хэзээ ч гуйвж дайвах ёсгүй. Бид Бурханы бүх зарлигуудыг адилхан чухал гэж үзэх ёстой бөгөөд ямар зарлигуудыг сахих нь илүү чухал вэ? гэдэг талаар сонголт хийх ёсгүй. Бид бат бөх, гуйвшгүй тууштай байж, Их Эзэний өөрчлөгдөшгүй мөн чанарт болон Түүний амлалтуудад төгс итгэлтэй байх ёстой.

Бид өмнө нь хэзээ ч өөрчлөгдөөгүй, хойшид хэзээ ч өөрчлөгдөхгүй зарлигуудыг сахих талаар бусдад үргэлж үлгэр дууриал, сүнслэг нөлөө үзүүлж байх болтугай. Бид Хожмын Үеийн Гэгээнтэн дайчдад урам зориг хайрласан энэхүү бяцхан хүрэн ном лугаа адил энэхүү хожмын үеийн дайнд бүх дэлхийд, ялангуяа Их Эзэний адислалуудыг эрэлхийлж буй Бурханы хүүхдүүдэд гэрэл ба сүнслэг нөлөөний эх сурвалж байх болтугай. Би энэ тухай Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

Эшлэлүүд

  1. Тэргүүн Зөвлөл, Principles of the Gospel (1943), i.

  2. Principles of the Gospel v, vii, viii.

  3. Teachings of Presidents of the Church: Харолд Б.Лий (2000), 4.

  4. Стэфэн Л.Ричардс, Principles of the Gospel, 141.

  5. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129.