Давалгаанд нэгдэгтүн
Би Сэргээлт мөн дэлхий даяарх үнэн болоод зөв шударгын гайхалтай давалгааг хөдөлгөх үүний хүчний төлөө Бурхан болон Түүний Хүү, Есүс Христэд талархаж байна.
Хайрт ах эгч нар аа, зохистой номлогчдын тоог нэмэгдүүлэх бошиглогчийн дуудлагыг хүлээн авсан тэдгээрийг магтан сайшааж буй Ерөнхийлөгч Томас С.Монсон болон бусад хүмүүстэй би санал нэгдэж байна. Урьд өмнө байгаагүй номлолын ажлын төлөөх урам зоригийн давалгаа одоо бүхэл дэлхийг нөмөрч байна. Өнгөрсөн аравдугаар сард зарласан Ерөнхийлөгч Томас С.Монсоны түүхэн зарлалаас хойш олон мянган ахлагч, эгч болон ахмад номлогчид дуудагдсан бөгөөд одоо үүнээс ч олон хүмүүс номлолдоо бэлтгэж байна.1 Ерөнхий эрх мэдэлтнүүдээс хүмүүс “Ийм олон номлогч юу хийх вэ?” гэх мэт асуултыг асууж байна. Хариулт нь маш энгийн. Эдгээр номлогчид номлогч юу хийдгийг л хийх болно. Тэд сайн мэдээг номлох болно! Тэд Бүхнийг чадагч Бурханы хүүхдүүдийг адислах болно!
Номлолын дуудлагууддаа зохистой байхаар хичээх үед залуу эрэгтэй, эмэгтэйчүүд та нарын ихэнх нь энэхүү давалгаанд нэгдэх болно. Энэ ажил нь үнэн болоод зөв шударгыг түгээдэг ба үүнд та бүрэн дүүрэн оролцох боломжтойг өөрөө харах болно.
Өсвөр үеийнхэн та нар, шинэ сургалтын материалаа бүрэн хүлээн авч, үүнийг дагаж мөн нэг нэгэндээ Есүс Христийн сургаалыг заагаарай. Бурханы сайн сайхныг бусдад заахаар бэлтгэх цаг нь одоо юм.
Залуу эрэгтэй, эмэгтэйчүүд ээ, Та нарын боловсрол нь бидэнд, мөн та нарт болон Бурханд маш их чухал билээ. Та нар номлолынхоо дараа боломжтой болсон үедээ их сургууль эсвэл коллежид суралцахыг хүсч байгаа бол бид та бүхнийг номлолд явахаасаа өмнө өөрсдийн сонгосон сургуульдаа бүртгүүлэхийг урамшуулж байна. Дээд боловсрол олгодог олон байгууллага нь ирээдүйн номлогчдод сургуульдаа элсэн орох хугацааг 18-аас 30 сараар хойшлуулахыг зөвшөөрөх болно. Энэ нь ахлагч болон эгч нарт хаана боловсролоо дээшлүүлэх талаар санаа зовохгүйгээр үйлчлэх боломжийг олгож байгаа юм. Бид ийм боломжоор хангаж байгаа боловсролын байгууллагуудын удирдагчдад маш их талархаж байна.
Эцэг эхчүүд та нар, багш нар болон бусад хүмүүс өсвөр үеийнхнийг номлолын үйлчлэлд зохистой байхад бэлтгэн тусалж энэ давалгаанд нэгдээрэй. Ингэснээр та бүгдийн үлгэр жишээ,амьдрал, найзууд болон хөршүүдийн тань анхаарлыг татах болно. Та нарын яагаад ингэж амьдарч байгааг асуух тэдгээр хүмүүст хариулахад бэлэн бай.2 Ийм асуултууд асуух үед, та “Номлогчдоос асууя! Тэд бидэнд тусалж чадна! Таныг хүсвэл, номлогчид таны асуултуудад хариулж, зааж байх үед би таны хажууд байх боломжтой” гэж хариулж болох юм.
Залуучууд та нар ирээдүйн номлогчдод сүнслэгээр, бодитоор болон санхүүгээр тэдэнд тусалснаар давалгаанд нэгдээрэй. Номлолдоо зориулж мөнгөө хуримтлуулах нь энгийн зүйл болжээ. Ахмад хосууд аа, номлолд гарч чадах боломжтой цагаа төлөвлөөрэй. Бид та нарын үйлчлэлд маш их талархалтай байх болно. Номлолд явтлаа, та нарын зарим нь Ерөнхийлөгч Монсоны өнөө өглөө дахин зөвлөснөөр Ерөнхий Номлогчийн Санд мөнгөө хандив болгож номлолын ажлыг дэмжихэд мөнгөө ашиглаж болох юм.3
Сүмийн номлолуудыг удирдахаар дуудагдах үедээ, сонгогдсон удирдагчид, хайрт эхнэрүүдийнхээ хамт давалгаанд нэгдээрэй. Энэхүү үйлчлэлээрээ тэд одоо амьдарч байгаа болон ирээдүйд амьдрах тэдгээр хүмүүсийн хувь тавиланд нөлөөлөх болно. Номлолын ерөнхийлөгч нар номлогчдынхоо эрүүл мэнд, аюулгүй байдал болон амжилттай ажиллахад нь хариуцлага хүлээдэг. Тухайн номлогчийн гадас эсвэл дүүргийн ерөнхийлөгчтэй нь зөвлөлдсөний дараа, номлолын ерөнхийлөгч номлогчдыг тодорхой гадас, тойрог болон салбаруудад томилдог.
Гадасны ерөнхийлөгч болон бишопууд ирээдүйн номлогчидтой ярилцлага хийхдээ илүү их цаг гаргаснаар давалгаанд нэгдээрэй. Эдгээр санваарын удирдагчид нэгжийнхээ номлолын ажилд хариуцлага хүлээдэг ба тэд гишүүдийг номлолын ажилд оролцоход нь урамшуулан дэмждэг.
Тойргийн зөвлөлийн ах эгч нар давалгаанд нэгдэж эхлээд байна. Энэ зөвлөлд тойргийн номлолын удирдагч багтдаг.4 Би ялангуяа тойргийн номлолын бүх удирдагчдад хандаж яримаар байна. Та нар тойргийнхоо номлолын ажлыг удирдахаар бишопоороо дуудагдсан байгаа. Та нарын зарим нь маш их амжилттай ажиллаж байгаа бөгөөд танд туслах хэн нэгэн дуудагдсан байдаг. Тойргийнхоо зөвлөлтэй хамтран, идэвх султай гишүүд, мөн зарим гишүүн гэр бүл болон сайн мэдээ сонирхож байгаа хөршүүдээ олж мэд. Та нар томилогдсон бүрэн цагийн номлогчидтой тогтмол уулзаж тэдэнд зөвлөж мөн тусалдаг билээ. Тэдний өдөр тутмын төлөвлөгөөг чухал буюу ач холбогдолтой заах боломжуудаар дүүргэхэд туслаарай. Энэ нь та нарын үүрэг хариуцлага юм. Та нарын үүрэг энэ ажлыг амжилттай байлгахад маш чухал билээ. Хэрэв та нар итгэл болон урам зоригтойгоор давалгаанд нэгдвэл бусад хүмүүс ч бас нэгдэх болно. Тойргийн номлолын удирдагчийн хувьд та, Бурханы хүүхдүүдийг аврах энэхүү ариун ажилд гишүүд болон номлогчдыг холбох холбоос нь билээ.5
Сүмийн гишүүн биш боловч үүний талаар асуух асуулттай байдаг бидний найзууд болон хөршүүд ч энэ давалгаанд нэгдэж болно. Тэдний амьдралд сайн болон үнэн бүх зүйлсийг дагахыг бид урамшуулж байна. Мөн бид тэднийг илүү ихийг, ялангуяа Бурханы мөнхийн төлөвлөгөөгөөр дамжуулан гэр бүлүүд үүрд хамт байж чадна хэмээх алдар суут үнэнийг хүлээн авахыг урьж байна.6
Үнэн болон зөв шударгын энэхүү давалгаа нь гайхалтай билээ. Үүнийг хүн бий болгоогүй! Харин энэ ажил нь “Бибээр өөрийн ажлыг зохих цагт нь яаравчлуулах болно”7 хэмээн хэлсэн Бурханаас ирдэг билээ. Энэхүү давалгаа нь 193 жилийн өмнө өгөгдсөн Бурханлаг мэдэгдлээр эрх мэдэлтэй болсон билээ. Уг мэдэгдэл нь “ Энэ бол Миний Хайртай Хүү, Түүнийг сонс”8 гэсэн долоон үгнээс бүрддэг. Бүхнийг Чадагч Бурханы хэлсэн энэхүү мэдэгдэл нь залуу Иосеф Смитийг Их Эзэн Есүс Христтэй танилцуулжээ. Эдгээр үгс нь Түүний сайн мэдээний сэргээлтийг эхлүүлсэн юм. Яаж? Учир нь амьд Бурхан маань хайрын Бурхан билээ! Тэр Өөрийн хүүхдүүдээ Түүнийг болон Түүний илгээсэн Есүс Христийг мэдээсэй хэмээн хүсдэг.9 Мөн Тэр Өөрийн хүүхдүүдээ үхэшгүй байдал болон мөнх амьдралыг олж авахыг хүсдэг билээ.10
Энэхүү алдар суут зорилгын төлөө номлогчид сэргээлтийн тухай заадаг. Тэд 2000 орчим жилийн тэртээ, Их Эзэн Өөрийн сүмийг зохион байгуулсан гэдгийг мэддэг. Түүний цовдлолт болон Түүний төлөөлөгчид нас барсны дараа, хүмүүс сүм болон сургаалыг өөрчилжээ. Тэгээд олон үеийн турш сүнсний харанхуй байдалд байсны дараа эртний бошиглогчдын зөгнөснөөр11 Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ сүм, сургаалыг, санваарын эрх мэдлийг дахин сэргээсэн юм. Сэргээлтийн улмаас аврал болон өргөмжлөлийн талаарх мэдлэг болон ёслолууд бүх хүнд дахин боломжтой болсон юм.12 Эцэст нь өргөмжлөл нь бидний хүн нэг бүрт Бурхан болон Есүс Христийн оршихуйд гэр бүлтэйгээ үүрд хамтдаа орших боломжийг бидэнд олгодог билээ!
Сэргээлтийн талаар би сэтгэл хөдлөхгүйгээр ярьж чадахгүй нь. Түүхийн энэхүү үйл явдал нь туйлын гайхалтай зүйл юм! Энэ бол гайхамшигтай! Энэ бол сэтгэл хөдөлгөм зүйл билээ! Тэнгэрээс элч нар ирж энэхүү ажлын эрх мэдэл болон хүчийг өгсөн нь ямар гайхалтай билээ.
Бидний Мөнхийн Эцэг болон Есүс Христ Иосеф Смитэд олон удаа үзэгдсэн.13 Тэдний удирдлаган дор бусад тэнгэрлэг элчүүд ирсэн бөгөөд бүгд тодорхой зорилготой байсан билээ. Жишээ нь:
-
Тэнгэр элч Моронай Мормоны номыг илчилсэн. 14
-
Иохан Баптист Аароны санваарыг сэргээсэн.15
-
Петр, Иаков болон Иохан нар Мелкизедек санваарыг сэргээсэн.16
-
Мосе Израилын цугларалтын түлхүүрүүдийг олгосон.17
-
Елиас Абрахамын тухай мэдлэгийн түлхүүрүүдийг олгосон.18
-
• Елиа лацдах эрх мэдлийн түлхүүрүүдийг сэргээсэн билээ.19
Түүнээс гадна сэргээлт нь эртний гэгээнтнүүдэд байсан мэдлэгийг нэмж өгдөг. Их Эзэн шинэ судрын нэгэн номыг бидэнд өгсөн билээ. Тэрээр Ариун библи дээр Есүс Христийн бас нэгэн гэрээ болох Мормоны Номыг бидэнд нэмж өгсөн юм. Энэ нь бошиглолууд болон дахин амилсан Их Эзэний эртний Америкийн оршин суугчидтай хийсэн тохинууллын цэдэг билээ. Энэ нь Бурханы аз жаргалын агуу төлөвлөгөө20-авралын төлөвлөгөөг21 тайлбарладаг. Мормоны Ном нь Библитэй бүрэн нийцдэг. Эдгээр хоёр ариун цэдгүүд нь хоёулаа Есүс Христийн сайн мэдээнийн үнэн болон Түүний цагаатгалын чухлыг баталдаг.22
Сэргээлт нь библийн олон бошиглолуудыг гүйцэлдүүлдэг. Жишээ нь: Исаиа” Их Эзэний гэр уулсын орой дээр байгуулагдах болно23 хэмээн бошигложээ. Мормон анхдагч нарын баруун Америкийн уулс руу дүрвэсэн нь энэ бошиглолыг гүйцэлдүүлсэн итгэл болон золиослолын онцгой үйл явдал билээ. Түүнчлэн Бурхан “агуу хийгээд гайхамшигт ажил”24 хийх болно хэмээн Исаиа урьдчилан хэлжээ. Энэ нь бидний өсч буй номлогчдын ариун ажлаар одоо биелэгдэж байна.
Аравны нэгийн тухай Хуучин Гэрээний сургаал сэргээгдсэн.25 Үүний үр дүнд, олон аравны нэг төлөгчид дуулгавартай байдлынхаа улмаас адислагдаж байна. Мелкизедекийн талаарх эшлэлүүд сэргээлтийн судруудаар тодорхой болсон.26 Иосефын саваа (Мормоны Ном) болон Иудагийн саваа (Библи) нь Бурханы гарт нэг байх болно гэсэн бошиглолууд нь одоо гүйцэлдсэн билээ.27
Сэргээлт нь Шинэ Гэрээний судруудыг ойлгомжтой болгодог. Үүнд гардаг нас барагсдын төлөөх баптисмын эшлэлүүд нь одоо илүү ойлгомжтой болсон.28 Дэлхий даяар 141 ариун сүмд бидний нас барсан өвөг дээдсийн өмнөөс ёслолууд гүйцэтгэгдэж байна. Сайн мэдээний мэдлэггүйгээр нас барсан бидний өвөг дээдэст авралыг авчрах өөр ямар ч зам байхгүй.29 Илчлэгч Иоханы харсан “Тэнгэрийн дундуур өөр нэгэн тэнгэр элч нисэж явахыг би харав, газар дээр суугчдад тунхаглах мөнхийн сайн мэдээ түүнд байна” хэмээх үзэгдэл нь Мормоны Ном болон тэнгэр элч Моронайн номлолыг урьдчилан хэлжээ.30
Мормоны Ном бол сэргээлтийн чухал хэсэг юм. Энэ нь Их Эзэний удирдлаган дор бичигдэж, хадгалагдан мөн дамжуулагдсан билээ. Энэ нь “Бурханы бэлэг болон хүчээр”31 орчуулагдсан. Сургаал ба Гэрээ ном нь Бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн олон нэмэлт илчлэлтүүдийг багтаадаг. Иосеф Смитээр дамжуулан, бид өөр бусад бошиглогчдоос авснаас илүү олон хуудас судрыг хүлээн авдаг. Хэцүү хүнд тэдгээр үеүдэд, тэрээр Иллинойгын Науву дахь гэгээнтнүүдэд хэлэхдээ: “ Би өөрийгөө төгс гэж та нарт хэзээ ч хэлж байгаагүй, харин миний заасан илчлэлтүүдэд ямар ч алдаа байхгүй”32 гэжээ.
Гишүүд болон номлогчид хамтдаа бүх хүмүүсийг Бурхан, Есүс Христ болон Түүний сайн мэдээний тухай суралцахыг урьдаг. Эдгээр зүйлийн үнэнийг баттай мэдэхийг хүссэн хэн боловч чин сэтгэлээсээ эрэлхийлж мөн эрч хүчтэйгээр залбирах хэрэгтэй. Үүний үнэн нь Ариун Сүнсний хүчээр гэрчлэгдэх болно.33
Би Сэргээлт мөн дэлхий даяарх үнэн болоод зөв шударгын гайхалтай давалгааг хөдөлгөх үүний хүчний төлөө Бурхан болон Түүний Хүү, Есүс Христэд талархаж байна. Бид энэхүү давалгаанд нэгдэж, сайн мэдээг “бүх үндэстэн, мөн ястан, мөн хэлтэн, мөн хүмүүст,”34 хүргэх Их Эзэний зарлигийг гүйцэлдүүлээсэй хэмээн би Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.