Гэрлэлт: Ажиглаад суралц
Аз жаргалтай, ариун гэрлэлтийн харилцааг бий болгодог амьдралын хэв маягийг дагадаг хүн бүрт Их Эзэний амлалтууд хүртээмжтэй байдаг.
Олон жилийн өмнө нэгэн орой, эхнэр бид 2 хөвгүүдийнхээ нэгнийд эхнэр, хүүхдүүдтэй нь хамт хооллохоор зочилсон юм. Тэднийх дуу чимээ ихтэй ч гэсэн баяр баясгалангаар дүүрэн байлаа. Энэ нь бага насны хүүхдүүдтэй айлын хувьд байдаг л зүйл. Оройн хоолны дараахан манай 4 настай ач охин Анна бид хоёр ширээний ард сууж үлдсэн байв. Өөрийг нь анхаарч байгааг тэр мэдээд, сандал дээрээ гарч зогсоод над руу харлаа. Тэрээр намайг өөр рүү нь харж байгааг лавтай мэдсэнээ, “ажиглаад суралц” гэж надад хэлэв. Тэгээд ач маань надад дуу дуулж бас бүжиглэж өглөө.
Аннагийн “Ажиглаад суралц” гэсэн заавар нь бяцхан хүүхдийн сэтгэлээсээ хэлсэн хэрсүү үг байлаа. Бид харж мэдэрсэн зүйлээ ажиглаж, эргэцүүлэн бодсоноор маш олон зүйлийг сурч чадна. Би гайхалтай, итгэлтэй гэрлэлтүүдийг ажиглан, суралцсан цөөн хэдэн зарчмуудаа та нартай хуваалцья. Эдгээр зарчмууд нь тэнгэрлэг зарчмуудтай нийцэх хүчирхэг, сэтгэл хангалуун гэрлэлтийг бий болгодог. Би та бүхнийг надтай хамт ажиглан мөн суралцахыг урьж байна.
Нэгдүгээрт, хамгийн аз жаргалтай гэрлэлтүүдээс миний анзаарсан нэг зүйл бол эхнэр нөхөр хоёр өөрсдийн харилцаагаа юугаар ч үнэлшгүй, үнэ цэнэтэй байлгадгийг би ажигласан. Тэд эцэг эхээ орхиж, үүрд мөнхөд өсч хөгжих гэрлэлтийг бий болгохоор нэгдэн нийлдэг. Тэд Бурханаас өгөгдсөн замаар алхах ёстой гэдгээ ойлгодог. Тэд ийм их баяр баясгаланг авчрах, сайн сайхныг эсвэл хувийн нандин байдлыг бий болгох өөр ямар ч харилцаа байхгүй гэдгийг мэддэг. Ажиглаад суралц: Хамгийн гайхалтай гэрлэсэн хосууд нь гэрлэлтийнхээ үнэ цэнийг мэдэрдэг.
Дараагийн зарчим нь итгэл. Амжилттай мөнхийн гэрлэлт нь Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл болон Түүний сургаалыг дуулгавартай дагах зарчим дээр үндэслэн бий болдог.1 Гэрлэлтээ юугаар ч үнэлшгүй, нандин болгосон тэд итгэлийн загварыг хэрэгжүүлдгийг би ажигласан. Тэд долоо хоног бүр ариун ёслол болон бусад цуглаануудад оролцож, гэр бүлийн үдшээ хийн, хувиараа болон гэр бүлээрээ залбирч, судраас суралцан, аравны нэгээ шударгаар төлдөг. Тэдний нийтлэг эрж хайдаг зүйл нь дуулгавартай байдлаар дамжуулан сайн сайхан байх явдал юм. Тэд зарлигуудыг, хүссэн зүйлээ сонгож идэхээр өөртөө үйлчилдэг зоогийн газар гэж үздэггүй.
Итгэл бол гэр бүлийг хүчирхэгжүүлдэг бүхий л ариун журмын суурь юм. Итгэлээ хүчирхэгжүүлснээр гэрлэлт хүчирхэгждэг. Бид зарлигуудыг дагахын хэрээр итгэл маань өсдөг. Тэдний гэрлэлтийн баяр баясгалан, хүч чадал болон эв нэгдэл ч бас өсдөг. Иймд, зарлигуудыг дагах нь хүчирхэг мөнхийн гэрлэлтийг бий болгох суурь зарчим юм. Ажиглаад суралц: Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл бол аз жаргалтай мөнхийн гэрлэлтийн суурь билээ.
Гуравдугаарт, наманчлал. Аз жаргалтай гэрлэлт нь наманчлалаас шалтгаалдаг. Энэ нь гэрлэгсэд сайн харилцаатай байхад амин чухал зүйл билээ. Тэд биеэ авч яваа байдлаа үргэлж шударгаар дүгнэн цэгнэж, наманчлахад хэрэгтэй алхмуудыг хийж, уучлалыг хүлээн авснаар гэрлэлтээ бат бөх байлгадаг. Наманчлал нь харьцаагаа сэргээж, эв нэгдэлтэй, амар тайван байхад тусалдаг билээ.
Даруу байдал нь наманчлалын хамгийн чухал хэсэг юм. Даруу байдал нь аминч бус, хувиа хичээхгүй байх явдал юм. Энэ нь өөрийнхөөрөө байхыг шаарддаг бөгөөд бусдыг дорд үзэн ёс суртахуунгүй харьцдаггүй. Харин ч даруу хүн нь баталж нотлохын төлөө бус харин ойлголцохын төлөө эелдгээр2 хариулж мөн сайхан сэтгэлээр сонсдог. Даруу байдал нь хүмүүс бие биеэ өөрчилж чадахгүйг мэддэг, харин Бурханд итгэх итгэл, хичээл зүтгэл болон Бурханы тусламжтайгаар, бидөөрсдийнхѳѳ зүрх сэтгэлд агуу өөрчлөлтийг авчирч чадна гэдгийг мэддэг.3 Зүрх сэтгэлийн агуу өөрчлөлтийг мэдрэх нь бусадтай, ялангуяа өөрийн ханьтайгаа эелдэг зөөлөн харьцахад хүргэдэг.4 Даруу байдал нь эхнэр, нөхрүүдийг шийдвэр гаргахдаа бие биенээ хамгийн чухалд үзэж, дэмжин, тусалж мөн адислахыг эрэлхийлдэг гэсэн утгатай билээ. Наманчлал ба даруу байдал нь аз жаргалтай гэрлэлтийг бий болгодог гэдгийг ажиглаад суралц.
Дөрөвдүгээрт, хүндэтгэл. Гайхалтай, аз жаргалтай гэрлэлтэнд эхнэр нөхрүүд бие биенээ хүндэтгэдгийг би ажигласан. Ямар ч газар эсвэл ямар ч цаг үед нөхөр нь эхнэрээ дарангуйлж, эсвэл тэдэнтэй хэрцгий харьцах байдал нь Бурханы хуулийг сахихгүй байгаа хэрэг бөгөөд түүнийг зөв зарчмууд болон амьдралын сайн хэв маягаар солих хэрэгтэй.
Гайхалтай сайхан хосууд санал бодлоо тэгш эрхтэйгээр хуваалцаж, шийдвэрээ санал нэгтэй гаргадгийг би анзаарсан.5 Эдгээр гэрлэсэн хосууд хамгийн түрүүнд гэртээ болон амьдралынхаа үүрэг хариуцлагуудад нь бие биедээ туслахад анхаарал тавьдаг.6 Эдгээр гэрлэлтүүд нь харилцан тохиролцоон дээр бус хамтын ажиллагаан дээр үндэслэдэг юм. Оройн хоолны цагаар болон үүний дараа гэр бүлээрээ хамт байх агшин нь тухайн өдрийн хамгийн чухал хэсэг бөгөөд, тэдний хичээл зүтгэлийн илэрхийлэл юм. Тэд гэрийнхээ ажилд туслахын тулд электрон хэрэгслүүдээ унтрааж, хувийн зугаа цэнгэлээсээ татгалздаг. Боломжийнхоо хэрээр тэд орой бүр хүүхдүүдтэйгээ судар уншиж, бяцхан хүүхдүүдээ унтуулахад нь бие биедээ тусалдаг. Тэгээд тэд амрахаар хамтдаа орондоо ордог. Эхнэр нөхрүүдийн үүрэг, хариуцлага нь ижил тэнцүү учир тэд гэрийнхээ хамгийн чухал ажлуудыг хамтдаа хийдэг.
Хүндэтгэл байгаа газарт аз жаргалтай гэрлэлтийн түлхүүр нь болох ил тод буюу илэн далангүй байдал байдаг. Харилцан бие биеэ хүндэтгэж, ил тод байдалд суурилсан гэрлэлтэнд ямар нэгэн нууц асуудал байдаггүй. Эхнэр нөхрүүд санхүүтэй холбоотой бүх шийдвэрийг хамтдаа гаргаж, бүх мэдээллийг мэдэж байдаг.
Үнэнч байдал нь хүндэтгэлийн нэг хэлбэр юм. Амжилттай гэр бүлүүд бие биедээ “маш үнэнч” байдгийг бошиглогчид заадаг.7 Tэд олон нийтийн мэдээллийн хэрэгслийг бүхий л хэлбэрээр зохистойгоор ашигладаг. Тэд интернетээр ямар нэгэн нуух шаардлагатай зүйлүүд рүү нэвтэрдэггүй. Тэд өөрсдийнхөө ашигладаг олон нийтийн сүлжээнийхээ нууц үгийг нээлттэй хуваалцдаг. Тэд эхнэр нөхрийнхөө ариун нандин итгэлийг эвдэх зурагт хуудсуудыг үздэггүй. Тэд санаатайгаар бусадтай биеэр шүргэлцэх гэх мэт зохисгүйд тооцогдох ямар нэгэн зүйл хэлж, эсвэл хийдэггүй. Ажиглаад суралц: Аз жаргалтай гэрлэлт нь бүрэн төгс хүндэтгэлтэй, ил тод, чин үнэнч байдаг.
Тавдугаарт, хайр. Миний ажигласан хамгийн аз жаргалтай гэрлэлтүүд нь “хайранд хамтдаа амьдрах”8 гэсэн хамгийн аз жаргалтай тушаалд дуулгавартай байснаар ирдэг юм. Нөхрүүдэд хандаж Их Эзэн зарлиглахдаа: “Чи эхнэрээ бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж мөн өөр хэнтэй ч биш харин түүнтэй нэгдэн нийлэх ёстой”9 гэжээ. Сүмийн гарын авлагад: “Нэгдэн нийлэх гэдэг үг хэн нэгэнд бүхнээ зориулж, итгэдэг байх” гэсэн утгатай юм хэмээн заажээ. Гэрлэсэн хосууд бие биеэ хайрлан, үйлчилж, нэг нэгэндээ болон Бурханд чин үнэнч байж, гэрээнүүдээ бүрэн дүүрэн сахиснаар Бурхантай болон бие биетэйгээ нэгдэн нийлдэг. ... [Эхнэр нөхөр хоёулаа] ганц бие амьдралаа орхиж, гэр бүлээ [тэдний] амьдралын эн тэргүүний эрхэмлэх зүйл болгон авч явдаг. ... Бурхантай болон бие биетэйгээ хийсэн гэрээнүүдээ сахихаас илүүтэйгээр хэн нэгнийг эсвэл ямар нэг сонирхлыг тэд илүү дээгүүрт авч үздэггүй.”10 Ажиглаад суралц: Аз жаргалтай хосууд бие биенээ бүхий л зүрх сэтгэлээрээ хайрладаг.
Гэрлэлт нь тэдний хүссэнээр аз жаргалтай байдаггүй, бас хэзээ ч гэрлэж байгаагүй, салсан, ганц бие эцэг эх, эсвэл янз бүрийн шалтгаанаар гэрлэх боломжгүй хүмүүс байдаг. Эдгээр нөхцөл байдал нь сорилт бэрхшээл болон уй гашуугаар дүүрэн байж болох ч үүрд биш юм. Ийм нөхцөл байдалд байгаа ч “өөрсдийнхөө чадах бүх зүйлийг урам зоригтойгоор”11 цөхрөлтгүй хийдэг тэднийг Бурхан элбэг дэлбэгээр адислах болтугай. Зохистой эхнэр нөхөр байхын тулд хичээж мөн бэлтгэснээр мөнхийн төгс гэрлэлтийг бий болгохыг эрэлхийл. Зарлигуудыг сахиж, Их Эзэн болон Түүний танд өгсөн хайранд итгэ. Гэрлэлтийн тэдгээр амлагдсан адислалууд нэгэн өдөр таных байх болно.12
Мормоны Номон дахь гайхалтай шүлгүүдийн нэгэнд: “Мөн тэд гэрлэж, мөн гэрлэхээр өгөгдөв, мөн Их Эзэн тэдэнд өгсөн олон тооны амлалтуудын дагуу адислагдав”13 хэмээн энгийнээр тайлбарлажээ. Аз жаргалтай, ариун гэрлэлтийн харилцааг бий болгодог амьдралын хэв маягийг дагадаг хүн бүрт Их Эзэний амлалтууд хүртээмжтэй байдаг. Тэдгээр адислалууд нь Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарснаар л ирдэг.
Би насан туршийн минь хайр болсон гайхалтай эхнэр, Кэтидээ талархдаг.
Гэрлэлт нь Бурханаас бидэнд өгсөн бэлэг юм; Харин бидний гэрлэлтийн шинж чанар бол бидний Бурханд өгч чадах бэлэг юм. Бидэнд мөнхийн, аз жаргалтай гэрлэлтийг өгсөн Бидний хайрт Тэнгэрлэг Эцэгийн гайхамшигтай төлөвлөгөөг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.