2010–2019
Их Эзэний зам
Дөрөвдүгээр сар 2013


9:36

Их Эзэний зам

Бид удирдагчдынхаа сургаалыг анхааралтай сонсож, зөв зарчмуудыг ойлгон, өөрсдийгөө удирдах нь Их Эзэний зам мөн.

Дал

Би Далын гишүүнээр үйлчилдэг. Далын гишүүд бид төлөөлөгчид, бошиглогчид, мөн Сүнснээс хүлээн авсан Их Эзэний үгийг хуваалцах элч нар байхаар дуудагддаг бөгөөд дэлхий даяар сайн мэдээг номлон, сүмийг байгуулж, зохион байгуулах ажлыг Христийн нэрээр гүйцэтгэдэг онцгой гэрчүүд билээ (С ба Г 107:25, 34-ийг үзнэ үү).

Фермийн хөвгүүн

Би Айдахогийн Берлийн ойролцоох нэгэн ферм дээр өссөн “Айдахогийн фермийн хөвгүүн” билээ! Фермийн хөвгүүний хувьд би дараах зүйлсийг сурсан.

  1. Ажил хөдөлмөрийн талаар: Хэрэв үр суулгаж тарихгүй бол ургац хурааж авахгүйг,

  2. Ухаалаг ажиллах талаар: тарьсан үрээ усалж, бордвол, арвин ургац хурааж авна гэдгийг,

  3. Цаг хугацааны чухлын талаар: Хэрэв зөв цагт тариалахгүй бол анхны хяруу ургацыг минь сүйтгэх болно гэсэн чухал зүйлсийг сурч авсан билээ.

  4. Ямар ч ажлыг хийхийн тулд тааламжтай юу, хүсч байна уу, тохиромжтой цаг уу гэдгээс үл хамааран хийх ёстой цагт нь хийж байхыг би хүүхэд байхдаа сурсан. Жишээ нь: үнээг өөрийнхөө хүссэн цагт биш саах ёстой цагт нь л саах хэрэгтэй.

  5. Фермийн тэжээмэл амьтад болон тэдэнтэй холбоотой тоног төхөөрөмжийн талаар ярихад, эдгээр зүйлүүдийг ойлгуулахад тийм ч их цаг зарцуулдаггүй бөгөөд хэн нэгнийг гомдоох вий гэж бид санаа зовдоггүй билээ. (Энэ зарчмын дагуу сүмд үйлчилж байхдаа би зарим үед “Та нар намайг эрс шулуун ярихыг хүсч байна уу? Эсвэл арай зөөлөн ярихыг хүсч байна уу?” гэж гишүүдээс олонтоо асууж байсан юм. Ерөнхийдөө бол гэгээнтнүүд намайг “шууд”! ярихыг илүүд үздэг байсан. Өнөөдөр би та бүгдэд шулуухан ярих болно.)

  6. Эцэст нь Айдахогийн фермийн хөвгүүн би энгийн зарчмууд дээр анхаарч сурсан.

“Бид Бурхан Мөнхийн Эцэгт, Түүний Хүү Есүс Христ болон Ариун Сүнсэнд итгэдэг” (Итгэлийн Тунхаг 1:1) гэсэн итгэлийн тунхагийн 1-р зарчмаас өөр энгийн зарчим үгүй билээ.

Нэмж хэлэхэд Тэрбээр биднийг мэддэг, хайрладаг, Өөртөө эргэж ирэхийг хүсдэг Тэнгэрлэг Эцэг маань юм. Есүс бол бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч. Тэрбээр Цагаатгалаар дамжуулан бид үхлийг ялж, дахин амилж, өргөмжлөгдөн, мөнх амьдралтай болох боломжийг бидэнд олгосон билээ. Ариун Сүнс бол бидний тайтгаруулагч, илчлэгч, багш, гэрчлэгч ба хөтөч юм.

Бид сүнсний хувьд өнчин биш гэдгийг бодоод үз дээ ах, эгч нар аа. Бид ганцаараа биш.

Өнчин биш, эцэг эхтэй байхын давуу тал юу вэ? Бид эцэг эхээсээ суралцан, тэднээс туршлагажиж, тэдний сэрэмжлүүлдэг үл харагдах аюул заналаас зайлсхийн, тэдний мэддэг зүйлүүдийн талаар илүү гүн гүнзгий ойлголттой болж чадна. Бид төөрч, будилж, мэхлэгдэж, эсвэл бүтэлгүйтэхгүй. Бидэнд зүгээр нэг замыг биш, харин бидэнд цорын ганц зөв замыг зааж, үүнийг харуулсан Тэнгэрлэг Эцэг бидэнд байдаг учраас энэ нь гарцаагүй үнэн юм.

Бурханд зөв зам бий

Үнэндээ амьдарч,1 хайрлаж,2 бусдад тусалж,3 залбирч,4 тэдэнтэй ярьж,5 харилцаж,6 удирдаж,7 гэр бүл болж8 мөн үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх,9 үнэнийг11 сурч мэдэх,10 сайн мэдээг хуваалцах,12 юу идэхээ ухаалгаар сонгох13 гэх мэт олон зам Бурханд бий.

Их Эзэний замуудыг судруудаас гадна Итгэлдээ үнэнч байх нь, Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлууд болон амьд бошиглогч, төлөөлөгчдийн сургаалуудаас зарим эх сурвалжуудыг олж авч болно.

  1. Жишээ нь, Их Эзэн судруудад бидэнд хандан: “Учир нь Миний бодол санаанууд бол та нарын бодол санаа биш. Миний зам нь та нарын замаас өөр гэж Эзэн айлдаж байна. Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг Миний зам та нарын замаас, Миний бодол та нарын бодлоос өндөр билээ” (Исаиа 55:8–9) хэмээн заасан байдаг.

  2. Эдгээр эцсийн өдрүүдийн нүгэл хилэнцүүдийн нэг нь “хүн бүр өөрийнхөө замаар замнадаг” (С ба Г 1:16) явдал юм. Сургаалт үгс номон дээр “Өөрийнхөө нүдний өмнө бүү мэргэн бай,” “өөрийн ойлголтонд бүү түшиглэ” (Сургаалт Үгс 3:5–7-г үзнэ үү) хэмээн биднийг сэрэмжлүүлсэн байдаг.

  3. Хэрэв бид аливаа зүйлийг хийхдээ Их Эзэний замаар хийвэл Тэр биднийг элбэг дэлбэгээр адислах болно гэсэн Түүний амлалтууд байдаг. Гэвч миний хэлснийг та нар үл хийхэд та нарт амлалт байх нь үгүй (С ба Г 82:10-ыг үзнэ үү) хэмээн бидэнд заадаг билээ.

  4. Шинэ хааныг олохоор явсан бошиглогч Самуелийг сургахдаа Их Эзэн Өөрийн арга замыг бидний арга замтай харьцуулсан байдаг: “Гэвч ЭЗЭН Самуелд айлдан, түүний гаднах байдлыг болон нурууны өндрийг нь бүү харагтун. Би түүнийг үл тоов. Учир нь Бурхан хүнтэй адил хардаггүй. Хүн гаднах төрхийг хардаг бол Эзэн зүрхийг нь хардаг” (1 Самуел 16:7).

  5. Ядуус болон гачигдалтай тэдэнд туслах нь хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд Их Эзэн үүнтэй санал нийлдэг ч “энэ нь миний өөрийн замаар хийгдэх ёстой нь шаардлагатай билээ” (С ба Г 104:16) хэмээн анхааруулсан байдаг. Өөрөөр хэлбэл бидний бусдад туслах хүсэл чармайлт нь тэднийг хохироож магад. Их Эзэн бие даах чадварыг урамшуулан дэмжих хэрэгтэй гэж бидэнд заадаг билээ. Бидэнд туслах боломж байлаа ч гэсэн тэдний өөрсдийнхөө төлөө хийж чадах зүйлийг бид өгөх буюу хангах ёсгүй. Хариуд нь ямар нэг зүйл хийхийг хүсэхгүйгээр, хүнд зүгээр юм өгөхийн хор уршгийг дэлхий даяар мэдэрч байна. Юу хамгийн сайн болохыг Бурхан үнэхээр мэддэг.

Өөр зарим жишээг авч үзье. Их Эзэнд номлолын ажлыг хийх арга зам бий. Эдгээр арга замыг судруудад болон Миний Сайн Мэдээг номло гарын авлага дээр тайлбарлаж Сүнсний удирдлаган дор хэрэгжүүлдэг.

Их Эзэнд хайрлах Өөрийнх нь арга зам бий. Хоёр хүн бие биеэ хайрлана гэдэг нь хамгийн чухал зүйл гэж дэлхийн хүмүүс хэлдэг. Ингэж хайрлах нь чухал гэдгийг Тэнгэр дэх бидний Эцэг заахын хамт энэхүү хайраа илэрхийлэх албан ёсны зам ба цаг хугацаа байдгийг мөн бидэнд заасан билээ.

Өөрийгөө удирдах нь

Иосеф Смит бага байхаасаа Их Эзэний арга замуудаар сургагджээ. Түүнээс сүмийг хэрхэн удирддаг талаар асуухад тэрээр, би зөв зарчмуудыг заадаг, харин гишүүд өөрсдөө өөрсдийгөө удирддаг гэж хариулжээ.14 Ах эгч нар аа, бидний амьд төлөөлөгчид хийгээд бошиглогчид бидэнд зөв зарчмуудыг заасаар байна. Гол асуудал нь “Бид өөрсдийгөө удирдахын тулд тэдгээр зарчмуудыг ашиглаж байна уу?” гэдэгт байгаа юм.

Бидэнд байнга заадаг нэг зүйл бол бид байгаа газраа өсч хөгжих явдал юм. Заримдаа бид хүүхдүүдээ илүү олон найзтай болгож, сүмийн өсвөр үеийнхнийг илүү сайн хичээл заадаг газар аваачихын тулд шинэ газар руу нүүх талаар боддог.

Ах, эгч нар аа, бидний амьдарч байгаа орчин хүүхдүүдийн маань авралд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж бид үнэхээр боддог гэж үү? Гэр оронд болдог зүйлс гадуур хүүхдүүдэд маань тохиолддог зүйлсээс хавьгүй чухал гэдгийг төлөөлөгчид болон бошиглогчид үргэлж заасаар ирсэн билээ. Бид үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж байгаа нь тэднийг хаана өсгөн хүмүүжүүлж байгаагаас илүү чухал юм.

Бид хаана амьдрахаа шийдэхэд бусад хүчин зүйлс нөлөөлдөг нь тодорхой юм. Бид талархалтайгаар Их Эзэний баталгааг эрэлхийлбэл Их Эзэн биднийг удирдах болно.

“Бид чухам хаана хэрэгтэй байна вэ?” гэдэг нь өөр асуудал юм. Би Техасын Хойд гадасны Хьюстонд ерөнхийлөгчийн зөвлөхөөр 16 жил үйлчилсэн. Тэр жилүүдэд олон хүмүүс манай нутагт шилжин ирж байлаа. Шилжиж ирсэн хүмүүс бидэн рүү утасдаж, аль тойрогт өсвөр үеийнхэнд зориулсан хамгийн сайн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг вэ? Ямар гадсанд ганц бие залуучуудын хамгийн сайн нэгж байдаг вэ? хэмээн асуудаг байлаа. 16 жил үйлчлэхэд ердөө ганцхан удаа “Аль тойрогт сайн гэр бүл хэрэгтэй байна вэ? Бид хаана тусалж болох вэ?” гэж асуусан юм.

Сүм зохион байгуулагдсан эхний хэдэн жилүүдэд Ерөнхийлөгч Бригам Янг болон бусад төлөөлөгчид сүм байгуулахын тулд тодорхой газруудад гишүүдийг дууддаг байсан. Өнөөдөр ч гэсэн бошиглогчийн дуудсан газар хаашаа ч явахад бэлэн, итгэлтэй сүмийн гишүүд бидэнд байна. Ерөнхийлөгч Монсонг сүмийн 14 сая гаруй гишүүн нэг бүрт бидний гэр бүл хаана хэрэгтэй байгааг хэлнэ хэмээн бид найдан хүлээж болно гэж үү? Бид удирдагчдынхаа сургаалыг анхааралтай сонсож, зөв зарчмуудыг ойлгон, өөрсдийгөө удирдах нь Их Эзэний зам мөн.

Онцгой чухал зүйл

Өнөө үед сүмд болж байгаа бүх үйл явдлуудаар дамжуулан Их Эзэн Өөрийн ажлыг бүх талаар яаравчилж байгаа учраас бид хийж байгаа бүх зүйлээ Их Эзэний замаар хийх нь маш чухал болоод байна!

“Өөрийн Хүүгийн бэлгээр Бурхан илүүтэй онцгой замыг бэлтгэснийг” (Ифер 12:11) ялангуяа авралын ажлыг хийхдээ бид мэддэг. Христийн сургаал бол “зам нь энэ; мөн хүмүүн Бурханы хаант улсад аврагдаж чадах өөр тийм өгөгдсөн нэр болон зам гэж тэнгэрийн дор үгүй” (2 Нифай 31:21).

Дүгнэлт

Өнөөгийн дэлхий дээр маш олон хүмүүс төөрөлдөн, будилж, үүнээс болж гэм нүгэлт амьдралаар амьдарч, буруу сонголтуудынхаа үр дүнд гай зовлонд унаж байгааг бид харж байна. Энэ нь намайг Алмагийн адил уулга алдахад хүргэж байна:

“Ай би тэнгэр элч болж, зүрхний минь хүсэл гүйцэлдэх болоосой, тиймээс би явж мөн Бурханы бүрээн дуугаар, газар дэлхийг сэгсрэх дуу хоолойгоор ярьж мөн хүмүүс болгонд наманчлалыг зарлаж болдог ч болоосой!

Тийм ээ, наманчлалыг мөн гэтэлгэлийн төлөвлөгөөг, газар дэлхийн бүхий л гадаргуу дээр дахин харамсал үгүй байж болохын тулд тэд наманчилж мөн Бурханд ирэхийг бодгаль болгонд аянгын дуун мэт зарлахсан би” (Aлма 29:1–2).

Их Эзэнд зөв зам бий гэдгийг би дахин гэрчилж байна! Тэнгэрлэг Эцэг маань биднийг мэддэг, хайрладаг бөгөөд бидэнд туслахыг хүсдэг. Хэрхэн туслахаа Тэр хамгийн сайн мэддэг. Бидний сүнс өнчин биш!

Бидний Аврагч Есүс Христ бол “зам, үнэн, амь мөн” (Иохан 14:6; мөн Aлма 38:9-ийг үзнэ үү). Түүний зам мөнхийн үнэн дээр суурилсан бөгөөд биднийг “энэ дэлхийд амар амгалан хийгээд ирэх дэлхийд мөнх амьдрал” (С ба Г 59:23) руу хөтөлдөг билээ. Би үүнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.