Хуучин Гэрээ 2022
9-р сарын 25 Авралын болон өргөмжлөлийн ажил дахь бидний үүрэг юу вэ? Исаиа 40–49


“9-р сарын 25. Авралын болон өргөмжлөлийн ажил дахь бидний үүрэг юу вэ? Исаиа 40–49,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022 (2021)

“9-р сарын 25. Авралын болон өргөмжлөлийн ажил дахь бидний үүрэг юу вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022

ариун сүмийн гадна зогсож буй өсвөр үеийнхэн

9-р сарын 25

Авралын болон өргөмжлөлийн ажил дахь бидний үүрэг юу вэ?

Исаиа 40–49

хамтдаа зөвлөлд шигтгээ зураг

Хамтдаа зөвлөлд

Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.

Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар ярилцлага өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Ярилцсан зүйлийнхээ дагуу үйлдэх арга замаа төлөвлө.

  • Сайн мэдээний дагуу амьдар. Бид сүүлд юу ярилцсан бэ, ямар урилга эсвэл даалгавар өгсөн бэ? Бид эдгээр урилга, даалгаврын дагуу үйлдэхийн тулд юу хийсэн бэ?

  • Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Ганцаардаж, Тэнгэрлэг Эцэгээс хол мэт мэдэрч байж болох хүмүүст туслахын тулд бид юу хэлж эсвэл хийж болох вэ?

  • Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Есүс Христийн хайрыг мэдрэхэд нь бусдад тусалж болох ямар ямар арга зам байдаг вэ?

  • Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бид хоорондоо гэр бүлүүдээ хүчирхэгжүүлэхэд туслах ямар ямар санааг хуваалцаж болох вэ?

Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:

  • Заасан зарчмуудыг гэрчил.

  • Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.

Сургаалыг заа

Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлд

Их Эзэний ажилд туслах нь зөвхөн насанд хүрсэн хүмүүсийн ажил биш гэдгийг судраас тодорхой харж болно. Их Эзэн Самуелтай анх ярихад тэр балчир хөвгүүн байсан. Тэнгэр элч Мариад ирж Аврагчийн эх болно гэдгийг нь мэдэгдэхэд тэр залуу бүсгүй байсан байх. Их Эзэн Иосеф Смитийг сайн мэдээг сэргээлгэхээр дуудахад тэр 14 настай байсан. Саяхан ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон залуу хүн бүрийг “Израилыг цуглуулахад туслах Их Эзэний өсвөр үеийнхний батальонд элсэхэд” урьсан билээ (“Израилын найдвар” [Өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 он, 6-р сарын 3], ChurchofJesusChrist.org). Их Эзэн “Харин миний боол Израиль аа!” (Исаиа 41:8) хэмээн хэлэхдээ, үүнд Өөрийн гэрээт бүх хүнийг, тэр дундаа чуулга, ангийнхныг тань багтаасан нь тодорхой.

Бид баптисм хүртэхдээ Бурханд үйлчилнэ гэсэн гэрээ байгуулдаг боловч зарим залуу хүн өөрсдийгөө Их Эзэний үйлчлэгч гэж үздэггүй. Түүний ажилд туслах өвөрмөц арга замуудыг тэд ухаардаггүй байж болох юм. Исаиа 41–44-р бүлэг болон Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь товхимлын 1.2-р хэсгээс Их Эзэний үйлчлэгч байх гэдэг нь юу гэсэн утгатайг ойлгоход өсвөр үеийнхэнд туслах захиасуудыг хайж ол.

ариун сүмийн гадна буй залуу эмэгтэйчүүд

Залуу хүн бүрд авралын болон өргөмжлөлийн ажилд өвөрмөц арга замаар хувь нэмрээ оруулах боломж бий.

Хамтдаа суралц

Исаиа 41–44-р бүлэг нь Их Эзэний үйлчлэгч байх гэдэг нь юу гэсэн утгатайг ойлгоход өсвөр үеийнхэнд тусална. Ярилцлагаа эхлүүлэхийн тулд самбарт  Исаиа 41:8–10; 42:6–7; 43:9–12; 44:21 гэсэн эшлэлүүдийг бичиж болно. Хүн бүр нэг хэсгийг сонгон уншаад, Их Эзэний үйлчлэгч байх гэдэг нь юу гэсэн утгатай болох талаар олж мэдсэн зүйлээ хуваалцаж болно. Бид ямар арга замаар Их Эзэний үйлчлэгч болдог вэ? Түүний үйлчлэлд оролцож байх үед бидэнд ямар ямар адислал ирдэг вэ? Түүний ажилд идэвхтэй оролцогчдын хувьд, Христэд хүмүүсийг авчрахад нь таны заадаг хүмүүст туслах хэд хэдэн аргыг энд оруулав

  • Таны заадаг хүмүүс “авралын болон өргөмжлөлийн ажил” гэж юу болохыг ойлгодог уу? Тэдэнд туслахын тулд Ерөнхий гарын авлагын 1.2-р хэсгийн дөрвөн дэд бүлгийг (ганцаарчлан эсвэл хэсэг бүлгээрээ) судлуулахаар хуваарилж болно. Дэд бүлэг бүр уг ажлын үүрэг хариуцлагыг дурддаг. Өсвөр үеийнхнээс дараахтай адил асуултуудыг тунгаан бодохыг хүс. Үүнд: Авралын ажлын энэ талд оролцохын тулд миний насны хүн ямар тодорхой зүйлийг хийж болох вэ? Манай чуулга, ангийнхан юу хийж болох вэ? Хүн бүр эсвэл бүлэг тус бүр сурч мэдсэн зүйлээ дээрх асуултын хариултын хамт хуваалцаж болно.

  • Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах, тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах, бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих, гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх гэсэн авралын болон өргөмжлөлийн ажлын дөрвөн талын үүрэг хариуцлагын талаар сайтар суралцах нь таны заадаг хүмүүст тустай байж болох юм. Тэд мөн “Нэмэлт эх сурвалж”-д байгаа холбогдох хэсгээс өөрсдийн сонирхсон үүрэг хариуцлагыг сонгон судалж болно. Их Эзэнд гүнзгий хөрвөгдөж, ийн үйлдэхэд нь бусдад туслахыг өдөөсөн ямар зүйлийг олсон талаар өсвөр үеийнхнээр хуваалцуул. Дараа нь тэд энэ ажлыг гүйцэлдүүлэхэд туслах ямар нэгэн зүйл хийхийн тулд төлөвлөгөө гаргаж болно. Анги, чуулгын ерөнхийлөгчид энэ ярилцлагыг удирдаж болно.

  • Христэд бодгалиудыг авчрахын тулд тэд хэрхэн авьяас билгээ ашиглаж болох талаар тунгаан бодоход нь өсвөр үеийнхэнд туслахаар та ахлагч Бага Жон С.Пингрийгийн “Чамд зориулсан ажил надад буй” (2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 17–21) захиасын нэг хэсгийг судлахыг тэднээс хүсэж болно. Тэдний сурсан зүйл Их Эзэний ажилд тусалж чадна гэдэгтээ эргэлзэж байгаа хэн нэгэнд хэрхэн тус болох талаар тэд хуваалцаж болно. Та нар ахлагч Пингрийгийн захиасаас “Сүнслэг бэлгүүдээ нээж, хөгжүүл” хэсгийг хамтдаа судалж болно. Өөрсдийн авьяас бэлгийг нээж, хөгжүүлэхэд Их Эзэн бидэнд хэрхэн тусалдаг вэ?

Итгэлээр үйлд

Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлэх тухай бодоход тэднийг урь.

Нэмэлт эх сурвалж

Аврагчийн арга барилаар заах нь

“Хэрэв таныг тэдэнд итгэдгийг өсвөр үеийнхэн мэдэрвэл, бурханлаг чадавхдаа итгэх тэдний итгэл өсөн нэмэгдэнэ” (Аврагчийн арга барилаар заах нь, 28).