Хуучин Гэрээ 2022
10-р сарын 9. Яагаад Есүс Христ миний амьдралын төвд байх ёстой вэ? Исаиа 58–66


“10-р сарын 9. Яагаад Есүс Христ миний амьдралын төвд байх ёстой вэ? Исаиа 58–66,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022 (2021)

“10-р сарын 9. Яагаад Есүс Христ миний амьдралын төвд байх ёстой вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2022

Есүс Христ

10-р сарын 9

Яагаад Есүс Христ миний амьдралын төвд байх ёстой вэ?

Исаиа 58–66

хамтдаа зөвлөлд шигтгээ зураг

Хамтдаа зөвлөлд

Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.

Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь анги, чуулгын тодорхой ажлын талаар зөвлөлдөхөөс гадна Ерөнхий чуулганы үеэр хүлээн авсан мэдрэмж, гол сэдвүүдийн талаар хэлэлцэж болно. Дараах асуултууд тусалж болох юм.

  • Ямар сэдэв, захиас бидэнд онцгой санагдсан бэ? Есүс Христэд итгэх итгэлийг маань юу хүчирхэгжүүлсэн бэ?

  • Чухам юу амьд бошиглогчдын талаарх гэрчлэлийг маань хүчирхэгжүүлсэн бэ? Бид сурч, мэдэрсэн зүйлийнхээ дагуу юуг хийхээр өдөөгдсөн бэ?

  • Анги, чуулгын хувьд бид Ерөнхий чуулганаар сонссон зөвлөгөөг санаж, үүний дагуу үйлдэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?

Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:

  • Заасан зарчмуудыг гэрчил.

  • Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.

Сургаалыг заа

Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлд

Исаиа “Би Эзэний дотор ихэд бахдан сэтгэл минь миний Бурханд баярлана. Тэр намайг авралын хувцсаар хувцаслаж, зөвт байдлын нөмрөгөөр бүтээв” (Исаиа 61:10) гэж хэлсэн. Та яагаад “Эзэний дотор бахаддаг” вэ? Исаиагийн адилаар Их Эзэн бидний төлөө юу хийснийг ухаарах үедээ бид баярлаж, “Эзэний энэрэл хайрыг, Түүний магтаалыг” (Исаиа 63:7) олонтоо дурддаг.

Таны заадаг хүмүүс Аврагчийн талаар ямар бодолтой байдаг вэ? Түүнийг хайрлах илүү их хайр, хүндэтгэлийг мэдрэхэд нь тэдэнд юу тусалж болох вэ? Түүний хайрыг мэдрэхэд тэдэнд юу туслах вэ? Эдгээр асуултыг тунгаангаа Исаиа 58–66-г уншиж мөн ахлагч Мэттью С.Холландын “Хүүгийн үлэмж хурц бэлэг” (2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 49–51), Кристина Б.Франко эгчийн “Есүс Христийн эдгээгч хүч” (2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 67–69) захиасуудыг судалж болно.

судар судалж буй залуу эмэгтэй

Аврагчийн талаар илүү ихийг сурч мэдэхдээ бид Түүнийг амьдралынхаа төв болгохоор сүнслэгээр өдөөгддөг.

Хамтдаа суралц

Анги, чуулгын гишүүд Есүс Христийн гүйцэлдүүлэхээр илгээгдсэн зорилгын талаар сурч мэдэхдээ Аврагчийг амьдралынхаа төв болгоход сүнслэгээр илүү их өдөөгдөх болно. Тэд Исаиа 61:1–3-ыг уншаад, Аврагч юу хийхээр онцгойлон тослогдсоныг самбарт жагсаан бичиж болох юм (мөн Лук 4:16–20-ийг үзнэ үү). Аврагч Өөрийн зорилго дахь эдгээр үүрэг даалгавраа хэрхэн биелүүлсэн бэ? Тэр одоо бидний амьдралд эдгээрийг хэрхэн биелүүлдэг вэ? Доорх санаанууд нь Есүс Христ яагаад бидний амьдралын төв байх ёстой талаар анги, чуулга дотроо үргэлжлүүлэн ярилцахад тусална.

  • Ерөнхий чуулган үргэлж Есүс Христийг гэрчилдэг захиасуудыг багтаадаг. Та Ерөнхий чуулганы үеэр Аврагчийн талаар юу сурч мэдсэнээ хуваалцахад анги, чуулгын хэд хэдэн гишүүнийг урьж болно. Сурсан зүйлийнхээ ачаар Аврагчийн талаар ямар бодолтой байгаагаа хуваалцахад тэднийг урамшуул.

  • Судрууд өсвөр үеийнхэнд яагаад Аврагч амьдралынх нь төвд байх ёстойг илүү сайн ойлгоход тусалж чадна. Та самбарт Яагаад Есүс Христ миний амьдралын төвд байх ёстой вэ? гэж бичиж болно. Санаа бодлоо хуваалцахыг өсвөр үеийнхнээс хүс. Дараа нь тэднээс (ганцаарчлэн эсвэл бүлгээрээ) “Нэмэлт эх сурвалж”-д байгаа судруудаас нэмэлт хариулт эрэлхийлэхийг хүсэж болно. Өсвөр үеийнхнийг сурч мэдсэн зүйлээ болон яагаад энэ нь тэдний хувьд утга учиртай гэдгийг хуваалцахад урь.

  • Заадаг хүмүүсээсээ амьдралынхаа хамгийн чухал өдрөө дүрслэхийг асуух талаар бодож үз. Түүхэн дэх хамгийн чухал өдөр юу байж болох вэ? Тэднийг ахлагч Дийтр Ф.Угдорфын “Энэ Хүнийг харагтун!” захиасыг уншаад, хамгийн чухал өдөр гэж юу хэлснийг олж мэдэхэд урь (2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 134–138). Есүс Христийг “хардаг” хүмүүст амлагдсан адислалыг олоход өсвөр үеийнхнийг урамшуул. Тэд мөн өдөр тутмын амьдралынхаа төвд Аврагчийг байлгахын тулд юу хийж байгаагаа хуваалцаж болно. Есүс Христэд илүү ойртохын тулд юу хийж чадахаа бодоход мөн үүнийгээ үйлдэх төлөвлөгөө гаргахад та тэднийг урамшуулж болно.

  • Хэрэв хэн нэгэн биднээс яагаад Есүс Христэд итгэдэг талаар асуувал бид юу гэж хариулах вэ? Өсвөр үеийнхнийг санал бодлоо хуваалцаж, самбарт бичихэд урамшуул. Мөн та тэднийг “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл” (ChurchofJesusChrist.org) эсвэл Миний сайн мэдээг номло удирдамжийн 3-р бүлэг дэх “Есүс Христийн тэнгэрлэг үүрэг” ([2019], 60–61) хэсгийг судлахад урьж болно. Аврагч яагаад өөрсдөд нь чухал болохыг тайлбарлахын тулд хуваалцаж болох энгийн үнэнийг олоход тэднийг урамшуул. Тэд олж мэдсэн үнэнээ самбар дээрх жагсаалтад нэмж бичээд, таньдаг хүмүүстэйгээ эдгээр үнэнийг хэрхэн хуваалцахаа ярилцаж болно.

Итгэлээр үйлд

Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлэх талаар бодоход тэднийг урь.

Нэмэлт эх сурвалж

Аврагчийн арга барилаар заах нь

“Танай анги дахь хүн бүр сайн мэдээний дагуу амьдрахтай холбоотой гэрчлэл, бодол санаа, туршлагын чухал эх сурвалж юм. Тэднийг нэг нэгэнтэйгээ хуваалцаж, бие биенээ өргөн дэмжихэд урь” (Аврагчийн арга барилаар заах нь, 5).