2010–2019
Энэ Хүнийг харагтун!
2018 оны 4-р сар


2:3

Энэ Хүнийг харагтун!

Үнэхээр тэр Хүнийг харах арга замаа олсон хүмүүс амьдралын хамгийн агуу баяр баясгалан руу орох үүд хаалга, амьдралын хамгийн хүнд хэцүү гуниг зовлонг анагаах гаврыг олно.

Хайрт ах, эгч нар аа, анд нөхөд өө! Энэхүү гайхамшигт Ерөнхий чуулган болж буй амралтын өдрүүдэд би та бүхэнтэй хамт байгаадаа талархаж байна. Би Харриэтийн хамт ахлагч Гонг, Соарэс нарыг болон энэ ерөнхий чуулганаар чухал шинэ шинэ дуудлага хүлээн авсан олон ах эгчийг та нартай хамт баяртайгаар дэмжин баталлаа.

Хэдийгээр би өөрийн дотнын анд ерөнхийлөгч Томас С.Монсонг санаж байгаа ч бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонийг болон түүний зөвлөхүүдийг хайрлаж, дэмжин баталж байна.

Би мөн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын хайрт ах нартайгаа хамт дахин ойр дотно ажиллах болж байгаадаа талархаж байна. Энэ нь миний хувьд нэр төрийн хэрэг билээ.

Юуны өмнө, би сая сая эрэгтэй, эмэгтэй хүн болон хүүхдүүд байгаа байгаа газраа өөрсдийн чадавхын хүрээнд, дуудлагаараа бусдыг өргөж дэмжих хүсэлтэй байдаг мөн Бурханд болон бусдад бүхий л зүрх сэтгэлээрээ үйлчилж, Бурханы хаант улсыг байгуулахыг эрмэлздэг гишүүдтэй Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байгаадаа туйлын их даруусаж, аз жаргалтай байдаг.

Өнөөдөр бол ариун өдөр. Өнөөдөр Христийн амилсан ням гараг бөгөөд бид Аврагчийнхаа үхлийн хүлээсийг тасчин, булшнаас ялгуусан байдалтай гарч ирсэн гайхамшигт өглөөг тэмдэглэдэг.

Түүхэн дэх хамгийн агуу өдөр

Би саяхан “Ямар өдөр түүхийн голдрилыг хамгийн их өөрчилсөн бэ?” гэсэн асуултын хариултыг интернэтээс хайсан юм.

Хариултууд нь гайхмаар, хачин жигтэйгээс эхлэн бодлогошроход хүргэм гээд янз бүр байв. Тэдгээр хариултад балар эртний үед Юкатан хойгт унасан солир, 1440 онд Йоханнес Гутенберг хэвлэх машинаа хийж дуусгасан мөн мэдээж 1903 онд ах дүү Врайт хүн үнэхээр нисэж чадна гэдгийг харуулсан өдөр зэрэг мэдээлэл орсон байлаа.

Хэрэв та нараас ингэж асуусан бол юу гэж хариулах байсан бэ?

Миний хувьд хариулт нь тодорхой.

Түүхэн дэх хамгийн чухал өдрийг олъё гэвэл бид бараг хоёр мянган жилийн өмнө Гетсеманийн цэцэрлэгт Есүс Христ өвдөг сөгдөн маш хүчтэй залбирч, Өөрийн биеийг бидний гэм нүглийн төлөө золиос болгон өргөсөн тэр үдэш рүү буцаж очих хэрэгтэй. Яг энэ үед бие махбодын хувьд болон сүнсээрээ юутай ч харьцуулшгүй зовлон шаналлыг амсаж, агуу хийгээд хэмжээлшгүй золиослолыг хийж байхад Христийн, бүр Бурханы сүв бүрээс цус шүүрч байсан юм. Тэрээр төгс хайраараа бидэнд бүхнийг өгөхийн тул бүхнээ өгсөн билээ. Түүний тэнгэрлэг золиослолыг ойлгоход хэцүү. Үүнийг зөвхөн зүрх сэтгэл, оюун ухаандаа мэдрэх боломжтой бөгөөд энэ нь дэлхий нийтээрээ Христийн тэнгэрлэг бэлэгт талархлаар хариу барих ёстой гэдгийг сануулдаг.

Дараа нь тэр шөнө Есүсийг доромжлон тохуурхаж, зодож жанчин, Түүнд ичгүүрт үхэх ял оноосон шашны болон улс төрийн эрх мэдэл бүхий хүмүүсийн өмнө Түүнийг авчирсан юм. Тэрээр эцэст нь “гүйцэлд[лээ]” гэж хэлэх хүртлээ загалмай дээр дүүжлэгдэн, зовж шаналсан билээ. Түүний амьгүй биеийг хүнээс гуйж авсан булшин дотор тавьсан юм. Харин гурав дахь өдрийнх нь өглөө Бүхнийг Чадагч Бурханы Хүү Есүс Христ булшнаас гайхамшигтай гэрэл гэгээ, сүр жавхлантайгаар амилсан биетэй босож ирсэн.

Тийм ээ, түүхийн туршид үндэстэн, ард түмнүүдийн хувь заяанд хүчтэй нөлөөлсөн олон үйл явдал болж байсан. Гэхдээ тэдгээрийг бүгдийг нэгтгэсэн ч Христийн амилсны баярын өглөө болсон үйл явдлын ач холбогдолтой харьцуулахын аргагүй.

Есүс Христийн хэмжээлшгүй золиослол, Амилалтыг чухам юу дэлхийн дайн, аймшигт гамшиг, амьдралыг өөрчилсөн шинжлэх ухааны ололт нээлтээс илүү, түүхэн дэх хамгийн чухал үйл явдал болгодог вэ?

Бид Есүс Христийн ачаар дахин амьдрах боломжтой

Хариулт нь бидний хүн нэг бүрд тулгардаг хамгийн агуу бөгөөд даван туулж үл чадам хоёр асуудалд оршдог.

Нэгд, бид бүгд үхнэ. Залуухан, үзэсгэлэнтэй, эрүүл, хянуур байх эсэхээс үл хамааран та нарын бие нэг л өдөр амьгүй болно. Найз нөхөд, гэр бүлийнхэн тань эмгэнэн гашуудах ч биднийг эргүүлэн амилуулж чадахгүй.

Харин, Есүс Христийн ачаар бидний үхэл түр зуурынх байх болно. Сүнс тань нэг л өдөр бие махбодтойгоо эргэн нийлнэ. Энэхүү амилуулагдсан бие дахин үхэхгүй бөгөөд та нар өвчин шаналал, бие махбодын өвдөлтөөс хагацан, мөнхөд амьдарна.

Есүс Христ Өөрийн амийг өгч мөн эргүүлэн авсан учраас энэ бүхэн тохионо.

Тэрээр үүнийг Өөрт нь итгэдэг,

итгэдэггүй бүх хүний төлөө хийсэн.

Тэрээр үүнийг Өөрийг нь дооглон тохуурхаж, доромжилж, хараасан хүмүүсийн төлөө хүртэл хийсэн.

Есүс Христийн ачаар бид Бурхантай хамт амьдрах боломжтой

Хоёрт, бид бүгдээрээ гэм нүгэлтэй. “Ямар ч цэвэр бус зүйл түүний хаант улсад орж чадахгүй” учраас гэм нүгэл маань биднийг Бурхантай амьдрах боломж олгох үүд хаалгыг үүрд хаах байсан.

Үр дүнд нь, бүх эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхэд бүр Түүний оршихуйд орж чадахгүй байх байсан бөгөөд толбогүй Хурга, Есүс Христ амиа бидний үйлдсэн гэм нүглийн төлөө өгөөгүй бол энэ л хэвээр байх байв. Есүс шударга ёсны өмнө өргүй байсан учраас бидний өрийг төлж, бодгаль бүрийн шударга ёсны шаардлагыг хангасан. Үүнд нь та бид орж байгаа юм.

Есүс Христ бидний гэм нүглийн төлөөсийг төлсөн.

Бүх нүглийн маань.

Түүхэн дэх хамгийн чухал тэр өдөр Есүс Христ үхлийн үүдийг нээн, мөнх амьдралын ариун нандин танхимаар явах замыг хаасан байсан саад тотгорыг зайлуулсан билээ. Бидний Их Эзэн Аврагчийн ачаар өмнөх амьдрал маань ямар байснаас үл хамааран та бид наманчилж, Тэнгэрлэг Эцэгийн итгэлтэй хүүхдүүдээр хүрээлүүлэн, селестиел гэрэл, алдар суу руу хөтлөх замаар явах хамгийн эрхэм бөгөөд үнэлж баршгүй бэлгийг хүлээн авсан билээ.

Яагаад бид баясдаг вэ?

Бид Христийн амилсны баярын ням гарагт амь амьдралыг тэмдэглэдэг!

Есүс Христийн ачаар бид үхлийн уйтгар гунигаас өндийн, хайртай хүмүүсээ энгэртээ тэвэрч, хэмжээлшгүй баяр баясгалан, бялхам талархлаас болж нулимс унагах болно. Есүс Христийн ачаар бид мөнх биес болж, төгсгөлгүй дэлхийн хувьд оршин тогтнох болно.

Мөн Есүс Христийн ачаар бидний гэм нүгэл арчигдахын зэрэгцээ мартагдах болно.

Бид цэвэршиж, өргөмжлөгдөх боломжтой.

Мөн ариусах боломжтой.

Хайрт Аврагчийнхаа ачаар бид мөнх амьдрал руу урсдаг булгийн уснаас үүрд уух боломжтой. Бид мөнхийн Хааныхаа харшид төсөөлшгүй алдар суу, төгс хайран дунд амьдрах боломжтой.

Бид “Энэ Хүнийг хар[даг]” уу?

Ийм ч гэлээ, өнөө үед дэлхий дээр Есүс Христийн бидэнд өгсөн эрхэм бэлгийн талаар мэддэггүй эсвэл итгэдэггүй хүмүүс олон байна. Тэд Есүс Христийн тухай сонсож, түүхэн хүн гэдгийг нь мэддэг байж болох ч үнэхээр хэн гэдгийг нь олж хардаггүй.

Ийнхүү бодох үед надад Аврагчийн үхэхээсээ хэдхэн цагийн өмнө Иудагийн Ром захирагч Понти Пилатын өмнө зогсож байсан нь санаанд орж ирсэн юм.

Пилат Есүсийг зөвхөн дэлхийнхний өнцгөөс харж байсан. Пилат Ромын өмнөөс татвар хураах, энх тайван байдлыг хадгалах гэсэн хоёр чухал даалгавар бүхий ажлаа хийх ёстой байв. Харин иудейчүүдийн Санхедрин хоёуланд нь саад болж байна хэмээн нэгэн эрийг түүний өмнө авчирсан байжээ.

Пилат гэмт хэрэгтнийг байцаасныхаа дараа “Түүнээс ямар ч гэм бурууг олсонгүй” хэмээн зарласан аж. Гэхдээ Пилат Есүсийг буруутгасан хүмүүсийн шаардлагыг хангах хэрэгтэй гэж бодсон тул Дээгүүр өнгөрөх баяраар нэг хоригдлыг сулладаг нутгийн тогтсон заншлаар тавьж явуулахыг хүсжээ. Тэд Пилатаар зартай дээрэмчин, алуурчин Барабын оронд Есүсийг чөлөөлүүлж болохгүй байсан гэж үү?

Харин ширүүн догшин хурсан олон Барабыг суллаж, Есүсийг цовдлохыг шаардаж байв.

“Яагаад?Тэр ямар муу юм үйлдсэн юм бэ?” гэж Пилат асуусан.

Тэд улам бүр чангаар “Түүнийг цовдол!” хэмээн хашгирч байлаа.

Хурсан олонд нийцүүлэхийн тулд Пилат өөрийн хүмүүст Есүсийг ташуурдаж цээрлүүлэх тушаал өгөв. Тэд ч тушаалыг нь дагаж, Түүнийг цус, шарханд нэвширтэл зоджээ. Тэд Түүнийг дооглон тохуурхаж, үүргэнээр титэм сүлжээд, толгой дээр нь тавьж, нил ягаан нөмрөг нөмрүүлэв.

Энэ нь цусанд улангассан хурсан олны хүслийг хангана байх гэж Пилат бодсон байж болох юм. Тэд тэр эрийг өрөвдөнө байх гэж бодсон ч байж магадгүй. Пилат дахин гарч ирээд, хүмүүст “Харагтун, би Түүнээс ямар ч гэм буруу олоогүйг та нарт мэдүүлэхийн тулд Түүнийг нааш нь авчирлаа. … Энэ Хүнийг харагтун!” гэж хэлсэн.

Бурханы Хүү Иерусалимын хүмүүсийн өмнө биеэрээ зогсож байлаа.

Тэд Есүсийг харж байсан ч үнэхээр хэн болохыг нь олж харж чадаагүй.

Тэдэнд харсан ч олж харах нүд байсангүй.

Зүйрлэн хэлэх юм бол биднийг ч бас “тэр хүнийг хар” хэмээн урьсан. Дэлхийд Түүний талаарх янз бүрийн үзэл бодол байдаг. Эртний болон өнөөгийн бошиглогчид Түүнийг Бурханы Хүү хэмээн гэрчилдэг. Би ч бас. Бид үүнийг өөрсдөө олж мэдэх нь маш чухал. Тэгэхлээр, Есүс Христийн амьдрал, тохинууллын талаар бодох үед та нарт юу харагддаг вэ?

Үнэхээр тэр Хүнийг олж харах арга замаа олсон хүмүүс амьдралын хамгийн агуу баяр баясгалан руу орох үүд хаалга, амьдралын хамгийн хүнд хэцүү гуниг зовлонг анагаах гаврыг олно.

Тиймээс, та нар гуниг зовлон, уй гашуутай тулгарвал Түүнийг хар.

Та төөрч, мартагдсан гэдгээ мэдрэхдээ Түүнийг хар.

Цөхөрч, хаягдан, эргэлзэж мөн гэмтэж, ялагдал хүлээх үедээ Түүнийг хар.

Тэрээр таныг тайвшруулж,

эдгээж, аяллын тань учир утгыг мэдүүлэх болно. Тэр Өөрийн Сүнсийг тан дээр юүлэн, зүрх сэтгэлийг тань хэмжээлшгүй баяр баясгалангаар дүүргэнэ.

Тэр “ядарсанд тэнхээ өгч, чадал дутагдсанд нь хүч нэмдэг.”

Бид үнэхээр тэр Хүнийг олж харах юм бол Түүнээс суралцаж, амьдралаа Түүнтэй нийцүүлэх арга замыг эрэлхийлдэг. Бид наманчилж, өөрсдийн мөн чанарыг цэвэршүүлж, өдөр бүр Түүн рүү арай илүү ойртдог. Бид Түүнд итгэж найддаг. Бид Түүний зарлигуудыг сахин, ариун нандин гэрээнийхээ дагуу амьдарснаар Түүнд хайртай гэдгээ харуулдаг.

Өөрөөр хэлбэл, бид Түүний шавь болдог.

Түүний цэвэршүүлэгч гэрэл бидний бодгалийг нэвтэлж, ач ивээл нь бидэнд урам зориг өгдөг. Бидний ачаа дарамт хөнгөрч, амар амгаланг улам гүн гүнзгий мэдэрдэг. Бид үнэхээр Тэр Хүнийг олж харах юм бол амьдрал гэгч аяллын өгсөж уруудах мөч дэх сүнслэгээр өдөөж, урамшуулдаг адислагдсан ирээдүйн амлалт биднийх болно. Бид эргэн хараад, цэгүүд нь үнэхээр хоорондоо холбогддог тэнгэрлэг загвар байдаг гэдгийг ухааран ойлгоно.

Түүний золиослолыг хүлээн авч, шавь нь болж, эцэстээ энэ дэлхий дээрх аяллынхаа төгсгөлд хүрэх үед таны амьдралынхаа туршид туулж өнгөрүүлсэн зовлон гуниг юу болж хувирах вэ?

Тэд алга болно.

Таны туулж өнгөрүүлсэн урам хугарал, урвалт, хавчлага яах бол?

Алга болно.

Таны туулсан зовлон, шаналал, гэм буруу, ичгүүрт байдал, тарчлал яах бол?

Мөн л алга болно.

Мартагдана.

“Бидний хүүхдүүд нүглээс ангижрахын тулд ямар сурвалжийг хайж болохыг мэдэж болохын тулд бид Христийн тухай ярьж, бид Христэд баясаж, бид Христийн талаар номлож, бид Христийн тухай бошиглодог[т]” гайхах хэрэггүй биз ээ!

Мөн бид Тэр Хүнийг үнэхээр харахын тулд чин сэтгэлээсээ хичээнгүйлэн эрэлхийлдэгт гайхах хэрэггүй!

Хайрт ах, эгч нар аа, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн чухал өдөр бол Бурханы Хүү Есүс Христ Бурханы бүх хүүхдийн төлөө үхэл, гэм нүглийг ялан дийлсэн өдөр мөн гэдгийг би гэрчилж байна. Түүнчлэн “Тэр Хүнийг хар[ж]” суран, үнэхээр Хэн болохыг нь олж харж, Түүний цагаатгагч хүчээс бүхий л зүрх сэтгэл, оюунаараа хүртэж мөн Түүнийг шинэчлэгдсэн эрч хүч, урам зоригтойгоор дагана гэдгээ амласан өдөр бол та бидний амьдралын хамгийн чухал өдөр байх юм. Энэхүү өдөр маань бидний амьдралын туршид ахин дахин ирж байх болтугай.

Бид “Тэр Хүнийг харах” үед дэлхий дээрх болон ирэх дэлхийн мөнх амьдрал тань учир утгатай, баяр баясгалантай, амар амгалан байх болно хэмээн би өөрийн гэрчлэл, адислалыг та бүхэнд үлдээж байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Moзая 15:23-ыг үзнэ үү.

  2. Иохан 19:30.

  3. Алма 11:45-ыг үзнэ үү.

  4. Илчлэлт 21:4-ийг үзнэ үү.

  5. 1 Коринт 15:21–23-ыг үзнэ үү.

  6. 3 Нифай 27:19.

  7. Иохан 4:14-ийг үзнэ үү.

  8. Лук 23:2-ыг үзнэ үү.

  9. Иохан 18:38 Пилат Есүсийг шүүхээс зайлсхийж, Херодын Антипаст хэргийг шилжүүлэх гэж оролддог. Хэрэв Жон Баптистад үхэх ял оноохыг тушааж байсан Херод (Maтай 14:6–11-ийг үзнэ үү) Есүсийг шүүсэн бол Пилат шүүсэн дүр үзүүлээд, энх тайвныг сахих үүднээс орон нутгийн асуудлыг шийдвэрлэхийн тулд зөвшөөрсөн хэрэг гэж хэлэх байсан байв. Гэвч Есүс Херодтой нэг ч үг дуугараагүй тул (Лук 23:6–12-ыг үзнэ үү) Херод Түүнийг Пилат руу буцаасан аж.

  10. Maрк 15:6–7; Иохан 18:39–40-ийг үзнэ үү. Шинэ Гэрээний нэгэн судлаач “Дээгүүр өнгөрөх баярын үеэр Ромын захирагч үхэх ялаар шийтгүүлсэн зартай гэмт хэрэгтэнг чөлөөлдөг ёс заншил байсан бололтой” гэж бичжээ (Alfred Edersheim, The Life and Times of Jesus the Messiah [1899], 2:576). Бараб гэдэг нь “эцгийн хүү” гэсэн утгатай нэр. Иерусалимын хүмүүст энэ хоёр хүнээс сонгох сонголт өгсөн нь сонирхолтой юм.

  11. Maрк 15:11–14-ийг үзнэ үү.

  12. Ташуурдаж цээрлүүлэх нь аймшигтай байсан тул “завсрын үхэл” гэж нэрлэдэг байсан (Edersheim, Jesus the Messiah, 2:579).

  13. Иохан 19:1–3-ыг үзнэ үү.

  14. Иохан 19:4–5.

  15. Өмнө нь Есүс “Учир нь энэ ард түмний зүрх нь хатуурч, чихээрээ дөнгөж сонсон, нүдээ аньжээ. Эс бөгөөс тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, эргэж буцах байсан бөгөөд Би тэднийг эдгээх байсан” хэмээжээ. Дараа нь Тэрээр шавь нартаа хандан арай зөөлнөөр “Та нарын нүд хардаг тул нүд чинь, та нарын чих сонсдог тул чих чинь ерөөлтэй еэ” (Maтай 13:15–16) хэмээн хэлсэн аж. Бид зүрх сэтгэлээ хатууруулах уу эсвэл Тэр Хүнийг үнэхээр олж харахын тулд зүрх сэтгэл, нүдээ нээх үү?

  16. Moзая 4:20-ийг үзнэ үү.

  17. Исаиа 40:29.

  18. Dieter F. Uchtdorf, “The Adventure of Mortality” (worldwide devotional for young adults, Jan. 14, 2018), broadcasts.lds.org-ыг үзнэ үү.

  19. 2 Нифай 25:26.